Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Галбадрахын Солонго |
Хэргийн индекс | 183/2022/00087/И |
Дугаар | 183/ШШ2022/01379 |
Огноо | 2022-05-05 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2022/01379
2022 оны 05 сарын 05 өдөр | Дугаар 183/ШШ2022/00009 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 00 мянгат 00-00 тоот хаягт байрлах, Э.М.М.Э ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, өөрийн байранд байрлах, Х.Б ХХК /РД:0000000/-д холбогдох
Гэм хорын хохиролд 18.726.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ө,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б /ХД0000/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.М.М.Э ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Х.Б ХХК-ийн өмчлөлийн Ланд Круйзер маркийн 00-00 УНР улсын дугаартай автомашиныг жолоодож явсанХ.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 11.3 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчсөнөөс Э.М.М.Э ХХК-ийн Волво маркийн 00-00 УНИ улсын дугаартай Н.С жолоочтой автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь Төв аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 000 дугаартай тогтоолоор шийдвэрлэгдэж тогтоогдсон. Энэ ослын улмаас компанийн эд хөрөнгөнд 18.726.000 төгрөгийн хохирол учирсан байх дээрх гэм хорын хохирлыг хариуцагчаас нэхэмжилж байгаа болно. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гэм хорын хохирлын арилгуулахаар хандаж байгааг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Х.Б ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.М.М.Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.Б ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 18,726,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах тайлбарыг хүргүүлж байна.Х.Б, Х.Б нар нь 2018.05.08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан Х.Б ХХК-иас 139.050.000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар 96 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй зээл авсан. Мөн тухайн өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г байгуулсан. Уг гэрээгээр зээл төлөгдөж дуусах хүртэл хугацаанд тухайн тээврийн хэрэгсэл нь Х.Б ХХК-ийн нэр дээр байх бөгөөд зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлсний дараа тухайн тээврийн хэрэгсэл нь зээлдэгчийн нэр дээр шилжих бөгөөд Фидуцийн гэрээний 2.4.5-т Хөрөнгийг эзэмших ашиглах явцад бусдын хөрөнгөд учруулсан хохирлыг бүрэн хариуцаж барагдуулна гэж заасан тул аливаа этгээдэд учруулсан хохирлыг зээлдэгч нар өөрсдөө хариуцахаар гэрээгээр тохиролцсон. Иймд Монгол мах эко ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.08.18-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол, кассын орлогын ордер, Ашидбилгүүн ХХК-ийн үйлчилгээний төлбөрийн баримт, Ашидбилгүүн ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, 2018.05.08-ны өдрийн №ЗГ/000000000000/ дугаар Зээлийн гэрээ, түүний хавсралт, 2018.05.08-ны өдрийн №ФД000000000000 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, түүний хавсралт, 2021.10.25-ны өдрийн 000 дугаар Төв аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол, Автотээврийн үндэсний төвийн лавлагаа зэрэг баримтыг өгсөн.
Хариуцагч талаас улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.М.М.Э ХХК хариуцагч Х.Б ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 18.726.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2. Хариуцагч Х.Б ХХКХ.Б, Х.Б нар нь 2018.05.08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 139.050.000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар 96 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй авсан. Тухайн өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г байгуулсан. Уг гэрээгээр зээл төлөгдөж дуусах хүртэл хугацаанд тухайн тээврийн хэрэгсэл нь Х.Б ХХК-ийн нэр дээр байх бөгөөд зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлсний дараа тухайн тээврийн хэрэгсэл нь зээлдэгчийн нэр дээр шилжих бөгөөд Фидуцийн гэрээний 2.4.5-т Хөрөнгийг эзэмших ашиглах явцад бусдын хөрөнгөд учруулсан хохирлыг бүрэн хариуцаж барагдуулна гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Төв аймаг, Баян сум, Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Гурван түрүү гэх газар Улаанбаатар хотоос Замын-Үүд явах чиглэлийн 128 дахь км шонгийн асфальтан зам дээр 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Ланд круйзер-200 маркийн 00-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочХ.Б, Волва маркийн 00-00 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.С нар мөргөлдөж,Х.Б нас барсан хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ.
5. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолоорХ.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолооч дараах зүйлийг хориглоно. Согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3 ... эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан.Х.Б нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эсрэг урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас амь нас нь хохиросон болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 000000000 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ.
6. Зам тээврийн ослын ослын улмаас нас барсанХ.Б нь Х.Б ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/000000000000 тоот зээлийн гэрээ байгуулж, 139.050.000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрөө ФД0000000000000 дугаартай фидуцийн гэрээ байгуулж, одтой хар, Toyota LC200-GX-R, 2018 оны суудлын автомашин барьцаалсан байна.
7. 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ФД0000000000000 дугаартай фидуцийн гэрээний дагуу 00-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2018.05.08-ны өдрөөс 2021.12.03-ны өдрийг хүртэл хугацаанд Х.Б ХХК-ийн эзэмшилд байсан ба тухайн тээврийн хэрэгсэл улсын дугаараа 00-00 УБЧ болгон өөрчилж, одоо Х.М-ийн эзэмшилд шилжжээ.
8. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4-т зааснаар зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигчээс хохиролоо нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байна.
9. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй, 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.
10. Өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэдэг нь гэм хор учирсан этгээд өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон этгээдэд холбогдуулан шаардлага гаргасан тохиолдолд түүний хүлээх үүргийг тодорхойлсон агуулгатай.
11. Өөрөөр хэлбэл фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар автомашиныг эзэмшилдээ авсан Х.Б ХХК-нд энэ хуулийн зохицуулалт хамаарахгүй бөгөөд автомашиныг бодит байдал дээр эзэмшилдээ байлгаж байгаа материаллаг шинж чанараар нь болон тухайн эд хөрөнгийг тодорхой эрхэнд үндэслэн эзэмшилдээ байлгах эрх мэдэлтэй этгээдээс Э.М.М.Э ХХК шаардах эрхтэй юм.
12. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.2-т Шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээндээ зааж болно гэж заасан бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ФД0000000000000 дугаартай фидуцийн гэрээний 2.4.5-д хөрөнгийг эзэмших, ашиглах явцад бусдын хөрөнгөд учруулсан хохирлыг үүрэг гүйцэтгэгч буюуХ.Б бүрэн хариуцахаар тохиролцсон байна.
13. Мөн зам тээврийн ослын улмаас хохирол учирсан гэх Волва маркийн 00-00 УНИ улсын дугаартай автомашины эзэмшигч Э.М.М.Э ХХК гэх байдлаа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
14. Эдгээр үндэслэлээр Х.Б ХХК-нд холбогдох гэм хорын хохирол 18.726.000 төгрөг гаргуулах тухай Э.М.М.Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
15. Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигч түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Б ХХК-нд холбогдох гэм хорын хохирол 18.726.000 төгрөг гаргуулах тухай Э.М.М.Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Э.М.М.Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО
ШҮҮГЧИД Б.МӨНХЖАРГАЛ
Д.МӨНХЦЭЦЭГ