Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01694

 

 

 

 

 

 

 

2022 09 09 210/МА2022/01694

 

 

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2022/02159 дугаар шийдвэртэй, Г ХХК-ийн нэхэмжлэлтэй Б ХХК, С.А , Ч.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 678,291,764 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн, зээлийн гэрээ болон түүний дагалдах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ч.Б гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анударь, хариуцагч Ч.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Урантөгс, түүний өмгөөлөгч Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б ХХК нь Г ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ЗГ3615106463 тоот зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 490,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.

Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ЗБ3615106463 тоот ипотекийн гэрээгээр Ч.Б гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2206023409 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Богд Жавзандамба 61/2 дугаар байр, 7 тоотод байрлах 323 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, БГ3615106463 тоот барьцааны гэрээгээр Б ХХК-ийн Г ХХК дахь 3615106104 тоот дансыг тус тус барьцаалсан.

Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар БДГ3615106463-1 тоот батлан даалтын гэрээгээр С.А , БДГ3615106463-2 тоот батлан даалтын гэрээгээр Ч.Б нар тус тус батлан дааж өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн.

Б ХХК-ийн ЗГ3615106463 тоот зээлийн гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дууссан боловч зээл авсан үеэс эхлэн зээлийн гэрээний 2.4, 3.1.3-д заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 4.3-т заасныг үндэслэн зээлийг төлүүлэхээр шаардсан.

2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 1214 хоног хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 374,230,866.76 төгрөг, үндсэн хүү 269,532,348.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,528,549.16 төгрөг, нийт 678,291,764.37 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлийн гэрээний 2.2-д заасны дагуу зээлийн хугацаа дууссанаас үл хамааран зээл төлөгдөж дуусах хүртэл хүүг бодох ба гэрээний 2.5-д зааснаар хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү бодно.

Иймд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн Б ХХК, С.А , Ч.Б нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 678,291,764.37 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг ипотекийн гэрээгээр барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүд болон барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ч.Б гийн тайлбар, татгалзлын агуулга: Ч.Б нь С.Үүрцайхтай 2015 онд анх танилцсан ба С.Үүрцайх 2018 онд компанийн үйл ажиллагаа, бизнесээ цааш нь явуулмаар байна гэж гуйж, итгэлийг чинь алдахгүй зээлээ бүрэн төлнө гэсээр 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Г ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 490,000,000 төгрөгийг зээлсэн. Мөн өдөр зээлийн барьцааны гэрээнд барьцаалуулагч Ч.Б гаар гарын үсэг зуруулсан.

Хариуцагч С.А нь С.Үүрцайхын төрсөн ах юм. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн батлан даалтын гэрээнд Б ХХК, Ч.Б нар гарын үсэг зурсан. Тус зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээнүүд 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн.

Тус зээлээр олгогдсон 490,000,000 төгрөгийг Б ХХК төлж байгаа гэж ойлгосон боловч ипотекийн зээлийн гэрээ болон бусад баримтад гарын үсэг зурсан тул өөрийн нэр дээр байдаг гэр бүлийнхээ орон сууцыг Г ХХК-д зээлийн төлбөрт өгөхөд хүрсэн.

Өнгөрсөн хугацаанд үндсэн зээлдэгч Б ХХК нь төлбөрөө төлж барагдуулахгүй тухай Г ХХК-аас Ч.Б д мэдэгдэж байгаагүйгээс төлбөр хуримтлагдсан.

Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс энэ хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Нэхэмжлэгч нь Батлан даалтын гэрээний 2.4, 2.5-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байгаагаас гадна Иргэний хуульд зааснаар гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэйг анхаарахыг хүсч байна. Иймд Ч.Б д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч С.А гийн татгалзал, тайлбарын агуулга: Би энэ компанийн ажилтан байсан. Намайг хувьцаа эзэмшигч тул ирээд гарын үсэг зур гэсний дагуу гэрээнд гарын үсэг зурсан. Надад энэ мөнгөнөөс өгөөгүй тул мөнгийг хэрэглэсэн хүмүүс нь төлөх ёстой гэж бодож байна гэжээ.

 

4. Хариуцагч Б ХХК тайлбар ирүүлээгүй болно.

 

5. Хариуцагч Ч.Б гийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Б ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг Г ХХК-тай байгуулж, 490,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн.

Энэхүү гэрээнд Б ХХК-ийг төлөөлж тус компанийн хувьцаа эзэмшигч С.А гарын үсэг зурсан нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах үндэслэлтэй тул Б ХХК, Г ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ болон бусад дагалдах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Б ХХК нь компани дүрмээрээ нэг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигч нь С.А юм. Компанийн дүрмийн 3.6, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасныг үндэслэн С.А нь компанийн эрх бүхий албан тушаалтан байна. Иймд компанийг төлөөлөх эрх бүхий этгээдтэй зээлийн гэрээ байгуулсан байх тул талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулсан хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр юм гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1999 оны/-ийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б ХХК, С.А , Ч.Б нараас зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 374,230,866.76 төгрөг, үндсэн хүү 269,532,348.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,528,549.16 төгрөг, нийт 678,291,764.37 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Ч.Б гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2206023409 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион оргил /17012/, Богд жавзандамба гудамж, 61/2 дугаар байр, 7 тоот хаягт байршилтай, 323 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон БГ3615106463 тоот Барьцааны гэрээ-ээр барьцаалсан Б ХХК-ийн Г дахь 3615106104 тоот дансанд орж ирэх борлуулалтын орлогоос 182.167.000 төгрөгийн хэмжээгээр тус тус үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХХК-д холбогдох, Г ХХК болон хариуцагч Б ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ3615106463 тоот Зээлийн гэрээ, Г ХХК болон хариуцагч Ч.Б нарын хооронд байгуулагдсан мөн өдрийн ЗБ3615106463 тоот Ипотекийн гэрээ, Г ХХК болон хариуцагч Б ХХК-ийн хооронд байгуулагдсан мөн өдрийн БГ3615106463 тоот Барьцааны гэрээ, Г ХХК болон иргэн С.А нарын хооронд байгуулагдсан мөн өдрийн БДГ3615106463-1 тоот Батлан даалтын гэрээ, Г ХХК болон иргэн Ч.Б нарын хооронд байгуулагдсан мөн өдрийн БДГ3615106463-2 тоот Батлан даалтын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Ч.Б гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,619,609 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б гаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 7,406,861 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулж, мөн хариуцагч Б ХХК, С.А , Ч.Б нараас 3,619,609 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

8. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Зээлийн гэрээнд Б ХХК-ийн захирал гарын үсэг зураагүй, гэрээг байгуулах бүрэн эрхийг өөр этгээдэд ямар нэгэн хэлбэрээр олгоогүй болох нь хэргийн 9-10 дахь талд авагдсан зээлийн гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад баримтуудаар тогтоогдож байна.

Тус гэрээнд компанийн хувьцаа эзэмшигч С.А гарын үсэг зурсан ба компанийн дүрэмд зааснаар эрх бүхий албан тушаалтан гэрээнд гарын үсэг зурсан гэх шүүхийн дүгнэлт Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ, ипотекийн гэрээ байгуулах үеийн компанийн дүрмээр С.А нь Б ХХК-ийн 100 хувийн эзэмшигч. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэг, компанийн дүрмийн 3.6-д заасныг тус тус үндэслэн эрх бүхий албан тушаалтан мөн. Нэхэмжлэгч байгуулагын зүгээс зохих эрх бүхий этгээдтэй зээлийн гэрээг байгуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Ч.Б гийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б ХХК, С.А , Ч.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 678,291,764 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч С.А , Ч.Б нар эс зөвшөөрч, хариуцагч Ч.Б зээлийн гэрээ, барьцааны болон батлан даалтын гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тайлбар гаргаагүй болно.

 

4.а. Г ХХК, Б ХХК-ийн хооронд 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ЗГ3615106463 дугаартай зээлийн байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Г ХХК нь зээлдэгч Б ХХК-д 490,000,000 төгрөгийг шилжүүлэх, зээлдэгч нь 490,000,000 төгрөгийг 24 сарын хугацаанд жилийн 22,8 хувийн хүүгийн хамт гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх9-10/

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.б. Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр барьцааны гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил (17012), Богд жавзандамба гудамж, 61/2 дугаар байр, 7 тоот хаягт байршилтай Ч.Б гийн өмчлөлийн 323 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт тус тус заасан шаардлага хангасан тул зээлдүүлэгч нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрхтэй. /хх 14-15/

 

5.а. Зээлдүүлэгч Г ХХК болон С.А , Ч.Б нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулагджээ. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж заасантай нийцсэн.

 

5.б. Зээлдүүлэгч Г ХХК нь зээлийн гэрээний дагуу 490,000,000 төгрөгийг

Зээлдэгч Б ХХК-д 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлэн өгсөн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна. /хх 45/

 

Иймд нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б ХХК, Ч.Б , С.А нараас зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

5.в. Зээлдэгч нар 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний төлбөрийг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж үндсэн зээл 374,230,866.76 төгрөг, зээлийн хүү 269,532,348.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,528,549.19 төгрөг, нийт 678,291,764.37 төгрөг төлөх нь зээлдэгчийн зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдсон ба хариуцагч нар үүнийг баримтаар няцаагаагүй байна.

 

6.а. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрхтэй бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан тул нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Баян-Алтан бухт ХХК, С.А , Ч.Б нарын хэн алинаас нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

6.б. Талууд гэрээний 2.5-т Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-т заасан зээлийн хүүг үргэлжүүлэн төлөхөөс гадна, 2.1.1-д заасан үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг графикт хугацаанд нийлүүлэх хүртэл хугацаанд төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчид нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн.

 

Иймд хариуцагч Б ХХК, С.А , Ч.Б нараас үндсэн зээл 374,230,866.76 төгрөг, үндсэн хүү 269,532,348.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,528,549.16 төгрөг, нийт 678,291,764.37 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

7.а. Зээлдэгч Баян-Алтан бухт ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил (17012), Богд жавзандамба гудамж, 61/2 дугаар байр, 7 тоот хаягт байршилтай Ч.Б гийн өмчлөлийн 323 м.кв талбайтай орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

7.б. Б ХХК-ийн дүрмийн 3.6-т Компанийн тухай хуулийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасны дагуу Сэрчин овогтой Анжааг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэж заасан тул анхан шатны шүүх хариуцагч С.А нь Б ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан байсан гэж дүгнэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

7.в. Хариуцагч Ч.Б гийн зээлийн гэрээнд компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан гэх гомдол үндэслэлгүй. Учир нь зээлдэгч Б ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсанаас гадна тус компани нэг хувьцаа эзэмшигчтэй, уг хувьцаа эзэмшигч нь С.А бөгөөд тэрээр Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасны дагуу компанийн эрх бүхий албан тушаалтан тул зээлдэгчийн төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2022/02159 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,607,450 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