Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 136/шш2022/00062

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн *** сумын *** байрлах, Н ББСБ /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн *** сумын **** тоотод оршин суух, Т овогт Д.Б /РД: /,

Хариуцагч: Дорноговь аймгийн *** сумын *** тоотод оршин суух, Э овогт Ш.У /РД: /

Нэхэмжлэлийн шаардлага: 4,323,309.25 төгрөг гаргуулах, ипотекийн гэрээний дагуу эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.С,

Хариуцагч: Д.Б, Ш.Унарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н ББСБнь 4,323,309.25 төгрөг гаргуулах, ипотекийн гэрээний дагуу эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Д.Б, Ш.Унар нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 3,800,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 101203062 тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн болно. 2019 оны 08 дугаар сараас зээлийн гэрээний 3.3, 3.5, 6.2.1, зэрэг заалтуудыг зөрчин зээлийн төлөлтийг хуваарь болон гэрээнд зааснаар төлөөгүй. Манай компанийн зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар өдөр бүр утсаар ярьж, хаягаар байнга очиж байсан. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш огт зээлийн төлөлт хийгээгүй нийт 488 хоног хугацаа хэтрээд байна. Зээлдэгч нартай тохиролцох байдлаар Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалт үр дүнд хүрээгүй тул Д.Б, Ш.Унараас 4,323,309.37 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагч нар нь Н ББСБ-аас 101203062 тоот гэрээний үндсэн зээл 2,530,869 төгрөг гэсэн атлаа нэхэмжлэлийн үндэслэл дээр 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 3,800,000 төгрөгийг 24 сарын хугацаатай авсан гэж тодорхойлсон нь үндэслэл муутай өөрөөр хэлбэл үнийн дүнгийн асар зөрүүтэй байдал харагдаж байна. Д.БШ.Унар нь анх 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тус банк бус байгууллагаас 2,500,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай авч 2019 оны 08 дугар сар хүртэл нэг жилийн хугацаанд зээл төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлсөн байдаг тул үнийн дүнгийн энэ зөрүүтэй байдал нь бодитойгоор тооцоологдох боломжгүй болохыг илэрхийлэх нэг нөхцөл болж байна. Улмаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага дээр бичигдсэн үнийн дүнтэй холбогдох гэрээ нь ямар баримт болохыг дахин тодруулж, хэрвээ анх авсан зээлийн үнийн дүн, гэрээ мөн бол үндэслэл хэсэг дээрээ энэ бүгд нь зөрүүтэй тодорхойлогдоод байгаа нь ойлгомжгүйгээс үндсэн хүү 1,564,920.40 төгрөг гэж тооцоолсон нь зээлийн үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тоон үзүүлэлт тооцогдож нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус хууль зүйн бүрэн шаардлага хангах боломжгүй нөхцөлийг бүрдүүлсэн байна хэмээн үзэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.Будсүрэн, хамтран зээлдэгч Ш.Унар нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 3,800,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээл авсан. 2019 оны 08 дугаар сараас эхлээд хариуцагч нар нь тус зээлийн хугацааг хэтрүүлж төлж байсан. 2020 оны 06 дугаар сараас хойш огт зээл төлөөгүй 488 хоног хугацаа хэтэрсэн байна. Дээрх хугацаанд хариуцагч нартай уулзаж, мөнгөн дүнг тулгаж, мэдэгдэх хуудас өгч, зээлийн хүүг төлүүлж, үндсэн зээлийн хугацааг сунгаж, багасгах бүхий л арга хэмжээг авч байсан. Бидний хувьд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 2,530,869.25 төгрөг, үндсэн хүү 1,564,920.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 180,519.32 төгрөг эвлэрүүлэн зуучлалд хандсан улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нотариатын зардалд 17,000 төгрөг нийт 4,323,309.37 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна. гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн байгууллага нь санхүүгийн байгууллагатай холбоотойгоор хууль, дүрэм, дотоод журмын дагуу тухайн хүүг тооцож бодсон гэх боловч бидний өнөөгийн амьдралын хүнд эдийн засгийн нөхцөлтэй холбогдуулан үзэхэд тухайн хүүг төлж барагдуулах боломжгүй. Нөгөө талаас шүүхэд гаргасан миний хүсэлтийг хангаад тухайн нэр бүхий гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулсан тохиолдолд тухайн нэхэмжлэлийн үнийн дүн үнэнд нийцэхүйц төлөх боломжтой байх байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч тайлбартаа дурдаж байна. 2020 оны 06 дугаар сараас хойш хариуцагч нар нь зээлийн төлөлт хийгээгүй гэж байна. Харин 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн үлдэгдэл нь 2,530,869 төгрөг, хавтаст хэргийн 22 дугаар хуудаст авагдсан зээл хийсэн тэмдэглэлд мөн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 2,530,869 төгрөг, үндсэн хүү 411,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155,000 төгрөг нийт 3,167,315 төгрөг гэж бичсэн байна. Дээрх үнийн дүнгээс харахад өнөөдрийн зах, зээлийн эдийн засгийн хүнд нөхцөл байдал, цар тахалтай холбогдуулж үзэхэд тус зээлийн хүүг өсгөж тооцохгүйгээр, уян хатан хандсан байдаг. Ийм учраас тухайн үнийн дүн 2021 оны 06 дугаар сарын сүүлд, 07 дугаар сарын эхэн үед зээлийн мэргэжилтэн н.Отгонсүх нь тус үнийн дүнгээр хариуцагч нартай харьцаж байсан учраас 3,167,315 төгрөгийг төлөх боломжтой гэж үзэж байна. Бусад зээлийн үнийн хувьд үндэслэлгүй, тухайн байгууллагын зээлийн мэргэжилтэн нь хэд, хэдэн удаа солигдсон буюу хүү, алдангийг бодогдсон байдал нь ойлгомжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үнийн дүнгийн 50 хувиар хэтрүүлэхгүй гэж зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,530,000 төгрөг үүний 50 хувь гэж бодох боломжтой тооцоог хийлгүй өнөөдөр хариуцагч нараас 3,167,315 төгрөгийн үнийн дүнг гаргаж ирсэн нь тус байгууллагын мэргэжилтнүүдийн гаргасан тооцоог эргэж хянаж үзэх ёстой гэж үзэж байна. гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н ББСБ нь хариуцагч Д.Б, Ш.Унарт холбогдуулан, ипотекийн гэрээний дагуу эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.Б, Ш.Унараас үндсэн зээл болон зээлийн хүү төлөлтийг хойшлуулахаар тохиролцсон боловч нэхэмжлэгчээс хойшлуулж тооцоогүй, үнийн дүнг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүхээс 4,323,309.25 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 4,293,309 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 30,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ипотекийн гэрээний дагуу эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 101203062 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 3,800,000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар зээлж авсан ба зээлийн гэрээний хавсралтад заагдсан хуваарийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 24 сарын хугацаанд зээлийг төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохоор харилцан тохиролцжээ.

