Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/27

 

*******, ******* нарт

     холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2021/0047/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                      Б.Батсүх

              Шүүгдэгч, хохирогч                      ******* /онлайн/

              Шүүгдэгч, хохирогчийн

              өмгөөлөгч                                     Б.Содболд /онлайн/

          Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолтой, *******ын *******, *******гийн ******* нарт холбогдох, 2118000000032 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 42 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Ухаа хошууны 1 дүгээр гудамжны 06 тоотод оршин суух урьд нь :

-2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,

-2004  онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 .т зааснаар 2 жилийн хорих ял,

-2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1., 147 дугаар зүйлийн 147.2.т зааснаар нийт 08 жил 01 сар хорих ял

-2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4.т зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 01 сар хорих ял,

-2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар 1 жил 4 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,

Монгол Улсын иргэн, 1966 онд  Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 55 настай, тусгай дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Пионерийн 14 дүгээр гудамжны 110Б тоотод оршин суух хаягтай урьд нь :

-1985 онд Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн б.д  зааснаар 1 жил хорих  ял,

-1991 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1.д зааснаар 6 сар  хорих ял,

-2000 онд Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2.т зааснаар 02 жил хорих ял оногдуулж ялыг биечлэн эдлэхгүйгээр тэнсэж хянан харгалзсан

-2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2.т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан. ******* регистрийн дугаартай, овогт *******ын *******.

-Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Пионерын 14 дүгээр гудамжны 1106 тоотод *******тай маргалдан, улмаар түүнийг халуун зуухан дээр дарж унаган эрүүл мэндэд нь нуруу бүсэлхийн зүүн тал, зүүн гарын тохой, шуу, зүүн хонго, баруун хонго дахь 2 дугаар түлэгдлийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

-мөн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Пионерын 13-78 тоот хашаа иргэн  гийн монгол гэрийн хаалганы цүү, цоожийг эвдэн, нэвтрэн орж 570x160 см хэмжээтэй хананд өлгөдөг 2 хивсийг авч 340.000 төгрөгийн хохирол учруулсан.

-Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Пионерын 14 дүгээр гудамжны 1106 тоотод *******тай маргалдан, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, түүний хэвлий тус газар хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

-мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 01- ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Пионерын 14 дүгээр гудамжны 1106 тоотод *******тай маргалдан, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, түүний цээж, зүүн гарын сарвуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2118000000032 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 340000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч овогт *******ын *******ыг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт *******ын *******д 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, шүүгдэгч *******гийн нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гийн энэ хэрэгт цагдан хоригдсон /тавин хоёр/ хоног, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эрэгтэй хүний футболк 1 ширхэг, бор шаргал өнгийн 23 сантиметр урттай, хуванцар иштэй 1 ширхэг хутга, цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг нүүрс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр' болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялын хугацааг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, хохирогч ******* давж заалдах гомдолдоо:

...3 хүүхдийнхээ мөнгөөр хашаа, гэр түрээсэлж амьдардаг, эхнэр 7 сартай жирэмсэн, бага хүүхэд 1 нас 5 сартай, энэ хэдэд маань туслах ах дүү байхгүй бөгөөд миний бие ажил хийж амьдралаа залгуулдаг. Ар гэрийн байдал минь үнэхээр хүнд учир дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлттэй байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч ******* тайлбартаа:

Миний ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч *******гийн өмгөөлөгч Б.Содболд тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх  дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт тэдний хувийн байдлыг харгалзан үзэж тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Дахиж ял шийтгэлийг багасгах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ын гаргасан заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзвэл:

Шүүгдэгч *******ыг 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Пионерын 14 дүгээр гудамжны 1106 тоот *******ын гэрт түүнтэй маргалдаж  улмаар халуун зуухан дээр *******ыг дарж унаган эрүүл мэндэд нь нуруу бүсэлхийн зүүн тал, зүүн гарын тохой, шуу, зүүн хонго, баруун хонго дахь 2 дугаар түлэгдлийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт,

-мөн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Пионерын 13-78 тоот  иргэн  гийн монгол гэрийн хаалганы цүү, цоожийг эвдэн гэрт нь орж  570x160 см хэмжээтэй хананд өлгөдөг 2 хивсийг авч 340.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд зүйлийг хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан гэмт хэрэгт,

-Шүүгдэгч *******ыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Пионерын 14 дүгээр гудамжны 1106 тоот гэртээ *******тай маргалдан, улмаар түүний хэвлий тус газар хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4.д заасан гэмт хэрэгт,

-мөн  энэ үед  *******гийн  түүний цээж, зүүн гарын сарвуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч ******* нь *******ыг  хутгалж биед нь хүнд хохирол учруулсан үйлдэл, шүүгдэгч ******* нь *******ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл,  2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр  иргэн  гийн монгол гэрийн хаалганы цүү, цоожийг эвдэн гэрт орж  2 хивс хулгайлж 340.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд зүйлийг хулгайлсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримт болох шүүгдэгч нарын өөрсдийн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  гэрч ,  Р.******* нарын мэдүүлэг,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 931 дугаартай ...хохирогч Х.Баяржаргалын биед нуруу бүсэлхийн зүүн тал зүүн гарын тохой, шуу, зүүн хонго дахь 2 дугаар зэргийн түлэгдэлтийн  шарх тогтоогдсон, энэ нь халууны үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл.., гэсэн дүгнэлт / х.хийн 96-97-р хуудас /

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 932 дугаартай ...*******гийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн шарх, цээж болон зүүн гарын сарвууны шарх тогтоогдлоо.., гэмтэл нь  хурц ир үзүүртэй багажийн 2-3 удаагийн  үйлчлэлээр  үүсгэгдэх боломжтой учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл, цээж зүүн гарын сарвуу дахь шарх нь  эрүүл мэндийн сарниулах түр хугацаагаар  хөнгөн  зэргийн гэмтэл.., гэсэн дүгнэлт / х.хийн 103-104-р хуудас/ Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тухай хуудас, хулгайлагдсан эд зүйлд үнэ тогтоосон баримт,  хохирогчид эд зүйл буцаан өгсөн тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  зэргээр нотлогдож тогтоогдсон, тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв бөгөөд анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн  үндэслэлтэй, хэргийн байдалд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Мөн анхан шатны шүүх Прокуророос шүүгдэгч  Х.Баяржаргал нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр *******тай маргалдаж түүнийг хутгалсны улмаас  *******гийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн шарх бүхий хүнд хохирол, цээж, зүүн гарын сарвуунд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг  тус тусад нь зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж     Х.Баяржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  хэргийг хэрэгсэхгүй болгосон нь  үндэслэлтэй бөгөөд энэ талаар хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай  шалгаж тодруулсан мөрдөн байцаалтын шатанд  болон шүүхээр хэрэг хянан хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, анхан шатны шүүх шүүгдэгч  Х.Баяржаргалд  хорих  ял оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж 3 жил 4 сар хорих ял  оногдуулсан байх тул шүүгдэгчийн  гаргасан “ ....3 хүүхдийнхээ мөнгөөр хашаа, гэр түрээсэлж амьдардаг, эхнэр 7 сартай жирэмсэн, бага хүүхэд 1 нас 5 сартай, энэ хэдэд маань туслах ах дүү байхгүй.., ар гэрийн байдал үнэхээр хүнд нөхцөл байдлыг  харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү....” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ТУЯА

                                                                           ШҮҮГЧ                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МАНЛАЙБААТАР