Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2022/03711

 

 

 

 

 

2022 09 08

101/ШШ2022/03711

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 30 дугаар байр, 37 тоот хаягт оршин суух Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 170б байр 31 тоот хаягт оршин суух Д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 80,325,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал, өмгөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Б.******* миний бие хариуцагч А.Дөлгөөнтэй 2015 оны 3 сарын 13-ны өдөр Зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан 51,000,000 төгрөгийг тав хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамж 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож байгуулсан.

Улмаар гэрээ байгуулах үед Баянзүрх дүүргийн нотариатч Г.Хужаагийн дэргэд мөнгийг бэлнээр өгсөн. Б.Дөлгөөн нь Зээлийн төлбөрөө төлөлгүй байсаар өдийг хүрсэн бөгөөд хамгийн сүүлд 2019 оны 10 сарын 02-ны өдөр 50,000 төгрөг шилжүүлсэн.

Иймд Б.Дөлгөөнөөс үндсэн зээл 51,000,000 төгрөг, 5 хоногийн хүүнд 2,550,000 төгрөг, алданги хоног тутам 0.5 байхаар тохиролцсоны дагуу нэг хоногийн алданги 255,000 төгрөг бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэх заалтын дагуу алдангид 26,775,000 төгрөг, нийт 80,325,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.*******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчээс 2015 оны 3 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Б.Дөлгөөнөөс өргөдөл гаргах нь гэх бичвэр, Хаан банкны депозит дансны хуулга, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 20-ны өдрийн шүүхийн шийдвэр, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2022 оны 4 сарын 11-ний өдрийн эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох тухай албан тоот, 2022 оны 5 сарын 02-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Б.*******оос А.Отгонжаргалд олгосон итгэмжлэл, хариуцагчаас иргэн Б.Жаргалсайханд олгосон итгэмжлэл зэрэг баримтыг тус тус гаргаж өгсөн байна.

 

Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.Дөлгөөнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 80,325,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг ирүүлсэн.

Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 3 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 51,000,000 төгрөг, хүү 2,550,000 төгрөг, алданги 26,775,000 төгрөг нийт 80,325,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

Хэрэг авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.Дөлгөөн нарын хооронд 2015 оны 3 сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 5 дугаар тал/

Гэрээнд зааснаар зээлдүүлэгч нь 51,000,000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгийг эргүүлэн төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан.

Тодруулбал, зохигчдын хооронд бичгээр байгуулагдсан гэрээнд тусгасан тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийж үзвэл талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгийг буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг ирүүлсэн бөгөөд гэрээний үүрэг 16,000,000 төгрөг төлсөн талаар тайлбартаа дурдсан боловч тайлбараа баримтаар нотлоогүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох, нотолсон тохиолдолд хариуцагч хариу тайлбараа нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт нийт 1,000,000 төгрөгийг хариуцагчаас төлөгдсөн гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд хариуцагчаас 2019 оны 10 сарын 02-ны өдөр 50,000 төгрөгийг төлсөн төлбөрийн баримт авагдсан байна.

Мөн хэрэгт нэхэмжлэгчээс өргөдөл гаргасан Б.Дөлгөөн гэх 2016 оны 10 сарын 17-ны өдрийн бичвэрийг гаргаж өгсөн бөгөөд тус бичвэрт Б.Дөлгөөн миний бие Б.*******т 2016 оны 10 сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг өгч, 2016 оны 11 сарын 17-нд үлдэгдэл 60,000,000 төгрөгийг өгч хохиролгүй болгох нь үнэн болно гэсэн агуулга тусгагдсан байна.

Дээрх төлбөрийн баримт болон бичвэрийг үгүйсгэсэн тайлбар болон баримтыг хариуцагчаас ирүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн үндсэн үүргээс 1,000,000 төгрөгийг хасч тооцож, хариуцагч Б.Дөлгөөнөөс гэрээний үүрэгт 50,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан.

Гэрээгээр талууд өдрийн 1 хувийн хүүтэй 5 хоногийн хугацаатай байхаар тохиролцсон байх тул хүүгийн төлбөр хариуцагчаас 2,550,000 төгрөг /510,000х5/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс алдангид 26,775,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасэн эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан.

Талуудын тайлбараар дээрх зээлийн гэрээ нь иргэд хооронд байгуулагдсан зээлийн гэрээ байх бөгөөд гэрээний талууд хэн аль нь эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгчээс 2015 оны 3 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг 2022 онд шаардсан нь дээрх эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Мөн зээлдэгчээс зээл төлөх үүргээ биелүүлээгүй харилцан буруутай үйлдлийн улмаас алданги буюу хариуцлагын үүргийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан алдангийн хэмжээг 50 хувиар бууруулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагчаас алдангид 12,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Дөлгөөнөөс 65,050,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 15,275,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу хүргүүлсэн боловч хариуцагч нь шүүхэд мэдүүлсэн хаягтаа оршин суудаггүй талаарх баримтыг шуудан холбооноос ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй ба хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт зааснаар зохигч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй.

Хариуцагчийн хүсэлтээр 2022 оны 6 сарын 21-ний өдөр, 2022 оны 6 сарын 28-ны өдрүүдэд шүүх хуралдааныг тус тус хойшлуулсан бөгөөд хариуцагчаас хуульд заасан шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд маргааныг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Дөлгөөнөөс 65,050,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,275,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 560,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Б.Дөлгөөнөөс 483,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА