Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 202/МА2022/00006

 

                     

 

 

“Н” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 136/ШШ2022/00062 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т овогт Д-ийн Б,

 

Хариуцагч: Э овогт Ш-ын У нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4323309.25 төгрөг гаргуулах, ипотекийн гэрээний дагуу эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-ны давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Д.Б, Ш.У нар нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 3,800,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 101203062 тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн болно. 2019 оны 08 дугаар сараас зээлийн гэрээний 3.3, 3.5, 6.2.1 зэрэг заалтуудыг зөрчин зээлийн төлөлтийг хуваарь болон гэрээнд зааснаар төлөөгүй. Манай компанийн зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар өдөр бүр утсаар ярьж, хаягаар байнга очиж байсан. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш огт зээлийн төлөлт хийгээгүй нийт 488 хоног хугацаа хэтрээд байна. Зээлдэгч нартай тохиролцох байдлаар Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалт үр дүнд хүрээгүй тул Д.Б, Ш.У нараас 4,323,309.37 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч нар нь “Н” ХХК-иас 101203062 тоот гэрээний үндсэн зээл 2,530,869 төгрөг гэсэн атлаа нэхэмжлэлийн үндэслэл дээр 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 3,800,000 төгрөгийг 24 сарын хугацаатай авсан гэж тодорхойлсон нь үндэслэл муутай. Өөрөөр хэлбэл үнийн дүнгийн асар зөрүүтэй байдал харагдаж байна. Д.Б, Ш.У нар нь анх 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагаас 2,500,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай авч 2019 оны 08 дугаар сар хүртэл нэг жилийн хугацаанд зээл төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлсөн байдаг тул үнийн дүнгийн энэ зөрүүтэй байдал нь бодитойгоор тооцоологдох боломжгүй болохыг илэрхийлэх нэг нөхцөл болж байна. Улмаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага дээр бичигдсэн үнийн дүнтэй холбогдох гэрээ нь ямар баримт болохыг дахин тодруулж, хэрвээ анх авсан зээлийн үнийн дүн, гэрээ мөн бол үндэслэл хэсэг дээрээ энэ бүгд нь зөрүүтэй тодорхойлогдоод байгаа нь ойлгомжгүйгээс үндсэн хүү 1,564,920.4 төгрөг гэж тооцоолсон нь зээлийн үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тоон үзүүлэлт тооцогдож нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус хууль зүйн бүрэн шаардлага хангах боломжгүй нөхцөлийг бүрдүүлсэн байна хэмээн үзэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б, Ш.У нараас нийт 4,293,309 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, үлдэх 30,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б, Ш.У нар нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар баг, Мааньзав *-** тоот, 000101828 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-071300**** дугаарт бүртгэгдсэн, 506 м.кв газар, мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар баг, Мааньзав *-** тоот, 000152*** дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-0713001*** дугаарт бүртгэгдсэн, 50 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,123 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, Ш.У  нараас 830642.92 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдлын үндэслэл: Уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйтэй холбоотой ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байгаа болно. Үүнд:

1. х/х-ийн 22 дугаар хуудсанд зээлийн тооцоо хийсэн тэмдэглэл байдаг бөгөөд энэхүү баримтад 2020-01-15-нд үндсэн зээлийн үлдэгдэл 2530871 төгрөг, үндсэн хүү 481407 төгрөг 54 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 15506 төгрөг 28 мөнгө, нийт 3167315 төгрөг 57 мөнгө гэсэн байдаг ба уг тооцоог зээлийн ажилтан А гэгч гаргасан байдаг ба энэхүү үнийн дүн нь 2021 оны 6 сарын сүүлээр уг “Н” ХХК-ийн ажилтан О гэгчтэй миний бие нь очиж уулзахад энэ үнийн дүнгээрээ уг зээлийг төлөхийг шаардаж манай цаг үеийн хүнд нөхцөл байдалтай холбогдуулж хүүг зогсоож ямар нэгэн нэмэгдэл төлбөрийг тооцоогүй гэсэн байдлаар надад танилцуулж байсантай тохирдог учраас уг зээл төлөлтийн энэ бодитой тооцооны талаар зайлшгүй давхар нотолж тодруулах шаардлагаар шүүх хуралдаанд гэрчээр тухайн үед зээлийн ажилтнаар ажиллаж байсан А, О нарыг оролцуулах хүсэлтийг гаргасан боловч энэхүү хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзсан болно.

