Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 209/МА2022/00030

 

*******н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                                                                                    Хэргийн индекс: 135/2021/00689/и

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  01 дүгээр сарын 12-ны өдрийн 103 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******н нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох     

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 2 хороолол, ******* тоотод байрлах 142 м.кв газар чөлөөлүүлэх, өмчлөлийн хашааг нурааж хохирол учруулсан 2,230,000 төгрөг, хууль бус үйлдлээс болж гаргасан зардал 2,500,000 төгрөг нийт 4,730,000 төгрөг гаргуулах” тухай,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

            1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа :

Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 баг 2 хороолол, ******* тоот 1161 м.кв газар эзэмшдэг. Үүнийгээ тойруулаад блокоор хашаа барьсан байсан.

Гэтэл урд талын хөрш манай хашааг нурааж, газраас нь 142 м.кв газрыг өөрсдийн газар луу илүү оруулан хашаалж өмчлөх эрхэд халдсан, 142 м.кв газрыг  чөлөөлүүлэх,

Хашааг нурааж хохирол учруулсан үнийг ******* ХХК-ийн үнэлсэн үнэлгээний дагуу 2.230.000 төгрөг болгон бууруулж байна.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 баг 2 хороолол, ******* тоотод байрлах 142 м.кв газар чөлөөлүүлэх, өмчлөлийн хашааг нурааж хохирол учруулсан учир хохирол болох 2.230.000 төгрөг, хууль бус үйлдлээс болж гарсан зардал буюу өмгөөллийн хөлс 2.500.000 төгрөг, нийт 4.730.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй, татгалзаж байна.

2008 онд уг газрыг Дархан-Уул аймгийн Засаг даргын 63 дугаар захирамжаар авсан. Газраа хэмжүүлэх гээд очтол хажуу талын манайд олгосон газар луу 10 метр илүү оруулаад хашаалсан байсан.

гуайтай уулзахад эхний удаад уурласан боловч дараа нь  уулзъя гээд танай хэмжээгээр буцаах гэхээр манайх машин орж, гарах газаргүй болоод байна гэхээр нь бид зөвшөөрөөд тал газраа өгсөн.

гуай өнгөрсөн гэдгийг мэдээгүй. Бид гуайтай ярьж тохирсон байсан учраас хашааг нураасан нь үнэн. Хашаа нураасан учир түүний үнэ 2.230.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Харин өмгөөллийн хөлсийг зөвшөөрөхгүй байгаа. Бид тохирох боломжтой байсан боловч уулзаагүй шүүхэд хандсан гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн ******* ХХК-ийн хохирлын үнэлгээний үнийн дүнгээр хашаа нурааж учруулсан хохирлыг 2,230,000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р баг, 2-р хороолол, тоот байрлах нэгж талбарын 4505701725 дугаар бүхий 1161 м.кв газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,622 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдах үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж 52,638 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 103 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

 Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-д заасны дагуу зохих шатны Засаг дарга шийднэ гэж шийдвэрлэсэн нь буруу юм.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.1-д заасан маргаан биш хууль ёсны эзэмшил рүү нь дур мэдэн халдсан үйлдлээс үүссэн маргаан. Маргаан бүхийн газрын хууль ёсны эзэмшигч нь ******* юм. Иймд хууль бус эзэмшлээс 142 м.кв газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Дархан сум 14 дүгээр баг, 2 дугаар хороолол Нүүдэлчдийн 6-612 тоотод байрлах 142 м.кв газар чөлөөлүүлэх, өмчлөлийн хашааг нураасаны улмаас учруулсан хохирол 2,230,000 төгрөг, хууль бус үйлдлээс болж гарсан зардал 2,500,000 төгрөг нийт 4,730,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* нь хашаа нурааснаас учирсан  хохирол гэх 2,230,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2.а. Нэхэмжлэгч *******, Дархан сумын газрын алба нарын хооронд   Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01-А/334 тоот захирамжийг үндэслэн  2020 оны 03 дугаар сарын 6-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулагдсан, улмаар *******д  2020 оны 03 дугаар сарын 16-ний өдөр газар эзэмших эрхийн тоот гэрчилгээ олгогдсоны дагуу тэрээр Дархан  сумын 14 дүгээр баг 2 дугаар хорооол Нүүдэлчдийн 6-612 хаягт байрлах 1161.0 м.кв газрыг 20 жилийн хугацаатай эзэмшихээр болжээ./хх-5-8/

3. Хариуцагч  шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2008 онд уг газрыг Засаг даргын захирамжаар авсан, Мөнхманлайн аав гуайтай тохирсон байсан, тэр хүнийг нас барсан гэдгийг мэдээгүй, бид  ярилцаж тохирсноороо 16 метр газар авах ёстой, гэтэл эдний хүсэлтийн дагуу 6 метр газар л авсан, уг газрыг чөлөөлөх бодолгүй байна. Тэр хэсэг газар миний л газар, Мөнхманлай сүүлд газрын хэмжээгээ өөрчлүүлж гэрчилгээ авсан юм шиг байна лээ, хүний газарт халдсан гэдгийг зөвшөөрөхгүй, надад ч 2008 онд авсан газрын зураг байгаа, өнөөдөр тэр зураг, баримтууд хэрэг болно гэдгийг мэдээгүй, нотлох баримт гаргаж өгдөг талаар сайн мэдэхгүй байсан гэх агуулга бүхий тайлбар гаргасан байна./хх-29,64-66/

Тэрээр  давж заалдах шатны шүүх хуралдаанд маргаан бүхий 142 м.кв газар нь бүх бичиг баримттайгаа миний хууль ёсны өмчлөлийн газар, кадастрын зураг дээр миний газар болох нь харагдаж байгаа, ... эрх, үүрэг тайлбарласныг сайн ойлгож, анзаараагүй гарын үсэг зурсан, анхан шатны шүүхэд  кадастрын зургаа авч очсон, шүүх хуралдаан дээр гаргаж өгөх гэсэн боловч одоо авахгүй гэсэн, гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан.

Энэхүү баримтыг гаргаж өгсөн, аваагүй гэх талаарх хэсэг нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байх тул “тэмдэглэл”-д зохигчийн тайлбар, асуулт,хариулт бүрэн тусгагдсан эсэх эргэлзээтэй. 

3.а. Хэргийн 27 дугаар талд “зохигч, ... д эрх, үүрэг тайлбарласан тухай” /баримт№5/ авагдсан байх бөгөөд уг баримтын “танилцаж ойлгосон” гэх хэсэгт хариуцагч ******* гарын үсэг зурсан байх боловч энэ нь  түүнд   эрх,  үүргийг үгчлэн бүрэн танилцуулж, тайлбарлаж өгсөн гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан зохицуулалтаар шүүгч нь зохигчдод шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх үүрэгтэй.

Гэтэл энэхүү ажиллагааг шүүх эрх, үүрэг танилцуулсан баримтад хэргийн оролцогчдоор гарын үсэг зуруулснаар хязгаарласан, мөн хариуцагчид  мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх  боломжийг олгоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зохигчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж үзнэ.

3.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө” гэж,

Хуулийн 38.9-д шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, ... эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж,

Хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж тус тус заасан.

Хэргийн оролцогчоос шаардлага болон  татгалзалтай холбоотой   нотлох баримтыг шүүх хуралдааны үед  гаргаж өгсөн тохиолдолд шүүх хүлээн авах эсэхийг дээрх хуульд заасны дагуу шийдвэрлэх учиртай.

Хэдийгээр шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд: шинээр гаргаж өгөх нотлох баримт болон хүсэлт байгаа талаар тодруулахад зохигч нар “байхгүй” гэж тэмдэглэгдсэн байх боловч үүгээр хэргийн оролцогчийн эрх  зөрчигдөөгүй гэж үзэхэд учир дутагдалтай байна.

4. Хэрэгт дан ганц нэхэмжлэгч талын газар эзэмшихтэй холбоотой бичгийн баримтууд авагдсан байдаг, хариуцагчийн гаргасан тайлбарын агуулгаас  үзвэл:  тэрээр  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг бүрэн ойлгож, өөрийн татгалзалтай холбооотой нотлох баримт гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэхэд эргэлзээтэй,

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлага болон хэргийн үйл баримтыг  бүрэн тогтоолгүй, урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн  үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй  байна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 103 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                           ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Х.БАЙГАЛМАА

                                                                   ШҮҮГЧИД                                 Г.ДАВААРЕНЧИН 

                                                                                                                   Б.ОЮУНЦЭЦЭГ