Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 135/ШШ2022/00225

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2022/00067/и

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ........ хот, ..........дүүрэг, ............ хороо, .............. тоотод оршин суух ........ овогтой ......... /регистрийн дугаар:............/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............. аймаг, .......... сум, ............ баг, ............., .........тоотод оршин суух ....... овогтой ............./регистрийн дугаар:.........../-д холбогдох,

............... төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ж /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...А-н Ж миний бие Б-н Б буюу хариуцагчид 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэл автомашинаа хоногийн .......... төгрөгөөр түрээсэлсэн. .......... маркийн машин. Түрээсийн гэрээ болгож гараар нь тайлбар бичүүлсэн. Эвдрэл гэмтэл гарвал засварлагдах хүртэл түрээслэгдэнэ, илүү цаг хэтэрвэл цаг тутамд ....... төгрөгөөр тооцно. Тэгээд зорчигчийн амь нас, эрүүл мэнд жолооны дүрмээ сахин биелүүлнэ гэдгийг гараар нь бичүүлэхэд Б.Б энэ тухай бүрэн ойлгоод гарын үсэг зурсан. Энэ баримтыг хэргийн материалд хавсаргасан.

Б.Б яг 14-ний өдөр автомашинаа хүлээлгэж өгөөгүй, 16-ны өдөр 16 цаг 30 минутад хүлээлгэж өгсөн. Нийтдээ манай автомашиныг нийт тооцоолсон цагаас 50 цаг хоцруулж өгсөн гэж тооцоод, тэгээд цагийн ......... төгрөгөөр тооцоход .......... төгрөг болдог. Ингээд барьцаа ........... төгрөгийг хасахаар .......... төгрөгийг нэхэмжилж байна.

