Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/03068

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:... тоотод оршин суух, регистр ...., Б... овогт М...ын Б...,

Хариуцагч:... тоотод оршин суух, регистр ..., Б... овогт Ц...ын О...,

Нэхэмжлэлийн шаардлага:7 100 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О..., өмгөөлөгч Б.Т..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б... нь Ц.О...т холбогдуулан авто машины урьдчилгаа болгон өгсөн 7 100 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би Ц.О...тэй дотно харилцаатай байсан бөгөөд авто машин худалдан авахад нь зориулж урьдчилгаа төлбөрийг төлж, сүүлд нь төлбөрийг эргүүлэн авахаар тохиролцож 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр өмнөх авто машин эзэмшигчийн Х... банкны 51... тоот дансанд “Lexus urdchilgaa” гэж бичин 7 100 000 төгрөгийг шилжүүлсэн.

Тухайн үед Ц.О... ББСБ-аас зээл авах боломжгүй байсан тул би үеэлийнхээ хамт “Д...” ББСБ-д тус авто машиныг барьцаанд тавьж 14 300 000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 31.8 хувийн хүүтэйгээр нийт 20 764 336 төгрөгийг эргүүлж төлөх нөхцөлтэйгөөр зээл авч Ц.О... төлөхөөр тохиролцсон.

Тохиролцсоны дагуу зээлийн үлдэгдэл төлбөр болох 20 764 336 төгрөгийг Ц.О... төлж барагдуулан .. .. УБ... улсын дугаартай Lexus НS250h  маркийн авто машиныг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч өмчлөгч болсон.

Ц.О...ээс авто машин авахад нь зориулж урьдчилгаа болгон өгсөн 7 100 000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан боловч “төлнө, төлнө” гэсээр өнөөдрийг хүрсэн.

Ингээд би урьдчилгаа зардал гаргасны улмаас Ц.О... хөрөнгөжиж .. .. УБ... улсын дугаартай Lexus НS250h  маркийн сувдан цагаан өнгөтэй авто машинтай болсон тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэйгэж заасныг үндэслэн автомашины урьдчилгаа төлбөр болгон өгсөн 7 100 000 төгрөгийг гаргуулахаар Ч... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандсан.

 

Гэвч эвлэрүүлэн зуучлагч Ц.О...тэй нэг удаа холбогдоход С... дүүрэгт амьдраад 4 жил болж байгаа гэсэн бөгөөд эвлэрүүлэн зуучлалд ирээгүй тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмын 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан.

 

Ц.О...ийн хаягийг тодорхойлуулахаар С... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж тус шүүхээс 2022 оны 5 сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/0.... дугаартай шүүхийн шийдвэр гарсан.Тус шийдвэрт Ц.О...ийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Б.... дүүргийн цагдаагийн газарт даалгасан.

 

Ийнхүү 2022 оны 06 сарын 23-ны өдрийн ... дугаартай албан тоотоор Ц.О...ийн оршин суугаа хаягийг ... тоот гэж тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон.Иймд авто машины урьдчилгаа төлбөр болгон өгсөн 7 100  000 төгрөгийг Ц.О...ээс гаргуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:М.Б... нь  Мөнх-Эрдэнийн хамтаар .. .. УБ... улсын дугаартай Lexus HS250 авто машиныг 20 764 336 төгрөгөөр Д... ББСБ-аас 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр зээлж, урьдчилгаа төлбөрт нь 7 100 000 төгрөгийг М.Б... шилжүүлж, Ц.О... үлдсэн 14 300 000 төгрөгийг 31.8 хувийн хүүтэйгээр 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл төлж барагдуулахаар харилцан тохиролцож, Ц.О... нь Д... ББСБ-аас авсан зээлийн төлбөрөө бүрэн төлж, авто машиныг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан.

Авто машины урьдчилгаа төлбөрийг боломжтой болохоороо төлнө гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар М.Б... нь сайн дураар, өөрөө мэдэж гаргасан зардал болох 7 100 000 төгрөгийг Ц.О...ээс гаргуулна.

 

И... ББСБ-аас 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр авсан зээлийн гэрээ одоо гарч ирж байгаа шалтгаан нь Iphone XR утсыг 2 429 910 төгрөгөөр  лизинг хийж аваад Ц.О...т өгсөн.Тус төлбөрийг Ц.О... 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 2 300 000 төгрөгийг М.Б...т буцааж өгсөн байдаг.Харин 450 000 төгрөгийн гүйлгээг 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр М.Б...ын данс руу шилжүүлсэн байсан.Үүний дараагаар 13 цаг 15 минутад машины даатгал буюу 50... гэсэн данс руу машины даатгалын мөнгө гэж тайлбарлаж байгаа гэв.