Энэ нь ИХШХШтХ-ийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчдын нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргийг хязгаарлаж улмаар ИХШХШтХ-ийн 38.9 дүгээр зүйлд заасан шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах заалт зөрчигдөж хууль зүйн зайлшгүй шаардлага бүхий нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр орхигдуулж оролцогчдын тэгш эрхийн зарчим алдагдсан болохыг анхаарч үзнэ үү.

Тодруулбал хариуцагчдын хувьд уг хэрэгт авагдсан нотлох баримт буюу хх-ийн 22-р хуудсанд авагдсан баримтад тулгуурлаж шүүхээс н-ын нэхэмжлэлийг бүрэн хангаж 4,293,309 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээс 3,167,315 төгрөг 57 мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч харин үлдэгдэл 1,125993 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба энэхүү үндэслэлээ давхар нотлуулахын тулд нэр бүхий гэрчүүдийг хуралдаанд оролцуулахыг хүссэн боловч хангагдаагүйн улмаас эрхийн асуудал зөрчигдөж байна гэж үзэж байгаа юм.

Тиймээс ч улсын тэмдэгтийн хураамжийг энэхүү зөвшөөрөхгүй маргаж байгаа үнийн дүнгийн хэмжээгээрээ буюу 1125993 төгрөгөөр тооцоолж төлсөн болох тодотголыг хийж байгаа болно.

Өөрөөр хэлбэл, хариуцагчдын хувьд нэхэмжлэлийн нийт үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа биш гагцхүү нотлогдон тогтоогдож буй хэмжээгээр буюу өөрсдийн тооцоолсон дотоод итгэлийн бодитой тоон үзүүлэлт нь х/х-ийн 22 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтаар тогтоогдсоор байтал энэхүү баримтыг үнэлэлгүйгээр улмаар уг маргаан бүхий зөвшөөрөхгүй байгаа үнийн дүн болох 1,125,993 төгрөгийг давхар нотлуулахыг хүссэн хүсэлтийг хязгаарласантай холбоотой гомдлыг гаргаж байгаа юм.

2. Уг банк бус санхүүгийн байгууллагаас нэхэмжилж буй нэхэмжлэлийн үнийн дүн нь хэт нэг талын хатуу давуу байдлаар тогтоосон энэ нь зөвхөн хувь хүн биш улс орны эдийн засгийн хямрал үүссэн энэ хүнд цаг үеийн нөхцөл байдалтай уялдан засгийн газраас ломбард болон банк бус байгууллагуудын зээлийн хүүг багасгаж жилийн 8 хувийн хүүгээр тооцох тухай тогтоолтой зөрчилдөж байгааг ч шүүхээс нягталж тооцоолж үзээгүй болно.

Иймд энэхүү үндэслэлээр уг хэргийг дахин хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай талаас гэрээний дагуу нэхэмжлэлийн дүнг үүсгэсэн. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа мөнгөн дүн нь анх 2021 онд зээлдэгч Б ирж үнийн дүнгээ тулгаж байсан. Тухайн үнийн дүнгээс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцоогүй байх ёстой.  2021 оны 11 дүгээр сарын 19-ний  өдрийн санхүүгийн зохицуулах хорооны тогтоол байгаа. Энэ тогтоол дээр банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг байгууллагууд нь зээлийн ангилал хийхгүй, зээлийн хугацааг 2 болон түүнээс дээш сарын хугацаагаар сунгах, иргэд аж ахуйн нэгжүүдэд олгосон үндсэн төлбөрийн хүүг хойшлуулах, үүн дээр нэмэгдүүлсэн хүү торгууль алданги нэмж тооцохгүй гэж заасан байдаг. Энэ дээр үндсэн хүүг хойшлуулна гэсэн болохоос зогсооно гэж заагаагүй. Хойшлуулж, хугацааг сунгаж болно гэсэн хэрнэ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алдангийг нэмж тооцохгүй гэсэн.  Манай талаас энэ тогтоолын дагуу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Б дээр ямар нэгэн байдлаар нэмэгдүүлсэн хүү, алданги, торгууль тооцоогүй. Үндсэн хүү нь л бодогдож байсан. Энэ дүн нь бодогдож тооцогдоод нэхэмжлэл гаргах хүртэл тооцож нэхэмжилсэн байгаа. Тийм болохоор хариуцагчийн ярьж байгаа 3 167 315,57 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас нотлох баримтыг хавсаргасан байгаа.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-аас гаргасан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 136/ШШ2022/00062 дугаар шийдвэртэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар  зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хянаж үзвэл хариуцагч Д.Б, Ш.У нар нь “ Н” ББСБ-аас 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 3800.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатайгаар, сарын 3.5%-ийн хүүтэй зээлж авсан ба 2020 оны 06 дугаар сарын 11-нд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгасан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэгч “Н” ББСБ-аас 101203062 тоот гэрээний дагуу үндсэн зээлд 2.530.869.25 төгрөг, үндсэн хүүд 1.564920.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 180.519.32 төгрөг, нотариатын зардал 17.000 төгрөг,  эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг, нийт 4.323.309.37 төгрөгийг хариуцагч Д.Б, Ш.У нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх ипотекийн гэрээний дагуу эд хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, 2020 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгах, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл хүсэгчийн өргөдөл, зээлийн нөхцөл өөрчлөх тухай өргөдөл, зээлийн хорооны шийдвэр, зээлийн хорооны хурлын нөхцөл өөрчлөх, хугацаа сунгах тухай шийдвэр, зээл хүсэгч нарын анкет, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0713001656 дугаартай Д.Б, Ш.У нарын өмчлөлийн хувийн орон сууцны гэрчилгээ, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлдэгчтэй тооцоо нийлсэн тэмдэглэл, хугацаа хэтэрсэн зээлдэгчийн мэдэгдэл, зээл  төлөлтөд хугацаа авахыг хүссэн тухай өргөдөл, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай  тэмдэглэл, зээл төлөлтийн хуваарь /хх 4-27/  зэрэгт тус тус үндэслэсэн.

