Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 209/МА2022/00042

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00067/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  02 дугаар сарын 10-ны өдрийн 225 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “800,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ :

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

******* миний бие *******д Соната-7 маркийн машинаа 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 30 минутаас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл хоногийн 120,000 төгрөгөөр түрээсэлсэн. Түрээсийн гэрээ болгож эвдрэл гэмтэл гарвал засварлагдах хүртэл түрээслэгдэнэ, илүү цаг хэтэрвэл цаг тутамд 20,000 төгрөгөөр тооцно, зорчигчийн амь нас, эрүүл мэнд жолооны дүрмээ сахин биелүүлнэ гэж тохиролцож гараар тайлбар бичүүлж гарын үсэг зуруулсан.

******* яг 14-ний өдөр автомашинаа хүлээлгэж өгөөгүй. 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 16 цаг 30 минутад хүлээлгэж өгсөн. Нийт тооцоолсон цагаас 50 цаг хоцруулж цагийн 20,000 төгрөгөөр тооцоход 1,000,000 төгрөг болдог. Ингээд барьцаа 200,000 төгрөгийг хасахаар 800,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

******* машинаа өгөхдөө *******оос барьцаанд 120,000 төгрөг авч үлдсэн бөгөөд энэ мөнгийг 2 хоног, 2 цаг хэтрүүлсэн хугацааны тооцоонд бодож түүнд өгсөн. Нэмж 80,000 төгрөг өгөхөд хоорондох тооцоо дуусна.

Зохигчид машиныг хоорондоо шилжүүлэхдээ түрээсийн гэрээ байгуулаагүй. Гар бичмэлийг бичгээр байгуулагдсан гэрээ гэж үзэх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын 800,000 төгрөгөөс 720,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, 42 дугаар зүйлийн 42.1, 42.7, 42.10, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д тус тус заасныг баримтлан *******гийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******ын 80,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 720,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,798.98 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Түрээсийн гэрээг орлох гар бичмэл нь талууд харилцан зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг орлох баримт бичиг үйлдэн баталгаажуулсан байдаг.

Бидний хоорондох харилцааг зохицуулах гар бичмэл нь гэрээг орлох баримт бичиг баталгаа юм.

******* нь хүсэл зоригоо илэрхийлээд илүү цаг хоцорвол цагийг 20,000 төгрөгөөр тооцохыг зөвшөөрч тохиролцон гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд хохирлыг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******гийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, болсон үйл баримтаас үзвэл зохигчид  2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 30 минутаас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэлх хугацаанд хоногийн 120.000 төгрөгөөр нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн гэх Соната-7 маркийн авто машиныг хариуцагч ******* түрээсээр эзэмшихээр болж, машиныг хүлээж авсан бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Хариуцагч ******* машиныг хүлээж авахдаа “...зорчигчийн амь нас, эрүүл мэнд, авто машины эвдрэл гэмтэл бүрэн хариуцна, эвдэрсэн тохиолдолд засварлагдах хүртэл бүрэн тооцно, цаг хоцорвол цагийн 20.000 төгрөгөөр тооцно” гэж гараар бичсэн бичвэрийг нэхэмжлэгчид үлдээсэн байх бөгөөд нэхэмжлэгч ******* 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 30 минутад машинаа буцааж авсан тул нийт хоцорсон 50 цагийг тооцож, 1.000.000 төгрөгөөс хариуцагчийн барьцаанд үлдээсэн 200.000 төгрөгийг хасаж, 800.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч машиныг 3 хоног 2 цаг унасны төлбөр 1 цагийн 20.000 төгрөгөөр тооцоход 400.000 төгрөгийн тооцоо гарч байгаа бөгөөд хариуцагч ******* нэхэмжлэгчид 320.000 төгрөг бэлнээр өгсөн, үлдэгдэл 80.000 төгрөгийг төлөхөд тооцоо дуусна гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй, гэрээг бичгээр байгуулаагүй тул хуулийн шаардлага хангаагүй, мөн талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 42.7, 42.10-т заасан хуулийн шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл хэлцэл хийгч ******* хэлцэл хийх талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, гарын үсэг зураагүй тул хариуцагч ******* түрээсийн гэрээний үүрэгт 800.000 төгрөг төлөх үүрэг үүсэхгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны төрлийг зөв тодорхойлж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь талуудын хооронд үүссэн маргаан нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил ашиглалтад  тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцэж байх бөгөөд нэхэмжлэгч ******* Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д “хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг хөлслөгчид шилжүүлэх” гэж зааснаар хариуцагч *******ын эзэмшил, ашиглалтад өөрийн эзэмшлийн авто машинаа түр шилжүүлж, хэлцлээр тохиролцсон үүргээ биелүүлсэн ба хариуцагч ******* хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т “эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх” үүрэг хүлээнэ гэж зааснаар тухайн авто машиныг тодорхой хугацаанд ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй байна.

Хэргийн 4 дүгээр талд авагдсан хариуцагч *******ын гарын үсэгтэй бичвэр нь хэдийгээр нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн байх боловч талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэнийг нотолно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******ын төлөх ёстой 3 хоног,  2 цагийн төлбөр нь 400.000 төгрөг бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид 320.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 80.000 төгрөг төлнө гэж зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасныг нэхэмжлэгч ******* үгүйсгэж, няцаасан тайлбар болон нотлох баримтыг гаргаагүй буюу энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн нэхэмжлэгч ******* нь барьцааны 200.000 төгрөгийг тухайн машинд учирсан гэмтлийг засварлахад зарцуулсан гэж тайлбарладаг боловч энэ талаараа нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх” гэж заасан болон  хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан  үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч *******гийн гэрээг орлох гар бичмэлд хариуцагч нь хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсгээ зурсан, орчин үеийн залуус бусдад хохирол учруулаад хариуцлага хүлээлгүй нийгэмд хөл тавьснаар цаашид олон асуудалд хөнгөн хандаж алдана гэж үзэж байна гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт гарсан хууль хэрэглээний алдааг залруулж, зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  02 дугаар сарын 10-ны өдрийн 225 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, 42 дугаар зүйлийн 42.1, 42.7, 42.10, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д” гэснийг

“Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2-т” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******гаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.830 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.                       

        

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.БАЙГАЛМАА

                                                    ШҮҮГЧИД                                    Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                        Л.АМАРСАНАА