 

Хариуцагч хариу тайлбартаа:Ц.О... М.Б...тай 2018 оноос 2020 оны хооронд хамтын амьдралтай байсан.Нэхэмжлэлд дурдсан .. ..УБ... улсын дугаартай, Lexus НS250h  маркийн машиныг М.Б... нь надтай хамтран амьдарч байхдаа миний хайрт унаа тэрэгтэй болох уу, би бэлгэнд урьдчилгааг нь төлөөд өгье машинаа барьцаалаад, үлдсэн мөнгөө зээлж авбал чи зээлээ өөрөө төлж чадах уу” гэж надад өөрөө эхэлж, санал тавьсан.Миний хувьд энэ хүнээс ямар нэг арга заль хэрэглэж, өөртөө хөрөнгөтэй болох гэж мөнгө төгрөг нэхсэн, авсан зүйл байхгүй.

Тухайн үед унаа тэрэг хэрэгтэй байсан тул надад санал таалагдаж, би түүний бэлгийг баяртайгаар хүлээж авахаа илэрхийлсэн.Гэтэл М.Б... нь худалдаж авах машины нийт үнэ 20 764 336 төгрөгийн 30 хувь урьдчилгаа 7 100 000 төгрөгийг цаад газраас нь эхэлж төлөхийг шаардсаныг над руу хэлж “Би чамд машин худалдаж авах гэтэл урьдчилгаанд эхлээд 7 100 000 төгрөг төлөх ёстой юм байна. Даанч надад байгаа мөнгө дутаад хүрэхгүй байна.Чамд урьдчилгаанд нэмэх мөнгө байвал өгөөч” гэсэн.Би нэгэнт нэг гэрт амьдарч байгаа учир боломжоороо өөрийн зүгээс машин авахад зориулж, түүний данс руу 4 удаагийн гүйлгээгээр 2 750 000 төгрөг шилжүүлж өгсөн.Түүний нэхэмжлэлдээ өөрөөсөө урьдчилгаанд төлсөн гэх 7 100 000 төгрөгийг 2 750 000 төгрөгийг би ингэж нэмсэн.Машинаа авмагцаа тэр өөрийн болон дүүгийн хамтаар машиныг барьцаалж, банк бусаас зээл авсныг би өөрөө сар бүр 500 000-700 000 төгрөгийн төлөлттэй 15 сарын турш төлж, машиныг банк бусын барьцаанаас чөлөөлж, өөртөө эзэмшлийг шилжүүлж авсан.Би М.Б...аас мөнгө айлгаж, дарамталж, гуйж, зээлж аваагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:Ц.О... нь М.Б...тай 2018 оноос 2020 оны хооронд хамтын амьдралтай байсан, дотно харилцаатай байсан гэдгээ М.Б... нэхэмжлэлдээ дурдсан байна.

Нэхэмжлэлд дурдагдсан .. .. УБ... улсын дугаартай Lexus hs250 маркийн машиныг М.Б... хамтран амьдарч байх хугацаандаа унаа тэрэг хэрэгтэй байна уу, би чамд бэлэн урьдчилгаа төлбөрийг нь хийгээд өгье, машинаа барьцаалаад үлдсэн мөнгийг тухайн газраасаа зээлээд авчихвал чи зээлийг нь гэрээнд заасан хугацаанд нь төлж чадах уу гэх саналыг М.Б... Ц.О...т тавьсан.

Ингээд М.Б... машины үнэ 20 764 336 төгрөг, 30 хувийн урьдчилгаанд нь 7 100 000 төгрөгийг төлөх хэрэгтэй гэхэд Ц.О... 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 3 удаагийн гүйлгээгээр 1 000 000 төгрөгөөр 2 удаа, 300 000 төгрөгөөр 1 удаа  буюу нийт 2 300 000 төгрөгийг, үүний дараа буюу 2 дугаар сарын 19-ний өдөр 450 000 төгрөгөөр 1 удаагийн гүйлгээгээр нийт 2 700 000 төгрөгийг М.Б...т өгсөн, үүнээс хойш 15 сарын хугацаанд төлөлт хийж Ц.О... машиныг шилжүүлж авсан нь үнэн.

