Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2022/02158

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2022/02158

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш ХХК,

Хариуцагч: Б.А нарт холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б  хариуцагч Б.А , хариуцагчийн өмгөөлөгч болон хариуцагч Ш  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х , гэрч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Т  ХХК нь хариуцагч Б.А  болон Ш  ХХК-д тус тус холбогдуулан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.П  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Тус компани нь уул уурхайн үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор Ш  ХХК-иас тоног төхөөрөмж түрээслэхээр тохиролцож, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 16/01 тоот Автосамосвал түрээслэх гэрээ байгуулсан. Ш  ХХК нь гэрээний 3.1-т заасан тоног төхөөрөмжийг 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд жолоочийн хамт техникийн бүрэн бүтэн байдлыг ханган автомашины даацыг бүрэн ашиглан ажиллуулах, нэхэмжлэгч нь тухайн гэрээний дагуу төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл түрээслүүлэгчийн тоног төхөөрөмжид эвдрэл гарч, бүрэн хэмжээгээр ажиллуулах боломжгүй болсон бөгөөд гэрээний 4.9-д зааснаар 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлсэн аккт үйлдсэн. Уг актаар 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг манай компани төлөхөөр тохиролцсон ба 2017 оны 1 дүгээр сараас 2 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 40.814.000 төгрөгийг төлсөн. Манайх түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн, тоног төхөөрөмжийг гэрээнд заасан хугацаанд бүрэн ашиглаж чадаагүй байхад хариуцагч Ш  ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тоног төхөөрөмжөө буцаан татсан. Гэтэл Ш  ХХК-ийн захирал Б.А  манай компанийн хамтран ажиллагч Д.Б  Т ХХК-ийн түрээсийн төлбөр гэж 14.000.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр авсан байсныг бид сүүлд олж мэдсэн бөгөөд Д.Б бидэнд өгөх ёстой хөрөнгө оруулалтын зардлаас тухайн 14.000.000 төгрөгийг хасаж тооцсон. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14.000.000 төгрөгийг хариуцагч хариуцагч Б.А  гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Н.А  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 2 дугаар сарын 03-наас 08-ны өдөр хүртэл хугацаанд тооцоо нийлж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралтын 1 дүгээр зүйлд 12 хоног уурхайн үйл ажиллагаа түрээслэгч Т  ХХК-ийн генератор эвдэрсэн болон бусад шалтгааны улмаас зогсолт хийж, түрээслүүлэгч Ш ХХК-ийн техник сул зогссон гэж дурдсан байгаа нь Ш ХХК-ийн техникүүдэд эвдрэл гараагүй болохыг нотолж байна. Мөн тус хавсралтын 1.1-д түрээсийн үлдэгдэл 60 хувь болох 22.800.000 төгрөгөөс 800.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж гэсэн нь Ш ХХК-ийн техникүүд эвдрэлгүй ажиллаж байсан учраас 16/01 тоот гэрээний 4.1-д заасан 38.000.000 төгрөгийн түрээсийн төлбөрийг бүрэн авах эрх Ш ХХК-д үүссэн бөгөөд түүнээс гэрээний 4.3-д заасны дагуу урьдчилж авсан 15.200.000 төгрөгийг хасаад 22.800.000 төгрөгийг авах эрх үүссэнийг нотолж байна. Тэрхүү 22.800.000 төгрөгийн 800.000 төгрөгийг хасаж хөнгөлөлт үзүүлсэн байна. Ти жэй эн плант ХХК-ийн захирал М.З  амаар хэлэхдээ тус компани нь түрээсийн төлбөрөө төлөх санхүүгийн чадваргүй байгаа бөгөөд Т  ХХК-ийн үйл ажиллагааг цаашид М  ХХК буюу Р.Д залгамжлан авч ажиллах тул М  ХХК-тай тооцоо нийлж, түрээсийн төлбөрөө ав гэсэн. Үүний дагуу Ш ХХК болон М  ХХК-ийн хооронд төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан ба үүнтэй холбоотой маргаан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд иргэний хэрэг үүссэн байгаа. Харин Д.Б авсан гэх 14.000.000 төгрөг нь нэхэмжлэгч Т  ХХК-д ямар нэгэн хамааралгүй бөгөөд уг мөнгө нь иргэн Д.Б болон бид хоёрын хооронд тооцоо байсан. Өөрөөр хэлбэл, хоёр иргэний хоорондын тооцооны мөнгийг Т  ХХК нь Д.Б өмнөөс нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжлэгч нь энэ талаар нэхэмжлэл гаргах эрхгүй, харин ч манай компанид өр төлбөрөө төлөхгүй байх санаархал гэж үзэж байна гэжээ.

