Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 135/ШШ2022/00386

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2020/01259/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... тоотод оршин суух Ш.М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ... тоотод оршин байрлах У ХХК  -д холбогдох,

 

“Түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 243,000,000 төгрөг, алданги 121,500,000 төгрөг, түлшний түгээгүүрийн үнэ 5,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, ажлын хөлсөнд үндэслэлгүйгээр илүү төлүүлж авсан 349,267,800 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ш.М нь “У” ХХК түүнийг төлөөлж захирал Б.З-той ... аймгийн ... суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замын далан барих ажилд техник түрээслэн ажиллуулахаар “түрээсийн гэрээ”-г 2018 оны 6 дугаар дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Тус гэрээгээр Кобилко 480 1 ширхэг, Кобилко 350 1 ширхэг, Хуандай 520 1 ширхэг, өөрөө буулгагч 10 ширхэг, нийт 13 ширхэг техникийг хоногийн 13 цагаар 1 ээлээр ажиллуулахаар мөн түрээсийн техникүүдийг ажиллуулах шатахууны зардлыг түрээслэгч тал хариуцан төмөр замын тарассын дагуу уул сэтлэх ажил дуусах хүртэл хугацаанд ажиллуулахаар тохирсон бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр техникүүд нь ажлаа хийж гүйцэтгэхээр ажлын талбайдаа бүрэн очсон байсан. Улмаар “У” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажил 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дуусаж гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрөө авах болоход тус компани 243,000,000 төгрөгийг дутуу төлж, өнөөдрийг хүртэл гэрээнд заасан төлбөрөө төлж барагдуулаагүй байна. Гэрээний 2.6-д түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 243,000,000 төгрөг, хууль болон гэрээнд заасны дагуу алданги 121,500,000 төгрөг нийт 364,500,000 төгрөгийг “У ХХК”-аас гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү. нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нэхэмжлэгч Ш.М нь 2018 онд бензин түлшний түгээгүүрийг 5,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд 2018 оны 5 дугаар сард түүний танил н.Б. алаг тарлаг гэх нүүрсний уурхайд түлшний түгээгүүрийг нь түр хэрэглэж байгаад өгье гэж гуйж авсан. Үүнээс хойш 2-3 сарын дараа түлшний түгээгүүрээ авахаар Алаг тарлаг гэх газарт очиход н.Б.тай уулзахад У ХХК-ийн захирал Б.З нь ... аймгийн ... сумын уурхай руу явахдаа таны түлшний түгээгүүрийг өгөөд явуулсан гэж хэлдэг. “У” ХХК-ийн захирал Б.З-гоос түлшний түгээгүүрээ авах гэтэл н.Б.аас авлага авах байсан түүндээ суутган авсан гэж хэлээд өгөхгүй байгаа тул “У” ХХК-аас түлшний түгээгүүрийн үнэ болох 5,000,000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.З- шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээ хүндлээд хүсэлт гаргахгүйгээр байгаа баримтын хүрээнд хэргээ шийдүүлье. Талуудын хооронд түрээсийн гэрээг хийгээгүй гэсэн тул Ш.Мид шаардах эрх байхгүй. Үүнийг түрээсийн гэрээ гэж үзэхгүй хүчин төгөлдөр бус гэж үзэж 2018 оны 6 сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээний шаардах эрх байхгүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Өгсөн мөнгөө буцааж авъя. Машин механизмын эзэд өөр хүн байгаа. Цагдаад гомдол гаргаад шалгуулж байгаа. Машины жинхэнэ эзэмшигч гарч ирж байгаа тул машины өмчлөгч Ш.М биш тул шаардах эрх байхгүй. Иргэний шүүхэд шийдүүлэхэд тухайн өмчлөгч нь байхгүй учраас шаардах эрхгүй гэж үзэж байна. Түрээсийн гэрээ хийсэн гэх хэр нь гэрээний 3 дахь заалтад түрээслүүлэгчийн эрх үүрэг гэж байгаа. Үүнд нь хамтран ажиллах хугацаандаа техникийн бүрэн бүтэн байдал, баримт бичгийн шаардлагыг бүрэн хангагдсан тоног төхөөрөмжийн бичиг баримт байхгүй байна. Нэр дурдагдаад байгаа 5 техникийн эзэмшигч, өмчлөгчийн гэрчилгээ Ш.Мийн нэр дээр байгаа. Ямар нэгэн ажил гүйцэтгэх гэрээ, түрээсийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан үед буцаагаад “У” ХХК-ийн захирал Б.З-гоос шаардах эрх нь Иргэний хуульд өмчлөгчид үүснэ.

Машин ажиллуулж байгаа нь түрээсийн гэрээ биш ажил гүйцэтгэх гэрээний дагуу “У” ХХК-ийн захирал Б.З- төлсөн байгаа. Б.З- тухайн үед Ш.Мийн өмч биш гэдгийг мэдээгүй. Тухайн ажлыг хурдан гүйцэтгэхийн тулд мөнгөө бүрэн төлсөн байгаа. Хэрэгт авагдсан баримтаар Ш.Мид 364,500,000 төгрөгийг төлсөн байгаа тул үүнийгээ буцаан шаардаж жинхэнэ машины өмчлөгчид олгуулъя. Ш.М үндэслэлгүй хөрөнгөжиж надаас мөнгө авсан гэж Б.З- хэлдэг. Бас эрүүгийн хэрэг дээр дарамталж баахан баримтад гарын үсэг зураалсан гэж хэлдэг. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаас харахаар тооцоо нийлсэн акт гэж үйлдсэн байгаа. Түүнд 3 хүний гарын үсэг байгаа. Бид гуравдагч этгээд татуулах хүсэлт гаргая гэж бодсонгүй. 2019 онд н.Т гэдэг хүн эрүүгийн хэрэг холбогдсон байгаа. Энэ тухай бид ярьсангүй. Иргэний хуулийн 492 дугаар  зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол үүрэг гүйцэтгэгч буцаах шаардах эрхтэй байгаа тул Ш.Моос үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 364,500,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна. Түлшний тоног төхөөрөмжийн хувьд Ш.М нь тухайн эд хөрөнгөө өөрийн хөрөнгө мөн эсэхийг нотолдоггүй. Иргэний хэргийн процессын ажиллагаанд шаардах эрхээ нотлох ёстой байтал Ганболд авсан аваагүй гэж ярьдаг боловч Ш.Мийн өмчийг нотлох баримт байхгүй тул шаардах эрхгүй гэж үзэж зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хавтас хэргийн 7 дугаар хуудаст байгаа түрээсийн гэрээний 2.6-д хоногт гүйцэтгэх үүргийг 0,5 хувь гэж тооцсон энэ нь 243,000,000 төгрөгийн 0,5 хувь нь хоногт 1,215,000 төгрөг болж байгаа. Б.З-гийн бичиж өгсөн тодорхойлолтод 2020 оны 4 сард орж ирэх эцсийн байдлаар 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцох байсан гэж үзсэн. Иймээс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 175 хоног болж байна. Ингээд 175 хоногийн алдангийг 1,215,000 төгрөгөөр үржүүлж нийт 212,625,000 төгрөг болж байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар алданги 50 хувиас хэтрэх ёсгүй тул 243,000,000 төгрөгийн 50 хувь нь 121,500,000 төгрөг болж байна. Түрээсийн гэрээний үндсэн үүрэг 243,000,000 төгрөг, гэрээний алданги 121,500,000 төгрөг, нийт 364,500,000 төгрөг болж байна. Хавтас хэргийн 4 болон 240 дүгээр хуудсанд байгаа түрээсийн гэрээний дагуу шаардаж байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар тухайн тодорхойлолтод зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тул шаардах эрх нээлттэй байгаа.

