Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 153/шш2022/00473

 

 

 

 

 

 

2022 08 04 153/ШШ2022/00473

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* орлогч *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан баг, ******* тоотод байрлах, ******* ХХК -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг 200,000,000 төгрөг, хугацааны хүү 12,448,611 төгрөг, нийт 212,448,611 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* орлогч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн ИТХ-ын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Төсөл сонгон шалгаруулах журам-ыг батлан гаргасан бөгөөд уг журмын хүрээнд аймгийн ******* 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр захирамжаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан.

Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр ирүүлсэн төслүүдийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хүлээн авсан ба ******* ХХК-ийн төслийг шалгаруулан мөн оны 06 дугаар сарын 28-ны өдөр аймгийн ******* орлогч ******* болон ******* ХХК-ийн захирал ******* нарын хооронд Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээ-г байгуулсан.

Гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийн зээлийг сарын 0,025 хувь буюу нийт 12,448,611 төгрөгийн хүүтэйгээр, 36 сарын хугацаагаар олгосон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хугацаа дууссан тул гэрээг цуцлах шаардлагагүй болсон ба гэрээний үүргийн дагуу ******* ХХК-д олгосон зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 12,448,611 төгрөг, нийт 212,448,611 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэв.

2. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн зүгээс 200,000,000 төгрөгийн зээл авсан, зээлийг төлнө гэдэгт маргахгүй байна. Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* орлогч *******, хариуцагч ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцалж, зээлээр олгосон 200,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэгч нь зээлийн хүүг бүхэлд нь шаардах эрхгүй. Анх шүүхэд нэхэмжлэл гаргасан огноо буюу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацааны хүүг нэхэмжлэх эрхгүй. Учир нь тухайн үед гэрээний хугацаа дуусаагүй байсан. Одоо гэрээний хугацаа дууссан тул гэрээний үүргийг хэрхэн биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийх шаардлагагүй. Үндсэн зээл 200,000,000 төгрөгийг төлөх бөгөөд зээлийн хүүг төлөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс: Ховд аймгийн ******* Тамгын газрын дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн ******* орлогч *******, ******* ХХК нарын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээ-ний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн ******* Тамгын газраас ******* ХХК-ийн ХААН банк дахь тоот дансанд 200,000,000 төгрөгийн санхүүжилт олгосон нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн ******* Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс Санхүү, төрийн сангийн хэлтэст санхүүжилтийн эрх нээх мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн ******* 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ХХК-ийн Агаарын бохирдлыг бууруулах төсөл 92 хуудас бүхий бизнес төлөвлөгөө зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

4. Хариуцагчаас: Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээ, эрх нээх мэдэгдэл, төрийн сангийн гүйлгээ хийсэн баримт, 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* ХХК-иас *******д олгосон итгэмжлэл, ******* ХХК-ийн агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд авсан хөөсөнцөр шахах төхөөрөмжийн фото зураг, ******* ХХК-ийн агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд 3 айлын цэвэр, бохир, дулаанд бүрэн холбогдсон орон сууцны барилгын дотор талыг харуулсан фото зураг, ******* ХХК-ийн агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд цэвэр, бохир, дулаанд бүрэн холбогдсон орон сууцны барилгын гадна талыг харуулсан фото зураг зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* орлогчийн ******* ХХК-иас гэрээний дагуу олгосон зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 12,448,611 төгрөг, нийт 212,448,611 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* орлогч ******* нь ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээ-г цуцалж, гэрээний үүргээ биелүүлээгүй ******* ХХК-иас үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү 8,299,074 төгрөг, нийт 208,299,074 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 12,448,611 төгрөг, нийт 212,448,611 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлэн өөрчилжээ.

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Төсөл сонгон шалгаруулах журам-ыг баталсан бөгөөд уг журмын хүрээнд аймгийн ******* 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай захирамжаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах төсөл сонгон шалгаруулалтад ******* ХХК-ийн төслийг шалгаруулан, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээ байгуулагдсан юм. Өөрөөр хэлбэл, тухайн гэрээний агуулга нь залуу гэр бүлүүд нэгдсэн дулааны халаалтын шугамд холбогдсон байранд амьдрах, гэрт амьдарч байгаа айлуудад шалны халаалт суурилуулах зэрэг ажлууд хийгдэх ёстой байсан. ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээг хугацааны өмнө цуцалж, шүүхэд хандсан өдөр хүртэлх хугацааны үндсэн болон зээлийн хүүг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хугацаа дууссан тул гэрээг цуцлах шаардлагагүй болсон. Гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс үл хамааран зээлдэгч зээл төлөх үүрэгтэй тул үндсэн зээл, хүүгийн хамт 212,448,611 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

4. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сард дууссан тул гэрээний дагуу ямар ажил гүйцэтгэгдсэн бэ? гэдэгт дүгнэлт хийх шаардлагагүй болсон. ******* ХХК нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 200,000,000 төгрөгийг төлөхөд маргахгүй. Харин нэхэмжлэгчээс анх шүүхэд 2021 онд нэхэмжлэл гаргасан, тухайн үед гэрээний хугацаа дуусаагүй байхад хариуцагч талын санаачилгаар гэрээ цуцлагдсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс эхлэн нэмэгдүүлсэн шаардлагаар зээлийн хүүг шаардах эрхгүй. Харин гэрээ цуцлагдсаны улмаас хохирол үүссэн гэж үзвэл уг хохирлоо нэхэмжлэх эрх нь ******* орлогод байгаа гэв.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Төсөл сонгон шалгаруулах журам-ыг баталж, журмын дагуу аймгийн ******* 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан байна. Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах төсөл сонгон шалгаруулалтад ******* ХХК төсөл ирүүлж, шалгарсан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн ******* орлогч *******, ******* ХХК-ийн захирал ******* нарын хооронд Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээ /цаашид гэрээ гэх/ байгуулагджээ.

5.2. Зээлийн гэрээний дагуу Ховд аймгийн ******* Тамгын газрын төрийн сангаас 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* ХХК-д 200,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг хариуцагч ******* ХХК хүлээж авсан, 200,000,000 төгрөгөөс зээл төлөгдөөгүй гэдэгт талууд маргахгүй байна.

5.3. Талуудын хооронд байгуулагдсан Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээ 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон байна. Хариуцагчийн төлөөлөгчөөс үндсэн зээл 200,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн, зээлийн гэрээг нэхэмжлэгчийн санаачилгаар хугацаанаас өмнө цуцалсан, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүү 12,448,611 төгрөгийг шаардах эрхээ алдана гэж татгалзав.

6. Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Ховд аймгийн ******* Тамгын газар нь зээлдэгч ******* ХХК-ийн өмчлөлд 200,000,000 төгрөгийг төрийн сангаар дамжуулан шилжүүлж, зээлдэгч нь шилжүүлэн авсан 200,000,000 төгрөгийг гэрээний 1.1-д зааснаар ...гэрээгээр зээлдэгч зээлдүүлэгчээс тодорхой хугацаа, хүүтэйгээр зээл авах, түүнийг эргүүлэн төлөх ... үүргийг хүлээснээр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

6.1. Нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны хүү 8,299,074 төгрөг, үндсэн зээл 200,000,000 төгрөг, нийт 208,299,074 төгрөг гаргуулах, гэрээг цуцлахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хугацаа дууссан тул гэрээг цуцлах шаардлагагүй, үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 12,448,611 төгрөг, нийт 211,488,611 төгрөг гаргуулахыг шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

6.2. Гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон буюу зээлийг 36 сарын хугацаатай олгосон, гэрээний дагуу төсөл хэрэгжүүлэгч ******* ХХК нь бизнес төлөвлөгөө-нд заасан ажил үүргийг гүйцэтгэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д нийцжээ.

6.3. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрээний 36 сарын хугацаа дууссан, талууд гэрээний үүргийн биелэлтийг дүгнээгүй, ингэх шаардлага ч байхгүй талаар зохигчдын төлөөлөгчид шүүх хуралдаанд тус тус тайлбарласан тул талуудын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд шүүхээс дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

6.4. Хариуцагч ******* ХХК нь зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс шилжүүлсэн 200,000,000 төгрөгийг төлнө гэдэгт маргахгүй байна. Харин хариуцагчаас нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргаснаар өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан, гэрээг улсын бүртгэлд бүргүүлснээр хүчин төгөлдөр болохоор талууд тохиролцсон, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэрээний дагуу хүү 12,448,611 төгрөгийг шаардах эрхгүй гэж маргана.

6.4.1. Гэрээний 2.1-д Гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчид 200,000,000 төгрөгийн зээл олгож байгаа болно, 2.2-д Зээлийн хүү нь нэг сард 0,025 хувь буюу нийт 12,448,611 төгрөг байна, 7.4-т Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж, эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж тус тус тусгасан. Гэрээг эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.

Талууд гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн, эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тул уг гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарласан боловч энэ талаар Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3.-т Гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно. гэж зааснаар хариуцагчаас гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд тооцохыг хүссэн нэхэмжлэл гаргаагүй болно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохоор, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан, зээлийн гэрээг эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр хэлцэлд тооцохоор заагаагүй байна. Гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлсон ч гэрээ нь хуульд нийцсэн байх ёстой, зээлийн гэрээний хувьд хүү шаардах бол зээлийн гэрээг бичгээр хийгдсэн байх хуулийн шаардлага тавигджээ.

Энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс ...гэрээг байгуулахдаа эрх бүхий албан тушаалтнууд алдаа гаргасан байна. Зээлийн гэрээг эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх талаар хуульд тусгайлан шаардлага тавигдаагүй гэх тайлбар үндэслэлтэй байна. Иймд, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэлээ.

6.4.2. Хариуцагч ******* ХХК нь төсөл сонгон шалгаруулалтад оролцохдоо 2019-2022 онд хэрэгжих Агаарын бохирдлыг бууруулах төсөл-ийг ирүүлсэн, төсөл сонгон шалгаруулалтад нэг л компани болох ******* ХХК оролцсоноор тус компанийн ирүүлсэн төслийг тухайн үед төсөл сонгон шалгаруулах комисс нь Гэрээний 7.5-д заасан бизнес төлөвлөгөөний хавсралт гэж дүгнээд, архивд хадгалагдсан гээд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс уг төслийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас бизнес төлөвлөгөөний хавсралт нь тусдаа батлагдсан, олдохгүй байна гэх боловч энэ талаарх нотолсон нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна. Тус бизнес төлөвлөгөөнд зээл төлөх хуваарийг ******* ХХК гаргасан, хуваарийн дагуу 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл зээл төлөгдөөгүй үндэслэлээр гэрээний 5.2.1-д зааснаар зээлдүүлэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, гэрээг цуцалж, мөн өдөр хүртэлх хугацааны хүүг үндсэн зээлийн хамт нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхтэй. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан үндэслэлээр гэрээг цуцлах шаардлагагүй, үндсэн зээл, хүүгийн хамт нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-д тус тус зааснаар зээлийг, хүүгийн хамт зээлдэгчээс шаардах эрхтэй гэж дүгнэв.

Зээлийн хүү нь нэг сард 0,025 хувь, нийт 36 сарын хугацаанд 12,448,611 төгрөг байхаар талууд тохиролцсон, хүү шаардсан зээлийн гэрээ нь бичгээр хийгдсэн байх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангасан, зээлдэгч бизнес төлөвлөгөө-нд заасан ажил үүргийг гүйцэтгэсэн эсэхээс үл хамааран зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээний 5.1.2-т Гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт зээлдүүлэгчид эргүүлнэ төлнө гэж зээлдэгчийн үүргийг тодорхойлсноор хариуцагч ******* ХХК нь гэрээний дагуу үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 12,448,611 төгрөг, нийт 212,488,611 төгрөгийг нэхэмжлэгч Ховд аймгийн ******* Тамгын газарт төлөх үүрэгтэй. Гэрээг Ховд аймгийн ******* орлогч ******* баталсан, зээлийн гэрээний нэг тал нь Ховд аймгийн ******* Тамгын газар тул ******* ХХК нь 212,488,611 төгрөгийг Ховд аймгийн ******* Тамгын газарт төлөхөөр шийдвэрт дурдав.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,220,193 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар ******* ХХК-иас гэрээний үүрэг 200,000,000 төгрөг, хугацааны хүү 12,448,611 төгрөг, нийт 212,448,611 (Хоёр зуун арван хоёр сая дөрвөн зуун дөчин найман мянга зургаан зуун арван нэг) төгрөгийг гаргуулан Ховд аймгийн ******* Тамгын газарт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,220,193 (Нэг сая хоёр зуун хорин мянга нэг зуун ерөн гурав) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.РАУШАН