Мөн талууд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр *** тоот Баталгаат ипотекийн гэрээ-г байгуулан Д.Б, Ш.Унарын өмчлөх эхийн улсын бүртгэлийн Ү-071***дугаарт бүртгэгдсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзав гудамж, 6-29 тоот хаягт байршилтай 50 мкв хувийн орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-071*** дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хүрээний зориулалттай 506 мкв газрыг барьцаалсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 4-8-р хуудас/.

Талууд 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101203062 дугаартай Зээлийн гэрээний хугацааг сунгах, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай гэрээ-г байгуулан үлдэгдэл 2,530,869.65 төгрөг дээр үндсэн гэрээнд дурдсан нөхцөлөөр 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хооронд эргүүлэн төлөхөөр гэрээний хугацааг сунгажээ.

Нэхэмжлэгч Н ББСБ нь  2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдаж, Улсын бүртгэлийн 90015001146, рд: дугаарт бүртгүүлэн Улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.  /хх-31, 3/

Талуудын хооронд байгуулсан 101203062 дугаартай Зээлийн гэрээ, 101203062 дугаартай Зээлийн гэрээний хугацааг сунгах, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай гэрээ гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч Н ББСБ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаас шүүх хуралдаанд хуульд тухайн үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр хүүг бодно гэж заасантай нэхэмжлэгчийн тооцоолол зөрчилдсөн, нэхэмжлэгч тал зээлийн нийт үнийн дүнг хэтэрхий хийсвэр байдлаар тооцоолсон, зээлийн хүүг зогсоох шийдвэр гарч хүүг эрсдэлийн сангаас гаргахаар болсон тухай төлөөлөн удирдах зөвлөлийн н.Алтангэрэл гэх хүн хэлсэн боловч нэхэмжлэгчээс зээлийн хүүг зогсоогоогүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй шаардлагад нэмэгдүүлсэн хүү 20 хувиас хэтрээгүй байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолын 8 дугаар зүйлд Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус зөвлөсүгэй. гэж заасан бөгөөд харилцагчийн хүсэлтээр зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг хойшлуулахаар зохицуулжээ.

Нэхэмжлэгчээс зээл, зээлийн хүүг хойшлуулах талаар хүсэлт гаргаж байсан боловч тухайн хүсэлтийг шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн гэрч Л.Ж 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд өгсөн Тухайн үед зээлийн хүүг нь зогсоох, хүүгийн асуудлыг эрсдэлийн сангаас зохицуул гэх асуудал яригдаагүй. Ш.Бнь зээлийг хойшлуулах тухай өргөдлөө өгч байсан. Энэ хүсэлт харилцагчийн хувийн хэрэгт хадгалагдаж байгаа. Тухайн үед Ш.Бнь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Цар тахлын улмаас сургууль, цэцэрлэг хаагдаж байсан боловч цалингийн хувьд хэвийн олгогдож байсан учраас эрсдэлийн сангаас хаах нөхцөл үүсээгүй. н.Алтангэрэл гэх хүн зээлийн талаар болон хүүгийн талаар хаах тухай хэлээгүй. гэх тайлбараар зээлийн үндсэн төлбөр болон хүүг хойшлуулах эсэх асуудлыг шийдвэрлээгүй болох нь тогтоогдож байна.

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 68 дугаартай Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлд талууд эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлэхээс татгалзсан, мөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн талаар тэмдэглэжээ. Харин улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох талаар дурдаагүй байна. Иймд нэхэмжлэгч Н ББСБ нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Д.Б, Ш.Унараар төлүүлэхээр шаардах эрхгүй.

Нэхэмжлэгчээс 101203062 тоот гэрээний төлбөрийн үндсэн зээл 2,530,869.25 төгрөг, үндсэн хүү 1,564,920.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 180,519.32 төгрөг, нотариатын зардалд 17,000 төгрөг, нийт 4,293,308.97 төгрөг байхаар тооцож нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Н ББСБ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б, Ш.Унараас нийт 4,293,309 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ББСБ-д олгож, үлдэх 30,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б, Ш.Унар нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дорноговь аймгийн ***** тоот, 000101828 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-071*** дугаарт бүртгэгдсэн, 506 м.кв газар, мөн Дорноговь аймгийн **** тоот, 000152173 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-071**** дугаарт бүртгэгдсэн, 50 м.кв талбайтай хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н ББСБ-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,123 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, Ш.Унараас 83,642.92 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ББСБ-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА