Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2022/00103

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2021/00689

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, шүүгч Д.Алтантуяа, Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...... аймгийн ...... сум, ..... дүгээр баг, ..... дугаар хороолол, нүүдэлчдийн ....-..... тоотод оршин суух А боржигон овогт Д-н М /РД: ....../-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...... аймгийн ..... сум, ... дугаар баг, .... дугаар хороолол, ..... дугаар байр, .... тоотод оршин суух ..... овогт Д-н О /РД:......../-д холбогдох

"Хохирол ...... төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага бол ..... аймгийн ..... сумын .... баг .... хороолол, ...... тоотод байрлах ..... м.кв газар чөлөөлүүлэх, өмчлөлийн хашааг нурааж хохирол учруулсан учир хохирол болох ..... төгрөг, хууль бус үйлдлээс болж гарсан зардал буюу өмгөөллийн хөлс ..... төгрөг, нийт ...... төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь Д.М нь ..... аймгийн ...... сумын .... баг ..... хороолол, ...... тоот ..... м.кв газар ..... жилийн хугацаатай эзэмшдэг. Үүнийгээ тойруулаад блокоор хашаа барьсан байсан. Гэтэл урд талын хөрш хашааг нь нурааж, газраас нь ..... м.кв газрыг нурааж өөрсдийн хавтангаар хашаалж өмчлөх эрхэд халдсан тул дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлага гаргаж эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Хашааны үнийг Ашид билгүүн ХХК-ийн үнэлсэн үнэлгээний дагуу бууруулж ...... төгрөг нэхэмжилж байна. Ингээд ..... аймгийн ..... сумын ..... баг ..... хороолол, ...... тоотод байрлах ..... м.кв газар чөлөөлүүлэх, өмчлөлийн хашааг нурааж хохирол учруулсан учир хохирол болох ..... төгрөг, хууль бус үйлдлээс болж гарсан зардал буюу өмгөөллийн хөлс ...... төгрөг, нийт ..... төгрөг гаргуулах нэхэмжилж байна.” гэв.

Хариуцагч Д.О нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би 2007 онд Дархан-Уул аймгийн Газрын албанд хүсэлтээ өгөөд 2008 онд 10 жилийн хугацаатай авсан. 2008 онд газраа үзчихээд 2009 онд газраа хаших гээд очтол хажуу талын М гээд байгаа айлынх  газрын албанаас манайд олгосон газар руу  10 гаруй метр газар оруулаад хашаалсан байсан. Тэгээд газрын албан дээр буцаад очихоор та нар хүнийг нь олж уулзаад өөрсдөө учраа ол, олохгүй бол шүүхээр шийдүүл гэсэн зүйл ярьсан. Манай тэр газар нь хоёр талаараа цахилгааны болон дулааны шугамтай газар байсан. 0,5 нь болохоор дундуураа шугамтай байсан. Тэр хөрш маань одоо эн М аав Д гэх хүн байсан. Д гуайтай уулзахад эхний удаад уурласан, тийм зүйл байхгүй, бид хуулийн дагуу явж байгаа гээд байсан. Би тантай учраа олохгүй бол шүүхээр шийдвэрлүүлье гэсэн. Тэгээд 2 сарын дараа Дугархүү гуай залгаад манай хүрээд ир уулзъя гэсэн. Газрын албанаас хэлэхдээ 10 гаруй метр орсон байна гэж хэлсэн. Гэрт нь яваад очиход тэр хүн өөрөө санал тавьсан. Танай байгаа хэмжээгээр буцаах гэхээр манайх орох газар газаргүй болоод байна гэхээр нь бид зөвшөөрөөд тал газраа өгсөн. Бид ингээд аавтай нь тохирсон байсан. Бид тохиролцоотой байсан учраас байшин барихдаа л хашаагаа сунгая гэж бодоод байсан.

 

Д гуай өнгөрсөн гэдгийг мэдээгүй. Бид Д гуайтай ярьж тохирсон байсан учраас  хашааг нураасан нь үнэн. Хашаа нураасан учир түүний үнэ 2.230.500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Харин өмгөөллийн хөлсийг зөвшөөрөхгүй байгаа. Бид тохирох боломжтой байсан боловч уулзаагүй шүүхэд хандсан тул өмгөөллийн хөлс төлөх боломжгүй.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад 

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Д.О .... м.кв газар чөлөөлүүлэх, миний өмчлөлийн хашааг нурааж, учруулсан хохирол төлбөр ...... төгрөг, өмгөөлөгчийн хөлс ...... төгрөг, нийт ..... төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээний үнийн дүнгээр хашаа нурааж учруулсан хохирлыг ...... төгрөг болгон багасгасан болно.