Хариуцагчийн хариу тайлбарт тайлбар гаргая 1-рт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэгт энэ талуудын хооронд эрх үүрэг үүсээгүй байхыг хэлнэ. Гэтэл түрээсийн гэрээ биш ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн. Ш.М гэдэг хүн ямар нэгэн байдлаар техникээ ашиглуулж, У ХХК ажил гүйцэтгэж өгсөн. Түрээсийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай хэлж байна. 2-рт цагдаагийн газарт өгсөн гэж байна. Энэ хавтас хэрэгт эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа нэг ч нотлох баримт байхгүй. Цагдаагийн газарт байгаа эрүүгийн хэрэг нь нэг бульдозерын эрхтэй холбоотой асуудал байгаа. Нэхэмжлэлийн шаардлагатай огт холбоогүй асуудал цагдаагийн газарт шалгагдаж байгаа. 3-рт түрээсэлсэн тоног төхөөрөмж нь баримт бичгийн шаардлага хангаагүй гэж байгаа нь эрхийн доголдлын талаар хэлж байх шиг байна. Тухайн техникийн эзэмшигч нь Койн Т ХХК-аас Ш.Мид тус компаниас манай техник тоног төхөөрөмжийг ач ашигласан гэж ямар нэгэн шаардлага гаргаагүй. 4-рт Цагдаагийн газарт дарамталж байгаад гарын үсэг зуруулсан гэдэгт хавтас хэргийн 78 дугаар хуудаст гэрчийн мэдүүлэг Б.З- 240 орчим сая төгрөг өгнө гээд хууль сануулж мэдүүлэг авсан байгаа. Хууль сануулж мэдүүлэг авна гэдэг нь болсон процессыг үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй. Хэрвээ эрүүгийн процессын ажиллагаанд эрүү шүүлт тулгаж, хянан хавчсан, дарамталсан гэх нотлох баримт хавтас хэрэгт байхгүй тул. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн хавтас хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд шийдвэрлэгддэг. Нотлох баримтаа өгөөгүй байхад энэ гэрчийн мэдүүлэгт хэрвээ Б.З- нь ямар нэгэн байдлаар дарамтлуулсан, эрүү, шүүлт тулгуулсан гэх гомдлоо гаргаад тухайн баримтыг авчирч, гэрчийн мэдүүлгийн 78 хуудас дахь нотлох баримтыг хасуулж болох байсан. Жинхэнэ техникийн эздэд мөнгийг өгье гэж байна. Мөнгө өгөхөө хүлээн зөвшөөрч байна. Жинхэнэ эзэн гэж хэнийг хэлээд байгаа вэ? өмчлөгч нь зөвшөөрөл олгосон байна. Өмчлөгч нь Койн Т ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч Ё.М нь Ш.М-ийн бэр, М.Ш-ын эхнэр нь байгаа. Энэ нь гэр бүлийн бизнес. Тийм учраас өмчлөгч болох Койн Т ХХК-аас У ХХК-аас шаардлага гаргаагүй байх тул гуравдагч этгээдийн өмнө Ш.Мийг өмчлөгч гэж үзнэ. Шударга эзэмшигч гэж тусдаа хуулийн зохицуулалт байгаа. Тооцоо нийлсэн актад 3 хүний гарын үсэг байгаа. тооцоо нийлсэн актаар шаардлага гаргаагүй, нотлох баримтаар өгсөн байгаа. Түрээсийн гэрээг нотолж байгаа нэг нотолгооны хэрэгсэл бид тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан бусад этгээдээс шаардах эрх байхгүй. Харин түрээсийн гэрээг байгуулсан “У” ХХК-аас нэхэмжлэх эрхтэй. Хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан гэдэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тайлбар хэлэх үед тайлбар хэлье. Талуудын хооронд 4 болон 240 дүгээр хуудаст байгаа гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэхийг нь энэ шүүх хурлаар шийднэ. Хүчин төгөлдөр бус гэх шүүхийн шийдвэр байхгүй тул түрээсийн гэрээний дагуу шаардлага гаргаж байна. Түгээгүүрийн 5,000,000 төгрөгийн үнэтэй түгээгүүрийг гэрч М.Б. мэдүүлэг өгөх дөө У ХХК-ийн захирал Б.З- нь аваад явсан. Иргэний эрх зүйн хамгаалалт хийсэн байж магадгүй. Б.З- ажлын хөлсөндөө авсан гэдэг. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.  Бодит байдал дээр түгээгүүрийг Б. авсан боловч одоо эзэмшиж, ашиглаж байгаа хүн Б.З- тул нэхэмжлэх эрх нь нээлтэй гэж үзэж байна. Иймээс У ХХК-аас түгээгүүрийн 5,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага нэмэгдүүлсэн байгаа. Түгээгүүрээс улсын бүртгэлийн баримт бичиг гарахгүй эзэмшиж байгаа хүн нь хэн бэ гэдэг асуудал яригдана. Иймээс Б.З-гийн эзэмшилд суурилуулаад ашиглаж байгаа тул түгээгүүр гаргуулж байхаар 5,000,000 төгрөг гаргуулж, үндсэн нэхэмжлэл дээрээ нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байгаа” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдөр бид түрээсийн гэрээ байгуулсан уу? үгүй юу? өмч гэж юу вэ? өмчлөх эрхтэй хүн шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гээд заасан байгаа. Маргаад байгаа 13 нэр төрлийн тоног төхөөрөмж нэхэмжлэгч Ш.Мийн өмч мөн үү биш үү гэдгийг бид хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар нотолсон байгаа. өмчийн асуудал дээр шаардах эрхийн асуудал яригдана. Иргэний хуулийн 106 дугаар зүйл. Хариуцагчийн өмгөөлөгч Койн Т ХХК-ийн асуудал ярьж байна. Энэ нь гэр бүлийн бизнес гэж хэлж байна. хэрвээ ийм байсан юм бол түрээсийн гэрээг Койн Т ХХК-аар байгуулахгүй яасан юм бэ? яагаад Ш.М гэдэг хүн түрээсийн гэрээ байгуулчхаад гэрээний үүрэг шаардаж байна. Энэ гэрээг хуулийн үндэслэлтэй хуулийн дагуу л ярих ёстой. Өөрийн өмчлөлийн бус зүйлийг бусдад  түрээсэлж мөнгө шаардаж байгаа нь хууль бус, үндэслэлгүй байна. Бидний маргаад байгаа түрээсийн гэрээний асуудал нь Иргэний хуулийн 328 дугаар зүйлийн 328.1-д түрээслүүлэгч нь /өмчлөгч/ өөрийн зүйлийг бусдад ашиглуулах гэж байгаа. Хариуцагч Б.З- түрээсийн гэрээ байгуулаагүй гэж маргаж байгаа. Гарын үсгийг техник технологийн аргаар татаж авч зурсан байна. Түрээсийн гэрээнд зурсан гарын үсэг нь Б.З-гийнх мөн үү биш үү гэдэгт бид шинжээч томилуулахаа больсон. Хэргийг удаашрах байх гээд тайлбар өгсөн байгаа. Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч нотлох баримтаа өөрсдөө бүрдүүлэх байсан гэж хэлж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж, байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч өөрөө түрээсэлж байгаа эд зүйлээ түрээслүүлэгчийн өмч мөн гэхээ нотлогдоогүй байна. Энэ нь нотлогдоогүй, өөрөө өмчлөгч биш, түрээсийн гэрээг байгуулаагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажил гүйцэтгэх гэрээ гэж яриагүй, хэлээгүй ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй. Тухайн техник, тоног төхөөрөмжөөр ажил гүйцэтгэсэн байна гэдгийг аль аль нь зөвшөөрч байгаа. Түрээсийн гэрээг байгуулаагүй. Хавтас хэрэгт байгаа нотариатын баталгаатай түрээсийн гэрээг хууль бус гэж үзэж байгаа. Хариуцагч Б.З- тайлбар өгсөн байгаа. Нэхэмжлэгч өөрөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тоног төхөөрөмжийн эзэмшигч, өмчлөгч гэдгээ нотолж чадаагүй учраас нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үзэж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.М нь хариуцагч У ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 243,000,000 төгрөг, алданги 121,500,000 төгрөг, нийт 364,500,000 төгрөг гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр түлшний түгээгүүрийн үнэ 5,000,000 төгрөгийг У ХХК-ийн захирал Б.З-гоос гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

            Хариуцагч нь түрээсийн техник ашигласан хугацаа болон зардал хоорондоо зөрүүтэй, хугацаандаа техникүүд нь ирээгүй, түрээсийн гэрээ байгуулаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр У ХХКомпани Ш.Мид холбогдуулан талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, ажлын хөлсөнд үндэслэлгүйгээр илүү төлүүлж авсан 66,678,200 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Улмаар өөрийн өмчлөлийн биш автомашин, хүнд механизмыг ажиллуулсан гэж ажлын хөлсөнд үндэслэлгүйгээр төлүүлж авсан 282,589,600 төгрөгийг Ш.Моос гаргуулан У ХХК-д олгуулах тухай гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 

            Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу Kobelco 480  маркийн 1 ширхэг сарын 50,000,000 төгрөг, Kobelco 350 1 ширхэг сарын 40,000,000 төгрөг, Hyundai 520 маркийн 1 шихрэг экскаваторыг сарын 50,000,000 төгрөг, өөрөө буулгагч 5 /2018.06.23/ ширхэг сарын 50,000,000 төгрөг, өөрөө буулгагч 5 /2018.08.20/ ширхэг сарын 50,000,000 төгрөгөөр түрээслэн тохиролцож гэрээ байгуулжээ.

            Дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан эх хөрөнгө түрээслэх гэрээний төрөлд хамаарах бөгөөд хариуцагч нь техникийг ашиг олох зорилгодоо ашиглаж байсан, сар бүр төлбөрийг төлөхөөр тохирсон түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.

Зохигчид 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлсэн баримтад “Үлдэгдэл 280 сая төгрөг дээр нэмж 40 сая төгрөгийн хүү тооцож 320 сая төгрөг өгч авахаар тохиролцов. Дахин нэмж хүү алданги тооцохгүй болно.” гэж харилцан тохиролцож хариуцагч У ХХК-ийн захирал Б.З- 320 сая төгрөг төлөхийг зөвшөөрсөн байна. /хх-ийн 218 дахь тал/

            Эрүүгийн 1810029...4 дугаартай хэрэгт гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд “...Мөн уг ажилд иргэн М-ийн Хюндай 520 экскаватор 1ш, Кобелка маркийн 480 экскаватор 1 ширхэг, Кобелка маркийн 350 экскаватор 1 ширхэг, 10 ширхэг Норд өөрөө буулгагч ачааны машин... ...2018 оны 8 сард юм уу 09 сард У компаниар иргэн М-той техник түрээслэх гэрээг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөр нөхөж байгуулсан. Уг гэрээнд тийм тийм автомашин техник хэрэгслээр тэдэн сарын тэдний өдрөөс тэдэн төгрөгөөр ажиллах талаар заасан байгаа бөгөөд уг гэрээний дагуу ажилласан. Гэрээнд нийт мөнгөн дүн заагаагүй бөгөөд гүйцэтгэлээрээ нийт мөнгөн дүн гарна. Ажил дуусгаад гүйцэтгэлээр 552,854,732 төгрөг болсон бөгөөд М-ид 77 саая төгрөгийг өгсөн. Одоо Мижиддорж гэн хүнд 240 орчим сая төгрөг өгөх бөгөөд үүнд хүү алданги орж байгаа юм. ...Тайван хайрхан компаниас түрээс ажлын хөлсөнд өгөх 260 орчим сая төгрөг авах ёстой бөгөөд үүнийг Ш.М болон бусад хүмүүст өгөх ёстой.” гэж мэдүүлж байснаас үзэхэд 240 сая төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан нь нотлогдон тогтоогджээ.

Хариуцагч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д анзын гэрээг бичгээр байгуулна гэж заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 2.6-д “Түрээсэлсэн техникийн түрээсийн төлбөр тооцоог түрээслэгдсэн хугацаанаас хойш сар болгоны 20 өдөр төлнө. Тухайн хугацаанд төлөгдөөгүй тохиолдолд өдрийн 0,5 хувь алданги тооцно” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар 243,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож, 121,500,000 төгрөгийн алданги шаардсан байна.

            2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр түлшний түгээгүүрийн үнэ 5,000,000 төгрөгийг У ХХК-ийн захирал Б.З-гоос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Нэхэмжлэгч 2018 онд бинзен, түлш түгээгүүр 5,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд 2018 оны 05 дугаар сард түүний танил Б. нь Алаг толгой гэх нэртэй нүүрсний уурхайд түлшний түгээгүүрийг чинь түр хэрэглэж байгаад өгье гэж гуйснаар түүнд хэрэглүүлэхээр өгсөн байдаг. Түүнээс хойш 2-3 сарын дараа түлшний түгээгүүрээ авахаар Алаг толгой гэх газарт очиж н.Б.тай уулзахад У ХХК-ийн захирал Б.З- Дархан-Уул аймгийн ... уурхай руу явахад нь таны түлшний түгээгүүрийг өгөөд явуулсан, замаараа хотод танд түлшний түгээгүүрийг чинь үлдээх байх гэж бодоод өгөөд явуулсан гэж тайлбарласан. Улмаар УХХК-ийн захирал Б.З-гоос түлшний түгээгүүрээ авах гэхээр н.Б.аас авлагандаа авсан одоо наад түлшний түгээгүүр чинь минийх болсон гэж хэлээд өгдөггүй” гэж тодорхойлсон байна.

