Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0060

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0047/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Н.Идэр, Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Л.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч, хохирогч Н.Г-ийн өмгөөлөгч Б.Содболд,

Шүүгдэгч, хохирогч Х.Б-ын өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч Н.Г, Х.Б,

Хохирогч Н.Г, Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х-ын Б-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н-ийн Г-д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2118000000032 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, Т овогт Н-ийн Г /РД:............ /, .......... оны ...... дүгээр сарын ........-ны өдөр ...............  хотод төрсөн, эрэгтэй, ........... настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....., .........-ийн хамт .......... аймгийн ............. сумын .......... дугаар багийн ........... дүгээр гудамжны ..... тоотод оршин суух, урьд:

-...........  аймаг дахь Сум дундын шүүхийн ........ оны ....... дүгээр сарын .....-ны өдрийн .........дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,

-......  аймаг дахь Сум дундын шүүхийн .........  оны........  дүгээр сарын ........ -ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял,

-..........  аймаг дахь Сум дундын шүүхийн ........ оны ........  дүгээр сарын .......-ны өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар нийт 08 жил 01 сарын хугацаагаар хорих ял,

-.............  аймаг дахь Сум дундын шүүхийн ............оны .....  дугаар сарын .......-ны өдрийн .........дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял,

-..............  аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........  оны ...... дүгээр сарын ......... -ны өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгүүлсэн.

 

2. Монгол Улсын иргэн, З овогт Х-ын Б /РД:.............../, 1966 оны ....... дүгээр сарын .....-ны өдөр .......... аймагт төрсөн, эрэгтэй, ........  настай, тусгай дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......, эхнэр, хүүхдийн хамт ...........  аймгийн ...........  сумын........  дүгээр багийн ........... дүгээр гудамжны .............  тоотод оршин суух хаягтай, урьд:

-..........  аймгийн шүүхийн ....... оны ..... дугаар сарын .....-ны өдрийн ....... дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн 169б дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял,

-.......... аймгийн шүүхийн ........ оны...... дугаар сарын ......-ны өдрийн ......... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,

-.........  аймаг дахь Сум дундын шүүхийн ........  оны ........  дүгээр сарын .......-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар тэнссэн,

-..........  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .......  оны ........  дугаар сарын ........ -ны өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/:

 

Шүүгдэгч Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ....... аймгийн ..  сумын..  дүгээр баг, .......... дүгээр гудамжны .......тоотод Х.Б-тай маргалдан, улмаар түүнийг халуун зуухан дээр дарж унаган эрүүл мэндэд нь нуруу бүсэлхийн зүүн тал, зүүн гарын тохой, шуу, зүүн хонго, баруун хонго дахь 2 дугаар түлэгдлийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

-мөн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу ..............  аймгийн ............  сумын ........ дугаар багийн .......... тоот хашаанд оршин суух Н.Б-ийн монгол гэрийн хаалганы цүү, цоожийг эвдэн, нэвтрэн орж 570х160 см хэмжээтэй хананд өлгөдөг 2 ширхэг хивсийг авч 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ...........  аймгийн ..........  сумын......  дүгээр багийн .........  14 дүгээр гудамжны ......... тоотод Н.Г-тай маргалдан, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, түүний хэвлий тус газар хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

-мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ............  аймгийн ......... сумын ........... дүгээр багийн .........  дүгээр гудамжны .......... тоотод Н.Г-тай маргалдан, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, түүний цээж, зүүн гарын сарвуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

-Шүүгдэгч Н.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би дэлгүүр гарч тамхи авах гээд явж байхдаа Х.Б-ынхаар замаараа орсон юм. Тэгтэл Х.Б гэртээ бараашиг уугаад нэлээн согтсон байсан. Тэгээд юунаас болж муудсанаа санахгүй байна, шөнө гэртээ хариад хэвлийгээс цус гараад байхаар нь цагаан даавуугаар боогоод унтаад өгсөн. Маргааш өглөө нь ээж мэдээд түргэн дуудаж эмнэлэгт үзүүлээд сэхээнд 4, эмнэлэгт 10 хоносон. Эмнэлгээс гарсаныхаа дараа нь архи ууж явж байгаад гэр рүүгээ явах замдаа онгорхой хашаа байхаар нь ороход хашаанд  гэрэлгүй харанхуй гэр байсан. Тэгэхээр нь тэр айлд орж 1 ширхэгч хивс авч амбаарт аваачиж тавиад буцаж ирээд дахин 1 хивс авах гэж байгаад баригдсан.

...Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Биеийн байдлыг минь харгалзан үзэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Х.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 30-нд миний төрсөн өдөр болсон. Урьд өдөр нь 10 литр бараашик нэрж, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бараашикаа уугаад байж байсан чинь Н.Г орж ирсэн. Тэгээд бид хоёр хамт уусан бөгөөд ууж байхдаа юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Гэнэт л намайг зуухан дээр дараад унасан байсан бөгөөд миний ухаан тэрхэн үед орж би  ухас хийж боссон. Тэгээд хутга авсан боловч ямар үйлдсэн хийсэн гэдгээ яг сайн санахгүй байна. Маргааш нь Н.Г-ийн дүү орж ирээд “та нар юу болоод байгаа юм, тэр хүнтэйгээ уулз, эмнэлэгт байна” гэсэн. Тэгээд би эмнэлэг ороод 2 дусал авч өгсөн.

...Би олон нялх хүүхэдтэй, үүнийг харгалзаж бага ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Н.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би нэлээн согтсон байсан бөгөөд нэг ухаан ороход миний хэвлийн хавьцаанаас цус гарч байхаар нь би тэдний гэрээс шууд гараад гэр лүүгээ явсан. Гэртээ ороход манай ээж Н орондоо орчихсон унтаж байсан болохоор нь би шууд өөрийнхөө өрөө рүү ороод орны давуугаар гэдсээ ороогоод, орондоо ороод унтсан. Тэгээд өглөө сэрэхэд гэдсээр өвдөөд байхаар нь би ээжид “би гэдэс рүүгээ хутгалуулчихсан байна” энүүгээр өвдөөд байна гэж хэлэхэд манай ээж цагдаа дуудаж, эмнэлэг дуудаж удалгүй эмнэлэг, цагдаа ирсэн. Намайг эмнэлэгт үзүүлэхэд гэдэс рүү нэг удаа, цээжин дээр хоёр удаа хутгалуулсан байна гээд оёдол тавьж, боолт хийж өгсөн.

...Намайг манай найз Б хутгалсан. Би Б-тай зодолдож байснаа санаж байна. Тэгэхэд гарт нь хутга байсан юм.

...Би эмнэлэгт 14 /арван дөрөв/, сэхээнд 4 /дөрөв/ хоносон. Нийт эмчилгээний зардалд 1/нэг/ сая гаран төгрөгийн зардал гарсан, энэ бүгдэд ээж л мөнгө гаргасан. Зарим баримтыг орхисон байна. Х.Б эхлээд 300,000 /гурван зуун мянга/ төгрөг, дараа нь 60,000 /жаран мянга/ төгрөг өгсөн. Сая шүүх хуралдаан дээр дүүд 140,000 /нэг зуун дөчин/ төгрөг шилжүүлсэн гэлээ. Одоо хохирол хэд үлдсэнийг би сайн мэдэхгүй байна. Би шөнө унтаж чадахгүй, сууж ч чадахгүй, хагас хэвтрийн байдалтай байна. Жаахан гурилтай шөл идэхээр л хоол нь боловсордоггүй, тэр чигтээ гардаг. Надад гомдол санал байхгүй. Мөн Х.Бын нялх хүүхэдтэй, ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Х.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Г миний цамцны захаас заамдчихаад намайг зуухан дээр унагаад дээрээс дарсан, гэхдээ удаан дараагүй зууханд хүрэнгүүтээ би ухасхийгээд боссон юм. Намайг халуун зууханд дарж түлсэн гэдгээ Г өөрөө мэдээгүй байх, би 2 зууралдаад ноцолдож байсан.

...Би тэр үедээ өөрийгөө түлэгдсэн гэж мэдээгүй, өглөө боссон чинь нуруу хорсоод байхаар нь толинд харахад нуруу, бөгс хэсгээрээ түлэгдчихсэн байсан.

...Би ямар нэг эмчилгээ хийлгээгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 3, 60/,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 4-10, 62-66/,

 

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 11, 14-15, 71-73/,

 

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 12-13/,

 

-Хохирогч Н.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дархан сумын 6 дугаар багт байрлах өөрийн төрсөн эгч Дарханцацралын гэрт байж байхад орой 21 цагийн орчим байхаа манай ах Н.Э над руу залгаад “танай хашааг эргэх гээд очтол хашааны хаалга чинь онгорхой байна. Тэгээд гэрийн хаалгыг хүн эвдээд орсон байна. Хулгай хийж байгаа хүн нь танай гэрт байна.” гэж надад хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоож, цүүг нь татаж мулталсан, цүү хаалганаас салж гарсан байдалтай байсан. Би гэрт ороод ахаас юу болсон талаар асуухад манай гэрийг эргэж иртэл хашааны хаалга онгорхой байсан. Тэгээд гэрт хүн байгаа эсэхийг шалгах гээд гэр лүү ойрттол гэр дотор хүн дуугарч байхаар нь гэр лүү ороход нэг эрэгтэй манай гэрийн үүдний орчим сууж байсан гэж хэлсэн. Тэгээд би гэрээс алдагдсан зүйл байгаа эсэхийг харахад манай монгол гэрийн хананд өлгөөтэй байсан хивсний нэг нь алга болсон байсан ба нөгөө хивсийг нь авч явах гээд бэлдсэн байсан.

...Би хулгайд алдсан хивсээ олсон болохоор надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 23-26/,

 

-Гэрч Э-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...Б өөрийн охин Б-Э-ийг манай гэрт  манай эрэгтэй дүү У-т өгөөд явуулсан байсан. Тэгээд би Б-г яагаад хүүхдээ манайх руу явуулсан юм бол гэж гайхаад Б гэртээ байгаа юм болов уу гээд гэрийг нь эргээд очиход Б-ийн хашааны хаалга нь онгорхой байсан. Тэгээд би Болормааг гэртээ байгаа юм байх гэж бодоод гэр лүү орох гээд явж байхад гэрт чимээ гараад байсан. Би Б-ийн гэрийн амбаарын хаалга нь онгорхой байхаар Б гээд орилсон чинь чимээгүй болсон. Тэгэхээр нь ороод гэрийнх нь гэрлийг асаахад монгол гэрийн хаалганы хажууд байрлах шүүгээний дэргэд нэг залуу хэвтэж байсан. Тэгэхээр нь би хөөе айлд юу хийж байгаа юм гээд тэр залууг босгосон. Тэгээд хартал манай дүү Болормаагийн гэрийн хананд байсан хивсийг тайлаад гэрийн шалан дээр тавьчихсан байсан. Харин нэг хивс байхгүй байхаар нь би эхлээд ээж Н руу залгаад “Б-ийн гэрт хулгай орсон байна, хулгай хийж байгаа хүн гэрт нь байна” гэж хэлсэн. Дараа нь Б руу залгаад “танай гэрт хулгай орсон юм шиг байна, хүрээд ир” гэхэд Болормаа цагдаа дагуулаад очлоо гэсэн.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 31-33/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны байдлаар 340000 төгрөг байна.” гэх “Капитал зууч ХХК”-ны 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтас хэргийн 38-39/,

 

-Хохирогч Н.Г-аас гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримтууд /хавтас хэргийн 81-83/,

 

-Гэрч О.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр Х.Б над руу утсаар “хайр аа, би Г-тай цуг бараашиг хувааж уугаад хоорондоо зодолдсон. Тэгээд би хутгалчихлаа, чи хүрээд ирээч” гэж ярьсан юм. Тэгэхээр нь би гэртээ яваад очтол манай гэрт зодоон болсон байдалтай ундуй сундуй болчихсон байсан. Намайг гэрт ороод удаагүй байхад Г-ийн дүү нь гэх залуу орж ирээд “та нар юу болсон юм бэ?, хөзөр тоглож байгаад зодолдоод манай ахыг хутгалчихсан байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр бид хоёр тэр залуутай хамт Г-ийн гэрт очиход Г гэртээ гэдсээ давуугаар боочихсон, орондоо хэвтэж байсан. Ээж нь дусал аваад, цус тогтоох тариа аваад ир гэхээр нь нөхөр бид хоёр аптека явж эм тариаг нь авч өгчхөөд гэртээ ирээд байж байтал цагдаа нар манай гэрт ирээд нөхөр Б-ыг авч явсан.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 88-89/,

 

-Гэрч Н.Гал-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 02-ны өглөө ажил дээрээ очоод байж байтал манай ээж над руу залгаад “ах чинь энд тэндээ хутгалуулчихсан байна, шөнөжингөө цусаа гоожуулж хонолоо, чи хүрээд ир” гэж над руу ярихаар нь очсон. Намайг очиход ах Г-ийн гэдэс рүү нь хутгалчихсан цус гарсан, цээжиндээ зүсүүлсэн байдалтай орон дээрээ хэвтэж байсан. Би Г-аас юу болсон талаар асуухад “найзындаа бараашиг ууж хөзөр тоглож байгаад хоорондоо маргалдаад зодолдсон, тэгээд намайг хутгалсан.” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахаас тэр айлыг нь заалгаж байгаад очиж уулзаад хутгалсан гэх хүнийг нь дагуулж ирж ээж, ахтай уулзуулсан.

...ахын бие нь өвдөөд байна гэхээр нь би эмнэлэг дуудсан, эмнэлгээс цагдаа дууд гэж хэлсэн болохоор нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа ирээд, дараа нь эмнэлэг ирээд ахыг авч яваад сэхээний тасагт хэвтүүлээд яаралтай хагалгаанд оруулсан юм.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 90/,

 

-Гэрч Р.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“ ... өглөө босоод өрөө рүү нь орсон чинь “өвдөөд байна” гээд гэдэс рүүгээ заахаар нь харсан чинь өмссөн цамц, гудас нь битүү цус болсон, хөдөлж чадахгүй байсан. Өмсөж байсан цамц, өмд, дэвсгэр даавууг нь шатаачихсан гудасны өнгө бас шатаасан. Өдөр хэсгийн эмч ирж үзээд цээж нь нэг л биш байна түргэн дууд гэж хэлсэн. Тэгээд түргэн дуудсан.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 91-93/,

 

- “...Х.Б-ын биед нуруу бүсэлхийн зүүн тал, зүүн гарын тохой шуу, зүүн хонго дахь 2 дугаар зэргийн түлэгдэлтийн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь халууны үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Х.Б-ын биед учирсан гэмтэл нь 2020 оны 12 дугаар сарын 01-нд үүссэн байх боломжтой. Х.Бын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Х.Б-ын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 931 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 96-97/,

 

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс Н.Г-д яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хавтас хэргийн 101-102/,

 

-“...Н.Г-ийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн шарх, цээж болон зүүн гарын сарвуун дахь шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн 2-3 удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Н.Г-ийн биед илэрсэн хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс болон чацархайг гэмтээсэн шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Н.Г-ийн биед илэрсэн цээж, зүүн гарын сарвуун дахь шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Н.Г-ийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 932 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 103-104/,

 

- “...Нямсүрэн овогтой Г нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй эрүүл болно. Н.Г нь сэтгэцийн хувьд ямар нэгэн хууч өвчингүй эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай болно, хэрэг хариуцах чадвартай болно” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №03/20 дугаартай магадлагаа /Хавтас хэргийн 108/,

- “... Халтар овогтой Б нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй эрүүл болно. Х.Б нь сэтгэцийн хувьд ямар нэгэн хууч өвчингүй эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай болно, хэрэг хариуцах чадвартай болно” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №06\21 дугаартай магадлагаа /хавтас хэргийн 112/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн байна.

 

Шүүгдэгч Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Б-тай маргалдан, улмаар түүнийг халуун зуухан дээр дарж унаган эрүүл мэндэд нь нуруу бүсэлхийн зүүн тал, зүүн гарын тохой, шуу, зүүн хонго, баруун хонго дахь 2 дугаар түлэгдлийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 931 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтас хэргийн 96-97/ нотлогдож байна.

 

Мөн шүүгдэгч Н.Г нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу .......  аймгийн ...........  сумын ........  дугаар багийн .......... тоот хашаанд оршин суух Н.Б-ийн монгол гэрийн хаалганы цүү, цоожийг эвдэн, нэвтрэн орж 570х160 см хэмжээтэй хананд өлгөдөг 2 ширхэг хивсийг авч 340.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Н.Г-г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 340000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Б-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Г-тай маргалдан, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, түүний хэвлий тус газар хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

 мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Г-тай маргалдан, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, түүний цээж, зүүн гарын сарвуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж зааснаар Х.Б 1 удаа дайрч довтолсон, 2-3 удаагийн бодитой үйлдэл байна. Үүнийг улмаас Н.Г-д хөнгөн гэмтэл ч учирсан байна, хүнд гэмтэл ч учирсан байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэж,

 

Харин шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Д.Золзаяа нь шинжээчийн дүгнэлтээр Н.Г-ийн хэвлийн хөндийд нэвтэрч, нарийн гэдэс болон чацархайг гэмтээсэн шарх нь хүнд, харин цээж болон зүүн гарын сарвуунд учирсан шарх нь хөнгөн гэмтэл болно гэж тогтоогдсон. Н.Г-д учирсан дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд гарсан учир хөнгөн гэмтэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

...Тэгэхээр Н.Г-д учирсан хөнгөн гэмтлийг хүндэд нь багтааж, миний үйлчлүүлэгч Х.Б-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна гэж мэтгэлцэж байна.

 

Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Г-тай маргалдан улмаар түүний хэвлий тус газар хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн шарх бүхий хүнд хохирол, цээж, зүүн гарын сарвуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх үйл баримтыг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй, талууд тогтоогдсон үйл баримтын талаар маргахгүй байгаа боловч хэргийн зүйлчлэл, хууль хэрэглээний асуудлаар мэтгэлцэж байна.

 

Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцаа болох хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулсан 1 үйлдлийг учирсан хохирлын шинж байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдлийн арга зэргийг харгалзан аль тохирох зүйл хэсгээр зүйлчлэх нь зүйтэй бөгөөд тухайн бүлэгт заасан өөр зүйл хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-д 340.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Капитал зууч ХХК”-ны 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хавтас хэргийн 38-39/ нотлогдож байх бөгөөд хохирогч Н.Б нь мөрдөн байцаалтын шатанд “...Би хулгайд алдсан хивсээ олсон болохоор надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 23-26/ өгсөн байна.

Мөн хохирогч Х.Б-ын биед нуруу бүсэлхийн зүүн тал, зүүн гарын тохой шуу, зүүн хонго дахь 2 дугаар зэргийн түлэгдэлтийн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь  Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 931 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтас хэргийн 96-97/ тогтоогдож байх бөгөөд хохирогч Х.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Би ямар нэг эмчилгээ хийлгээгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлгийг өгч байна.

 

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Г-аас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Г-ийн хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн шарх, цээж болон зүүн гарын сарвуун дахь шарх бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 932 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтас хэргийн 103-104/ нотлогдож байх бөгөөд хохирогч Н.Г-аас эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөртэй холбоотой 895.298 төгрөгийн баримт /хавтас хэргийн 81-83/ гаргаж өгсөн байна.

 

Шүүгдэгч Х.Б нь 500.000 төгрөгийг төлсөн байдалд талууд маргахгүй байх бөгөөд шүүхээс эмчилгээ хийлгэсэн зардлын үлдэгдэл болох 395.298 төгрөгийг шүүгдэгч Х.Б-аас гаргуулж, хохирогч Н.Г-д олгуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч Х.Б-ын зүгээс хохирол төлбөр төлөхтэй холбоотой завсарлага авч үлдэх хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна.

 

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Баас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн зүгээс “Энэ хоёр хүн харилцан зодолдож, гэмт хэрэг үйлдсэн байна.  Нэг нь айл ухсан юм байна. Хоёуланг нь буруутай гэж үзэж байна.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Г, Х.Б нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээдүүд байх бөгөөд тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн болон ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас төлөх хохирол төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, хорих ял дээр 30 хоногийг нэмж нэгтгэн, шүүгдэгч Н.Гд нийт 1 жил 1 сарын  хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Х.Бд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 03 жил 04  сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Г-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 52 хоног, шүүгдэгч Х.Б-ын цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эрэгтэй хүний футболка 1 ширхэг, бор шаргал өнгийн 23 сантиметр урттай, хуванцар иштэй 1 ширхэг хутга, цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг нүүрсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас З овогт Х-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2118000000032 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Т овогт Н-ийн Г-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 340000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Зуун богд овогт Халтарын Б-ыг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овогт Х-ын Б-д 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, шүүгдэгч Н.Г-ийн нийт эдлэх ялыг  1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Г-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоног, шүүгдэгч Х.Б-ын цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эрэгтэй хүний футболка 1 ширхэг, бор шаргал өнгийн 23 сантиметр урттай, хуванцар иштэй 1 ширхэг хутга, цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг нүүрс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б, Н.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялын хугацааг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Б, Н.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Я.ТУУЛ

 

 

                ШҮҮГЧИД                                                                   Н.ИДЭР                                   

                                                                            

 

       Б.ИХТАМИР