Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2022/02159

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2022/02159

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б  ХХК,

Хариуцагч: Ч.Б

Хариуцагч: С.А нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 678.291.764 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээ болон түүний дагалдах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А , хариуцагч С.А , хариуцагч Ч.Б  итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У , түүний өмгөөлөгч Б.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Г  ХХК нь хариуцагч Б  ХХК, Ч.Б , С.  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 678.291.764 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Г  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А , Н.Б нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Б  ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ЗГ3615106463 тоот зээлийн гэрээг Г  байгуулж 490.000.000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. ЗГ3615106463 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ЗБ3615106463 тоот ипотекийн гэрээгээр Ч.Б  өмчлөлийн улсын бүртгэлийн Y-00000 дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Богд жавзандамба 00 дугаар байр,0 тоот хаягт байршилтай 323 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, БГ3615106463 тоот барьцааны гэрээгээр Баян алтан бухт ХХК-ийн Голомт банк дахь 3615106104 тоот данс тус тус барьцаалсан болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар БДГ3615106463-1 тоот батлан даалтын гэрээгээр С.А , БДГ3615106463-2 тоот батлан даалтын гэрээгээр Ч.Б нар тус тус батлан дааж өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн болно. Б  ХХК-ийн ЗГ3615106463 тоот зээлийн гэрээний хугацаа 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр дууссан боловч зээл авсан үеэс эхлэн зээлийн гэрээний 2.4, 3.1.3 дахь хэсэгт заасан зээл, зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж байгаа тул зээлийн гэрээний 4.3 дахь хэсэгт заасныг үндэслэн зээлийг төлүүлэхээр буцаан шаардаж байна. 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 1214 хоног хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 374.230.866,76 төгрөг, үндсэн хүүнд 269.532.348,44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 34.528.549,16 төгрөг, нийт 678.291.764,37 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний 2.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хугацаа дууссанаас үл хамааран зээл төлөгдөж дуусах хүртэл хүүг үргэлжлүүлэх бодох ба гэрээний 2.5 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү бодно. Иймд Г  ХХК нь Б ХХК болон иргэн С.А , Ч.Б  нараас ЗГ3615106463 тоот зээлийн гэрээний үүрэг нийт 678.291.764,37 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдах үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заажээ. Иймд Б  ХХК, С.А , Ч.Б нараас Г ХХК-тай байгуулсан ЗГ3615106463 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 678.291.764,37 төгрөгийн хамт гаргуулах, ЗГ3615106463 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ3615106463 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүд болон ЗБ3615106463 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ч.Б  итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Б  нь С.Ү 2015 онд анх танилцсан. Тэр үеэс эхлэн С.Ү  нь 72 дугаар сургууль, цэцэрлэг концессоор барьж бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулж, асар их ашиг олж хуваана хэмээн итгүүлж Ч.Б  болон эхнэрийнх эд хөрөнгийг залилан мэхлэх, хуурамч бичиг баримт үйлдэх гэх мэт аргаар өөртөө авсан болохыг бид саяхан мэдсэн. С.Ү 2018 онд компанийн үйл ажиллагаа, бизнесээ цааш нь явуулмаар байна гэж гуйж, итгэлийг чинь алдахгүй зээлээ бүрэн төлнө гэсээр 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн үндсэн зээлдэгч Б  ХХК-тай байгуулсан зээлийн ЗГ3615106463 тоот гэрээгээр 490.000.000 төгрөгийг авсан ба 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ипотекийн гэрээнд үндсэн зээлдэгч Б  ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалуулагч Ч.Б  барьцааны гэрээнд гарын үсэг зуруулсан. Хариуцагч С.А нь С.Ү  төрсөн ах юм. Мөн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн батлан даалтын ЗГ3615106463-2 тоот гэрээнд Б  ХХК, Ч.Б нар гарын үсэг зурсан. Тус зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээнүүд 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн. Тус зээлээр олгогдсон 490.000.000 төгрөгийг Б ХХК нь энэхүү зээлийн төлбөрийг төлж яваа гэж ойлгож явсан боловч өнөөдөр ипотекийн зээлийн гэрээ болон бусад бичиг баримтад гарын үсэг зурснаараа Ч.Б  өөрийнхөө нэр дээр байдаг, олон жил амьдарсан гэр бүлийнхээ орон сууцыг Г  ХХК-д зээлийн төлбөрт өгөхөд хүрч буруутан болоод байна. Өнгөрсөн хугацаанд үндсэн зээлдэгч Б ХХК нь төлбөрөө төлж барагдуулахгүй байгаа тухай Г ХХК-иас Ч.Б  нэг ч удаа мэдэгдэж байгаагүйгээс ихээхэн хэмжээний төлбөр хуримтлагдсан гэж үзэж байна. Хэрэв Ч.Б  нь энэхүү зээлийг өөрөө ашиглаж хэрэглэсэн бол үндсэн зээл, хүү, бусад төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх нь шударга зүй ёсны хэрэг болох байсан. Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс энэ хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болно. Нэхэмжлэгч тал Батлан даалтын гэрээний 2.4, 2.5 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байгаагаас гадна Иргэний хуульд зааснаар гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэйг анхаарахыг шүүхээс хүсч байна. Иймд Ч.Б  холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч С.А  хариу тайлбартаа: Би энэ компанийн ажилтан байсан. Намайг хувьцаа эзэмшигч юм байна аа, та ирээд гарын үсэг зурчих гэхээр нь би очоод гарын үсэг зурсан. Надад энэ мөнгөнөөс юу ч өгөөгүй. Тэр мөнгийг авч хэрэглэсэн хүмүүс нь төлөх ёстой байх гэж бодож байна гэжээ.

