Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 210/ма2022/01980

 

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/03711 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-гийн хариуцагч Б.Д-нд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 51,000,000 төгрөг, хүү 2,550,000 төгрөг, алданги 26,775,000 төгрөг, нийт 80,325,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1 А.Д тэй 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 51,000,000 төгрөгийг, 5 хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцон зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, мөнгийг бэлнээр өгсөн. Б.Д нь зээлийн төлбөр төлөхгүй явсаар хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 50,000 төгрөг шилжүүлсэн. Иймд Б.Д өөс үндсэн зээл 51,000,000 төгрөг, хүү 2,550,000 төгрөг, алдангид 26,775,000 төгрөг, нийт 80,325,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Д өөс 65,050,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,275,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 560,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Б.Д өөс 483,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-т олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх ...талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 5 хоногийн хугацаатай зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон. Мөн хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн бичвэрт ... Б.Д миний бие Н.Б-т 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг өгч, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үлдэгдэл 60,000,000 төгрөгийг өгч хохиролгүй болгох нь үнэн болно гэж тусгасан. Дээрх төлбөрийн баримт болон бичвэрийг үгүйсгэсэн тайлбар болон баримтыг хариуцагчаас ирүүлээгүй байна гээд зөвшөөрсөн тайлбар гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь шүүхэд зөвшөөрсөн хариу тайлбар гаргаагүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад зөвшөөрсөн мэтээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.2 Анхан шатны шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй, хурал товлогдвол мэдэгдэнэ гэсэн ойлголттой байсан тул 2 сар 10 хоногийн дараа зарлагдсан хурлыг би байн байн асууж лавлах боломжгүй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу надад мэдэгдээгүй. Мөн би өөрийн оршин суугаа хаягаа өөрчлөөгүй. Иймд шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагч Б.Д-нд шуудангаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан. Мөн хариуцагч шүүх хурлын товыг шүүхээс лавлаж мэдэх үүрэгтэй. Уг үүргээ хэрэгжүүлж хурлын товыг өөрөө мэдээгүй. Шүүгчийн туслах хариуцагч Б.Д ий утас руу залгахад холбогдохгүй байсан учир шүүгчийн туслах шуудангаар хурлын товыг хүргүүлсэн. Шуудангаас хариуцагч оршин суугаа хаягтаа байхгүй байна гэж хариу ирсэн. Хариуцагч оршин суугаа хаягт өөрчлөлт орсон тохиолдолд шүүхэд мэдэгдэх үүрэгтэй атал уг үүргээ хэрэгжүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн болохоос нотлох үүргээ өөрөө биелүүлээгүй. Анхан шатны шүүхээс алдангийг хэмжээг хэт их гэж багасгаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Д-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51,000,000 төгрөг, хүү 2,550,000 төгрөг, алданги 26,775,000 төгрөг, нийт 80,325,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Б.Б нь 51,000,000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай, хоногийн 1 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Б.Д нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. /хх-5/

 

4. Хариуцагч Б.Д нь 51,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б оос зээлсэн үйл баримтын талаар маргаагүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний агуулгыг дүгнэж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

5. Нэхэмжлэгч нь 51,000,000 төгрөгийг бэлнээр хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн. Хариуцагч нь уг зээлээс 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэх тайлбар гаргаснаас дүгнэвэл зээлийн үлдэх 50,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул зээлийн үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй. /хх-9, 46/

 

6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь өмчлөлдөө шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хүүгийн хамтаар буцаан төлөх үүрэг хүлээнэ. Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.Д өөс зээлийн хүүгийн төлбөрт 2,550,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

6.1. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний үүрэгт 16,000,000 төгрөг төлсөн гэх тайлбарыг гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбараа баримтаар нотлоогүй.

 

7. Хариуцагч Б.Д гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Б.Б нь алданги шаардах эрхтэй. Учир нь талууд зээлийн гэрээний 5-д зээлдэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох-оор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт заасантай нийцсэн байх боловч анхан шатны шүүх мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар хэргийн нөхцөл байдлыг харгалзан анзын хэмжээг багасгаж хариуцагчаас алдангид 12,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

 

8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

8.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргаж өгөх хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл, мөн хариуцагч Б.Д нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаж, хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулжээ. /хх 28-29, 34-35/

8.2 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Д-нд 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай тов мэдэгдэх хуудсаар нэхэмжлэлд дурдсан болон өмнө нь цагдаагийн байгууллагаас хариуцагчийг эрэн сурвалжилж олж тогтоосон хаягаар хүргүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дах хэсэгт заасантай нийцсэн. /хх-12, 39-41/ Улмаар хариуцагч нь мөн өдрийн шүүх хуралдаанд ирээгүй байх ба нэхэмжлэгчийн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгүүлэх хүсэлт /хх-42/ гаргасан тул анхан шатны шүүх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилсон учраас нэхэмжлэгчийн хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Иймд хариуцагчийн анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/03711 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Д.ЦОГТСАЙХАН