 

3. Хариуцагч Ш  ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Т  2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд өгсөн хариу тайлбарт: Ш  ХХК болон Т  ХХК-ийн хооронд байгуулсан 16/01 тоот түрээсийн гэрээний дагуу Ш  ХХК-ийн техникүүд эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллаж, харин Т  ХХК-ийн үйлдвэр эвдрэлтэй байсан болон цахилгаан үүсгүүр болох генератор нь эвдэрсэн шалтгаанаар хоёр удаа тооцоо нийлэхдээ манай компаниас хөнгөлөлт үзүүлж байсан. Эхний удаа 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Т  ХХК-ийн захирал М.З тооцоо нийлж, түрээслэгч буюу Т ХХК-ийн генератор болон үйлдвэр эвдэрсэн шалтгааны улмаас Ш ХХК-ийн зүгээс хөнгөлөлт үзүүлж, түрээсийн төлбөрийг 24.000.000 төгрөг байхаар тохиролцсон. Дараагийн тооцоог Зэсэнбаатар Т  ХХК-ийн нэрээр хийлгэхээс зайлсхийж, тооцоо нийлэхгүй явсаар сүүлдээ өөрөө төлбөрийн чадваргүй байгаа учир түүний тооцоог Р.Д , М  ХХК төлөх учир тэдэнтэй тооцоо нийлнэ үү гэж М.З  амаар хүсэлт гаргасан тул бид 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр М ХХК, Р.Д  нартай тооцоо нийлж, түрээсийн төлбөрийг 67.000.000 төгрөг байхаар тохиролцож, бид техникүүдээ татан авахаар болсон. Тохиролцсон хугацаанаас хоцроож 25.000.000 төгрөгийг төлж, үлдэх 42.000.000 төгрөгийг төлөөгүй учир Ш  ХХК-иас Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд хариуцагч М  ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд иргэний хэрэг үүссэн байгаа. Ш  ХХК нь Д.Б 4.000.000 төгрөгийг аваагүй, өөрөөр хэлбэл, иргэн Д.Б  нь Ш  ХХК-д 16/01 тоот гэрээний дагуу 14.000.000 төгрөг төлөөгүй болно. Иргэн Д.Б  Ш ХХК ямар нэгэн төлбөр хүлээн аваагүй бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарласан шиг Т  ХХК нь өөрт нь мөнгө зээлдүүлж, хамтран ажиллагч Д.Б  манай компанид тухайн компанийн төлбөр шилжүүлээгүй. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь Ш  ХХК-д хамааралгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 227.950 төгрөг төлсөн тухай баримт, Т  ХХК-иас С.Б олгосон итгэмжлэл, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т  ХХК болон Ш  ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16/01 тоот Автосамосвал түрээслэх гэрээ, 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Ш  ХХК болон Т  ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан 16/01 тоот гэрээний 2017 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх тооцоо гэх гэрээний хавсралт 1, М.З  Хаан банк дахь дансны хуулга 4 хуудас, Ш  ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 17/15 дугаартай М  ХХК-д хүргүүлсэн албан бичгийн хуулбар зэргийг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б  өмгөөлөгч Д.Б  оролцуулах тухай хүсэлт /хх-101/, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан шаардлага /хх-109-110/, М  ХХК-иас 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Т  ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-111/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 137/ШЗ2020/00851 дүгээр захирамж /хх-112-113/, Х ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-114/, Д.Б  болон Т ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Гэрээ /хх-115-117/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2019/01314 дүгээр шийдвэр /хх-118/, М.З  Б.А  2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 15.200.000 төгрөг шилжүүлсэн тухай болон Д.Б Б.А  2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 14.000.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт эх хувиар тус тус гаргаж ирүүлсэн.

 

5. Хариуцагч Ш  ХХК-иас Ц.Х  олгосон итгэмжлэл /хх-120/, Ш  ХХК болон М  ХХК-ийн хооронд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан Тооцоо, төлбөр барагдуулах гэрээ /хх-121/, М  ХХК-иас Ш  ХХК-д 25.000.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга /хх-122/ ирүүлсэн.

 

6. Хариуцагч Б.А  өмгөөлөгч Ц.Х  байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-104-105/, Д.Б  2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн тайлбар, Д.Б  дансны тодорхойлолт ирүүлсэн.