Уг машиныг авахдаа 7 100 000 төгрөгийг М.Б... тухайн үед сайн дураараа бэлэг гэж өгч байсан учир уг мөнгийг буцаан төлөх үүрэггүй, анхнаасаа энэ хүмүүсийн хооронд буцаан төлнө, өгнө гэсэн яриа, хэлцэл хийгдээгүй, Ц.О... өмнө нь мөнгө зээлж байгаагүй,  гар утас мэдэхгүй гэж байна.

Хамтын амьдралтай байхдаа машин худалдаж авахад нь зориулж өгсөн 4 000 000 орчим төгрөг бол нийтээр зөвшөөрөгдсөн, буцаан шаардах эрхгүй буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1 дэх хэсэгт хамааралгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс:Баянгол дүүргийн 17 дугаар хорооны тодорхойлолт, Д... ББСБ-тай М.М...ийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, мөн өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн лавлагаа, нэхэмжлэгчийн Х... банкны дансны хуулга, D... ББСБ-аас 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Авто тээврийн Үндэсний төвд явуулсан баримт, Д... ББСБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, Х.О...д 2022 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр олгосон итгэмжлэл, С... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 181/ШШ2022/0... дугаар шийдвэр, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн баримт, И... ББСБ, ХК-тай М.Б...ын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шүүхэд өгсөн./хх 3, 4-6, 7, 8, 9, 10, 11, 12, 15-17, 18, /

Хариуцагчаас:Хариуцагчийн Х... банкин дахь дансны хуулгыг шүүхэд өгсөн. /хх 26-41/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Ц.О...тэй дотно харилцаатай байсан, авто машин худалдан авахад нь  7 100 000 төгрөгийг төлсөн, энэ бэлэг биш боломжтой болохоор буцааж өгөх байсан,

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар авто машины урьдчилгаа төлбөр болгон өгсөн 7 100 000 төгрөгийг гаргуулна,

Ц.О...ээс авсан 2 750 000 төгрөгийн 2 300 000 төгрөг нь өмнөх зээлийн мөнгө байсан, 450 000 төгрөг нь машины даатгалыг төлсөн гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:

М.Б..., Ц.О... нар 2018-2020 онуудад хамтын амьдралтай байсан, нэхэмжлэгч өөрөө санал тавьж сайн дураар өгсөн, буцааж өгөх хэлцэл байхгүй, өртэй гэдгийг нотлоогүй, өмнө нь зээл байгаагүй, 2 300 000 төгрөгийг машины үнэд төлсөн гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Д... ББСБ-тай М.М...ийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, мөн өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, нэхэмжлэгчийн Х... банкны дансны хуулга, D... ББСБ-аас 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Авто тээврийн Үндэсний төвд явуулсан баримт, Д... ББСБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн Х... банкин дах дансны хуулга, талуудын тайлбар зэрэг  нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            М.Б... Ц.О... нар нь 2018-2020 онд хамтын амьдралтай байсан, Ц.О...ийг авто машин худалдаж авахад нь М.Б... 7 100 000 төгрөгийг төлсөн үйл баримтад талууд маргахгүй байна.

            Ц.О... нь 7 100 000 төгрөгөөс 2 300 000 төгрөгийг М.Б...т буцаан өгсөн, үлдсэн мөнгийг М.Б... буцаан авна гэж тохироогүй гэж маргаж байна.

            Ц.О... нь бусдаас 20 764 336 төгрөгөөр авто машин худалдан авсан, урьдчилгаа 7 100 000 төгрөгийг М.Б... төлсөн байна.

Ц.О... авто машин худалдан авахаас өмнө М.Б...аас мөнгө зээлж аваад эргүүлж төлөөгүй байсан гэх үйл баримт нотлогдоогүй байхад Ц.О...ийн 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлсэн 2 300 000 төгрөгийг М.Б...аас зээлсэн мөнгөө төлсөн гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй” гэж заасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын  тайлбар нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т заасан үндэслэлд хамаарахгүй байх бөгөөд М.Б...ыг андуурч 7 100 000 төгрөгийн зардал гаргасан байна гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т заасныг баримтлан Ц.О...ээс 7 100 000 /долоон сая нэг зуун мянган/ төгрөг гаргуулах тухай М.Б...ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан М.Б...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН