Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 104/ШШ2022/00412

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                    

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, 24-19 тоотод оршин суух, Харчин овогт Начинбаатарын Зоригтбаатар /РД:ЧД79061017/,

Хариуцагч: Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Шинэ Налайх хороолол, 7-28 тоотод оршин суух, Буурлууд овогт Алтангэрэлийн Давааням /РД:УЕ62072911/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол, 4-58 тоотод оршин суух, Бодонт овогт Баасанцэрэнгийн Болдбаатар /РД:ШЗ68071513/,

Хариуцагч: Налайх дүүрэг, тоотод байрлах, ЗДБ БГБХ Нөхөрлөл /РД:6134076/,

ЗДБ БГБХ нөхөрлөлийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үүсгэн байгуулах гэрээ, хурлын протокол, үүсгэн байгуулах хурлын тогтоол зэрэгт хууль бусаар оруулсан болохыг тогтоолгох, ЗДБ БГБХ нөхөрлөлийн гишүүнээс хасуулах тухай иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Н.Зоригтбаатар, өмгөөлөгч Т.Баярцэцэг,

хариуцагч, мөн хариуцагч ЗДБ БГБХНөхөрлөлийн төлөөлөгч А.Давааням,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа.

/Хариуцагч Б.Болдбаатарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Зоригтбаатар нь Б.Болдбаатар, А.Давааням, ЗДБ БГБХ нөхөрлөлд холбогдуулан ЗДБ БГБХ нөхөрлөлийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үүсгэн байгуулах гэрээ, хурлын протокол, үүсгэн байгуулах хурлын тогтоол зэрэгт хууль бусаар оруулсан болохыг тогтоолгож, үүний үндсэн дээр ЗДБ БГБХ нөхөрлөлийн гишүүнээс хасуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: А.Давааням, Б.Болдбаатар нар нь Налайх дүүрэгт уурхай ажиллуулах тухай ярьж, намайг техник олчих мөнгө найдвартай. Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч байгаа, гадаадын банктай нийлж банк бус санхүүгийн байгууллага байгуулж байгаа учир түрээсийн төлбөрийг 14 хоногоор саадгүй өгнө хэмээн А.Давааням амлаж, Б.Болдбаатар нь баталж байсны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Өнө Орших Маргад ХХК-иас 3700 маркийн эксваторыг авчирсан ба манай Начинзориг ХХК-ийн техник, тоног төхөөрөмж /эксватор/-ийг тус тус түрээслэн ажлаа эхэлсэн. Гэтэл эксваторын түрээсийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Тухайн үед бид нөхөрлөл байгуулах талаар ярилцаагүй бөгөөд тэд намайг оролцоогүй байхад оролцсон мэтээр нөхөрлөл байгуулсан.

Үүнийг би мэдээгүй бөгөөд ЗДБ БГБХНөхөрлөлийг үүсгэн байгуулахдаа гэрээ, тогтоол дээр миний гарын үсгийг хуурамчаар үйлдэн баримтжуулж улсын бүртгэлээр нөхөрлөлийн гэрчилгээ гаргуулж авсан байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивт хадгалагдаж буй 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9020006019 дугаартай нөхөрлөлийн гэрээ, хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол, үүсгэн байгуулах хурлын тогтоол зэрэг нь Н.Зоригтбаатарын 2 гарын үсэгтэй, Болдбаатарт байсан хувиуд нь 1 гарын үсэгтэй байдаг ба прокурорт гомдол гаргахад хэрэгсэхгүй болгосон. Тэгэхэд эхний шинжээчийн дүгнэлт нь тухайн баримт дээрх гарын үсэг хуурамч гэж, дараагийн дүгнэлт дээр зарим үсэг нь таарч байна гэж гарсан.

Нөхөрлөлийн тухай хуульд зааснаар гишүүддээ мэдэгдэж өөрийнх нь саналыг үндэслэж нөхөрлөлд гишүүнээр оруулах ёстой. Гэтэл мэдээгүй байхад нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай “ЗДБ” нөхөрлөлд гишүүнээр бүртгэсэн байдаг. Үүнээс болж Өнө орших маргад ХХК-нд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөр төлөх болоод байна. Тийм учраас “ЗДБ” нөхөрлөлийн үүсгэн байгуулах гэрээ, хурлын протокол, үүсгэн байгуулах хурлын тогтоол зэрэгт хууль бусаар оруулсныг тогтоож, бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай “ЗДБ” нөхөрлөлөөс хасч өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч, мөн хариуцагч ЗДБ БГБХНөхөрлөлийн төлөөлөгч А.Даваанямын татгалзлын агуулга: Нөхөрлөлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд гишүүн нөхөрлөлөөс гарсан, хасагдсан, хөдөлмөрийн чадваргүй, нас барсан, сураггүй алга болсон зэрэг тохиолдолд нөхөрлөлийг татан буулгах асуудал яригддаг. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт “нөхөрлөлийн гишүүн бусад гишүүддээ 30 хоногийн өмнө мэдэгдсэнээр нөхөрлөлөөс гарч болно” гэж заасан байгаа. Тэгэхээр хуульд заасны дагуу нөхөрлөлөөс гарах талаар бидэнд мэдэгдээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн нэхэмжлэгч болон Болдбаатар бид 3 хамтдаа нөхөрлөлийг хамтран байгуулсан нь үнэн юм. Нэхэмжлэгч нь техник тоног төхөөрөмж, би газрын асуудлыг хариуцна гэж ярилцаж, хувьцаагаа 33.3 хувиар 3 хувааж эзэмшье гэж тохиролцон Налайхад бичил нүүрсний уурхайн чиглэлээр ажиллахаар болсон. Уул уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байтал Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас гуравласан гэрээг хүчингүй болгосноор үйл ажиллагаа зогссон.

Нөхөрлөлийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай, хувьцаагаа 3 тэнцүү хуваадаг. Нөхөрлөлийг татан буулгах эсэх асуудлыг хариуцагч Болдбаатарыг байлцуулж байгаад 3-уулаа ярилцаж байгаад татан буулгах нь зөв байх гэж бодож байна. Би ч гэсэн нөхөрлөлийн үйл ажиллагаанаас болж бусдад төлбөр төлж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч Б.Болдбаатарын тайлбарын агуулга: ЗДБ нөхөрлөлийн бичиг баримтыг уурхайн гэрт байсныг нь авч бүртгэлийн газарт аваачиж өгсөн. Нөхөрлөлийн дүрэмд Даваанямын 66 хувь, Зоригтбаатар 35 хувь эзэмшихээр гарсан. Үүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа Н.Зоригтбаатар ирж бичиг баримт тамгыг манай гэрээс авч явсан. Тэр үед би түүнд энэ нөхөрлөлийг татан буулгаарай гэж их хэлсэн. Уг нөхөрлөлийг бид гурав өөд өөдөөсөө харж сууж байгаад байгуулсан, одоо татан буулгахыг хүлээн зөвшөөрч байна гэх байр суурийг илэрхийлжээ.

 

4. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримт:

- Нэхэмжлэгчийн тайлбараар Б.Болдбаатарт хадгалагдаж байсан Н.Зоригтбаатарын 1 гарын үсэг зурагдсан гэх ЗДБ БГБХ нөхөрлөлийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үүсгэн байгуулах гэрээ, үүсгэн байгуулах хурлын тогтоол, хурлын протоколын хуулбар /ХХ-н 5-9, 75-79/,

- ЗДБ бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээний ... 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Н.Даваанямыг захирлаар томилон бүртгэсэн ... хуулбар /ХХ-н 10-11/,

- Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Болдбаатартай ярьсан ярианы бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /ХХ-н 73-74/,

 - Нэхэмжлэгчийн тайлбараар Улсын бүртгэлийн ерөнхий газарт  хадгалагдаж байсан Н.Зоригтбаатарын 2 гарын үсэг зурагдсан гэх ЗДБ БГБХ нөхөрлөлийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үүсгэн байгуулах гэрээ, үүсгэн байгуулах хурлын тогтоол, хурлын протоколын хуулбар /ХХ-н 80-87/ зэрэг баримтууд авагдсан байна.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Нэхэмжлэгч нь ЗДБ БГБХ нөхөрлөлийн үүсгэн байгуулах гэрээ, хурлын протокол, үүсгэн байгуулах хурлын тогтоол зэргийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Зоригтбаатарыг ЗДБ БГБХ нөхөрлөлийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үүсгэн байгуулах гэрээ, хурлын протокол, үүсгэн байгуулах хурлын тогтоол зэрэгт хууль бусаар оруулсан болохыг тогтоолгох, ЗДБ БГБХ нөхөрлөлийн гишүүнээс хасуулахаар өөрчилсөн.  

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

6. ЗДБ БГБХ нөхөрлөлийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үүсгэн байгуулах гэрээ, хурлын протокол, үүсгэн байгуулах хурлын тогтоол зэргийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 17 дугаар зүйлийн 17.3, Нөхөрлөлийн тухай хуулийн 2, 9, 20 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9020006019 дугаарт бүртгэсэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар зохих баримтыг үндэслэн захиргааны журмаар бүртгэсэн улсын бүртгэлийг үнэн зөвд тооцно.

Иймд хүчин төгөлдөр улсын бүртгэлд зааснаар ЗДБ БГБХ нөхөрлөлийг А.Давааням, Б.Болдбаатар, Н.Зоригтбаатар нар нь тус бүр 33.3%-ийн хөрөнгө оруулалт, эзэмшилтэйгээр байгуулан 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлжээ.

Эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрээр энэхүү улсын бүртгэлийг хүчингүйд тооцсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсонгүй.

7. Нэхэмжлэгчийн зүгээс ЗДБ БГБХ нөхөрлөлийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үүсгэн байгуулах гэрээ, хурлын протокол, үүсгэн байгуулах хурлын тогтоол зэрэгт түүний гарын үсгийг хуурамчаар зурсан болох нь гарын үсгийг баримтууд дээр 1 болон 2 удаа бичсэнээр, мөн Б.Болдбаатартай уулзахдаа бичсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотолж байгаа болохоо илэрхийлсэн.

7.а Н.Зоригтбаатарын гарын үсгийг 1 болон 2 удаа зурсан “Нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээ”-ний аль аль хувилбар /ХХ-н 75-77, 82-87/ нь  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгийн эхний хуудсанд хуулийн этгээдийн хувийн хэргийн дугаар, он, сар, өдөр бүхий баталгааны тэмдэг, бусад хуудсанд улсын бүртгэгчийн тэмдэг дарж, мэдээллийн санд оруулснаар хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэнд тооцно гэх шаардлагыг хангасан

7.б Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Б.Болдбаатартай уулзсан бичлэгт үзлэг хийсэн. Гэхдээ уг бичлэг нь эх сурвалжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан арга хэрэгслээр олж авсан гэж үзэх боломжгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар үйлдэгдсэн, мөн харилцагч этгээдэд мэдэгдсэн гэж үзэх баримтгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэв.

7.в ЗДБ БГБХ нөхөрлөлийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үүсгэн байгуулах гэрээ, хурлын протокол, үүсгэн байгуулах хурлын тогтоолд гарын үсэг нь хуурамчаар зурагдсан, түүний гарын үсэг биш гэдгийг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтаар шүүхийн өмнө нотолж чадаагүй. Мөн нэхэмжлэгч нь зөрүүтэй баримтууд болон нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийнх нь гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй болохыг дурдвал зохино.

7.г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан.

Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын мэтгэлцээний байр суурийн зөрүүнээс хамааран шүүхийн санаачилагаар шинжээч томилох хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой. Гэхдээ мэтгэлцээний тэнцвэртэй байдлыг хадгалах, хэрэг хянан шийдвэрлэхэд баримтлах талуудын бүрэн эрхийн зарчмыг хангах үүднээс шүүхийн санаачилагаар шинжээч томилоогүй болно.

Мөн дээрх гарын үсэг хуурамчаар зурсан гэх асуудлыг Цагдаагийн байгууллага, Прокурорын байгууллагад эрүүгийн журмаар гомдол гарган шалгуулсан боловч гомдлыг хэрэгсэгүй болгож шийдвэрлэсэн, ийнхүү хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдол гаргаагүй болохоо нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад тайлбарласан.

8. Иймд ЗДБ БГБХ нөхөрлөлийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үүсгэн байгуулах гэрээ, хурлын протокол, үүсгэн байгуулах хурлын тогтоол зэрэгт Н.Зоригтбаатарын гарын үсгийг хуурамчаар зурж хууль бусаар оруулсан үндэслэл тогтоогдоогүй, нөхөрлөл үүсгэн байгуулсныг зохих баримтад үндэслэн хуульд зааснаар бүртгэсэн улсын бүртгэл хүчинтэй байх тул Н.Зоригтбаатарыг ЗДБ БГБХ нөхөрлөлийн үүсгэн байгуулах гэрээ, хурлын протокол,  үүсгэн байгуулах хурлын тогтоол зэрэгт хууль бусаар оруулсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

9. Нөхөрлөлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүнээс хасах нөхцөлийг заасан. Харин нэхэмжлэгч нь анхнаасаа уг нөхөрлөл үүсгэн байгуулахад оролцоогүй гэж гишүүнээс хасуулах нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн. Өмнө өгсөн дүгнэлтээр нэхэмжлэгчийг А.Давааням, Б.Болдбаатар нарын хамт ЗДБ БГБХ нөхөрлөлийг үүсгэн байгуулсан, энэ талаар хүчин төгөлдөр улсын бүртгэл хийгдсэн гэж үзсэн учир Нөхөрлөлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гишүүнээс хасуулах, гарах ёстой билээ.

Иймд нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй шалтгаанаар нөхөрлөлийн гишүүнээс хасах үндэслэгүй тул нөхөрлөлийн гишүүнээс хасуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Цаашид Нөхөрлөлийн тухай хуульд заасан журмын дагуу гишүүнээс хасах, гарах, нөхөрлөлийг татан буулгах асуудал нээлттэй болохыг дурдвал зохино.

10. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Нөхөрлөлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Н.Зоригтбаатарын хариуцагч А.Давааням, Б.Болдбаатар, ЗДБ БГБХ нөхөрлөлд холбогдуулан гаргасан ЗДБ БГБХ нөхөрлөлийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үүсгэн байгуулах гэрээ, хурлын протокол, үүсгэн байгуулах хурлын тогтоол зэрэгт хууль бусаар оруулсан болохыг тогтоолгох, ЗДБ БГБХ нөхөрлөлийн гишүүнээс хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