 

4. Хариуцагч Б  ХХК хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

5. Хариуцагч Ч.Б  сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Б  бухт ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ3615106463 тоот зээлийн гэрээг Г  байгуулж 490.000.000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн 24 сарын хугацаатай зээл авсан. Гэтэл энэхүү гэрээнд Б  ХХК-ийг төлөөлж тус компанийн хувьцаа эзэмшигч гэх иргэн С.А гарын үсэг зурсан нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах үндэслэлтэй байгаа тул Б  ХХК болон Г  хооронд байгуулагдсан 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ болон бусад дагалдах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

6. Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А  сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа: Хариуцагч Б  ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ЗГ3615106463 тоот зээлийн гэрээг Г ХХК-тай байгуулж 490.000.000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан ба бусад холбогдох гэрээг мөн тус тус байгуулсан. Гэтэл хариуцагч Ч.Б  итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлт гаргахдаа талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзжээ. Ийнхүү үзэх шалтгаанаа С.А  нь компанийн хувьцаа эзэмшигч гэж гарын үсэг зурсан нь уг этгээд компанийг төлөөлөх эрхгүй этгээд хэмээн тайлбарласан. Уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Б  ХХК нь компани дүрмээрээ нэг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигч нь С.А  юм. Компанийн дүрмийн 3.6 дахь хэсэгт болон Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасныг үндэслэн С.А нь компанийн эрх бүхий албан тушаалтан байна. Иймд компанийг төлөөлөх эрх бүхий этгээдтэй зээлийн гэрээ байгуулсан байх тул талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр бйагуулсан хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй хэмээн шүүх үзэв.

2. Нэхэмжлэгч Г ХХК болон хариуцагч Б  ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ЗГ3615106463 тоот Зээлийн гэрээ-г байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Б  ХХК нь 490.000.000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Мөн өдрийн ЗБ3615106463 дугаартай Ипотекийн гэрээ-ээр зээлийн барьцаанд хариуцагч Ч.Б өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2206023409 дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион оргил /17012/, Богд жавзандамба гудамж, 00 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 323 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, мөн өдрийн БГ3615106463 тоот Барьцааны гэрээ-ээр Б  ХХК-ийн Г дахь 300000 тоот дансны орлогыг тус тус ЗГ3615106463 тоот зээлийн гэрээний үүрэгт тус тус барьцаалсан байна.

Түүнчлэн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр БДГ3615106463-1 тоот Батлан даалтын гэрээ-г Г  ХХК-тай С.А , мөн өдрийн БДГ3615106463-2 тоот Батлан даалтын гэрээ-г Ч.Б  нар тус тус байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийг бүрэн батлан даахаар хариуцлага хүлээсэн ажээ.

3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр дууссан байх боловч зээлдэгч нар нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Нөгөө талаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1999 оны/-ийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Хариуцагч С.А болон Ч.Б  нар дээрх зээлийн гэрээний үнийн дүгнээс нэг ч төгрөг авч ашиглаагүй хэмээн тайлбар гаргах боловч нэгэнт гэрээнд гарын үсэг зурж үүрэг хүлээсэн тул тэднийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байгааг мөн дурдах нь зүйтэй.

 

4. Хариуцагч Ч.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У  ... Б  ХХК-ийг төлөөлж тус компанийн хувьцаа эзэмшигч гэх иргэн С.А  гарын үсэг зурсан нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах үндэслэлтэй байгаа тул Б ХХК болон Г хооронд байгуулагдсан 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ болон бусад дагалдах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Г  ХХК-д холбогдуулан гаргасан.

 

Энэхүү сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч С.А  компанийн эрх бүхий албан тушаалтан байгаагүй хэмээн талбарлах боловч Г ХХК-иас ирүүлсэн зээлийн болон барьцааны, батлан даалтын гэрээ байгуулах үедээ өгсөн Б ХХК-ийн дүрмээс үзэхэд уг дүрмийн 3.6-д Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасны дагуу С.А компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэж заасан байна.

 

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг эрх бүхий албан тушаалтан гэнэ гээд, мөн зүйлийн 84.2-т Компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байна гэжээ.

 

Өөрөөр хэлбэл, зээлийн болон бусад дагалдах гэрээг байгуулах үед хариуцагч С.А  нь Б  ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан байсан, мөн Иргэний хуулийн 50 дугаар зүйлд зааснаар хэн нэгэн гуравдагч этгээдээс тухайн гэрээ байгуулах зөвшөөрөл олгогдох шаардлага байгаагүй байх тул компанийг төлөөлж С.А  гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч Ч.Б  нь Г ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ЗБ3615106463 дугаартай Ипотекийн гэрээ, мөн өдрийн БДГ3615106463-2 тоот Батлан даалтын гэрээ-г тус тус байгуулсан байх ба тэрээр өөрөө тухайн гэрээнүүдэд гарын үсэг зурж баталгаажуулсан тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг энэхүү үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Сөрөг нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг 7.406.861 төгрөг хэмээн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2022/10935 дугаар захирамжаар тогтоож, шүүхээс хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2022/12032 тоот захирамжаар хойшлуулсан. Энэхүү шийдвэрээр хэргийг хянан шийдвэрлэсэн тул хариуцагч Ч.Б  сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулахаар дурдсан болно.

 

5. Хариуцагч Б ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулан өгч, танилцуулсан боловч хариуцагчаас ямар нэгэн хариу тайлбар бичгээр шүүхэд ирүүлээгүй.

 

Иймээс хариуцагч Б  ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон, түүнчлэн түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх боломжийг удаа дараа олгож, шүүх хуралдааныг хойшлуулж байсан ба 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны товыг компанийн гүйцэтгэх захирал С.Ү  мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд талууд түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх санал гаргасныг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

6. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1999 оны/-ийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б  ХХК, С.А  Ч.Б нараас зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 374.230.866,76 төгрөг, үндсэн хүү 269.532.348,44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34.528.549,16 төгрөг, нийт 678.291.764,37 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г  ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Мөн Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Ч.Бямбаагийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-0000 дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион оргил /17012/, Богд жавзандамба гудамж, 00 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 323 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон БГ3615106463 тоот Барьцааны гэрээ-ээр барьцаалсан Б  ХХК-ийн Г  дахь 0000 тоот дансанд орж ирэх борлуулалтын орлогоос 182.167.000 төгрөгийн хэмжээгээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.619.609 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б  сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 7.406.861 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулж, мөн хариуцагч Б ХХК, С.А  Ч.Б  нараас 3.619.609 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1999 оны/-ийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б  ХХК, С.А , Ч.Б  нараас зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 374.230.866,76 төгрөг, үндсэн хүү 269.532.348,44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34.528.549,16 төгрөг, нийт 678.291.764,37 /зургаан зуун далан найман сая хоёр зуун ерэн нэгэн мянга долоон зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Ч.Б  өмчлөлийн улсын бүртгэлийн Y-000000000 дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион оргил /17012/, Богд жавзандамба гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 323 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон БГ3615106463 тоот Барьцааны гэрээ-ээр барьцаалсан Б  ХХК-ийн Г  00000000000 тоот дансанд орж ирэх борлуулалтын орлогоос 182.167.000 төгрөгийн хэмжээгээр тус тус үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г  ХХК-д холбогдох, Г  ХХК болон хариуцагч Б  ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ3615106463 тоот Зээлийн гэрээ, Г ХХК болон хариуцагч Ч.Б  нарын хооронд байгуулагдсан мөн өдрийн ЗБ3615106463 дугаартай Ипотекийн гэрээ, Г  ХХК болон хариуцагч Б  ХХК-ийн хооронд байгуулагдсан мөн өдрийн БГ3615106463 тоот Барьцааны гэрээ, Г ХХК болон иргэн С.А  нарын хооронд байгуулагдсан мөн өдрийн БДГ3615106463-1 тоот Батлан даалтын гэрээ, Г  ХХК болон иргэн Ч.Б  нарын хооронд байгуулагдсан мөн өдрийн БДГ3615106463-2 тоот Батлан даалтын гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Ч.Б  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.619.609 /гурван сая зургаан зуун арван есөн мянга зургаан зуун ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 7.406.861 /долоон сая дөрвөн зуун зургаан мянга найман зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулж, мөн хариуцагч Б  ХХК, С.А , Ч.Б нараас 3.619.609 /гурван сая зургаан зуун арван есөн мянга зургаан зуун ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г  ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА