Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0281

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0018/Э/001/2021/0471

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Хохирогч Н.Б,

Шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-ын Л-т холбогдох эрүүгийн 2018002690466 дугаартай хэргийг Монгол Улсын дээд шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт П-ын Л, /регистрийн дугаар: .......... /, ....... оны .....  дүгээр сарын ... -ний өдөр ............  аймгийн ...........  суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , ........ ийн хамт .......... хот, .......... дүүргийн ......... дугаар хороо, .... дугаар байр ..... тоотод оршин суух түр хаягтай /........ хот, ..... дүүрэг, .....  дүгээр хороо, .......  дугаар хороолол, замчид гудамж ........  дүгээр байрны .......  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/ хэрэг хариуцах чадвартай, урьд:

-....... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........ оны ... дүгээр сарын ........ -ний өдрийн ........  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэссэн хянан харгалзсан,

-....... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны .....  дугаар сарын ...... -ны өдрийн ........  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч П.Л нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Н.Б-аас 11,815,000 /арван нэгэн сая найман зуун арван таван мянга/ төгрөгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Л мэдүүлэхдээ: “...Өмнө нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Б мэдүүлэхдээ: “...Шүүх хурал болсны дараа 2021  оны 04 дүгээр сард шүүгдэгч надад 1,000,0000 төгрөг өгсөн. Өчигдөр 3,000,000 төгрөг өгсөн. Би 11,815,000 төгрөгөөс 4,000,000 төгрөг авсан. Үлдэгдэл хохирлоо нэхэмжилж байна.” гэв.

 

Эрүүгийн 2018002690466 дугаартай хэргээс:

 

Хохирогч Н.Б-ын мөрдөн байцаалтад 2020 оны 03 дугаар сарын 27, 11 дүгээр сарын 03-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...Улаанбаатар хотод рубль хямд байна гэхээр нь найз Л-той утсаар яриад надад рубль аваад явуулаач гэж яриад 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 11,815,000 төгрөгийг найз Л-ын Хаан банкны ..........  дугаарын данс руу шилжүүлсэн юм. Тухайн өдөр М-н Хаан банкны ..........  тоот данснаас 9,565,000 төгрөг, эхнэр Т.Г-ын Хаан банкны .......... дугаарын данснаас 2,250,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд Лын ..........  дугаарын гар утас руу залгахаар авахгүй байж байгаад холбогдохоо больсон. Тэгэхээр нь Л-ын эхнэр М-ийн -дугаарын утас руу залгаж асуухад гэртээ ирэхгүй байгаа гэж хэлдэг байсан. Л нь миний  мөнгийг өгөхгүй, ямар ч холбоо барихгүй алга болсон тул цагдаад хандсан. Би Л-ыг рубль солиулаад зөрүү 150,000 төгрөг гарахаар нь аваад бусдыг нь буцааж өгөөрэй гэж хэлсэн. Л надаас 11,850,000 төгрөг авахдаа цахим мөрийтэй тоглоом тоглоод мөнгөө өсгөөд  өгнө гэж  хэлээгүй. гэх мэдүүлэг[1],

 

Гэрч Т.Г-ын мөрдөн байцаалтад 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн: ...2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед манай нөхөр Б бид хоёр хуучин Дарханы 18-ийн Хаан банкны бэлэн мөнгөний машинаас нөхрийн найз болох Л-ын Хаан банкны ..........  дугаарын данс руу .......... данснаас 2,250,000 төгрөг шилжүүлсэн. Хүү М-н ..........  данснаас Л луу 9,565,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр оройдоо Л-ын ..........  дугаар луу залгаад рубль авсан талаар асуухад Мөнгө чинь ирсэн. Ах нь маргааш гараад мөнгийг чинь солиулаад шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд маргааш өдрөөс нь хойш Л-ын утас холбогдохгүй алга болсон.гэх мэдүүлэг[2],

 

Б.М-н Хаан банк дахь ..........  тоот дансны дэлгэрэнгүй хуулга[3],

 

Т.Г-ын Хаан банк дахь .......... тоот дансны дэлгэрэнгүй хуулга[4],

 

П.Л-ын Хаан банк дахь ..........  тоот дансны дэлгэрэнгүй хуулга[5],

 

Гэрч Г.Ня-ны мөрдөн байцаалтад 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн: ...MGL-BIT нэртэй цахим мөрийтэй тоглох сайт нь Монгол хүний данстай холбогддог. Улаанбаатар хотод маш олон хүн тухайн тоглоомыг тоглож байдаг. Улаанбаатар хотод тухайн цахим мөрийтэй тоглоомыг тоглоод мөнгөө алдсан хүмүүс Эрүүгийн цагдаагийн тасагт шалгагдаад эх үүсвэр цахим серверийг олж чадахгүй юм байна лээ. Миний мэдсэнээр Л тоглоом тоглоод мөнгөө алдсан юм байна лээ.гэх мэдүүлэг[6],

 

Гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтад 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр  мэдүүлсэн: "...2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Л ахтай байрны гадна таарсан чинь ийшээ яваад ирье гээд намайг дагуулаад Хороололд байдаг ПС тоглоомын газар явсан. Тоглож байх үед Л ах надад өөрийн картаа өгөөд өөрийнхөө мөнгийг шилжүүлчих тэгээд утаснаасаа энэ тоглоомын данс руу хийчих гэж хэлсэн. Надад Л ахын мөнгийг дансаараа оруулах нь гадаад явахад дансны хуулгаа харуулахад хэрэгтэй мөн байрны ахынхаа хэлсэн үгэнд ороод уг үйлдлийг нь хийсэн. Л ахыг тоглож байхад гар утасны нь цэнэг дууссан байсан. Тэгээд миний гар утсаар мобайл банкаар тоглоом дээр гарч ирсэн данс руу мөнгө шилжүүлээд сууж байсан юм. Л ах хоёр хоног тоглоод мөнгөө алдсан. Тэгээд мөнгөө алдсаныхаа дараа найз Б-ын рубль аваад өг гэсэн мөнгө байсан тэр мөнгөөр тоглоод алдчихлаа мөнгө олоод буцаагаад өгнө гэж ярьж байсан." гэх мэдүүлэг[7],

 

П.Л-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2020 оны 11 дүгээр сарын 02, 03-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Б над руу залгаад сонин сайхан юу байна гэж ярихаар нь тайвандаа мөнгө хайгаад гадуур явж байна гэж хэлсэн. Гэтэл Б надад 11 орчим сая төгрөг байна. Чи тоглоод өсгөөд хэдэн цаас олж чадахгүй биз гэж хэлсэн. Тэгэхээр нь би чадна гэж хэлээд маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б  руу залгаад юу болсон бэ гэж ярьсан. Тэгсэн чинь Б мөнгө эхнэрийн дансанд байна. Би эхнэртэйгээ яриад Л-ийн найз Оросын холбооны улсад ирчихсэн рубль хямд аваад өгч чадна гэнэ гэж ярьсан. Рубль авахад 200,000 төгрөг дутуу байгаа чи тэр мөнгийг нь тоглоод өсгөөд өгөөрэй гэж хэлсэн юм. Б-ын гол санаа нь надтай найз хэдий ч амьдралтай хүн болохоор өөрөөсөө мөнгө гаргаад өгчих чадвар байхгүй болохоор эхнэртээ зөвөөр ойлгуулаад намайг мөнгөтэй болгоход тусалчих санаатай байсан юм. Би Баас ..........  тоот дансаар 11,815,000 төгрөг шилжүүлж аваад Улаанбаатар хотод хороололд ПС-ний газар цахим рулет гэдэг тоглоом тоглосон. Би Б-аас авсан 11,815,000 төгрөгийг бүгдийг нь тоглоомд зарцуулаад дуусгасан. Би тоглоомоос болоод найзынхаа итгэлийг алдаад хохироосон учир миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг[8],

Шүүгдэгч П.Л-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар[9] болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч П.Л-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч П.Л нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Н.Б-аас 11,815,000 /арван нэгэн сая найман зуун арван таван мянга/ төгрөгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан “залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч П.Л нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Н.Б-аас 11,815,000 төгрөгийг залилан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. гэв.

 

Шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бол үйлдлийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх замаар өмчлөгч, эзэмшигчийг эд хөрөнгөө өөрөө өгөхөд хүргэж, шилжүүлэн авах хэлбэрээр үйлдэгддэг.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч П.Л нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж бусдын 11,815,000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч П.Л-ын шунахай сэдэлт, амар хялбар аргаар мөнгө олох зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч П.Л-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж бусдын эд зүйлийг шилжүүлэн авч “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч  Н.Б-д 11,850,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч хохиролд 4,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, 7,815,000  төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-оос 7,815,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бад олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүхээс П.Л-ыг гэм буруутайд тооцсон тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан шүүгдэгч П.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулах, шүүгдэгч нь 2 хоног хойшлуулшгүйгээр баривчлагдсан байгааг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө тодорхой хэмжээгээр барагдуулсан. Манат гэдэг мөнгийг буцаж ирсний дараа хохирогчид 7 сая төгрөгийг төлнө. Одоогийн байдлаар манат ирээгүй байгаа тул 4 сая төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа гэж үзэхээр байна. Туркменистан гэдэг улсын мөнгө тул зарагдах боломжтой гэж ойлгож байгаа юм. Иймд шүүгдэгчид 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргаж байна. Цагдан хоригдох юм бол хохирол төлбөр төлөх боломжгүй болох бодит байдал байгааг шүүх харгалзан үзнэ үү.” гэв.

 

Шүүгдэгч П.Л-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч П.Л нь урьд 2 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч П.Л-т эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Л-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч П.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 2 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож ялаас хасаж, эдлэх ялыг 11 сар 28 хоногийн хугацаагаар тогтоож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 11 сар 28 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, өөрийн оршин суух газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч П.Л нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 11 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 2 хоног цагдан хоригдсон, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт П-ын Л-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-т 1 жилийн хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-т шүүгдэгчийн цагдан хоригдсон 2 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож оногдуулсан ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 11 сар 28 хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

4. Өршөөл үзүүлэх тухай 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 11 сар 28 хоногийн хорих ялыг мөн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.  

 

5. Шүүгдэгч П.Л-т оногдуулсан 11 сар 28 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарласан ялын бүсийг Улаанбаатар хотоос өөр чиглэлд явахгүй байхаар тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Л нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч П.Л нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-оос 7,815,000 төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 1002-05 тоотод оршин суух хохирогч Н.Б /РД: ......, утас-......... /-д олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9 дэх заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Л-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 07-08, 141-142 тал

[2] Хавтаст хэргийн 10 тал

[3] Хавтаст хэргийн 13 тал

[4] Хавтаст хэргийн 14 тал

[5] Хавтаст хэргийн 21-28 тал

[6] Хавтаст хэргийн 143 тал

[7] Хавтаст хэргийн 144-145 тал

[8] Хавтаст хэргийн 132-133, 135-136 тал

[9] Хавтаст хэргийн 84, 87-89 тал