Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2022/01506

 

 

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2022/01506

Улаанбаатар хот 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 00-р хороолол, 00а байр 00 тоот хаягт байрлах, Т.С.С ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма гандигийн гудамж, Жаргалан хотхонд байрлах, Ж.Х.С.Ө.Х /СӨХ/ /РД0000000/-нд холбогдох

Ажлын хөлс 17.752.000 төгрөг, алданги 8.876.000, нийт 26.628.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г,

Хариуцагчийн төлөөлөгч: Н.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.С.С ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.С.С ХХК нь 2020.10.05-ны өдрөөс Ж.ХСӨХ-той харуул хамгаалалтын 000/0000 тоот гэрээ байгуулж, гэрээгээр 9 хамгаалагчтайгаар 1 хүний 700.000 төгрөг, 30 хоногтой сарын 6.300.000 төгрөг, НӨАТ орсон үнийн дүн 6.930.000 төгрөг, 31 хоногтой сарын 6.515.000 төгрөг, НӨАТ орсон үнийн дүн 7.161.000 төгрөгийн ажлын хөлстэйгээр хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд гэрээнд заасны дагуу үүрэгт ажлаа алдаа дутагдал гаргалгүйгээр хийж гүйцэтгэсэн. Тус сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчид төлбөрөө төлөхгүй байна гэх шалтгаанаар 2021 оны 6-р сараас эхлэн ажлын хөлсийг төлөөгүй. Гэрээт ажлыг 2021.09.01 хүртэл үргэлжлүүлэн явуулж хамтран ажиллах гэрээний 10.2-т заасны дагуу албан бичгээр мэдэгдэж, 2021.08.21-ний өдөр СӨХ-н захирал С.У-тэй 000/0000 тоот ажлын хөлсны тооцоо нийлсэн баримт үйлдсэн. 2021.08.31-ний өдөр Хараат Шонхор ХХК-ийн захирал З.Э, Ж.ХСӨХ-н захирал С.У- нартай хамтарч гурван талт ажил хүлээлцсэн тэмдэглэл үйлдэн дараагийн харуул хамгаалалтын байгууллагад ажлаа бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Энэ үед гэмт хэргийн шинж чанартай ямар ч зүйл болж байгаагүй. Төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцно гээд хамтын ажиллагааны гэрээний 9.3 дахь хэсэгт тогтоож өгсөн. Компани маань НӨАТ төлдөг байгууллага учраас НӨАТ төлөгдсөн дүнгээр татвар болон санхүүгийн байгууллагтай тооцоо нийлдэг учраас энэ дүн дээр НӨАТ нэмэгдэнэ гэж ойлгож байгаа. Хамтын ажиллагааны гэрээний дагуу СӨХ-ны захирал У-тэй тооцоо нийлж, үлдэгдэл 17.752.000 төгрөг байгаа юм. Иймд ажлын хөлс 17.752.000 төгрөг, алданги 8.876.000, нийт 26.628.000 төгрөгийг Ж.ХСӨХ-ноос гаргуулж, манай байгууллагад олгож өгнө үү гэв.