 

             Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “ ... гэрээний үндсэн зээл 2530.869 төгрөг гэсэн атлаа нэхэмжлэлийн үндэслэл дээр ... 3800.000 төгрөг авсан гэж тодорхойлсон нь үндэслэл муутай, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үнийн дүн асар их зөрүүтэй, ... үндсэн хүү 1.564920 төгрөг 40 мөнгө гэж тооцоолсон нь үндсэн зээлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн, ...2020 оны 01 дүгээр сараас цар тахалтай холбогдуулж зээлийн хүүг зээлийн эрсдэлийн сангаас зохицуулах арга хэмжээ авахаар ярилцсан тул зээлийн хүү хасагдсан, энэ талаар нотлуулахаар Ж, А нарыг асуулгах  зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж маргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариу тайлбараа гэрч Л.Ж-ыг гэрчээр асуусан мэдүүлэг /хх 91-94/, Д.Б-ийн зээлийн дансны хуулга /хх 95-96/ зэрэгт тус тус үндэслэжээ.

 

             Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийг хасч, үлдэх хэсэг болох 101203062 тоот гэрээний төлбөрийн үндсэн зээл 2.530.869.25 төгрөг, үндсэн хүү 1.564920.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 180.519.32 төгрөг, нотариатын зардалд 17.000 төгрөг, нийт 4.293.308.97 төгрөг байхаар тооцож нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

             Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж “ ... хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан баримтад тулгуурлан 3.167.315 төгрөг 57 мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл 1.125.993 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй”  гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

 

             Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нарын хариу тайлбар,  анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, хэрэгт авагдсан нотлох баримтууд  зэргийг хянан үзвэл хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээ, түүнд өөрчлөлт оруулсан гэрээ болон зээлд төлсөн төлбөр зэрэг дээр маргаагүй,  харин 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2.530871.75 төгрөг, үндсэн хүү 481.407.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155.036.28 төгрөг, нийт 3.167.315.57 төгрөг болж  зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн тухайг зээлдэгч нарт мэдэгдсэн тэмдэглэлийг үндэслэн  цар тахлын улмаас зээлийн хүүг Монгол Улсын Засгийн газраас зогсоох тухай шийдвэр гарсан тул зээлийн төлбөр нэмэгдсэн нь үндэслэлгүй буюу зээлийн гэрээний хугацаа хэтэрснээс хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргаж байна гэж ойлгогдохоор байна.

 

             Нэхэмжлэгч  2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлдэгчтэй тооцоо нийлж тэмдэглэл үйлдсэнийг  энэхүү баримтаар талууд үүрэг дуусгавар болохоор тохиролцсон гэж үзэх үндэслэлгүйн гадна үг баримтад тийм агуулга тусгагдаагүй, харин тухайн өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийг тодорхойлсон гэж үзэхээр байна.

 

             Түүнчлэн банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний онцлог нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зааснаар зээлдэгч  “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх” үүрэгтэй байдаг.

 

             Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан 101203062 дугаар бүхий зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ,   2020 оны 06 дугаар сарын 11-нд зээлдэгч нарын хүсэлтээр уг зээлийн гэрээний хугацааг сунгах, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулахаар байгуулсан тус тус гэрээг талууд бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж,  улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-ний шаардлагад  буюу “..зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэнд нийцсэн.

 

             Гэрээ ёсоор зээлдэгч нар нь 2018 оны 08 дугаар сарын 08-наас 2021 оны 06 дугаар сарын 07-ныг хүртэлх хугацаанд зээлийг эргүүлэн төлөх үүргийг хүлээсэн  боловч зээлдэгч нар нь зээл эргэн төлөх хуваарийг байнга зөрчиж үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан болох нь зээлийн гэрээнүүд /хх-ийн 4-27/ болон нэхэмжлэгч “” ББСБ-аас гаргаж өгсөн Д.Б-ийн үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол /хх-ийн 27/ зэргээр тогтоогджээ.

 

             Иймд нэхэмжлэгч “Н” ББСБ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1,  453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасны дагуу хариуцагч Д.Б, Ш.У нараас зээлийн гэрээ ёсоор үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

             Мөн гэрээний 2.11-т “... Гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлдэгч зээлдэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад авлагыг төлөхгүй байх үндэслэл болохгүй.”  гэж заасан нь  1995 оны “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 22 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 3-т тус тус нийцсэн, үүнийг зээлдэгч нар хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан байх тул зээлдэгч Д.Б, Ш.У нар нь  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар  “Н” ББСБ-аас олгосон зээлийн үлдэгдэл болох үндсэн зээл 2.530.869.25 төгрөг, үндсэн хүү 1.564920.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 180.519.32 төгрөгийг  төлөх  үүрэгтэй.

 

             Иргэний хуулийн 452 дүгээр зүйлийн 452.2-д  “ ... банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээнд анзыг хэрэглэхгүй ба зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасан.

 

             Гэрээний  2.14-д  “Зээл, хүү буцаан төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүнээс нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч үл маргах журмаар корпорацид энэхүү гэрээний 2.4-д заасан хэмжээгээр төлнө. Нэмэгдүүлсэн хүү нь зээлдэгчийн үндсэн хүүний 20 хувиас хэтрэхгүй байна “ гэж заасан ба гэрээнд заасны дагуу зээлдэгч нараас 180.519.32 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүд тооцсон нь үндэслэлтэй.

 

             Гэрээний дагуу тооцогдсон 1.564920.4 төгрөгийн үндсэн хүү мөн үндэслэлтэй тооцогдсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үндсэн хүүг анзтай адилтгаж үндсэн зээлийн 50%-иас хэтэрсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

             Дэлхий нийтээр тархсан халдварт өвчин “Корона вирус”-ийн тархалт дэгдсэнтэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газар  2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулж эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээ”-ний тухай 183 дугаар тогтоолыг гаргасан ба тогтоолын 8-д: “...банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос олгосон зээлийн үндсэн хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэг дарамт үүсэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 08 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монгол Банк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус зөвлөсүгэй” гэж гарсан энэ шийдвэр нь  хэм хэмжээ тогтоосон,  шууд биелүүлэх үр дагаврыг шаардсан шинжтэй эрх зүйн акт биш байх ба банк, банк бус санхүүгийн байгууллага,  хадгаламж зээлийн хоршоо өөрсдийн эрх хэмжээгээр зохицуулж болохыг зөвлөсөн шинжтэй зохицуулалт юм.

 

             Энд зааснаас үзэхэд зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн үндсэн хүүгийн төлөх хугацааг харгалзан нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байх агуулгатай байх ба нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүү тооцоогүй, энэхүү нэхэмжилсэн 180.519.32 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нь үүнээс өмнөх хугацаанд хамааралтай болох нь үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол баримт /хх-ийн 27/-аар тогтоогдсон байна.

 

             Эдгээр  нөхцөл байдлуудад үндэслэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайханаас гаргасан давж заалдсан гомдол нь үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж,  анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэж,  шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 136/ШШ2022/00062 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-ны гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход   саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                 ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                                       А.САЙНТӨГС