Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2022/00428

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

135/2019/00914/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ... тоотод оршин суух Д.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг ... тоотод оршин суух С.Д-д холбогдох,

Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоот байрнаас өөрт ноогдох хэсэг 7,000,000 төгрөг, өргөтгөл бариулахад оруулсан хөрөнгө 8263 ам.доллар буюу 23,136,400 төгрөг, нийт 30,136,400 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй шаардлагатай,

Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоот байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Т-ын нэхэмжлэлтэй хариуцагч Д.С, С.Д нарт холбогдох дундын өмчлөлийн Дархан сумын ... тоот байрнаас өөрт оногдох хэсэг 4,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М нар цахимаар, хариуцагч С.Д, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

 

:

 

Нэхэмжлэгч Д.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Д.С миний бие 1997 оны өвлөөс Дархан сумын иргэн С.Д-тай 2013 оныг хүртэл хамт амьдарч байсан. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй, бид хамт амьдрах хугацаандаа амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор нэхийгээр гэрийн шаахай оёх, сүү бөөндөж зарах, нохой дуудлагаар эмчлэх зэргээр хувийн бизнесээ эхлүүлж, сүү цагаан идээний цех, сүү боловсруулах тоног төхөөрөмж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах лангуу, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж зэрэг объектуудтай болоод байтал 2013 оны өвөл намайг архи ууж, агсан тавьсан гэсэн шалтгаанаар гэрээсээ болон ажлын байрнаас минь хөөж гаргасан. Ингээд эргээд эв зүйгээ олох болов уу гэж бодож утсаар ярих, хааяа очиж уулзах гэх мэтээр явсаар байтал өдий хүрлээ. Сүүлийн үед утсаа авахаа болиод очиж уулзахаар хараан загнаж, цагдаад барьж өгнө гэх мэтээр дарамталдаг. Би 2008 оноос 2010 онд ... улсад малын эмчээр ажиллаж авсан цалин мөнгөө буюу 8263 ам долларыг С.Д-ийн нэр дээр шилжүүлж бизнесээ өргөтгөх зорилгоор өөрийн хувьчилж авсан ... тоот 12м.кв щитны өрөөг өргөтгөн 50 м.кв 3 өрөө ажлын байр болгосон. ... улсаас шилжүүлж байсан 8263 доллар нь Монгол мөнгөөр 23,136,400 төгрөг юм. Дээрх байрыг бид хамт амьдарч байх хугацаанд хувьчлан авч байсан бөгөөд өмчлөгчөөр нь миний нэр бүртгэлтэй байдаг. Ийнхүү өөрийн хувийн өмч хөрөнгөө эзэмшиж ашиглаж захиран зарцуулах боломжгүй, үр шимийг нь хүртэх боломжгүй байсаар өдий хүрлээ.

Иймд дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. Төрөөс орон сууцыг иргэдэд өмчлөх хүрээнд хувьчилж авсан Дархан-Уул аймгийн ... тоот сууцны зориулалт бүхий байрны үнээс өөрт оногдох хэсгийг авах буюу ойролцоогоор 7,000,000 төгрөгийг гаргуулах,

2. Уг сууцны зориулалттай байранд хийсэн өргөтгөлийн барилгыг барихад оруулсан хөрөнгө 8263 америк долларыг нэхэмжлэл гаргасан өдрийн ханш буюу 2,800 төгрөгөөр тооцон 2 23,136,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэв.

 

Хариуцагч С.Д нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Хариуцагч С.Д миний бие нь дараах тайлбарыг гаргаж байна.

1.  Дархан-Уул аймаг, ... тоот сууцны зориулалт бүхий байрны үнээс ноогдох хэсэг буюу 7,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Миний бие нь 1998 онд Д.С-тай танилцаж хамтран амьдрах болсон бөгөөд энэ үед бид наймаа хийе, амьдрал ахуйгаа дээшлүүлье гэж хоорондоо ярилцаад, Дархан сумын ... тоотод байрлах нэг өрөө орон сууцыг зарж мөнгөөр нь А аймаг руу явж тарваганы арьс цуглуулж аваад Д.С тарваганы арьсыг аваад Орос явсан. Тэр сарын дараа ирэхдээ шатчихлаа гээд юу ч үгүй согтуу ирж байсан. Би тэр их мөнгөөр шатсан гэдэгт нь итгэдэггүй, өөрөө захиран зарцуулж өөртөө хэрэглэсэн байх гэж бодож явдаг. Д.С нь ингэж орон байрыг минь устгаж юу ч үгүй болгочхоод миний ээжийн 3 өрөө орон сууцанд бидэнтэй 10 жил хамт амьдарсан. ...Би түүнтэй амьдарч байх хугацаандаа эр савхин дээл болон хэрэгцээтэй хувцас хунарыг нь зөндөө авч өгч байсан, харин тэр надад анхаарал халамж тавьж амьдрал ахуйд минь тусалж байгаагүй юм. 2004 онд би сүү боловсруулах жижиг цех ажиллуулах зорилгоор СӨХ-д 400,000 төгрөг төлж байж ... байрны 00 тоот щитний өрөөний эзэмшигч нь болсон. 2005 онд ... тоот 00-ийн өрөөг хувьчлахаар болоход Д.С надад таньдаг хүмүүс байгаа би хөөцөлдье гээд тухайн үед бичиг баримт бүрдүүлэн хөөцөлдөж явахдаа өмчлөх эрхийн гэрчилгээ дээр өөрийгөө өмчлөгчөөр оруулан миний нэрийг хамтран өмчлөгчөөр бичүүлээд 9-р ангид сурч байсан хүүгийн маань нэрийг оруулаагүй байсан. Тухайн үед би энэ талаар Д.С-тай муудалцаж байсан ч хожим хойно сална гэж бодож яваагүй учраас дахин маргаан үүсгэж байгаагүй юм. Гэтэл энэ ... тоот 00-ийн өрөөнөөс ногдох хувиа авна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Энэ 00-ын өрөө нь хүн амьдрах зориулалтгүй щитний өрөө бөгөөд ажлын байраар л ашигладаг. Миний бие 4 тоот 00-ийн өрөөний эзэмших эрхийг авахад Д.С-ын зүгээс нэг ч төгрөг ороогүй. Тиймээс түүнд ногдох хувь гэж байхгүй гэж үзэж байна. Дархан Сумын ... тоот 00-ийн өрөө миний өмчлөлийн бөгөөд тус өрөөндөө сүү цагаан идээгээ боловсруулж амьдрал ахуйгаа залгуулж Дархан сумынхаа ард иргэдийг \жилийн 4 улиралд тасралтгүй\ сүү цагаан идээгээр хангахад өчүүхэн ч гэсэн тус нэмэр болж явдаг юм. Миний бие Дархан сумын ... тоот 00 өрөөний хууль ёсны өмчлөгч юм.

2.  Өргөтгөлийн барилга барихад оруулсан хөрөнгө 8264 ам доллар буюу 26,136,400 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Д.С нь 2008 онд болон 2009 онд А ажиллахаар 2 удаа 6 сараар явж байсан. Ингэж явахдаа замын зардал, бусад эд хувцас хунарын бэлтгэл хийх мөнгө өөрт нь байхгүй байсан учраас надаар хүнээс мөнгө зээлүүлж явах бэлтгэл хэрэглэлээ хангаж аваад явж байсан. Тэр над руу мөнгө явуулсан гэх баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн байсан. Д.С нь Катарт хамт ажиллаж байсан З, У гэж хүмүүстэй нийлээд миний нэр дээр гуйвуулга явуулдаг байсан. Д.С-оос К-т ажил хийгээд Монгол мөнгөөр бодоход сард хэдэн төгрөгийн цалин авах вэ гэж асуухад 450,000 төгрөг гэж байсан бөгөөд тэгвэл Монголд ажилласнаас ялгаагүй юм байна даа өмсөж зүүх, идэж уух гээд зардал их гарна ашиггүй юм биш үү гэж хэлж байсан\ Шилжүүлсэн мөнгийг нь З, У нарын эхнэрүүдэд нь өг гэсэн хэмжээгээр нь хүргэж өгч байсан. Учир нь тус тусдаа бага хэмжээний мөнгөн гуйвуулга Катараас хийхэд хураамж нь өндөр гардаг бөөнөөр нийлүүлээд хийвэл төлөх хураамж нь бага байдаг гэж надад хэлж байсан. Энэ нэхэмжлэгчийн хэрэгт өгсөн нотлох баримтаас тодорхой харагдана. Баримтын үнийн дүнгийн доор нь Д.С өөрийн гараараа З-д тэд У-д тэд гээд бичсэн байгаа. Тиймээс явуулсан мөнгө болгон нь надад үлдэж байгаагүй. Би 4 тоот 00-ийн өрөөний өргөтгөлийг өөрийн тэтгэврийн зээл Хас банкнаас 7,000,000 төгрөгийн зээл авч барилгын материал цуглуулж 2008 оны 09 сард барьж эхлээд 2008 оны 11-р сард ашиглалтад оруулж 2009 оны 09 сард \өргөтгөлийн\ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авсан байна. Тэгэхээр 2009 оны 11-р сар болон 2010 оны 1-р сард явуулсан мөнгө нь миний барилгын өргөтгөлд орсон байж таарахгүй юм. Мөн Д.С нь өөрийн охин С.Л-д явуулсан 200 ам долларыг надаас нэхэмжилсэн байх юм. Энэ мөнгийг охиндоо явуулчхаад яагаад надаас нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. 2010 онд Д.С нь залуу эхнэртэй болсон гээд надаас салаад явсан. Тэр явахдаа дансандаа 6,000,000 \зургаан сая\ төгрөгтэй явсан. Надтай амьдарч байх хугацаандаа ус ууж өвс идэж нүцгэн гүйж байсан юм шиг бүх мөнгөө надаас нэхэмжлээд байхын зэрэгцээ одоогийн ам долларын ханшаар тооцож 23,136,400 төгрөгийг 11 жилийн дараа нэхэмжилсэн байна. Би түүнтэй амьдарч байхдаа тус болж харж хандаж, түүнийг согтоод уначихсан хаа байгаа газраас нь очиж авч, архи уух болгондоо нүдний шилээ хаячихдаг бөгөөд хаях бүрд нь нүдний шил авч өгч хувцас хунарыг нь угааж арчиж цэвэрлэж өгдөг байсан. Би зарим үед \архи уугаад алга болчих үед нь\ ажлыг нь өмнөөс нь хийж явсан удаатай. Миний бие Д.С-аар тэжээн тэтгүүлээд, халамжлуулаад байсан зүйл байхгүй. Харин ч би түүнд зодуулж боолгоод амь насаа алдах шахаж цагдаад гомдол гаргаж өгч байсан. Тэр үед Д.С нь Араб руу явах гэж байсан ба танил талаараа хөөцөлдөж, намайг гуйж гувшиж байгаад надаар гомдолгүй гэсэн өргөдөл бичүүлж аваад Араб руу явж байснаа мартсан юм байх даа. Өргөтгөл барих ажилд гар бие оролцоогүй, нэг ч төгрөг эд материалын хөрөнгө оруулалт хийгээгүй Д.С-т төлөх төлбөр өр шир надад байхгүй, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Д нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие нь Дархан-Уул аймаг ... тоот щитны өрөөг 2007 онд СӨХ-д 400,000 төгрөг төлж өөрийн эзэмшилдээ авч байсан. Уг 00-тоот өрөөг эзэмшиж байгаад 00 өрөөг хувьчлах шийдвэр гаргахад буюу 2005 онд хувьчилж авах болсон. Энэ үед хамтран амьдрагч Д.С нь Би баг хороонд танил хүмүүстэй 00-ийн өрөөний хувьчлалын асуудлыг хөөцөлдье гэж хэлээд баримт бичгийг надаас аваад хөөцөлдөж өмчлөх эрхийн цэнхэр дэвтрийг авахдаа өөрийн нэрийг бичүүлж миний нэрийг хамтран өмчлөгчөөр оруулсан байсан. Тухайн үед би Д.С-ыг хожим хойно ийм зарга үүсгэж мөнгө нэхнэ гэж бодож яваагүй учраас 00-тоот өрөөний өмчлөлийн нэрийн асуудлаар маргаан гаргаж хэл ам болоогүй, сална гэж бодож амьдарч байгаагүй учраас муу саналгүй өнгөрсөн. Д.С нь надтай хамтын амьдралтай байх хугацаандаа малын эмчийн ажилтай байсан бөгөөд ажлаа зарим үед хийхгүй архи дарс ууж, элдэв авгай хүүхэнтэй нэр холбогдон зугаацаад явчихдаг байсан. Түүнийг байхгүй хойгуур ажлыг нь би хийдэг байсныг байгууллагын болоод хамт ажиллаж байсан хүмүүс бүгд гэрчилнэ. Тэр 15-р багийн малын эмч байхдаа архи ихээр ууж донтоод байсан учраас арга ядахдаа архины эмчилгээнд хүртэл би явуулж байсан. Ер нь орлого олоод амьдрал ахуйд тусалдаг хүн биш бэлэн байранд надыг элэг барьж амьдарч ирсэн хүн учир түүний хөрөнгө гэж манайд байхгүй юм. 00-тоот өрөөг хөөцөлдөн би олж авч байсан, эзэмшил болон хувьчилж авах бүх зардлыг би өөрөө бүгдийг гаргаж авч байсан ба харин Д.С-аас нэг ч төгрөг ороогүй ээ. Д.С нь надтай хамтын амьдралтай байхдаа 2 хүүхдийн тэтгэвэр төлж байсан учраас олсон цалин орлого нь хүүхдийн тэтгэлэгт, заримыг нь өөрөө захиран зарцуулж байсан. Ажил хийхээсээ хийхгүй нь их байсан шүү дээ. Иймд Дархан-Уул аймаг, ... тоот байрны хууль ёсны өмчлөгчөөр С.Д-өөс миний бие болохыг тогтоож өнгө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