Өмнө нь 14-нд автомашинаа авчраагүй, 15-нд авчраагүй, 16-нд авчрах хүртэл холбогдож байсан. Б.Б ээж гэдэг хүн нь сунгалтын мөнгийг нь одоо шилжүүлчихье. Манай хүү одоо машиныг чинь аваачаад өгнө гэж хэлсэн. Сунгалт шилжигдвэл бид нар алданги, илүү цаг хоцорсон бол цагийн ....... төгрөг гэдгийг тооцохгүй байя гэж байсан боловч яг тэр мөнгөн дүнгээ шилжүүлэлгүй, өнөөдөр 2022 он гарчихсан, цаг хугацаа нь өнгөрчихсөн. Ийм байдалтай байгаа учраас бид нар яалт ч үгүй, цагийн ...... төгрөгөөр тооцно гээд гар, хөлийн үсгийг нь зуруулсан болохоор үүгээрээ нэхэмжилж байна. Автомашин ирэхдээ урд гупер нь салсан байсан. Бодвол чирсэн бололтой. Чирээд тогтоогчийг нь буруу угсарсан байх шиг байсан. Салгачихаад буцаад угсрахдаа буруу угсарсан. Түүнээсээ болоод гупер нь эвлэх боломжгүй болсон байсан. Энийг Шунхлай автосервис дээр очиж янзлуулсан тул оруулж тооцсон. Ер нь бол манайх барьцаагүй автомашин гаргадаг нь болохоор дэлхий дахинд байдаг энэ үйлчилгээг аль болох Монгол улсдаа нэвтрүүлчих юмсан. Өөрсдийн байгаа боломжоор зөв талдаа жолоотой, сэлбэг байдаг, хямдхан өртөгтэй автомашинаа барьцаагүй, хямд барьцаатай, залуучуудад төвөггүй өгөх, нэвтрүүлэх зорилготой. Тэгээд ер нь дандаа өсвөр насны үеийн дөнгөж жолооны курс төгссөн үнэмлэхтэй, цэргээс халагдсан гэх хүмүүс авдаг. Авахдаа гар хөлийн үсгээр зурсан баримт бол зөв зүйл, хуулийн дагуу юм. Хохирол учруулснаар шүүхэд хандаж, хохирлыг шийдвэрлүүлснээр тухайн хохирол учруулсан түрээслэгч маань ирээдүйд бол ажил хөдөлмөр эрхэлж, энийгээ төлж барагдуулж, тэгээд энэ талаар өөрөө тодорхой хэмжээний ойлголт авч байгаагаараа бас шүүхэд хандсаны давуу тал болов уу гэж ойлгож байна. Одоогийн байдлаар бол яг барьцаагүй учраас шийдвэрлэгдэх боломжгүй, гэхдээ гэрээ болон баримт бичигт заасан Иргэний хуулийн 10 дугаар заалтаар гар, хөлийн үсэг зурсныг гэрээ гэж тооцоод ингээд ........ аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан, шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өнөөдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Энэ Б.Б бол Анагаахын Үндэсний их сургуульд сурдаг оюутан юм билээ. Тэгээд Б.Б нь ........ улсын дугаартай ......... маркийн машиныг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 30 минутаас 14-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл ....... төгрөгөөр түрээсэлсэн. Барьцаанд ......... төгрөг төлсөн. Барьцааг илүү цагийн мөнгө тооцоод нэмж ....... төгрөг өгөх боломжтой. Машиныг нийт 3 хоног хэрэглэсэн, тооцоход ........ төгрөг болж байна. Үүнээс .........төгрөгийг төлсөн. Талуудын хооронд түрээсийн гэрээ байхгүй, хүлээн авсан өгсөн гарын үсэг зурсан баримт бий. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.7-д тус тус зааснаар уг гар бичмэлийг гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас ......... төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, үлдэх ........ төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хүнээс үйлчилгээ авсан нь үнэн. ........... төгрөгийг төлсөн. ..........төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар Б 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 14 цаг 30 минутаас дараа өдөр болох 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл хоногийн ............ төгрөгөөр .......... автомашиныг түрээслэсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч Б.Б холбогдуулан гэрээний үүрэгт заасан .......... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Б.Б 2021 оны 12 дугаар сарын         13-ны өдөр 14 цаг 30 минутаас дараа өдөр болох 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл хоногийн ......... төгрөгөөр .......... автомашиныг түрээсэлсэн. Түрээсийн гэрээг орлох Б.Б........ авто машин хүлээн авахдаа бичиж гарын үсгээ зурсан гар бичмэлд илүү цаг тутам .......... төгрөг хэмээн зөвшөөрсөн тухай заажээ. ...гэрээний үүрэгт заасан цагийн ......... төгрөг буюу нийт хоцорсон 50 цагийг үржүүлж ........... төгрөг болсон бөгөөд барьцаанд үлдээсэн .......... төгрөгийг хасч ........... төгрөгийг гэрээний үүрэг хангуулахаар нэхэмжилж байна гэж тодорхойлсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...машиныг нийт 3 хоног, 2 цаг унасны төлбөр 1 цагийн ...... төгрөгөөр тооцоход ......... төгрөгийн тооцоо гарч байгаа бөгөөд үүнээс Б.Б нь А.Ж ........ төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо ..........төгрөг өгөхөд тэдний хоорондох тооцоо дуусна гэж үзэж байна. Иргэний хуулийн 318.3, 318.4, 42.1, 42.7, 42.10-т заасан шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.

            Хэрэгт нотлох баримтаар авагдсан гараар бичсэн хариуцагчийн ...........дугаартай ....... автомашиныг 2021 оны 12 дугаар сарын 13-ны 14 цаг 30 минутаас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл .......... төгрөгөөр түрээслэв. Зам тээврийн хууль, зорчигчийн амь нас, эрүүл мэнд, автомашины эвдрэл гэмтэл бүрэн хариуцна. Эвдэрсэн тохиолдолд засварлагдах хүртэл бүрэн тооцно. Цаг хоцорвол цагийн ........ төгрөгөөр тооцно гэж гарын үсгээ зурж баталгаажуулан заажээ.

 

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд хариуцагч Б гараар бичиж өгсөн зүйлийг түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй, 318.4-т зааснаар дээрх хуулийн шаардлага хангаагүй гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг буруутгах боломжгүй юм.

            Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ., 42.7-д Бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ., 42.10-т Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө гэж тус тус зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр хийх бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Ж нь хэлцэл хийх талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, гарын үсэг зураагүй тул түрээсийн гэрээний үүрэгт ........ төгрөг төлөх үүрэг үүсэхгүй.

            Иймд нэхэмжлэгч А.Ж хариуцагч Б.Б холбогдуулан гаргасан ...... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн зөвшөөрсөн ............ төгрөгийг гаргуулан олгож үлдэх хэсэг болох .......... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, 42 дугаар зүйлийн 42.1, 42.7, 42.10, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д тус тус заасныг баримтлан А.Ж нэхэмжлэлтэй, Б.Б холбогдох ........ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Б ....... төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ............. төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,798.98 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ж олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ЖАВХЛАНТӨГС