2. Хариуцагч Ж.ХСӨХ-ны гүйцэтгэх захирал Н.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Жаргалан хотхоны оршин суугч бөгөөд манай СӨХ-ны хуучин дарга У захирал 2021 оны 6 сар хүртэл бие нь өвдөөд ажилдаа ирж, очин байсан. Ингээд үндсэндээ 2021 оны 8, 9 сар СӨХ эзэнгүй байсан. Т.С.С ХХК гэлтгүй, татвар, нийгмийн даатгал зэрэг харилцагч байгууллага буюу гэрээгээр ажил гүйцэтгэсэн компаниудад 40 гаруй сая өр авлагатай болсон байдаг юм. Ингээд байрнуудын уулзалт болоод надад санал тавьсны үндсэн дээр 2021 оны 12 сарын 1-нээс СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдож, 12 сарын 10-наас санхүү тайлан тамга тэмдэгээ хүлээн авч ажиллаж эхэлсэн. Ажлаа аваад Т.С.С ХХК-тай уулзалт хийж, санхүүгийн асуудалтай холбоотой тооцоо нийлье гэхэд утсаа авахгүй алга болсон. Зуны 7 сард хүмүүс хөдөө гадаа явж хотхон эзгүйрдэг. Энэ үед буюу 2021 оны 7 дугаар сард хотхон дотроос дугуй алдагдсан, машин мөргөсөн гэмт хэргийн шинж чанартай үйл явц болж байхад нэхэмжлэгч хангалтгүй ажилласан гэж үзэж байгаа. Би 9 хүнтэй чанартай харуул хамгаалалт болсон гэж хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хооронд байгуулсан гэрээнд НӨАТ гэх зүйл байхгүй. Т.С.С ХХК-нд нийт 53 сая төгрөг өгөх ёстой байснаас 41 сая төгрөг өгсөн байсан. Хэдийгээр 9 хүнээр харуул хамгаалалт гаргаагүй ажил үүргээ гүйцэтгэх нь эдний асуудал ч гэсэн бид нарт чанартай хамгаалалт хэрэгтэй. Гэгтэл харуул хамгаалалт муугаас хохирол гарсан бол хохирлыг хүлээх ёстой. Хотхон дотроос хүүхдийн дугуй алдагдсан, машин мөргөсөн асуудал гарсан. Бид нарын СӨХ-ны мөнгө сард 17-18 сая төгрөг цугладаг ба үүнээс 25 хувь тэр чигтээ харуул хамгаалалтын үйл ажиллагаанд зориулагддаг. Би бол үнийн дүнгээс 9 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

3. Нэхэмжлэгч талаас улсын бүртгэлийн гэрчилгээ, бүртгэлийн гэрчилгээ, 2021.08.24-ний өдрийн тооцоо нийлсэн 000/0000 албан тоот, 2021.08.31-ний өдрийн ажил хүлээлцсэн тэмдэглэл, 2020.10.05-ны өдрийн 000/0000 хамтран ажиллах гэрээ, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, 2021 оны харуул хамгаалалтын зардлын судалгаа, Т.С.С ХХК-ийн Хаан банкны депозит дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагч талаас: СӨХ-ны гэрчилгээ, Ж.ХСӨХ-ны Төрийн банкны харилцах дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Т.С.С ХХК нь хамтран ажилах гэрээний үүрэгт 17.752.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Ж.ХСӨХ-д холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага 8.876.000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 26.628.000 төгрөг гаргуулахаар шаардажээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 9.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

3. Зохигчид 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 000/0000 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж, Ж.ХСӨХ-ны эд хөрөнгө гадны болзошгүй гэмт халдлага, хулгай болон хорлон сүйтгэж болзошгүй үйлдлээс сэргийлэн хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх, харуул хамгаалалтыг зохион байгуулан ажиллуулахтай холбоотой үүсэх эрх зүйн харилцааг зохицуулахаар тохиролцож, төлбөр 2020.10.05-ны өдрөөс 2021.10.05 хүртэл 1 жилийн хугацаатай, хуанлийн 30 хоногтой сард 6.300.000 төгрөг, 31 хоногтой сард 6.510.000 төгрөг байхаар, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр байгуулсан ба энэ гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа байна.

Талууд 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр тооцоо нийлж, 2021.8.24-ний байдлаар нийт 6 сарын үлдэгдэл 4.430.000 төгрөг, 7 сарын ажлын хөлс 7.161.000 төгрөг, 8 сарын ажлын хөлс 7.161.000 төгрөг Хаан банкны дансанд төлөх болсон тул хоёр тал тооцоо нийлэн харилцан зөвшөөрөв гэжээ.