"Миний биеийг 8, 9 настай байхад Д.С манай ээжтэй хамтран амьдрах болж бид ам бүл гурвуулаа болсон. Ийнхүү нэг гэр бүлд багтан 1997 оноос 2012 он хүртэл хамт амьдарч байсан юм. Би хүүхэд байхаасаа гэр бүлийн бизнес болох сүү цагаан идээ боловсруулах жижиг цехэд хувь нэмэр болж, аар саар ажилд нь тусалж ирсэн. Манайх хээтэй хороололд 1 өрөө байранд амьдарч байхад Д.С нь манай ээжтэй амьдрахаар ирж байсан. 1999 онд байх манай байрыг ээж, Д.С хоёр зарж наймаа хийж ашиг орлого олно гээд зарсан боловч Д.С нь Орос улс руу яваад шатсан гээд юу ч үгүй ирж манайх байр ч үгүй, мөнгө ч үгүй болж байсан юм. Ингээд намайг 9 дүгээр ангид байхад буюу 2005 оноос манайх хуучин хорооллын ... дугаар байранд 00 тоот байрыг эзэмшиж байгаад хувьчилж авч байсан. Энэ үед намайг хүүхэд байсан учраас 00 тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээнд миний нэрийг оруулж байгаагүй юм билээ. Одоо Д.С нь дундын өмчлөлийн маргаан үүсгэж дундын өмч хөрөнгөөс ноогдох хувиа авахаар шүүхдэж байгаа учраас би ч гэсэн энэ гэр бүлийн гишүүн байсныхаа хувьд одоогийн маргаж буй 00 тоот байрнаас өөрт ноогдох хувийг шаардаж авах эрхтэй гэж үзэж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь ... тоотод байрлах 12,000,000 төгрөгөөр үнэлэгдэн 00-ын өрөөнөөс өөрт ноогдох хувь 4,000,000 төгрөгийг дундын өмчөөс гаргуулах шаардлага бүхийн нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн авч, 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.С нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.С-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч С.Д-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч С.Д-д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсэг 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж,

Дархан сумын ... тоот орон сууцнаас өөрт ногдох хэсэг 7 сая төгрөг, өргөтгөл бариулахад оруулсан хөрөнгө 8263 доллар буюу 23,136,400 төгрөг, нийт 30,136,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг бөгөөд татгалзаж буй үндэслэлээ ...өргөтгөл барихад Д.С хөрөнгө оруулаагүй, Д.С-аас их хэмжээний мөнгө аваагүй, явуулсан мөнгөө Д.С нь буцаан авч машин, бусад зүйлд зарцуулсан. Дархан сумын ... тоот 00-ын өрөө нь миний өмч, Д.Содбаяр тухайн үед хөөцөлдөж, улсын бүртгэлд бүртгүүлэхдээ нэрээ оруулж бүртгүүлсэн... гэж тайлбарлаж, тэрээр Дархан сумын ... тоот байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Бие даасан шаардлага гаргаасан гуравдагч этгээд Д.Т нь Дархан сумын ... тоот 00 өрөө орон сууц нь гэр бүлийн дундын хөрөнгө бөгөөд гэр бүлийн гишүүн өөрт оногдох хэсэг 4 сая төгрөгийг Д.С, С.Д нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Д.С, С.Д нар нь 1998 онд танилцаж, 2010 он хүртэл хамтын амьдралтай байсан бөгөөд тэдний хамтын амьдралын хугацаанд буюу 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2009 оны 4 сарын 5-ны өдөр хүртэл, 2009 оны 07 сарын 02-ны өдрөөс 2010 оны 03 сарын 17-ны өдөр хүртэл тус тус Д.С нь Арабын Катар улсад ажиллаж байсан болох нь талуудын тайлбар, Д.С-ын гадаад паспортоор тогтоогдож байна.

Д.С нь Катар улсаас 2010 онд ирснээс хойш хугацаанд С.Д-тэй хамт амьдраагүй, тэдний хамтын амьдрал дуусгавар болсон болох нь талуудын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Дархан-Уул аймгийн ... тоот орон сууцны маргааны тухайд:

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар 5.1-т Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж заасны дагуу Д.С, С.Д нар нь Дархан сумын ... тоот үл хөдлөх хөрөнгийг өмчилж авахаар улсын бүртгэлийн газарт 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлэг гаргаж, Улсын бүртгэлд мөн өдөр өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Д.С, С.Д нар нь албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, дээрх орон сууц нь тэдний хамт амьдарч байх хугацаанд бий болсон үл хөдлөх хөрөнгө тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т зааснаар уг ... тоот байрыг Д.С, С.Д нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно, 108.8-т Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.С нь дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт ноогдох хэсгийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч С.Д нь ... тоот байрыг авахад Д.С-аас нэг ч төгрөг аваагүй, энэ байр миний өмч гэж тайлбарлаж байх боловч түүний тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа ба шүүх энэхүү үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч С.Д-ийн ...тоот байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг ...Дархан сумын ... тоот 00 өрөө орон сууц нь гэр бүлийн дундын хөрөнгө бөгөөд гэр бүлийн гишүүн өөрт оногдох хэсэг 4,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан гэж тайлбарласан боловч уг орон сууц нь гэр бүлийн дундын хөрөнгө биш байх тул бие даасан гуравдагч этгээдийн гаргасан 4,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын бүртгэлийн Ү-200... дугаарт бүртгэгдсэн 12 мкв талбайтай Дархан сумын ... тоот 00-ын өрөө нь Д.С, С.Д нарын өмчлөлд бүртгэгдсэн, улсын бүртгэлийн Ү-200... дугаарт бүртгэгдсэн 48 мкв талбайтай Дархан сумын ... тоот буюу дээрх 00-ын өрөөний өргөтгөл нь С.Д-ийн өмчлөлд бүртгэгдсэн тус бүр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх ...03, 04 тоот үл хөдлөх хөрөнгийн тус бүрийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5206 дугаартай захирамжаар шинжээч К ХХК-нийг томилсон боловч шинжээч К ХХК нь дүгнэлтдээ /хх-84-95/ орон сууцны талбайн хэмжээг зөрүүтэй үнэлсэн, мөн үнэлгээ гаргахдаа зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандалгаар гаргасан гэх боловч тайландаа жишиг үнийн судалгааг тусгаагүй байсан тул дахин шинжээч томилж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2319 дугаартай захирамжаар шинжээч А ХХК-нийг шинжээчээр томилсон. /хх-99-101/

