Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01867

 

 

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01867

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/02158 дугаар шийдвэртэй,

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш ХХК, Б.А- нарт холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч Т ХХК нь Ш ХХК, Б.А- нараас түрээсийн гэрээний үүрэгт илүү буюу давхардуулан төлсөн 14,000,000 төгрөгийг гаргуулна.

Т ХХК нь уул уурхайн үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор Ш ХХК-аас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 916/01 тоот Автосамосвал түрээслэх гэрээ байгуулсан. Ш ХХК нь гэрээний 3.1-т заасан тоног төхөөрөмжийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд жолоочийн хамт, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган, автомашины даацыг бүрэн ашиглан ажиллах, Т ХХК нь гэрээнд заасан төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл түрээслүүлэгчийн тоног төхөөрөмжид эвдрэл гарч бүрэн хэмжээгээр ажиллаж чадаагүй. Талууд гэрээний 4.9-т зааснаар 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн. Уг актаар 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг гаргасан бөгөөд түрээслэгчээс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр урьдчилгаа 5, 000,000 төгрөгийг, 01 дүгээр сарын 23-ны өдөр 2,814,000 төгрөгийг, 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөгийг, 02 дугаар сарын 17-ны өдөр 22,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Түрээслэгч гэрээнд заасан төлбөрийг төлсөөр байсан боловч түрээслүүлэгчийн тоног төхөөрөмж бүрэн хэмжээгээр ажиллаж чадахгүй, гэмтэлтэй хэвээр байсан ба Ш ХХК-ийн захирал Б.А- нь сэлбэг олдохгүй байна, хотоос удахгүй ирнэ гэсээр 2 дугаар сард бүрэн ажиллаж чадалгүй байсаар 02 дугаар сарын 23-ны өдрөөс цагаан сар болж ажиллахаа больсон.

Ш ХХК-ийн тоног төхөөрөмж ажиллахгүй байсны улмаас компани алдагдал хүлээж, түрээслүүлэгчийг гэрээнд заасны дагуу тоног төхөөрөмжөө ажиллуулахыг шаардсан боловч захирал Б.А- нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тоног төхөөрөмжөө түрээслүүлэхээ больсон тул тоног төхөөрөмжөө татан авч байна, танай компанийн төлбөрийг М" гэх нэртэй компани төлөх болсон гэх утга бүхий 715 тоот албан бичгийг ирүүлсэн. Ингээд Ш ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй байсны улмаас гэрээний хугацаа дуусахаас өмнө тоног төхөөрөмжүүдээ татан авч гэрээгээ зөрчсөн.

Т ХХК нь гэрээний 2.6, 4.7, 4.9-т тус тус заасны дагуу Ш ХХК-ийг тооцоо нийлж, гэрээгээ дүгнэхийг шаардсан ч дүгнэж, тооцоо нийлээгүй бөгөөд 2017 оны 2 дугаар сард дутуу ажилласан тоног төхөөрөмжийн түрээсийн тооцоонд 25,000,000 төгрөгийг төлчих тэгээд өөр тооцоо байхгүй гэсний дагуу 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөгийг түрээслүүлэгчид төлсөн.

Гэтэл Ш ХХК-ийн захирал Б.А- нь манай компанийн хамтран ажиллагч иргэн Д.Б-иас Т ХХК-ийн түрээсийн төлбөр гэж 14,000,000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр авсан байсныг Д.Б-тай тооцоо нийлэхэд мэдсэн ба Д.Б- нь манай компанийн тооцооноос дээрх мөнгийг суутгаж авсан. Бид Ш ХХК-ийн захирал Б.А-аас 14,000,000 төгрөгийг буцаан өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл Ш ХХК болон захирал Б.А- нь төлөөгүй. Иймд Ш ХХК нь үндэслэлгүйгээр 14,000,000 төгрөгийн хэмжээнд хөрөнгөжсөн байх тул Ш ХХК болон захирал Б.А-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч Ш ХХК-ийн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Ш ХХК болон Т ХХК-ийн хооронд байгуулсан 16/01 тоот түрээсийн гэрээний дагуу Ш ХХК-ийн техникүүд эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллаж, харин Т ХХК-ийн үйлдвэр эвдрэлтэй байсан болон цахилгаан үүсгүүр болох генаратор нь эвдэрсэн шалтгаануудын улмаас хоёр удаа тооцоо нийлэхдээ хөнгөлөлт үзүүлж байсан. 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Т ХХК /Зэсэнбаатар/-тай тооцоо нийлж түрээслэгчийн генаратор болон үйлдвэр эвдэрсэн шалтгааны улмаас Ш ХХК-ийн зүгээс хөнгөлөлт үзүүлж түрээсийн төлбөрийг 24,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Тохиролцсон хугацаанаас Т ХХК нь төлбөрөө хоцорч төлсөн. Дараагийн тооцоог Зэсэнбаатар Т ХХК-аар хийхээс зайлсхийж, тооцоо нийлэхгүй явсаар сүүлдээ өөрөө төлбөрийн чадваргүй байгаа учир түүний тооцоог Р.Д-, М ХХК төлөх учир тэдэнтэй тооцоо нийлнэ үү гэж Зэсэнбаатар амаар хүсэлт гаргасан тул бид 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр М ХХК, Р.Д- нартай тооцоо нийлж түрээсийн төлбөрийг 67,000,000 төгрөг байхаар тохиролцож бид техникүүдээ татан авахаар болж М ХХК-д хүсэлт гаргаж уурхайгаас техникүүдээ татан авсан. Тохиролцсон хугацаанаас хоцроож 25,000,000 төгрөг төлж үлдэгдэл 42,000,000 төгрөгийн төлбөрөө төлөөгүй учир Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дахь Сум дундын шүүхэд үүссэн байгаа. Д.Б-аас Ш ХХК нь ямар ч төлбөр мөнгө хүлээж аваагүй бөгөөд 16/01 тоот гэрээний дагуу Т ХХК-д 2017 онд техник түрээсэлж байх хугацаанд компанийн техникүүдэд эвдрэл гэмтэл гарч, сэлбэг нь олдохгүй байсан нөхцөл байдал үүсэж байгаагүй, бүх техникүүд хэвийн ажиллагаатай байсан. Түрээслэгч Т ХХК-ийн хамтран ажиллагч Д.Б- манай компанид мөнгө шилжүүлээгүй. 16/01 тоот гэрээнд хамааралгүй 14,000,000 төгрөгийг манай компаниас гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

 

3. Хариуцагч Б.А-ын татгалзал, тайлбарын агуулга:

Гэрээний төлбөрт авах 22,800,000 төгрөгөөс 800,000 төгрөгийн хөнгөлөлтийг Ш ХХК түрээслэгчид үзүүлсэн. Т ХХК-ийн захирал Зэсэнбаатар нь амаар хэлэхдээ тус компани нь түрээсийн төлбөрөө төлөх санхүүгийн чадваргүй байгаа бөгөөд Т ХХК-ийн үйл ажиллагааг цаашид М ХХК буюу Р.Д- залгамжлан авч ажиллах тул М ХХК-тай тооцоо нийлж, түрээсийн төлбөрөө ав гэсэн тул түрээсийн тооцоог 67,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож Тооцоо, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Тооцоо, төлбөр барагдуулах гэрээ бол 16/01 тоот гэрээний түрээсийн тооцоо мөн бөгөөд Ш ХХК-д 67,000,000 төгрөгийг Т ХХК, Зэсэнбаатар болон М ХХК, Дамбаравжаа нар өгөх өр төлбөртэй гэдгээ хүлээн зөвшөөрснийг баталж байна гэж үзэж байна. Д.Б-ийн данснаас 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Б.А- миний дансанд ...түрээс... гэсэн гүйлгээний утга бүхий 14,000,000 төгрөг орсон нь Т ХХК болон Ш ХХК-тай ямар нэгэн хамааралгүй, иргэн Д.Б- иргэн Б.А- бид хоёрын хоорондын тооцоо байсан. Иймд хоёр иргэний хоорондын тооцоо буюу Т ХХК-д хамааралгүй төлбөрийг нэхэмжлэх эрхгүй, мөн Т ХХК нь Ш ХХК-д 42,000,000 төгрөгийн үндсэн төлбөр, 33,500,000 төгрөгийн алданги, нийт 75,500,000 төгрөгийн өр төлбөртэй байтал 14,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ш ХХК болон Б.А- нарт холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Тус компани нь уул уурхайн үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор Ш ХХК-аас тоног төхөөрөмж түрээслэхээр тохиролцож, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 16/01 тоот Автосамосвал түрээслэх гэрээ байгуулсан. Ш ХХК нь гэрээний 3.1 -т заасан тоног төхөөрөмжийг 2017 оны 01 дүгээр сарын 4-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд жолоочийн хамт техникийн бүрэн бүтэн байдлыг ханган автомашины даацыг бүрэн ашиглан ажиллуулах, нэхэмжлэгч нь тухайн гэрээний дагуу төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл түрээслүүлэгчийн тоног төхөөрөмжид эвдрэл гарч, бүрэн хэмжээгээр ажиллуулах боломжгүй болсон бөгөөд гэрээний 4.9-д зааснаар 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн. Уг актаар 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг манай компани төлөхөөр тохиролцсон ба 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 40,814,000 төгрөгийг төлсөн. Манайх түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн, тоног төхөөрөмжийг гэрээнд заасан хугацаанд бүрэн ашиглаж чадаагүй байхад хариуцагч Ш ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тоног төхөөрөмжөө буцаан татсан. Гэтэл Ш ХХК-ийн захирал Б.А- манай компанийн хамтран ажиллагч Д.Б-иас Т ХХК-ийн түрээсийн төлбөр гэж 14,000,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр давхардуулан авсан байсныг бид сүүлд мэдсэн. Д.Б- нь манай компанид өгөх ёстой хөрөнгө оруулалтын зардлаас тухайн 14,000,000 төгрөгийг хасаж тооцсон. Иймд Б.А- нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг шүүх анхаарч үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

1. Нэхэмжлэгч Т ХХК нь Ш ХХК, Б.А- нараас түрээсийн гэрээний үүрэгт илүү буюу давхардуулан төлсөн 14,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2.Хэрэгт дараах үйл баримт авагджээ. Үүнд:

2.а. Т ХХК болон Ш ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 16/01 тоот Автосамосвал түрээслэх гэрээ байгуулагдаж, Ш ХХК нь хоёр ширхэг автосамосвал болон нэг ширхэг эксковаторыг Т ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд түрээслүүлэх, түрээсийн төлбөр сарын 38,000,000 төгрөг байхаар тохиролцжээ. /хх 6-7/

 

2.б. Ш ХХК, Т ХХК-ийн хооронд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тооцоо гэх баримт үйлдэгдэж, нэхэмжлэгч Т ХХК-аас түрээсийн төлбөрт 24,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. /хх 8/

 

2.в. Хэрэгт Б.А-ын Хаан банк ХХК дахь 5032483314 тоот дансны хуулга авагдсан байх бөгөөд Д.Б-иас Түрээсийн мөнгө Байгалаас гэсэн утгатай 14,000,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн байна./хх/

 

3. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

3.а. Нэхэмжлэгч Т ХХК нь Ш ХХК-нд түрээсийн төлбөрөө бүрэн төлж дууссан эсэх,

3.б. Д.Б-иас Б.А-т Түрээсийн мөнгө Байгалаас гэсэн утгатай 14,000,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн нь Т ХХК-ийн Ш ХХК-нд төлөх түрээсийн төлбөрт төлөгдсөн мөнгөн хөрөнгө мөн эсэх зэрэг нь маргаантай байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг бүрэн тодруулаагүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрөө бүрэн төлж дууссан гэх үйл баримтаа эргэлзээгүй баримтаар бүрэн нотлох үүрэгтэй юм.

 

Түрээсийн төлбөрөө бүрэн төлж дууссаар байхад Т ХХК-ийн ажил хэргийн хамтрагч гэх Д.Б-иас Б.А- нь түрээсийн төлбөрт 14,000,000 төгрөгийг давхардуулан авсан гэх шаардлагын үндэслэл тодорхойгүй байна.

 

Иргэн Д.Б-ийн төлсөн гэх 14,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхийг нэхэмжлэгч Т ХХК хэрхэн өөртөө олж авсан, Д.Б-иас итгэмжлэлтэй эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно. Гэхдээ гэрчийн мэдүүлгийг үнэлэх нэг шалгуур нь гэрч хэрэгт хувийн сонирхолгүй байх ёстой юм.

 

Хэрэгт гэрчээр асуугдсан Д.Б-ийн талаар нэхэмжлэгч тайлбарлахдаа Д.Б- нь Т ХХК-д өгөх ёстой байсан хөрөнгө оруулалтын дүнгээс уг 14,000,000 төгрөгийг хасаж тооцуулсан гэх боловч гэрч Д.Б- мэдүүлэгтээ Б.А-т шилжүүлсэн 14,000,000 төгрөг нь Т ХХК-нд ямар ч хамааралгүй, Б.А- бид хоёрын хувийн тооцоо гэж мэдүүлжээ.

 

Хэрэгт Т ХХК нь Ш ХХК-ийн өмнө гүйцэтгэвэл зохих түрээсийн төлбөрийн үүргээ бүрэн төлсөөр байхад дахин давхардуулан 14,000,000 төгрөгийг авсан эсэх үйл баримт тодорхойгүй байна.

 

Хариуцагч Ш ХХК-ийн төлөөлөгч талуудын түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд үүссэн байгаа талаар тайлбарласан боловч хэрхэн шийдвэрлэгдсэн талаар баримтгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг буруу тодорхойлж дүгнэсэн. Тодруулбал, талууд гэрээний төлбөр бүрэн төлөгдсөөр байхад давхардуулан мөнгө авсан талаар маргаж байхад анхан шатны шүүх ...хэдийгээр хариуцагч Б.А- болон Ш ХХК-ийн гүйцэтгэх захирлын гаргасан хариу тайлбарт дээрх гэрээтэй холбоотой тайлбар удаа дараа гаргадаг боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 14,000,000 төгрөг гаргуулах тухай тул уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн гэжээ. Хэргээс үзэхэд талуудын гэрээний үүргийг бүхэлд нь дүгнэх, үйл баримтыг тогтоох шаардлага үүсэж байна.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/02158 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД