Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01963

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/03068 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.О-т холбогдох,

7,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: М.Б- Ц.О- нар дотно харилцаатай байсан. Ц.О- нь Д-ББСБ ХХК-аас 0000УБХ улсын дугаартай Lexus HS250 маркийн автомашиныг 20,764,336 төгрөгөөр зээлээр худалдан авна гэсэн тул нэхэмжлэгч нь өөрийн төрсөн дүү М.М-ийн хамт тухайн ББСБ-аас дээрх зээлийг хүсч, урьдчилгаа төлбөр 7,100,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төлсөн. Энэхүү зээлийн төлбөрийн үлдэгдэл 14,300,000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Ц.О- төлж барагдуулснаар автомашиныг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан. Хариуцагч нь нэхэмжлэгчийн төлсөн урьдчилгаа төлбөрийг боломжтой болохоороо эргүүлэн өгнө гэсэн боловч одоог хүртэл төлөхгүй байна.

Ц.О-ээс М.Б-т 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 2,300,000 төгрөг нь И-ББСБ ХХК-аас 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээлээр авсан Iphone XR утасны төлбөр юм. Харин 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр М.Б-ын данс руу шилжүүлсэн 450,000 төгрөг нь Ц.О-ийн дээрх автомашины даатгалын төлбөр юм.

Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар М.Б-ын сайн дураар, өөрөө мэдэж гаргасан зардал болох 7,100,000 төгрөгийг Ц.О-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч тайлбарын агуулга: М.Б-тай 2018 оноос 2020 оны хооронд хамтын амьдралтай байсан. М.Б- нь Ц.О-т 0000УБХ улсын дугаартай, Lexus HS250 маркийн автомашиныг 20,764,336 төгрөгийн зээлээр авч өгье, урьдчилгаа төлбөрийг нь төлж өгнө гэсэн. Тэрээр урьдчилгаа 7,100,000 төгрөг төлөх хэрэгтэй байна гэхээр нь Ц.О- 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр нийт 2,300,000 төгрөг, 02 дугаар сарын 19-ний өдөр 450,000 төгрөг, нийт 2,750,000 төгрөгийг М.Б-т өгсөн, үүнээс хойш 15 сарын хугацаанд төлөлт хийж Ц.О- автомашиныг шилжүүлж авсан. М.Б- Ц.О-тэй хамтын амьдралтай байхдаа автомашин худалдаж авахад нь зориулж 4,000,000 орчим төгрөг өгсөн нь нийтээр зөвшөөрөгдсөн, буцаан шаардах эрхгүй буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-т хамааралгүй үйлдэл юм. Ц.О- нь нэхэмжлэгчээс буцаан төлөх нөхцөлтэйгээр ямар нэгэн мөнгөн хөрөнгө аваагүй ба нэхэмжлэгч ч тухайн үед өгсөн мөнгөө буцаан авна гэсэн хүсэл зориг илэрхийлж байгаагүй, энэ агуулгаар талуудын хооронд аливаа хэлцэл байгуулагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т заасныг баримтлан Ц.О-ээс 7,100,000 төгрөг гаргуулах тухай М.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан М.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а.Нэхэмжлэгч нь сайн дураар өөрөө мэдэж хариуцагч Ц.О-ийн автомашины урьдчилгаанд дээрх төлбөрийг төлсөн талаар тайлбарласан. Гэвч анхан шатны шүүх сайн дураар, өөрөө мэдэж шилжүүлсэн төлбөрийг андуурч шилжүүлсэн байх үндэслэлгүй хэмээн хуулийг буруу тайлбарлан шийдвэрийн үндэслэл болгон хэрэглэсэн нь нэхэмжлэгч М.Б-ын эрх ашгийг зөрчиж байна. М.Б-, Ц.О- нар нь "машины урьдчилгаа төлбөрийг төлчих сүүлд нь боломжтой болохоороо төлнө" гэсэн аман хэлцэл хийсэн байхад бичгээр гэрээ байгуулаагүй байна гэж дүгнэсэн нь хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хариуцагчийн өмнөөс сайн дураар өөрөө мэдэж 7,100,000 төгрөгийг төлсний дүнд Ц.О- нь автомашины өмчлөгч болсон буюу урьдчилгаа төлбөрийг өмчлөгч өөрөө төлөх үүрэгтэй талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлээгүй.

4.б.Талуудын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасан хэлцэл хийгдсэн бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хүчин төгөлдөр болсон байхад бичгээр гэрээ байгуулаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. М.Б- нь автомашины урьдчилгаа гэж 7,100,000 төгрөгийг шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогддог бөгөөд шүүхээс Ц.О-ийн автомашины төлбөрийн урьдчилгааг төлсөн үйл баримтад талууд маргахгүй байна гэж дүгнэсэн хэдий ч яагаад шаардах эрхгүй талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.О- урьдчилгаа төлбөрийн дүнгээр буюу 7,100,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн. Улсын дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 001/XT2019/00043 дугаартай тогтоолд ...Үндэслэлгүй хөрөнгөжих гэрээний бус үүргийн харилцаа үүссэн гэж үзэх урьдач нэг нөхцөл нь нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн үүрэг гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлэн өгснийг хариуцагч хүлээн авсан байх явдал юм хэмээн тайлбарласан байдаг. Дээрхээс дүгнэхэд М.Б- нь өөрөө сайн дураараа шилжүүлсэн мөнгөн дүнг шаардах эрхтэй юм. Мөн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-т заасныг үндэслэн нэхэмжлэгч шаардах эрхтэй байхад нэхэмжлэлийг хангаагүй нь буруу гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1 Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч Ц.О-т холбогдуулан 7,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3.М.Б-, Ц.О- нар хамтран амьдарч байхдаа 0000УБХ улсын дугаартай, Lexus HS250 маркийн автомашиныг 20,764,336 төгрөгөөр худалдан авсан, М.Б- өөрийн ХААН банк дахь 5027818963 тоот данснаас машины урьдчилгаа төлбөрт 7,100,000 төгрөг худалдагчийн 5107050422 тоот данс руу шилжүүлсэн, одоо автомашин Ц.О-ийн эзэмшилд байгаа зэрэг үйл баримтуудыг зохигчдын тайлбар, хэргийн баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх-10/

4.Дээрх үйл баримтад талууд маргаангүй, харин ямар хүсэл зоригийн үндсэн дээр машины урьдчилгаа төлбөрийг М.Б- төлсөн нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

5.Нэхэмжлэгч М.Б- нь Ц.О- боломжтой болохоороо буцааж төлнө гэж байсан, нэхэмжлэгч сайн дураараа 7,100,000 төгрөг машины үнэд төлсөн гэж, хариуцагч Ц.О-ийн хувьд М.Б- бэлгэнд машины урьдчилгаа төлбөрийг төлнө, үлдэх мөнгийг зээл аваад өгвөл намайг төлөх санал гаргасныг би зөвшөөрсөн, урьдчилгаа төлбөрт мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би 2020 оны 02 дугаар сарын 16, 19-ний өдрүүдэд нийт 2,700,000 төгрөг М.Б-т шилжүүлсэн гэж тус тус тайлбарлан талууд мэтгэлцсэн байна.

5.а.Хэргийн баримтаас үзвэл Ц.О- нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ХААН банк дахь өөрийн 5990160470 дугаартай данснаас М.Б-ын 5027818963 дугаартай данс руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 2,300,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 19-ний өдөр 450,000 төгрөг тус тус шилжүүлжээ. /хх-26/ Уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч М.Б- нь зээлээр Ц.О-т гар утас авч өгсөн, тэр төлбөрийг буцааж төлсөн гэж тайлбарлан, И-ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг шүүхэд баримтаар гарган өгсөн байна. /хх-48-53/

5.б.М.Б-ын данснаас 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр даатгал 401,608 төгрөг, lexus uridchilgaa гэсэн гүйлгээний утгаар 7,100,000 төгрөг тус тус зарлагдсан байна. /хх-10/

5.в.Мөн энэ өдөр М.Б-,Д-ББСБ ХХК нарын хооронд нь зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдаж, 0000УБХ улсын дугаартай, Lexus HS250 маркийн автомашины эзэмшил зээлдэгч М.Б-ын эзэмшилд бүртгэгджээ. /хх-4-8, 11/

5.г.Ц.О- дээрх зээлийн гэрээний төлбөрийг төлж, автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан болох нь зохигчдын тайлбар, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх-9/

6.Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч М.Б-, хариуцагч Ц.О- нарын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хэрэгт авагдсан И-ББСБ ХХК, М.Б- нарын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн, Ц.О- нь М.Б-т гар утасны үнийг буцаан төлсөн гэж үзэх боломжгүй учир энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

7.Харин хариуцагчаас нэхэмжлэгч рүү шилжүүлсэн 2,300,000 төгрөг нь худалдан авсан автомашины төлбөрт тооцох үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 4,800,000 төгрөгийг шаардах эрхтэй.

Иймд энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 2,300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/03068 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.О-ээс 4,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О-ээс 91,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б-т олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД