Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/29

 

*******т холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2021/0018/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                       Т.Дэлгэрмэнд

              Хохирогчийн итгэмжлэгдсэн

              төлөөлөгч                                     ******* /онлайн/

              Шүүгдэгч                                       ******* /онлайн/

              Шүүгдэгчийн өмгөөлөгч               Б.Цэдэндамбаа /онлайн/

          Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолтой, *******ын *******т холбогдох, 2018002690466 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч *******ын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 19-нд  Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 66 дугаар байр 31 тоотод оршин суух түр хаягтай /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, замчид гудамж 49 дүгээр байрны 107 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/ хэрэг хариуцах чадвартай, урьд нь :

-1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2.т зааснаар 2 жил хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэссэн хянан харгалзсан,

-2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3.д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******.

Шүүгдэгч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр  иргэн *******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар  түүнийг  төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  11,815,000 /арван нэгэн сая найман зуун арван таван мянга/ төгрөгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг залилан  авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч *******т өдөрт наймаас дээшгүй цагаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Улаанбаатар хот, Баянгол дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэхээр тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч *******ын 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 2 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас нь хасаж биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэмжээг 264 цагаар тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч *******оос 11,815,000 төгрөгийг гаргаж Дархан- ул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 1002-05 тоотод оршин суух хохирогч *******ад  / *******/ олгох, хохирогч нь хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.8., 1.9.д заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.5.д зааснаар шүүгдэгч П.Лут- Очирт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч ******* давж заалдах гомдолдоо:

...Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч ******* нь миний мөнгийг худал хэлж, хууран мэхэлж залилан авчаад  өдий хүртэл  бүтэн 2 жил гаруй хугацаан өнгөрч байхад нэг ч төгрөг өгөөгүй, хохирол төлөх талаар ямар ч санаачилга гаргаагүй, ийм муухай үйлдэлдээ гэмшиж  байгаагүй,   биднээс зугтаж  утсаа хаагаад эсвэл утсаа авахгүй  алга болсон.   

Бид шүүх цагдаа гэхгүйгээр мөнгөө өвчих санаатай  маш их хөөцөлдсөн тэгээд аргаа бараад хуулийн байгууллагаар явж байна. Энэ мөнгө нь  маргааш нь буцааж өгнө гээд авсан хүнээс зээлсэн мөнгө байсан бөгөөд *******оос болж дээрх мөнгийг төлөхийн тулд хүмүүсээс өндөр хүүтэй мөнгө зээлсэн бөгөөд одоо хүртэл хүү төлж  маш ихээр хохироосон.

Энэ мөнгөнөөс болж гэр бүл салахдаа тулж өдөр бүр хэрүүл маргаан үүсэж гэр бүлийн тайван байдал алдагдаж  хүү төлсөөр байгаад  оюутан хүүхдийнхээ төлбөрийг төлж чадаагүй жилийн чөлөө авхуулсан.

******* хохирлоо төлөөгүй, төлөх талаар ямар ч санаачилга гаргаагүй, гэмшиж гэм буруугаа ойлгоогүй,  урьд нь хоёр удаа шүүхээр ял шийтгүүлсэн байхад анхан шатны шүүх  яагаад Эрүүгийн хуульд заасан хамгийн хөнгөн ялыг хамгийн багаа хэмжээгээр оногдуулсанд маш их гомдолтой байна. 

Ард түмэн шүүхийн талаар их сөрөг мэдээлэл ярьж, мэдээллийн хэрэгслээр ярьдаг боловч  арай ч ийм гэж бодоогүй.  Хэргийг шийдвэрлэсэн шүүгч Н.Идэр хүний амьдралыг өөрчилж, өдий олон жил биднийг өр зээлд оруулсан зальтай хүний талд хэргийг шийдвэрлэж хамгийн хөнгөн ял оногдуулсан гомдолтой бөгөөд энэ талаар холбогдох байгууллагад нь гомдол гаргана.

Мөн анхан шатны шүүх хохирол төлүүлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй, шүүгдэгчид ял оногдуулаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин   хэлэлцүүлэхээр шүүхэд  буцааж өгнө үү.

Миний бие Улаанбаатар хотоос өмгөөлөгч авсан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцоно... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тайлбартаа:

Би маш их гомдолтой,  ийм зальтай хүнд  хөнгөн ял оногдуулсан, Энэ хүнээс болж манай гэр бүлийн амьдрал өр зээл, хэрүүл тэмцэлтэй болсон. Яагаад хохирол төлөөгүй байхад ийм хөнгөн ял оногдуулж байгаа юм бэ., 5.0 сая төгрөг гэж юу яриад байгаа юм бэ шүүх хурлын дараа боодолтой мөнгө  гээд өгсөн юм нь Монгол улсад хэрэглэгддэггүй, банканд сольдоггүй, юм байсан, Тэрийг нь буцааж өгөх гэтэл утсаа авахгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа.  Энийгээ авна биз бид монгол төгрөг өгсөн тэрийгээ л авна маш их гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа тайлбартаа:

Тухайн дэвсгэрт монгол мөнгөөр 5 сая төгрөгтэй тэнцэх мөнгөн дэвсгэртийг 4 сая төгрөгөөр тооцож өгсөн. Анхан шатны шүүх хурал дээр хохирогч шүүгдэгчид гомдолгүй, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүй байхыг хүсэлтийг гаргаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******:

Байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрмэнд дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн. Хохирогч анхан шатны шүүх хурал дээр шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оногдуулах саналыг гаргаж байсан. Бусад хохирол төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогч *******ын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг  бүхэлд нь хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч *******ыг 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр иргэн *******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг  төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  11,815,000 /арван нэгэн сая найман зуун арван таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан бусдын эд хөрөнгийг залилан авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч *******т 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, болсон үйл баримтаар шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг хуурч, түүнийг төөрөгдөлд оруулж, урьдын танил  харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний   11,815,000  төгрөгийг залилан авсан  болох нь  хангалттай нотлогдож тогтоогджээ.

           Гэтэл  гэмт хэрэг 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд  үүнээс хойш 2 жил шахам хугацаа өнгөрсөн байхад шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг  одоо хүртэл төлөөгүй, гэм буруугаа хүлээн  зөвшөөрөөгүй бөгөөд  хохирогчийн утсыг авахгүй, түүнээс зугтааж хохирогчийг чирэгдүүлж байгаа, мөн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед   хохирол төлбөр төлөх талаар  ямар ч санаачилга гаргаагүй  байна.

Дээрх нөхцөл байдал тогтоогдсоноос гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлд заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байхад анхан шатны шүүх хэт нэг талыг баримталсан  зөвхөн шүүгдэгчийн талаар дүгнэлт хийж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан хэд хэдэн ялаас хөнгөн ялыг бага хугацаагаар  оногдуулсан нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, шүүгдэгчид ял оногдуулахад    нөлөөлж болохуйц нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй  байна.

Иймд хохирогчийн гаргасан ,...Би маш их гомдолтой, ийм зальтай хүнд шүүх хөнгөн ял оногдуулсан, энэ хүнээс болж манай гэр бүлийн амьдрал өр зээл, хэрүүл тэмцэлтэй болсон..,  яагаад хохирол төлөөгүй байхад ийм хөнгөн ял оногдуулж байгаа юм бэ.,  5.0 сая төгрөг гэж юу яриад байгаа юм бэ..,  шүүх хурлын дараа боодолтой мөнгө  гээд өгсөн юм нь Монгол улсад хэрэглэгддэггүй, банканд сольдоггүй, юм байсан..,  Энэ үйлдлээрээ ч биднийг  бас дахин залилж байна..,  би маш их гомдолтой..., гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

/ Мөн  шүүх  шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа “ял болон ялын хугацааг” шийтгэх тогтоолд заах бөгөөд харин хаана хийхийг нь заахгүй, энэ нь  шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх хэмжээний асуудал болохыг цаашид анхаарах хэрэгтэй. /

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.,  39.6 дугаар зүйлийн 1.2.,  39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******ын *******т холбогдох, 2018002690466 дугаартай, 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Хохирогч *******ын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР

                                                                  ШҮҮГЧИД                                   Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                                 Ц.ТУЯА