            Гэрч Б.Б.ы “...Би түлшний түгээгүүр худалдаж авах зорилгоор Ш.М ахаас 2017-2018 онд 5 сая төгрөг зээлж авсан, тэгээд түгээгүүрээ 4,7-1,8 сая орчим төгрөгөөр худалдаж авсан. Буцааж өгөөгүй, зээлсэн мөнгөө өгч чадаагүй учир түгээгүүрээ буцааж өгье гэж бодож байсан юм. Тэгтэл Б.З- ... аймгийн ... уурхай дээрээс очиж өөрийн түлшний торхоо авахдаа залгаатай байсан түгээгүүрийг хамт аваад явсан байсан. Тэгээд түгээгүүр нь эвдэрсэн байна гэж надад хэлэхэд нь би би засчих гэж хэлсэн, тэгээд Б.З- түгээгүүрийг хэрэглэж байсан юм. Хэрэглэж байгаад өгөх байх гэж би бодож байсан. Тэгтэл Б.З-гоос түгээгүүрийг нь авч Ш.М ахад өгөх гэсэн чинь энэ чинь минийх, би өрөндөө авч байна гээд өгөхгүй байгаа юм. Одоо Б.З-д байгаа. Мөнгө авсанаараа би л төлөх ёстой...” гэсэн мэдүүлгээс үзэхэд Ш.М, Б.З- нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасан хүсэл зоригийн илэрхийлэл харилцан үүсэхгүй гэж үзэв.

            Харин нэхэмжлэгч Ш.М нь Б.Б.д холбогдуулан энэ талаарх нэхэмжлэлээ  гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд, хариуцагч У ХХК-иас 364,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.М-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас түлшний түгээгүрийн үнэ 5,000,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, өөрийн өмчлөлийн биш автомашин, хүнд механизмыг ажиллуулсан гэж ажлын хөлсөнд үндэслэлгүйгээр төлүүлж авсан 349,267,800 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 318.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах...” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн шаардлагыг хангаж байгуулагдсан байх тул түрээсийн гэрээ хийгдсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Kobelco 480  маркийн 1 ширхэг сарын 50,000,000 төгрөг, Kobelco 350 1 ширхэг сарын 40,000,000 төгрөг, Hyundai 520 маркийн 1 шихрэг экскаваторыг сарын 50,000,000 төгрөг, өөрөө буулгагч 5 /2018.06.23/ ширхэг сарын 50,000,000 төгрөг, өөрөө буулгагч 5 /2018.08.20/ ширхэг сарын 50,000,000 төгрөгөөр тохиролцож, түрээслүүлсэн нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн ажилласан цагийн бүртгэл, тооцоо нийлсэн баримт зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 156-168, 218 дахь тал/

Хариуцагч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл;” гэж зааснаар түрээсийн техникүүд нь Ш.Мийн өмчлөлийнх биш байх тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй гэж маргадаг.

Хавтаст хэрэгт Авто тээврийн газраас ирүүлсэн баримтаар түрээсийн техникүүд нь КОИН Т ХХК, Насны зам эско трейд компанийн өмчлөлийнх байх боловч энэхүү хэрэгт гуравдагч этгээдээр бие даасан шаардлага гаргаагүй, шаардах эрхээ бусдад шилжүүлээгүй байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлд хамаарахгүй юм.

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно.” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Ш.М нь түрээсийн гэрээнд заасан техникүүдийн өмчлөгч гэж тооцогдохоор байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээргүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч У ХХК-иас 364,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.М-д олгож, нэхэмжлэлээс түлшний түгээгүүрийн үнэ 5,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 123 дугаар зүйл, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 349,267,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,075,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,980,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 3,435,191.99 төгрөгөөс 1,974,489 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,460,702.99 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч У ХХК-д олгосугай

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 14 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ЖАВХЛАНТӨГС