 

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2022/07643 дугаар захирамжийн дагуу авагдсан хариуцагч Б.А Хаан банк дахь дансны хуулга, гэрч Ж.Г мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2022/12031 дүгээр захирамжийн дагуу авагдсан гэрч Д.Б  мэдүүлэг зэрэг баримт авагдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Т  ХХК нь хариуцагч Ш ХХК болон Б.А  нарт холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэгт 14.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хариуцагч Б. Б үндэслэлгүй хөрөнгөжсөн 14.000.000 төгрөгийг гаргуулах хэмээн тайлбар гаргаж, мэтгэлцсэн учир шүүх энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

3. Хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбараас үзэхэд Т  ХХК болон Ш  ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 16/01 тоот Автосамосвал түрээслэх гэрээ байгуулагдаж, Шагнаа ХХК нь хоёр ширхэг автосамосвал болон нэг ширхэг эксковаторыг Т  ХХК-д 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд түрээслүүлэх, түрээсийн төлбөр сарын 38.000.000 төгрөг байхаар тохиролцжээ.

Ингээд 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Ш  ХХК болон Т  ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 233-ны өдөр байгуулсан 16/01 тоот гэрээний 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацааны тооцоо гэх баримт үйлдэгдэж, нэхэмжлэгч Т  ХХК-иас түрээсийн төлбөр 24.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар талууд маргаагүй.

Хэдийгээр хариуцагч Б.А  болон Ш ХХК-ийн гүйцэтгэх захирлын гаргасан хариу тайлбарт дээрх гэрээтэй холбоотой тайлбар удаа дараа гаргадаг боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 14.000.000 төгрөг гаргуулах тухай тул уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4. Маргааны зүйл нь Түрээсийн төлбөрийг бүрэн төлсөөр байхад Ти жэй эн плант ХХК-ийн хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч Д.Б 14.000.000 төгрөгийг иргэн Б.А 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр үндэслэлгүйгээр авсан бөгөөд Д.Б  нь Т  ХХК-д өгөх ёстой байсан хөрөнгө оруулалтын дүнгээс уг 14.000.000 төгрөгийг хасаж тооцсон. Тэгэхээр Б.А  түрээсийн төлбөр илүү авсан хэмээн нэхэмжлэгч маргаж, уг төлбөрийг хариуцагч Б.А  буцаан гаргуулахаар шаардсан.

Хэрэгт авагдсан Б.А  Х  ХХК дахь 5032483314 тоот дансны хуулгаас үзэхэд Д.Б  Түрээсийн мөнгө Байгалаас гэсэн утгатай 14.000.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн байна.

Гэвч гэрч Д.Б  шүүхэд өгсөн мэдүүлэгт Нэхэмжлэгч Т  ХХК-тай 2017 онд гэрээ байгуулж, тус компанид 340.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд оронд нь хүдэр авах ёстой байсан ч одоо хүртэл нэг ч төлбөр болон хүдэр хүлээн аваагүй байгаа. Би Б.А  Түрээсийн мөнгө гэж 14.000.000 төгрөг шилжүүлсэн нь үнэн бөгөөд энэ бол Б.А  бид хоёрын хувийн асуудал юм. Би 2017 оны 6 дугаар сард Дарханд ковш түрээслэхээр тохиролцоод түрээсийн урьдчилгаа төлбөрт 14.000.000 төгрөг шилжүүлсэн. Миний мөнгө шилжүүлсэн баримт яагаад Т  ХХК-д очсоныг мэдэхгүй. Хамтран ажиллах гэрээний үүрэг хэмээн 14.000.000 төгрөг суутгасан зүйл байхгүй. Т ХХК-д миний бие ямар нэгэн төлбөрийг, хэн нэгнээс нэхэмжлэх эрхийг олгоогүй болно гэжээ.

Өөрөөр хэлбэл, иргэн Д.Б нь нэхэмжлэгч Т  ХХК-д оруулсан хөрөнгө оруулалтаас 14.000.000 төгрөгийг суутгаж тооцсон тухай санхүүгийн анхан шатны баримт хэрэгт авагдаагүй ба энэхүү үйл баримт нь гэрч Д.Б  шүүхэд өгсөн мэдүүлгээр няцаагдаж байна.

Нөгөө талаар, Т ХХК-д Д.Б нь түүний нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй байх тул нэхэмжлэгч Т   ХХК-ийг Б.А  14.000.000 төгрөг шаардах эрхгүй гэж үзлээ.

Түүнчлэн хэрэгт Т  ХХК-аас 14.000.000 төгрөгийг Б.  илүү төлсөн, Б.А ндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нөхцөл байдлыг нотлох баримт авагдаагүй болно.

5. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ш ХХК болон Б.А  нарт холбогдох Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Ш ХХК болон М ХХК-ийн хооронд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан Тооцоо, төлбөр барагдуулах гэрээ-ний талаарх үйл баримт энэхүү хэрэгт хамааралгүй тул шүүх энэ талаарх баримт болон нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ш  ХХК болон Б.А  нарт холбогдох Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.950 /хоёр зуун хорин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА