Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 209/МА2022/00051

 

*******ийн нэхэмжлэлтэй
 иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/01259/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Д.Буянжаргал, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  03 дугаар сарын 11-ний өдрийн 386 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Урансайжрах” ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 243,000,000 төгрөг, алданги 121,500,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн түлшний түгээгүүрийн үнэ 5,000,000 төгрөгийг нийт 369,500,000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, ажлын хөлсөнд үндэслэлгүйгээр илүү төлүүлж авсан 349,267,800 төгрөгийг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сайнгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Мягмардорж нарын гаргасан давж заалдах  гомдлыг үндэслэн, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шүрэнцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, нэмэгдүүлсэн шаардлага:

1.а. Нэхэмжлэгч ******* нь Урансайжрах ХХК-тай техник түрээслэн ажиллуулахаар түрээсийн гэрээг 2018 оны 6 дугаар дугаар сарын 23-ны өдөр байгуулсан.

Тус гэрээгээр Кобилко 480 1 ширхэг, Кобилко 350 1 ширхэг, Хуандай 520 1 ширхэг, өөрөө буулгагч 10 ширхэг, нийт 13 ширхэг техникийг хоногийн 13 цагаар 1 ээлжээр ажиллуулахаар мөн түрээсийн техникүүдийг ажиллуулах шатахууны зардлыг түрээслэгч тал хариуцан төмөр замын тарассын дагуу уул сэтлэх ажил дуусах хүртэл хугацаанд ажиллуулахаар тохирсон бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр техникүүд нь ажлаа хийж гүйцэтгэхээр ажлын талбайдаа очсон.

Гэрээний дагуу ажил 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дуусаж түрээсийн төлбөрөө авах болоход 243,000,000 төгрөгийг дутуу төлж барагдуулаагүй.

Иймд Түрээсийн гэрээний 2.6-д түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 243,000,000 төгрөг, хууль болон гэрээнд заасны дагуу алданги 121,500,000 төгрөг нийт 364,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.б. Урансайжрах ХХК-ийн захирал ******* түлшний түгээгүүрээ авах гэтэл ******* авлага авах байсан түүндээ суутган авсан гэж хэлээд өгөхгүй байгаа тул Урансайжрах ХХК-аас түлшний түгээгүүрийн үнэ болох 5,000,000 төгрөгийг нэмж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.а. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийг зөрчсөн тул хариуцагч Урансайжрах ХХК-ийн зүгээс түрээсийн гэрээ байгуулаагүй. Техник хэрэгслүүд нь ажлын талбайд бүрэн ирээгүй, тохиролцсон хугацаандаа бүрэн ажиллаагүй эвдрэл гэмтэлтэй ажиллах боломжгүй байсан.

Иймд түрээсийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасныг тус тус зөрчсөн. Үндэслэлгүйгээр 364,500,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон хүчингүй болгож өгнө үү.

2.б. 2017 оны 4 сар ******* Дорноговь аймагт Батсүхийн уурхайд ажиллаж байх үедээ түлш түгээх зориулалттай зөөврийн шатахуун түгээх станц угсруулах, уурхай хүртэл ачилт буулгалт тээвэрлэлт суурилуулах ажил гүйцэтгүүлсэн. Үүнийг хийхдээ манай компани ямар ч хөлс болон гарсан зардлаа олж аваагүй.

Угсруулсан ажлын хөлсөө ******* нь өгч чадахгүй байсан тул зөөврийн шатахуун түгээх станцаа буцааж авах гэтэл савны тоноглол, түгээгүүр нь тоногдсон ажиллах боломжгүй болсон савны суурийг тахийлгаж хугарч тоногдсон байдалтай олж авсан. Ингээд өөрийн зардлаар Дарханд авчирсан. Уг станц нь зах зээлийн үнэ 25,000,000 төгрөг, Дарханаас Алаг толгой хүртэл тээвэр 4,500,000 төгрөг болсон. ******* угсруулсан зөөврийн шатахуун түгээгүүр нь *******ийнх гэж огт хэлээгүй. ******* нь зөөврийн түгээгүүрийн талаар нэг ч удаа ярьж байгаагүй, тооцоо нийлэх талаар ярилцаж байгаагүй. Хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл,  нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага:

3.а. Талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, ажлын хөлсөнд үндэслэлгүйгээр илүү төлүүлж авсан 66,678,200 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3.б. Өөрийн өмчлөлийн биш авто машин хүнд механизмыг ажиллуулсан гэж ажлын хөлсөнд үндэслэлгүйгээр авсан 282,589,600 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна гэжээ.

4. Нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга :

4.а. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд техник хэрэгслүүдийг бүрэн аваачиж ажиллуулсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.б. Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Урансайжрах ХХК-иас 364,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлээс түлшний түгээгүүрийн үнэ 5,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 123 дугаар зүйл, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 349,267,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,075,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,980,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 3,435,191.99 төгрөгөөс 1,974,489 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,460,702.99 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч Урансайжрах ХХК-д олгохоор, ... гомдол гаргах эртэй болохыг дурдаж   шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сайнгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Э.Мягмардорж нар давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

6.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрхээр хангаагүй. Гэтэл нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй хэмээн анхан шатны шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч талаас мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхийг хүсч хүсэлт гаргахад тухай бүр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс түрээсийн гэрээг байгуулаагүй гэдэг гэрээний эх баримт дээр зурагдсан гарын үсгийн шинжлүүлэх, шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзсан.

2. Шүүх хариуцагчийг зөвхөн түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж буруутган нэхэмжлэлийг ханган шийдвэрлэснийг үл зөвшөөрч байна.

Талууд тухайн машин техникүүдийн ажилласан цаг хугацааг нотлохын тулд мэргэжлийн байгууллага томилж ажилласан хоногийг тодорхойлуулахыг хүссэн хүсэлтийг анхан шатны шүүх хангаагүй.

3. Түрээсийн гэрээг баталсан нотариатчийн үйлдлийн талаар маргасан боловч шүүх анхаарахгүй шийдвэрлэсэн.

6.б. Иргэний хуулийг буруу хэрэглэсэн:

1. Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 42.2-ын “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.” гэснийг зөрчиж хариуцагч гарын үсэг зураагүй, гэрээ байгуулаагүй гэж маргаж байхад анхан шатны шүүх түрээсийн гэрээ хийгдсэн гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хариуцагч гаргасан. Хүчин төгөлдөр бус хэлцлийн талаар нэхэмжлэгч нотолж чадаагүй байхад түрээсийн гэрээг байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн нь илт хууль бус байна.

2. Иргэний хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу ******* нь төлөөлөх бүрэн эрхгүй этгээд тул хариуцлага хүлээх ёстой этгээд мөн.

З. Анхан шатны шүүх шийдвэртээ *******ийг өмчлөгч этгээд мөн гэж дүгнэснээрээ жинхэнэ өмчлөгчдийн эрхэнд ноцтой халдсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.  Өмчлөгч этгээд нар нэхэмжлэгч *******ид өмчлөх эрхээ шилжүүлсэн тухай баримт байдаггүй бөгөөд үүнийгээ нэхэмжлэгч нотлоогүй байхад шүүх өмчлөгч гэж дүгнэсэн нь илт хууль бус шийдвэр болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сайнгэрэл, түүний өмгөөлөгч Э.Мягмардорж нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг  бүхэлд нь хянан үзэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хоёр үндэслэлээр  гомдол гаргасан байна. Үүнд

2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд:

2.1.а. Анхан шатны шүүх мэтгэлцэх эрхээр хангаагүй хэр нь нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй хэмээн дүгнэснийг зөвшөөрөхгүй. Хариуцагчийн зүгээс түрээсийн гэрээг байгуулаагүй гэж маргадаг. Үүнийг нотлохын тулд шинжээч томилохыг хүссэн боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас удаа дараа татгалзсан.

2.1.б. Шүүх түрээсийн гэрээг байгуулсан гэж үзэж байгаа бол түрээслүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад хариуцагчийг зөвхөн түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж буруутган нэхэмжлэлийг ханган шийдвэрлэснийг үл зөвшөөрч байна.

2.1.в.Талууд тухайн машин техникүүдийн ажилласан цаг хугацаан дээр маргадаг. Үүнийг нотлохын тулд шинжээч томилж ажилласан хоногийг тодорхойлохыг хүсч гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан.

 2.1.г. Мөн түрээсийн гэрээг баталсан нотариатын үйлдлийн талаар маргадаг. Гэтэл энэ асуудлыг анхаарч үзээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үндэслэл бий болсон байхад анхаарч үзээгүй, орхигдуулснаас хуулийн 38.4, 38.5 дахь заалтыг зөрчсөн. 

2.2. Иргэний хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

2.2.а. Шүүх түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох тухай хариуцагчийн хууль зүйн үндэслэлийг огт анхаарч үзээгүй. Талууд нэр дурдсан техник, тоног төхөөрөмжийг ашиглах, төлбөр төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн талаар маргадаггүй. Энэ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасантай нийцсэн, уг хэлцэл амаар хийгдсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг зөрчөөгүй.

Харин Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д заасныг зөрчиж хариуцагч гарын үсэг зураагүй, гэрээ байгуулаагүй гэж маргаж байхад анхан шатны шүүх түрээсийн гэрээ хийгдсэн гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тиймээс хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Техник,тоног төхөөрөмжийн эзэмшигч Койн ТТБХ ХХК, Насны зам эско трейд компанийн зөвшөөрөлтэйгөөр гэрээ байгуулснаа нэхэмжлэгч нотолж чадаагүй байхад түрээсийн гэрээг байгуулагдсан гэж дүгнэсэн нь хууль бус.

2.2.б. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар *******ийг түрээсийн гэрээнд заасан техникүүдийн өмчлөгч гэж тооцогдохоор байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Шүүх ямар нотлох баримтыг үндэслэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд эзэмшил үүсэх асуудлыг тодорхойлсон. Нэхэмжлэгч ******* нь дээрх заалтын дагуу хууль ёсоор мэдэлдээ авсан нь нотлогдоогүй, эрх бүхий этгээдээс бүрэн эрх олгогдоогүй тул 88.2-т /гомдолд бичсэнээр нь оруулав/ заасны дагуу эзэмшигч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх шийдвэртээ *******ийг өмчлөгч этгээд гэж дүгнэснээрээ жинхэнэ өмчлөгчдийн эрхэнд ноцтой халдсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 101,106 дугаар зүйлд заасан өмчлөгчийн эрхэнд халдсан.

2.2.в. Түрээсийн гэрээ байгуулаагүй гэж маргаж байгаа тул Иргэний хуулийн дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хариуцагч сөрөг нэхэмжлэл болгон гаргасан бөгөөд үүнтэй холбоотойгоор мөн хуулийн 56.4, 56.5, 56.6-д заасан эрх зүйн үр дагаврууд үүсэх үндэслэлтэй тул *******ид төлсөн мөнгөө буцаан нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэсэн  агуулга бүхий гомдлыг  хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3. Учир нь анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд  мэтгэлцэх  эрхээ бүрэн хэрэгжүүлсэн  байна. 

4. Хэргээс судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь Урансайжрах ХХК, түүнийг төлөөлж захирал *******той ... төмөр замын далан барих ажилд техник түрээслэн ажиллуулахаар “түрээсийн гэрээ”-г 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан, гэрээний дагуу ажил 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дуусч гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрөө авах болоход тус компани 243,000,000 төгрөгийг дутуу төлсөн гэж гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 243,000,000 төгрөг, алданги 121,500,000 төгрөг,  нийт  364,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага   гаргасан, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түлшний түгээгүүрийн үнэ 5,000,000 төгрөг гаргуулах хэмээн  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. /1-р хх-82/ .

            5. Хариуцагч Урансайжрах ХХК, түүнийг төлөөлж захирал ******* тайлбар /1-р хх-24/-таа ...төмөр замын далан барих ажилд техник түрээслэн ажиллуулахаар харилцан тохиролцсон байсан.

Энэ үед бидний дунд ямар нэгэн гэрээ хийгдээгүй, шүүхэд өгсөн гэрээг нөхөж хийх саналыг нэхэмжлэгчийн зүгээс гаргасан, уг гэрээ нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 56.1.2, 56.1.8 заалтуудыг /тайлбарт бичсэнээр тусгав/ тус тус зөрчиж үндэслэлгүйгээр нийт 364,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж,

           Нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбар /хх-85/-таа ... түгээгүүр нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байна. ... 2017 оны 4 сард ... иргэн *******аас түгээгүүр авч шаардлагатай сэлбэг хэрэгслээр нь тоноглож суурилуулсан. ... ******* түгээгүүр нь *******ийнх гэж огт хэлээгүй, ******* нь надтай болон манай компанитай түгээгүүрийн талаар нэг ч удаа ярьж байгаагүй, харин ч уг станцыг байгаа байдлаар нь ашиглах боломжгүй болтлоо тоногдсон байсныг буцаан олж авсан, энэ нэхэмжлэл нь манай компанид огт хамаагүй гэх агуулга бүхий тайлбаруудыг гарган  маргажээ.

