Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01508

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01506 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж СӨХ-нд холбогдох, гэрээний үүрэгт нийт 26,628,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г , хариуцагчийн өмгөөлөгч Г.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь 2020 оны 10 сарын 05-ны өдрөөс Ж СӨХ-той харуул хамгаалалтын 000/0000 тоот гэрээ байгуулж, гэрээгээр 9 хамгаалагчтайгаар 1 хүний 700,000 төгрөг, 30 хоногтой сарын 6,300,000 төгрөг, НӨАТ орсон үнийн дүн 6,930,000 төгрөг, 31 хоногтой сарын 6,515,000 төгрөг, НӨАТ орсон үнийн дүн 7,161,000 төгрөгийн ажлын хөлстэйгээр хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд гэрээнд заасны дагуу үүрэгт ажлаа алдаа дутагдал гаргалгүйгээр хийж гүйцэтгэсэн. Тус СӨХ нь оршин суугчид төлбөрөө төлөхгүй байна гэх шалтгаанаар 2021 оны 06 сараас эхлэн ажлын хөлсийг төлөөгүй. Гэрээт ажлыг 2021 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн явуулж хамтран ажиллах гэрээний 10.2-т заасны дагуу албан бичгээр мэдэгдэж, 2021 оны 08 сарын 21-ний өдөр СӨХ-ны захирал С.У тэй 000/0000 тоот ажлын хөлсны тооцоо нийлсэн баримт үйлдсэн. 2021 оны 08 сарын 31-ний өдөр Х ХХК-ийн захирал З.Э , Ж СӨХ-ны захирал С.У нартай гурван талт ажил хүлээлцсэн тэмдэглэл үйлдэн дараагийн харуул хамгаалалтын байгууллагад ажлаа хүлээлгэн өгсөн. Энэ үед гэмт хэргийн шинж чанартай ямар ч зүйл болж байгаагүй. Төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцно гээд хамтын ажиллагааны гэрээний 9.3-т тогтоож өгсөн. Компани маань НӨАТ төлдөг байгууллага учраас НӨАТ төлөгдсөн дүнгээр татвар болон санхүүгийн байгууллагатай тооцоо нийлдэг учраас энэ дүн дээр НӨАТ нэмэгдэнэ гэж ойлгож байгаа. Иймд ажлын хөлс 17,752,000 төгрөг, алданги 8,876,000, нийт 26,628,000 төгрөгийг Ж СӨХ-ноос гаргуулж манай байгууллагад олгож өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Тус СӨХ-ны хуучин дарга С.У захирал 2021 оны 6 сар хүртэл бие нь өвдөөд ажилдаа ирж, очин байсан. Ингээд үндсэндээ 2021 оны 08, 09 сар СӨХ эзэнгүй байсан. Ажлаа аваад Т ХХК-тай уулзалт хийж, санхүүгийн асуудалтай холбоотой тооцоо нийлье гэхэд утсаа авахгүй алга болсон. Зуны саруудад хүмүүс хөдөө гадаа явж хотхон эзгүйрдэг. Энэ үед буюу 2021 оны 07 сард хотхон дотроос дугуй алдагдсан, машин мөргөсөн гэмт хэргийн шинж чанартай үйл явц болж байхад нэхэмжлэгч хангалтгүй ажилласан гэж үзэж байгаа. Бидний хооронд байгуулсан гэрээнд НӨАТ гэх зүйл байхгүй. Т ХХК-д нийт 53 сая төгрөг өгөх ёстой байснаас 41 сая төгрөг өгсөн байсан. Хэдийгээр 9 хүнээр харуул хамгаалалт гаргаагүй ажил үүргээ гүйцэтгэх нь эдний асуудал ч бид нарт чанартай хамгаалалт хэрэгтэй. Гэтэл харуул хамгаалалт муугаас хохирол гарсан бол хохирлыг хүлээх ёстой. Бид нарын СӨХ-ны мөнгө сард 17-18 сая төгрөг цугладаг ба үүнээс 25 хувь тэр чигтээ харуул хамгаалалтын үйл ажиллагаанд зориулагддаг. Бид бол үнийн дүнгээс 9 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж СӨХ-ноос 19,775,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,853,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Т ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж СӨХ-ноос 256,825 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Ж СӨХ нь Т ХХК-тай 2020 оны 10 сарын 05-ны өдөр 000/0000 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г нэг жилийн хугацаатай байгуулж, тус компани нь оршин суугчдын эд хөрөнгийг гадны болзошгүй гэмт халдлага, хулгай болон хорлон сүйтгэж болзошгүй үйлдлээс сэргийлэн хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, харуул хамгаалалтыг зохион байгуулан ажиллуулах үүргийг хүлээж ажилласан. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 10 сарын 05-ны өдрийн гэрээгээр харуул хамгаалалтын компани 2021 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэл харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэх байсан. СӨХ-ны захирлаар ажиллаж байсан С.У нь ажиллах хугацаандаа Удирдах зөвлөлд танилцуулалгүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн СӨХ-г төлөөлөн харуул хамгаалалтын компанид оршин суугчдын зүгээс гарч байсан гомдол санал, харуул хамгаалалтын ажилтнууд өөрсдөө эд хөрөнгийн зөрчилд холбогдож байсан зэрэгт хууль ёсны шаардлага тавихгүйгээр 2021 оны 08 сарын 25-ны өдөр хэлбэрийн төдий байдлаар тооцоо нийлж, акт үйлдэн 2021 оны 09 сарын 01-ний өдөр гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгосон. Гэрээний 9.3-т заасан нэг хүний 700,000 төгрөг, нийт хуанлийн 30 хоногтой сард 6,300,000 төгрөг, 31 хоногтой сард 6,510,000 төгрөг байх... гэж заасан боловч 28 хоногтой 02 сарын хөлсийг заагаагүйг С.У анхаарч хяналгүй, харуул хамгаалалтын компанитай гэрээ хийж, төлбөр тооцоо нийлж, акт баримт үйлдэн ажлын хөлсийг гэрээнд зааснаар шилжүүлээгүй. Энэ хариуцлагагүй байдлыг захирал Ч.Х ашиглан 2021 оны 12 сарын 01-ний өдөр томилогдсон захирал Н.С т гэрээ дүгнэх, тооцоо нийлэх санал тавихад хүлээж авалгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.б. 2021 оны санхүүгийн тайланд Т ХХК-д 01-08 сарыг дуустал 52,332,000 төгрөгийн харуул хамгаалалтын хөлс төлөхөөс 41,430,000 төгрөг төлсөн байна. 01, 03, 05 саруудад 31 хоног - 6,510,000 төгрөг, 02 сард 28 хоног - 5,880,000 төгрөг, 07, 08 саруудад харуул хамгаалалтын хөлсийг НӨАТ-ыг оруулж сар бүр 7,161,000 төгрөгөөр тооцоход төлбөрийн үлдэгдэл 10,902,000 төгрөг байна. СӨХ нь гишүүдийн хураамжаар санхүүжиж үйл ажиллагаагаа явуулдаг иргэний оролцоотой ашгийн бус байгууллага учраас нэхэмжлэгчийн үндэслэлгүй нэхэмжилсэн 15,820,000 төгрөгийг төлөх ёсгүй ба төлбөрийн үлдэгдэл 10,902,000 төгрөг, алданги 5,451,000 төгрөг нийт 16,353,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Зөрүү 4,918,000 төгрөг нь үндэслэлгүй тул илүү тооцсон 4,918,000 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5.   Талуудын хооронд гэрээ байгуулсан талаар маргаангүй. 2021 оны 08, 09 сард Ж СӨХ-ны дарга эзэнгүй байсан нь баримтаар тогтоогдоогүй. Дээрх хугацаанд нэхэмжлэгч компанийн зүгээс гэрээгээр тохирсон ажлаа гүйцэтгэж байсан. 2021 оны 08 сарын 24-ний өдөр тооцоо нийлсэн актыг үйлдэж, төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан. Тооцоо нийлсэн актаар төлбөр тодорхой болж тогтоогдсон. НӨАТ ороогүй дүнгээр шүүх төлбөрийг хангаж шийдвэрлэсэн. 2021 оны 06 сарын үлдэгдэл 4,430,000 төгрөг, 07 сарын ажлын хөлс 7,161,000 төгрөг, 08 сарын ажлын хөлс 7,161,000 төгрөг, нийт 17,752,000 төгрөгийг шүүх хариуцагч компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэрээний 9.2-т заасны дагуу харуул хамгаалалтын 2 постон дээр 3 ээлжээр 9 ажилтныг ажиллуулахаар тохиролцсон. Гэрээний 9.3-т заасны дагуу нэг ажилтныг сарын 700,000 төгрөгөөр цалинжуулахаар, нэг сарын нийт өдрөөр тооцоход 6,510,000 төгрөгийн төлбөр болж байгаа. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг мөн алдангийн 50 хувийг тус тус хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Ж СӨХ-нд холбогдуулан харуул хамгаалалтын ажлын хөлс 17,752,000 төгрөг, алданги 8,876,000 төгрөг, нийт 26,628,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Талууд 2020 оны 10 сарын 05-ны өдөр 00/0000 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр Т ХХК нь СӨХ-ны эд хөрөнгө /объект/-ийг гадны болзошгүй халдлага, хулгай, хорлон сүйтгэх үйлдлээс сэргийлэн хамгаалах, харуул хамгаалалтын ажлыг зохион байгуулан ажиллуулах, Ж СӨХ нь 30 хоногтой сард 6,300,000 төгрөг, 31 хоногтой сард 6,510,000 төгрөгийн ажлын хөлсийг сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд төлөх, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 7-12/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь 2020 оны 10 сараас 2021 оны 09 сар хүртэлх хугацаанд харуул хамгаалалтын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бол хэрэгт нотлох баримтаар авагдсан 2021 оны 07, 08, 09 саруудын Рапортын дэвтэр-ээс үзвэл ...2021 оны 07 сард хотхон дотроос дугуй алдагдсан, машин мөргөсөн асуудал гарсан... гэх хариуцагч талын тайлбар тогтоогдоогүй.