 

Хариуцагч 2008 онд уг газрыг Засаг даргын 63 дугаар захирамжаар авсан байдаг, газраа хэмжүүлэх гээд очтол хажуу айл маань олгогдсон газар луу 10 гаран метр орсон байна гэсэн. Тэгээд Д буюу М аав өөрөө залгаад бүгдээрээ тохиролцоё гэсний дагуу би хашаагаа сунгасан, энэ нь манайд олгосон газрыг хэмжилт хийж сунгасан болохоос дураараа сунгаагүй, энэ ..... м.кв газар бол манайх, харин хашааг маргаантай байж сунгасан нь миний буруу учраас тэр ....... төгрөгийн хохирлыг би төлнө гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, маргадаг болно.

 

...... аймгийн ...... сумын .....-р баг, ......-р хороолол, ....... тоот байрлах нэгж талбарын ...... дугаар бүхий ...... м.кв газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

..... аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ..... тоот захирамжийн дагуу ....... аймгийн ..... сумын ..... дүгээр баг, .... дугаар хороолол, ..... дугаар гудамжны ..... тоот хаягт байрлах, нэгж талбарын ..... дугаар бүхий .... м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар ..... жилийн хугацаатай Д овогтой М-д эзэмших эрх олгосон нь ...... дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ....... дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбаруудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч ....... ХХК-иар газрын хэмжилт хийлгэсэн, одоо байгаа хашааны хэмжээг ..... м.кв, хашааны дутуу хэсэг ..... м.кв гэж тайлбарлаж маргадаг хашааны хийц, хэлбэр зэргээр энэ нь ялгарч байгаа нь хэрэгт авагдсан гэрэл зурагт харагдаж байна.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл газар эзэмших талаар зохигчид маргаантай байх тул энэхүү маргаантай асуудлаа зохих шатны Засаг даргаар шийдвэрлүүлсэний дараа маргаантай байвал дахин шүүхэд энэ талаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Миний өмчлөлийн хашааг нурааж, учруулсан хохирол болох ...... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хууль бус үйлдлээс нь болж гарсан зардал ..... төгрөгийн өмгөөлөгчийн хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

....... аймгийн тойргийн нотариатчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ..... дугаартай Д.М Н.Б 3 жилийн хугацаанд олгосон итгэмжлэл /хх-ийн ....-р тал/-ийг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа буюу 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Н Б ..... банкны ..... дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн ......-р тал/ зэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүх хуралдааны үед тус тус гаргаж өгсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 14-т өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8-д заасны дагуу өмгөөлөгч авах нь нэхэмжлэгч Д.М хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д: “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр  гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд Д.О нэхэмжлэгч Д.М өмгөөлөгч авч, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлсний төлөө хохирол төлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд өмгөөллийн хөлс ...... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэдийн төлөөлөгч Д.Г “айлын эд хөрөнгө нураасан нь үнэн. 6м газар нэхэмжлэгч тал дээр баримт байхгүй тул өмгөөлөгчид мөнгө төлөх болно. Нэхэмжлэлийн 142 м.кв газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь 142 м.кв газар нь Д.О мөн эсэх талаар нотлох баримт байхгүй байна.” гэсэн дүгнэлт гаргасан боловч дээрх үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар газар эзэмших эрхийн талаар маргаантай, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчсөн, өмгөөлөгч авах эрх нь нээлттэй боловч тухайн өмгөөлөгчийн зардлыг хариуцагчаас нэхэмжилж буй нь үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ...... төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдах үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж ...... төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан өмгөөлөгчийн хөлс ....... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээний үнийн дүнгээр хашаа нурааж учруулсан хохирлыг ....... төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Д.О хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар ....... аймгийн ...... сумын .....-р баг, ......-р хороолол, ...... тоот байрлах нэгж талбарын ...... дугаар бүхий ..... м.кв газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ...... төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдах үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж ....... төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ЖАВХЛАНТӨГС

 

          ШҮҮГЧИД                              Д.АЛТАНТУЯА

 

                                                            З.ТУНГАЛАГМАА