4. Хариуцагч Ж.Х.С.Ө.Х /СӨХ/-ны гүйцэтгэх захирал Н.С хотхон дотроос дугуй алдагдсан, машин мөргөсөн гэмт хэргийн шинж чанартай үйл явц болж байхад нэхэмжлэгч хангалтгүй ажилласан, гэрээнд НӨАТ гэх зүйл бодно гэх заалт байхгүй гэж тайлбар гаргасан боловч тухайн хотхонд гэмт хэргийн шинж чанартай үйл явдал болсон эсэх баримт хэрэгт авагдаагүй байна

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

5. Нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээний үүрэгт 2021 оны 6 сарын үлдэгдэл 4.430.000 төгрөг, 7 сарын ажлын хөлс 7.161.000 төгрөг, 8 сарын ажлын хөлс 7.161.000 төгрөг, нийт 17.752.000 төгрөг гаргуулна гэж шаардлага гаргасан боловч талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 9.2-т харуул хамгаалалтын хоёр постод гурван ээлжээр 9 хүнийг ажилуулна, 9.3-т нэг хүний 700.000 төгрөг, нийт хуанлийн хоногийн 30 хоногтой сард 6.300.000 төгрөг, 31 хоногтой сард 6.510.000 төгрөг байхаар тохиролцсон байна.

Хамтран ажиллах гэрээнд 30 хоногтой сард 6.300.000 төгрөг, 31 хоногтой сард 6.510.000 төгрөг байхаар тохиролцсон байж нэхэмжлэгч нь 6 сарын үлдэгдэл 4.430.000 төгрөг, 7 сарын ажлын хөлс 7.161.000 төгрөг, 8 сарын ажлын хөлс 7.161.000 төгрөг, нийт 17.752.000 төгрөг нэхэмжилж байгаа нь талуудын хооронд байгуулсан гэрээний 9.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний 9.3-т ажил үйлчилгээний төлбөрийг тогтоосон, манай байгууллага нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ төлөгч тул ажил үйлчилгээ үзүүлсний төлбөрийн НӨАТ-ыг хариуцагчаас гаргуулахаар тохиролцсон байсан гэж тайлбар гаргасан бөгөөд энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээнд НӨАТ-ын талаар тохиролцоогүй байж НӨАТ нэмж нэхэмжилсэн нь гэрээний стандарт нөхцөл /гэрээний 9.3 дахь заалт/-ийг зөрчсөн гэж шүүх үзэв.

6. Хариуцагч Ж.ХСӨХ нь 2021 оны 6 дугаар сарын төлбөрөөс 3.500.000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд 2021 оны 6 сарын үлдэгдэл төлбөр /30 хоногтой сар 6.300.000-3.500.000=2.800.000/ 2.800.000 төгрөг, 2021 оны 7 сарын төлбөр 6.510.000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын төлбөр 6.510.000 төгрөг /7, 8 дугаар сар 31 хоногтой/, нийт 15.820.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцнэ.

7. Талуудын хооронд байгуулсан гэрээний 9.3-т хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Т.С.С ХХК алданги нэхэмжлэх эрхтэй байна.

Хариуцагч Ж.ХСӨХ-ны гүйцэтгээгүй үүрэг 15.820.000 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги тооцоход 7.910.000 төгрөг болж байгаа бөгөөд Улаанбаатар хотыг Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байсан байдлыг /ковид-19/ харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу алданги 7.910.000 төгрөгөөс 50 хувь багасгаж, 3.955.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

8. Иймд хариуцагч Ж.ХСӨХ-ноос үндсэн төлбөр 15.820.000 төгрөг, алданги 3.955.000 төгрөг, нийт 19.775.000 төгрөг гаргуулж, Т.С.С ХХК-нд олгох нь зүйтэй байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403.666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.ХСӨХ-ноос 19.775.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 256.825 төгрөгийг гаргуулж, Т.С.С ХХК-нд олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Ж.ХСӨХ-оос 19.775.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.С.С ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.853.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Т.С.С ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403.666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.ХСӨХ-оос 256.825 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.С.С ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 



 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.СОЛОНГО