 

4.   Дээрх гэрээнд гэрээний үнэд НӨАТ орсон эсэх талаар тохиролцоо байхгүй тул нэхэмжлэгч тал нь НӨАТ-ыг гэрээний үнэ дээр нэмж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч тал талуудын үйлдсэн гэх Тооцоо нийлсэн баримт-ыг үндэслэн шаардлагынхаа дүнг тодорхойлсон нь мөн үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Учир нь, тус баримтад ...7-р сарын ажлын хөлс 7,161,000 төгрөг, 8-р сарын ажлын хөлс 7,161,000 төгрөг... гэж тусгасан нь 00/0000 тоот Хамтран ажиллах гэрээ-нд тусгагдсан ажлын хөлсөөс өндөр үнийн дүнтэй байх тул уг Тооцоо нийлсэн баримт-ыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иймд гэрээнд дурдагдсан үнийн дүнгээр хариуцагчид дутуу олгогдсон ажлын хөлсний тооцооллыг гаргах нь зүйтэй.

 

5.   Анхан шатны шүүх гэрээнд дурдагдсан үнийн дүнгийн талаарх тохиролцоог анхаараагүйн улмаас хариуцагч талаас гаргуулан шийдвэрлэсэн үнийн дүн буруу болжээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээнд ...30 хоногтой сард 6,300,000 төгрөг, 31 хоногтой сард 6,510,000 төгрөг... гэж бичсэнээс үзвэл нэг хоногийн ажлын хөлсийг 210,000 төгрөгөөр /6,300,000 төгрөг : 30 хоног = 210,000 төгрөг, 6,510,000 төгрөг : 31 хоног = 210,000 төгрөг/ харилцан тохиролцсон байна гэж дүгнэх үндэслэлтэй. Энэ талаар хариуцагч талын гаргасан ...28 хоногтой 02 сарын хөлсийг заагаагүйг анхаараагүй... гэх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

6.   Давж заалдах шатны шүүхээс ийнхүү тооцоход 2021 оны 01, 03, 05, 07, 08 саруудад тус бүр 6,510,000 төгрөг, 2021 оны 02 сард 5,880,000 төгрөг, 2021 оны 02, 04, 06 саруудад тус бүр 6,300,000 төгрөг, нийт 51,030,000 төгрөгийн ажлын хөлс төлөхөөс СӨХ нийт 41,430,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан Төрийн банк дахь 107500142441 дансны хуулгаар нотлогдож байх тул хариуцагч Ж СӨХ-ноос нэхэмжлэгч Т ХХК-д төлөх ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 9,600,000 төгрөг болж байна.

 

Талуудын харилцан тохиролцсон алдангийн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцэж байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй. Төлбөр төлөх үүрэг үүссэн 2021 оны 09 сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 12 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд алданги тооцоход 4,848,000 төгрөг /9,600,000 төгрөг х 0.5 хувь х 101 хоног/ болж байх тул үндсэн үүргийн 50 хувиар хязгаарлаж 4,800,000 төгрөгийн алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэх зохицуулалтад нийцнэ.

 

Иймд 2020 оны 10 сарын 05-ны өдөр 00/0000 тоот Хамтран ажиллах гэрээ-ний дагуу хариуцагч Ж СӨХ-ны хүлээх үүрэг 9,600,000 + 4,800,000 = 14,400,000 болж байна.

 

Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд ...үндэслэлгүй илүү тооцсон 4,918,000 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх агуулга тусгагдсан тул анхан шатны шүүхийн хангасан дүн 19,775,000 төгрөгөөс 4,918,000 төгрөгийг хасч, үлдэх 14,857,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь талуудын /диспозитив/ зарчимд нийцнэ.

 

7.   Нэхэмжлэгч нь ажлын хөлснөөс гадна гэрээгээр тохирсон алдангийг шаардсан байхад анхан шатны шүүх алдангийн талаарх хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удиртгал болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01506 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...359.1-д... гэснийг ...359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт... гэж, ...19.775.000 төгрөг... гэснийг ...14,857,000 төгрөг... гэж, ...6.853.000 төгрөгийг... гэснийг ...11,771,000 төгрөгийг... гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...256.825 төгрөгийг... гэснийг ...232,235 төгрөгийг... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 93,638 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Д.НЯМБАЗАР