Шинжээч А ХХК нь дүгнэлтдээ /хх-125-138/ үл хөдлөх хөрөнгө болох ... тоот байрыг 40 мкв талбайтай энгийн стандарт орон сууцны зориулалттай гэж тодорхойлж, зах зээлийн үнийг гаргахдаа орон сууцны зориулалттай 36 мкв, 49 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зах зээлд зарагдаж буй ханштай харьцуулж үнэлгээг тогтоосон. Өөрөөр хэлбэл дээрх 2 үл хөдлөх хөрөнгийн үнийг тус бүрт нь гаргаагүй, нийтэд нь орон сууцны зориулалттай нэг орон сууц гэж тодорхойлж үнэлгээг тогтоосон.

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 3788 дугаартай захирамжаар дахин шинжээч томилж, шинжээчээр А ХХК-нийг томилсон бөгөөд шүүх шинжээч А ХХК-ний үнэлгээг үндэслэн маргааныг шийдвэрлэсэн болно.

Шинжээч А ХХК-ний 2020 оны 09 сарын 15-ны өдрийн үнэлгээгээр Дархан сумын ... тоот үл хөдлөх хөрөнгийг 12,723,722 төгрөг гэж үнэлсэн байх тул тухайн байрыг С.Д-ийн өмчлөлд үлдээж, оногдох хэсэг болох хөрөнгийн үнэлгээний тал хувь буюу 6,361,861 төгрөгийг хариуцагч С.Д-ээс гаргуулан нэхэмжлэгч Д.С-т олгож, үлдэх 638,139 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дархан-Уул аймгийн ... тоот байр буюу Өргөтгөлийн тухайд :

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.С нь Катар улсад ажиллаж байх хугацаандаа нийт 7,991.6 ам доллар шилжүүлсэн бөгөөд үүнээс У, О нарт 280 ам доллар, З-д 850 ам доллар, У-д 350 ам доллар, С.Л-д 200 ам доллар тус тус өгч, С.Д-д 2008 оны 06 сарын 08-ны өдөр 728 ам доллар, 2008 оны 08 сарын 10-ны өдөр 400 ам доллар, 2008 оны 10 сарын 14-ны өдөр 1000 ам доллар, 2008 оны 12 сарын 04-ны өдөр 985 ам доллар, 2009 оны 11 сарын 19-ны өдөр 1098,6 ам доллар, 2010 оны 04 сарын 01-ны өдөр 2100 ам доллар, нийт 6,311.6 ам доллар шилжүүлсэн болох нь хэрэг авагдсан баримтаар /хх-6-13/тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.С нь өргөтгөл бариулахад оруулсан хөрөнгө 8263 доллар буюу 23,136,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Катар улсад ажиллаж байх хугацаандаа С.Д рүү шилжүүлсэн мөнгө нь ажлын байраа бий болгох зорилгоор, Дархан сумын ... тоот байрны өргөтгөлд барихад зориулж шилжүүлж байсан. Шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулахаар шаардаж байна гэж тайлбарласан.

Хариуцагч С.Д нь ...тухайн өргөтгөлийг банкны зээлээр барьсан, 2008 оны 11 сард ашиглалтад орсон ...Д.С-с их мөнгө аваагүй, түүний шилжүүлсэн мөнгийг хадгалж байгаад өөрт нь шилжүүлж өгсөн, өөрөө зарцуулж дууссан гэж тайлбарлаж байх боловч тэрээр Д.С-т мөнгийг буцаан өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Дархан сумын ... тоот байр /өргөтгөл/ нь 2009 оны 08 сарын 21-ны өдөр эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдэж, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр С.Д-г бүртгэж, гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.С-ын өргөтгөлд зориулж шилжүүлсэн гэж тайлбарлаж С.Д рүү мөнгө шилжүүлсэн үйл баримт нь хэрэгт авагдсан бусад баримтаар үгүйсгэгдэхгүй байх тул Д.С-аас хариуцагч С.Д-д өгсөн 6,311.6 ам долларыг тухайн үеийн ханшаар тооцон хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Д.С-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол банкнаас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ирүүлсэн албан бичигт АНУлсын ам доллар төгрөгтэй тэнцэх албан ханш 2008. 06 .08-ны өдөр 1,160.26 төгрөг, 2008.08.10-ны өдөр 1,153.65 төгрөг , 2008.10.14-ны өдөр 1,144.46 төгрөг, 2008.12.04-ны өдөр 1,203.47 төгрөг, 2009.11.19-ны өдөр 1.435.48 төгрөг, 2010.04.01-ны өдөр 1,365.47 төгрөг байна... гэжээ.

Нэхэмжлэгч Д.С-аас хариуцагч С.Д-д 2008. 06 .08-ны өдөр шилжүүлсэн 728 ам доллар буюу 844,669.28 төгрөг, 2008.08.10-ны өдөр шилжүүлсэн 400 ам доллар буюу 461,460 төгрөг, 2008.10.14-ны өдөр шижлүүлсэн 1000 ам доллар буюу 1,144,460 төгрөг, 2008.12.04-ны өдөр шилжүүлсэн 985 ам доллар буюу 1,185,417.95 төгрөг, 2009.11.19-ны өдөр шилжүүлсэн 1098.6 ам доллар буюу 1,577,018 төгрөг, 2010.04.01-ны өдөр шилжүүлсэн 2,100 ам доллар буюу 2,867,487 төгрөг, нийт 8,080,512.23 төгрөгийг хариуцагч С.Д-ээс гаргуулан нэхэмжлэгч Д.С-т олгож шийдвэрлэлээ.

Иймээс улсын бүртгэлийн Ү-200.... дугаарт бүртгэгдсэн Дархан сумын ... тоот үл хөдлөх хөрөнгийг С.Д-ийн өмчлөлд үлдээж, хариуцагч С.Д-ээс нийт 14,442,373.23 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С-т олгож, нэхэмжлэлийн үлдэх 15,694,026.77 төгрөгийн шаардлагыг, хариуцагч С.Д-ийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Т-ын 4,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нь шүүх хуралдаанд оролцохгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан тул түүний хүсэлтээр эзгүйд нь хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-т заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-200... дугаарт бүртгэгдсэн Дархан сумын ... тоот үл хөдлөх хөрөнгийг С.Д-ийн өмчлөлд үлдээж, хариуцагч С.Д-ээс нийт 14,442,373.23 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С-т олгож, нэхэмжлэлийн үлдэх 15,694,026.77 төгрөгийн шаардлагыг, хариуцагч С.Д-ийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Т-ын 4,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.С-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг, хариуцагч С.Д-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн тэмдэгтийн хураамж 682 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч С.Д-ээс улсын тэмдэгтийн хураамж 230,161 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               З.ТУНГАЛАГМАА