Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01973

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01973

 

Н.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 104/ШШ2022/00412 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Н.З-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ЗДБ БГБХ нөхөрлөл болон А.Д, Б.Б нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ЗДБ БГБХ нөхөрлөлийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үүсгэн байгуулах гэрээ, хурлын протокол, үүсгэн байгуулах хурлын тогтоол зэрэгт хууль бусаар оруулсан болохыг тогтоолгох, ЗДБ БГБХ нөхөрлөлийн гишүүнээс хасуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.З, түүний өмгөөлөгч Т.Б, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ЗДБ БГБХ нөхөрлөлийг үүсгэн байгуулахдаа гэрээ, тогтоол дээр миний гарын үсгийг хуурамчаар үйлдэн баримтжуулж улсын бүртгэлээр нөхөрлөлийн гэрчилгээ гаргуулж авсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивт хадгалагдаж буй 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9020006019 дугаартай нөхөрлөлийн гэрээ, хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол, үүсгэн байгуулах хурлын тогтоол зэрэг нь Н.З-ын 2 гарын үсэгтэй, Б.Б-т байсан хувиуд нь 1 гарын үсэгтэй байдаг. Прокурорт гомдол гаргахад хэрэгсэхгүй болгосон. Тэгэхэд эхний шинжээчийн дүгнэлт нь тухайн баримт дээрх гарын үсэг хуурамч гэж, дараагийн дүгнэлт дээр зарим үсэг нь таарч байна гэж гарсан. Нөхөрлөлийн тухай хуульд зааснаар гишүүддээ мэдэгдэж өөрийнх нь саналыг үндэслэж нөхөрлөлд гишүүнээр оруулах ёстой. Гэтэл мэдээгүй байхад нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай ЗДБ БГБХ нөхөрлөлд гишүүнээр бүртгэсэн. Үүнээс үүдэн Ө ХХК-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөр төлөх болоод байна. Тийм учраас ЗДБ БГБХ нөхөрлөлийн үүсгэн байгуулах гэрээ, хурлын протокол, үүсгэн байгуулах хурлын тогтоол зэрэгт хууль бусаар оруулсныг тогтоож, бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай ЗДБ БГБХ нөхөрлөлөөс хасаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч, ЗДБ БГБХ нөхөрлөлийн төлөөлөгч А.Д-ын тайлбар, татгалзлын агуулга: Нөхөрлөлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд гишүүн нөхөрлөлөөс гарсан, хасагдсан, хөдөлмөрийн чадваргүй, нас барсан, сураггүй алга болсон зэрэг тохиолдолд нөхөрлөлийг татан буулгах тухай зохицуулсан. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт заасны дагуу нөхөрлөлөөс гарах талаар бидэнд мэдэгдээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч болон Б.Б бид 3 нөхөрлөлийг хамтран байгуулсан нь үнэн. Нэхэмжлэгч техник тоног төхөөрөмж, би газрын асуудлыг хариуцна гэж ярилцаж, хувьцаагаа 33.3 хувиар 3 хувааж эзэмшье гэж тохиролцон Налайх дүүрэгт бичил нүүрсний уурхайн чиглэлээр хамтран ажиллахаар болсон. Уул уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан боловч Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас гуравласан гэрээг хүчингүй болгосноор үйл ажиллагаа зогссон. Нөхөрлөлийг татан буулгах эсэх асуудлыг бүгд ярилцаж байгаад татан буулгах нь зөв гэж бодож байна гэжээ.

3. Хариуцагч Б.Б-ын тайлбар, татгалзлын агуулга: Нөхөрлөлийн дүрэмд А.Д-ын 66 хувь, Н.З 35 хувь эзэмшихээр тусгагдсан. Уг нөхөрлөлийг бид хамт сууж байгаад байгуулсан, одоо татан буулгахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Нөхөрлөлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Н.З-ын хариуцагч А.Д, Б.Б, ЗДБ БГБХ нөхөрлөлд холбогдуулан гаргасан ЗДБ БГБХ нөхөрлөлийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үүсгэн байгуулах гэрээ, хурлын протокол, үүсгэн байгуулах хурлын тогтоол зэрэгт хууль бусаар оруулсан болохыг тогтоолгох, ЗДБ БГБХ нөхөрлөлийн гишүүнээс хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Би А.Д, Б.Б нартай ЗДБ БГБХ нөхөрлөлийг байгуулж хамтран ажиллах талаар хүсэл зоригоо илэрхийлж байгаагүй атал миний нэрийг уг нөхөрлөлд оруулсан байдаг. Налайх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дуудаж танай нөхөрлөл өртэй, өрийг хуваана гэсэн тул уг нөхөрлөлийн бичиг баримтыг нь үзтэл миний бие гишүүнээр бүртгэгдсэн болохыг мэдсэн. Улмаар цагдаагийн байгууллагад хандсан боловч миний гарын үсэг улсын бүртгэлийн газар 2 гарын үсэгтэй, нөхөрлөлд хадгалагдаж байгаа хувь нь 1 хуурамч гарын үсэгтэй байсан. Прокуророос гэмт хэргийн шинжгүй иргэний журмаар хандах талаар дурдаж хэргийг хаасан. Миний бие 2019 оноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд хариуцагч А.Д, Б.Б нар нь олдохгүй, шүүхээр эрэн сурвалжлуулж олдсон боловч тэд шүүхэд ирдэггүй. Нэг нь ирэхээр нөгөө нь алга болдог. Би Б.Б-тай уулзаж нэг гарын үсэгтэй нөхөрлөлд хадгалагдаж байсан хувийг авч байхад надад энэ нөхөрлөлийн бичиг баримтыг улсын бүртгэлд таньдаг хүнээр бүртгүүлээд А.Д нь ирсэн тухай харилцан яриаг бичлэг хийж сиди бичлэгт хуулж хэрэгт нотлох баримтаар өгсөн бөгөөд шүүхээс үзлэг хийсэн. Гэтэл шүүхээс уг бичлэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан арга хэрэгслээр авсан гэж үзэх боломжгүй гэж үзсэн. Шүүх хуралдааны явцад энэ ярьж байгаа хүн нь Б.Б болохыг А.Д хэлдэг. Мөн хуралдааны явцад А.Д-аас хаана хурал хийж протокол хөтөлж нөхөрлөл байгуулсан талаар асуухад Б.Б л бичиг баримтыг бүртгүүлж улсын бүртгэлд өгсөн талаар хариулдаг. Гэтэл нөхөрлөл байгуулж байгаа бол хамт хурал хийж, протокол хөтөлж, үүсгэн байгуулах гэрээ хийх учиртай. Гэтэл тийм зүйл огт болж байгаагүй. Хамт хурал хийж нөхөрлөл байгуулсан талаар ямар ч баримтыг хариуцагч талаас өгч нэхэмжлэлийн шаардлагыг няцаагаагүй. Анхан шатны шүүх тухайн хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд дууны бичлэг буюу CD нотлох баримтад хамаарна. Нэхэмжлэгч энэ хэргийн оролцогчид хамааралтай зүйлээ бичиж авсан CD-г хэрэгт үзлэг хийлгэхээр өгсөн. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар оролцогч хуурамч баримт гаргах буюу түүнийг хууль бусаар цуглуулахыг хориглох хэдий ч талуудын хооронд ЗДБ БГБХ нөхөрлөлийг хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан эсэх талаар ярилцаж байгаа өөрсдөд хамаарах бичлэгийг гаргасныг хувь хүний нууц гэж анхан шатны шүүхээс үнэлээгүйд гомдолтой байна. Өөр ямар ч аргаар энэ 2 хүнээс нөхөрлөл хамт байгуулаагүй талаар баримт авах боломжгүй байсан. Уулзахаараа чиний нэрийг хасна чи хамт байгуулаагүй, ийм юм болцон юм гэх зүйл ярьдаг боловч яг хууль хүчний байгууллагад ирэхээрээ тэс өөр зүйл яриад байдаг. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13, Хувь хүний нууцын тухай хуулийн 2, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хоорондын харилцан яриагаа бичсэн бичлэг хувь хүний нууцад хамаарахгүй байна. Хэргийн оролцогч бусад хүнтэй ярьж байгаа яриаг бичиж авсан уу, эсхүл өөрсдөдөө хамаарах өөрсдийн асуудлыг бичиж авсан уу, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байгаа нь нууцыг задруулсан асуудал мөн үү гэдэгт шүүх анхаарч үзээгүй бөгөөд буруу дүгнэлт гаргасан.

Шүүх үндэслэх хэсгийн 7б хэсэгт уг сиди бичлэгийг хуульд заасан хэрэгслээр олж авсан гэх боломжгүй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар үйлдэгдсэн, мөн харилцагч этгээдэд мэдэгдсэн гэх баримтгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Хоорондын яриагаа ямар байгууллагын зөвшөөрөлтэй авах ёстой байсан нь ойлгомжгүй, харилцан яриагаа бичих асуудлаа хэнд мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой юм. Шүүхийн шийдвэрийн 7г хэсэгт ...хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын мэтгэлцээний байр суурийн зөрүүнээс хамааран шүүхийн санаачилгаар шинжээч томилох хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой. Гэхдээ мэтгэлцээний тэнцвэрт байдлыг хадгалах, хэрэг хянан шийдвэрлэх баримтлах талуудын бүрэн эрхийг хангах зарчмын үүднээс шүүхийн санаачилгаар шинжээч томилоогүй гэсэн нь үндэслэлгүй.

Миний бие 2016 онд А.Д, Б.Б нарын гуйлтаар өөрийн экскаваторыг түрээслүүлж байсан боловч түрээсийн төлбөрийг огт өгөөгүй. 2020 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дуудагдаж эд хөрөнгө болон дансаа битүүмжлүүлж хохирсоор байна. Шүүхээс миний зөвшөөрөлгүй, хамт ярилцаж зөвшөөрч уг нөхөрлөлийг байгуулсан гэх баримтгүй байхад, нотлох баримтыг буруу үнэлж, өөр хоорондын харилцан яриагаа бичсэн CD бичлэгийг хувь хүний нууц хууль бус аргаар цуглуулсан нотлох баримт гэж үнэлээгүй нь үндэслэлгүй. Хариуцагч нарын худал тайлбарт үндэслэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч, ЗДБ БГБХ нөхөрлөлийн төлөөлөгч А.Д давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

7. Хариуцагч, Б.Б-ын болон давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Бид 3 ЗДБ БГБХ нөхөрлөлийг байгуулаагүй. Бүх бичиг баримтын бүрдлийг А.Д бэлдэж, танилын хүрээгээр авсан. Би удаа дараа хууль бус зүйл хийж байгаа болохыг анхааруулсан. Н.З-ын гарын үсгийг дуурайж зурахад нь чи хүний гарын үсгийг дуурай зурж болохгүй гэж хэлэхэд би утсаар зөвшөөрөл авсан гэж хэлсэн. Бид 2 үүний улмаас маргалдсан. А.Д-д хуурамч гарын үсэг зурж болохгүй бичиг баримтыг буцааж өг гэж хэлсэн. Би 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш А.Дтай уулзаагүй. Гэнэт 2019 онд Налайхын шүүхээс дуудахад мэдсэн. Налайхын шүүхэд би хамааралгүй нөхөрлөлийн 33 хувийг Н.З, 66 хувийг А.Д эзэмшдэг талаар хэлсэн. Н.З гарын үсэг зураагүй, А.Д зурсан болохыг би олон удаа хэлж байна. Гомдлыг дэмжиж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Н.З нь Н.З-ыг ЗДБ БГБХ нөхөрлөлийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үүсгэн байгуулах гэрээ, хурлын протокол, үүсгэн байгуулах хурлын тогтоолд хууль бусаар оруулсан болохыг тогтоолгох, ЗДБ БГБХ нөхөрлөлийн гишүүнээс хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй шийдвэрлэсэн буруу.

Нэхэмжлэгч нь ЗДБ БГБХ нөхөрлөлийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үүсгэн байгуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түүний үр дагаврыг арилгуулахаар шаардаж байгаа эсэх, эсхүл хурлын протокол, үүсгэн байгуулах хурлын тогтоол зэрэгт Н.З-ын нэрийг хууль бусаар оруулсан болохыг тогтоолгох, нөхөрлөлийн гишүүнээс хасуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулснаар талууд тухайн маргааны талаар мэтгэлцэх, нотлох баримт бүрдүүлэх эрх хангагдах бөгөөд шүүхийн зүгээс хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг хэрэглэж, маргааныг нэг мөр шийдвэрлэх боломж бүрдэнэ.

4. Хавтаст хэрэгт авагдсан ЗДБ БГБХ нөхөрлөлийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үүсгэн байгуулах гэрээ, хурлын протокол, үүсгэн байгуулах хурлын тогтоолд прокурорын байгууллагаас хуулбар үнэн тэмдэг дарагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцэхгүй байна. /хх 5-11, 75-87/

ЗДБ БГБХ нөхөрлөлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар анх бүртгүүлэхдээ ямар баримт бүрдүүлсэн, уг баримтад хожим өөрчлөлт оруулсан эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

5. Нэхэмжлэгч хариуцагч нар ЗДБ БГБХ нөхөрлөлийг үүсгэн байгуулахдаа гэрээ, тогтоол дээр миний гарын үсгийг хуурамчаар үйлдэн баримтжуулж, улсын бүртгэлээс нөхөрлөлийн гэрчилгээ гаргуулсан гэж тайлбарлаж байхад анхан шатны шүүх уг гэрээнд зурагдсан гарын үсэг Н.З-ын гарын үсэг мөн эсэх талаар тодруулах, талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг хийгээгүй байна.

6. Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 104/ШШ2022/00412 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

С.ЭНХБАЯР