6.  Хариуцагч сөрөг нэхэмжлэл /1-р хх-128/ -дээ: ... 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх “түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, ажлын хөлсөнд үндэслэлгүйгээр илүү төлүүлж авсан 66,678,200 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлага  гаргаж,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  ... өөрийн өмчлөлийн биш автомашин, хүнд механизмыг ажиллуулсан гэж ажлын хөлсөнд үндэслэлгүйгээр төлүүлж авсан 282,589,600 төгрөгийг  нэмж,  нийт 349,267,800 төгрөг /66,678,200+282,589,600/ болгон гаргуулах гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн /1-р хх- 234/, нэхэмжлэгч ******* нь ...түрээсийн гэрээ хүчин төгөлдөр тул сөрөг нэхэмжлэлийн  шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна./1-р хх- 178, 245/

7. Анхан шатны шүүх:  ...талуудын хооронд 2018 оны 06 дугаар  сарын 23-ний өдөр “Түрээсийн гэрээ” байгуулагдсан, дээрх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан эд хөрөнгө түрээслэх гэрээний төрөлд хамаарах бөгөөд хариуцагч нь техникийг ашиг олох зорилгодоо ашиглаж байсан, сар бүр төлбөрийг төлөхөөр тохирсон түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв, ... , гэж дүгнэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3,...-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох гэрээний үүрэг 243,000,000 төгрөг, алданги 121,500,000 төгрөг,  нийт  364,500,000 төгрөгийг хангаж, түгээгүүрийн үнэ 5,000,000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэргийн үйл баримт болон нөхцөл байдалтай тохироохгүй, талуудын хооронд үүссэн  маргааны эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлоогүй,  хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

9. Талуудын тайлбар, хэргийн үйл баримтаас үзвэл : Дорноговь аймгийн Алтанширээ суманд төмөр замын далан, гүүр хоолойн ажил гүйцэтгэх тентерт Тайван хайрхан ХХК нь  шалгарч УБ Төмөр Замын ХНН-тэй  ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэх бөгөөд тэрээр уг ажлыг гүйцэтгэхдээ  туслан гүйцэтгэгчээр Урансайжрах ХХК-г оролцуулсан,  Урансайжрах ХХК, түүнийг төлөөлж захирал ******* нь *******оос нэр бүхий машин техникүүдийг авч ажиллуулан хөлсийг төлөхөөр амаар харилцан тохиролцсон хэргийн үйл баримт тогтоогдсон.

Тодруулбал, талууд нэр бүхий техникүүдийг ашиглах, хөлсийг төлөх талаар  хүсэл зоригоо илэрхийлсэн, энэ талаар талууд маргаагүй, энэ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх шаардлагад нийцсэн, мөн хэлцэл нь амаар хийгдсэн байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар ...  хийнэ гэсэн шаардлагад нийцсэн байна. 

10. Талуудын хооронд байгуулагдсан амаар хийсэн хэлцлийн  агуулга нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан “эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн хуулийн агуулга, шаардлагад нийцэж байна гэж үзэх үндэслэлтэй.

11. Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчид ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан эд хөрөнгө шилжүүлэх, хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах үүргийг тус тус хүлээдэг.

12. Харин түрээсийн гэрээний хувьд түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь ...зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг харилцан хүлээдэг бөгөөд үр шим гол нөхцөл нь байдаг.

Энэ талаар  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2-т “Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ” гэж заасан.

Дээрх нөхцөл байдлуудаас  дүгнэвэл түрээсийн гэрээний зорилго нь эд хөрөнгө хөлслөх гэрээний зорилгоос өөр гэж ойлгогдож байна.

13. Нэхэмжлэгч *******, Урансайжрах ХХК, түүнийг төлөөлж захирал  ******* нарын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Харин талууд  амаар  тохиролцсон хэлцлийг  хожим нь буюу 2018 оны 06 дугаар сарын 23-нд бичгэн хэлбэрт оруулж “Түрээсийн гэрээ” гэж нэрлэсэн “эд хөрөнгө хөлслөх гэрээ”-г  бичгээр байгуулсан нь хуульд харшлахгүй юм. Мөн талууд гэрээндээ гэрээний хариуцлага болгож “алданги” тооцохоор тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөрчөөгүй байна.

14. Хариуцагч тал нь  2018 оны 06 сараас 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл  хугацаанд  “нэр бүхий техникүүдийг” ашиглаж байсан гэдгээ үгүйсгээгүй, энэ хугацаанд  эд хөрөнгийг ашиглаагүй  гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эд хөрөнгийг ашигласан гэж  үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.1-д зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөгч нь гэрээний хугацаа дуусахад хөлсийг төлөх, хуулийн 292.4-д зааснаар хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй  байх журамтай.

Иймд хариуцагч нь “нэр бүхий техникүүдийг ” өөрийн буруугүйгээр эд хөрөнгийг ашиглаж чадаагүй  гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул эд хөрөнгийг ашигласны  хөлс төлөх  үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

15. Түүнчлэн нэхэмжлэгчийн түгээгүүрийн үнэ 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагын хувьд зохигч нарын хооронд үүрэг үүсээгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

16. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Зүй нь талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр  бус болсон тохиолдолд хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан тул уг зохицуулалт нь сөрөг нэхэмжлэлд хэрэглэх ёстой хэм хэмжээ гэж үзнэ.

17. Хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, хэргийн 4-7, 24, 85, 219, 241-243 дугаар талд авагдсан бичгийн баримтууд, хэргийн үйл баримт болон нөхцөл байдал  зэргээс дүгнээд  анхан шатны шүүх гэрээний үүрэг болон “алданги” гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, хэргийг зөв зүйлчлээгүй,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй,

Улсын тэмдэгтийн хураамжийг  хуваарилан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамжийг илүү төлүүлсэн  зэрэг алдаа, зөрчлүүдийг гаргасан байх тул зөвтгөн энэ үндэслэлүүдээр  шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтүүдийг  оруулах  нь зүйтэй гэж дүгнэв.

18. Хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл /2-р хх-62/-ээс үзвэл  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...нэхэмжлэгчээ хүндлээд хүсэлт гаргахгүйгээр байгаа баримтын хүрээнд хэргээ шийдүүлье ...” гэсэн нь “шинжээч томилуулах” хүсэлтүүдээсээ татгалзсан гэж үзэхээр байх тул  “үндэслэх” хэсэгт тусгасан 2.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх гомдлыг,  мөн маргааны эрх зүйн харилцааны талаар магадлалын үндэслэх хэсгийн 9-14 хүртэл дугаарласан хэсэгт тодорхой тайлбарласан  тул “үндэслэх“ хэсгийн 2.2. Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэх гомдлыг  тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т “... төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан ба энэхүү ...”бичгээр хүсвэл” гэсэн нь давж заалдах гомдолд энэ талаар тусгасан байхыг ойлгоно.

               Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сайнгэрэл, өмгөөлөгч Э.Мягмардорж нар давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд  тус гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох талаар тусгаагүй байна.

               Гэвч тус шүүхийн шүүгчийн туслахаас  давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сайнгэрэлд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10:31 минутад, өмгөөлөгч Э.Мягмардоржид мөн өдрийн 11:04 минутад шүүх хуралдаан болохоос 6 хоногийн өмнө “шүүх хуралдааны тов мэдэгдэх” хуудас /2-р хх-111/-аар тус тус мэдэгдсэн байх тул шүүх, хуульд заасан үүргээ  хэрэгжүүлсэн байна.   

               Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-н  “энэ хуулийн 165.1-д заасан этгээд шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж заасны дагуу  давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 386 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Урансайжрах ХХК-иас 364,500,000 төгрөг ...” гэснийг 

  “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Урансайжрах ХХК-иас гэрээний үүрэгт 243,000,000 төгрөг, алданги 121,500,000 төгрөг, нийт 364,500,000 төгрөг ...”  гэж, 

           тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 123 дугаар зүйл, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 349,267,800 төгрөг ... ” гэснийг  

 “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар  2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, ажлын хөлсөнд үндэслэлгүйгээр төлүүлж авсан  349,267,800 төгрөг ” гэж, 

            тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар” гэснийг 

 “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар” гэж,  “нэхэмжлэгчээс ...” гэснийг  “нэхэмжлэгч *******оос ... гэж, “хариуцагчаас ...” гэснийг “хариуцагч Урансайжрах ХХК-иас ... ” гэж,  “нэхэмжлэгчид ...” гэснийг “нэхэмжлэгч *******ид..., ... ” гэж,  тус тус өөрчлөн,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Урансайжрах ХХк-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,100,000 төгрөгөөс илүү төлсөн 373,211 төгрөгийг Төрийн сангийн орлогоос гаргуулж хариуцагч Урансайжрах ХХК-д олгож, 3,726,789 төгрөгийг  Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

    

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.АМАРСАНАА

                                                             ШҮҮГЧИД                                 Д.БУЯНЖАРГАЛ

                                                                  Х.БАЙГАЛМАА