Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 209/МА2021/00046

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00914/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 498 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

             Хариуцагч *******д холбогдох

Орон сууцнаас өөрт ногдох хэсэг 7.000.000 төгрөг, өргөтгөл бариулахад оруулсан хөрөнгө 23.136.400 төгрөг, нийт 30.136.400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын нэхэмжлэлтэй хариуцагч *******, ******* нарт холбогдох Дундын өмчлөлийн орон сууцнаас 4.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч *******гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд нар /цахимаар/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Би 1997 оны өвлөөс Дархан сумын иргэн ******* овогтой Дуламсүрэнтэй 2013 оныг хүртэл хамт амьдарч байсан. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй, бид хамт амьдрах хугацаандаа амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор нэхийгээр гэрийн шаахай оёх, сүү бөөндөж зарах, нохой дуудлагаар эмчлэх зэргээр хувийн бизнесээ эхлүүлж, сүү цагаан идээний цех, сүү боловсруулах тоног төхөөрөмж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах лангуу, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж зэрэг объектуудтай болоод байтал 2013 оны өвөл намайг архи ууж, агсан тавьсан гэсэн шалтгаанаар гэрээсээ болон ажлын байрнаас минь хөөж гаргасан. Ингээд эргээд эв зүйгээ олъё гэж бодож утсаар ярих, хааяа очиж уулзах гэх мэтээр явсаар байтал өдий хүрлээ. Сүүлийн үед утсаа авахаа болиод очиж уулзахаар хараан загнаж, цагдаад барьж өгнө гэх мэтээр дарамталдаг. Би 2008 оноос 2010 онд Арабын Катар улсад малын эмчээр ажиллаж авсан цалин мөнгөө буюу 8263 ам долларыг *******гийн нэр дээр шилжүүлж бизнесээ өргөтгөх зорилгоор өөрийн хувьчилж авсан хуучин хорооллын 35-р байрны 04 тоот 12м2 щитны өрөөг өргөтгөн 50 м.кв 3 өрөө ажлын байр болгосон. Арабын Катар улсаас шилжүүлж байсан 8263 доллар нь монгол мөнгөөр 23.136.400 төгрөг юм. Дээрх байрыг бид хамт амьдарч байх хугацаанд хувьчлан авч байсан бөгөөд өмчлөгчөөр нь миний нэр бүртгэлтэй байдаг. Ийнхүү өөрийн хувийн өмч хөрөнгөө эзэмшиж ашиглаж захиран зарцуулах боломжгүй, үр шимийг нь хүртэх боломжгүй байсаар өдий хүрлээ.

Иймд дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. Төрөөс орон сууцыг иргэдэд өмчлөх хүрээнд хувьчилж авсан Дархан-Уул аймгийн Дархан сум 14-р баг 35 дугаар байрны 4 тоот сууцны зориулалт бүхий байрны үнээс өөрт оногдох хэсгийг авах буюу ойролцоогоор 7.000.000 төгрөгийг гаргуулах,

2. Уг сууцны зориулалттай байранд хийсэн өргөтгөлийн барилгыг барихад оруулсан хөрөнгө 8263 америк доллар буюу 23.136.400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэлийн эхний шаардлагын тухайд ******* миний ажил хөдөлмөр эрхэлж байсан байгууллагаас олгосон орон сууцыг төрөөс орон сууцыг иргэдэд үнэ төлбөргүй хувьчилсны үр дүнд Дархан сум, 14 дүгээр баг 35 дугаар байрны 4 тоот сууцны зориулалт бүхий байрыг өмчлөх боломж бүрдсэн. Энэ үед би *******тэй хамтын амьдралтай байсан, цаашид урт хугацаанд амьдарна гэсэн итгэл, найдвар байсан учир түүнийг уг сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн болно. Өдгөө нэгэнт хамтран өмчлөгчөөр хэн аль нь бүртгүүлж өмчлөх эрх үүссэн тул уг хөрөнгийг адил тэнцүү хуваах хуулийн дагуу ногдох хэсэг 50 хувийг гаргуулах шаардлага гаргаж байгаа болно. Энэ хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 15.000.000 төгрөг байх тул түүний талыг дунджаар тооцоход 7.000.000-7.500.000 төгрөг болохоор байх тул дундын өмчөөс ногдох хувь 50 хувийг 7.000.000 төгрөг гэж уг шаардлагын үнийн дүнг тодорхойлов.

Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын тухайд нэхэмжлэл болон өмнөх шүүх хурлуудад гаргасан тайлбарт өгүүлсэнчлэн, мөн мөнгөн шилжүүлгийн баримтууд зэргээр нотлогдож байгаа буюу бие Катар улсад хөдөлмөр эрхэлж олсон орлогоосоо өргөтгөлийн барилгыг барихад зориулж *******д шилжүүлсэн ба гадаад улсад хөдөлмөр эрхэлж байсны улмаас хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй байсан, нэгэнт хамтран өмчлөгчөөр бүртгүүлээгүй тул оруулсан хөрөнгөө бүхэлд нь гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Хариуцагч ******* миний бие нь дараах тайлбарыг гаргаж байна.

1. Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг 35-р байрны 04 тоот сууцны зориулалт бүхий байрны үнээс ноогдох хэсэг буюу 7.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Миний бие нь 1998 онд *******тай танилцаж хамтран амьдрах болсон бөгөөд энэ үед бид наймаа хийе, амьдрал ахуйгаа дээшлүүлье гэж хоорондоо ярилцаад, Дархан сумын 9р баг 5-4 байрны 90 тоотод байрлах нэг өрөө орон сууцыг зарж мөнгөөр нь Архангай аймаг руу явж тарваганы арьс цуглуулж аваад ******* тарваганы арьсыг аваад Орос явсан. Тэр сарын дараа ирэхдээ шатчихлаа гээд юу ч үгүй согтуу ирж байсан. Би тэр их мөнгөөр шатсан гэдэгт нь итгэдэггүй, өөрөө захиран зарцуулж өөртөө хэрэглэсэн байх гэж бодож явдаг. ******* нь ингэж орон байрыг минь устгаж юу ч үгүй болгочхоод миний ээжийн 3 өрөө орон сууцанд бидэнтэй 10 жил хамт амьдарсан. ...Би түүнтэй амьдарч байх хугацаандаа эрт савхин дээл болон хэрэгцээтэй хувцас хунарыг нь зөндөө авч өгч байсан, харин тэр надад анхаарал халамж тавьж амьдрал ахуйд минь тусалж байгаагүй юм. 2004 онд би сүү боловсруулах жижиг цех ажиллуулах зорилгоор СӨХ-д 400.000 төгрөг төлж байж 35-р байрны 00 тоот щитний өрөөний эзэмшигч нь болсон. 2005 онд 35-р байрны 4 тоот 00-ийн өрөөг хувьчлахаар болоход ******* надад таньдаг хүмүүс байгаа би хөөцөлдье гээд тухайн үед бичиг баримт бүрдүүлэн хөөцөлдөж явахдаа өмчлөх эрхийн гэрчилгээ дээр өөрийгөө өмчлөгчөөр оруулан миний нэрийг хамтран өмчлөгчөөр бичүүлээд 9-р ангид сурч байсан хүүгийн маань нэрийг оруулаагүй байсан. Тухайн үед би энэ талаар *******тай муудалцаж байсан ч хожим хойно сална гэж бодож яваагүй учраас дахин маргаан үүсгэж байгаагүй юм. Гэтэл энэ 4 тоот 00-ийн өрөөнөөс ногдох хувиа авна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Энэ 00-ын өрөө нь хүн амьдрах зориулалтгүй шитний өрөө бөгөөд ажлын байраар л ашигладаг. Миний бие 4 тоот 00-ийн өрөөний эзэмших эрхийг авахад *******ын зүгээс нэг ч төгрөг ороогүй. Тиймээс түүнд ногдох хувь гэж байхгүй гэж үзэж байна. Дархан Сумын 15-р багийн хуучин хорооллын 35-р байрны 4 тоот 00-ийн өрөө миний өмчлөлийн бөгөөд тус өрөөндөө сүү цагаан идээгээ боловсруулж амьдрал ахуйгаа залгуулж Дархан сумынхаа ард иргэдийг \жилийн 4 улиралд тасралтгүй\ сүү цагаан идээгээр хангахад өчүүхэн ч гэсэн тус нэмэр болж явдаг юм. Миний бие Дархан сумын 15-р багийн хуучин хорооллын 35-р байрны 4 тоот 00 өрөөний хууль ёсны өмчлөгч юм.

2. Өргөтгөлийн барилга барихад оруулсан хөрөнгө 8264 ам доллар буюу 26.136.400 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

******* нь 2008 онд болон 2009 онд Арабын Катарт ажиллахаар 2 удаа 6 сараар явж байсан. Ингэж явахдаа замын зардал, бусад эд хувцас хунарын бэлтгэл хийх мөнгө өөрт нь байхгүй байсан учраас надаар хүнээс мөнгө зээлүүлж явах бэлтгэл хэрэглэлээ хангаж аваад явж байсан. Тэр над руу мөнгө явуулсан гэх баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн байсан. ******* нь Катарт хамт ажиллаж байсан ******* Ууганаа гэж хүмүүстэй нийлээд миний нэр дээр гуйвуулга явуулдаг байсан. \*******аас Катарт ажил хийгээд Монгол мөнгөөр бодоход сард хэдэн төгрөгийн цалин авах вэ гэж асуухад 450.000 төгрөг гэж байсан бөгөөд тэгвэл Монголд ажилласнаас ялгаагүй юм байна даа өмсөж зүүх, идэж уух гээд зардал их гарна ашиггүй юм биш үү гэж хэлж байсан\ Шилжүүлсэн мөнгийг нь ******* Ууганаа нарын эхнэрүүдэд нь өг гэсэн хэмжээгээр нь хүргэж өгч байсан. Учир нь тус тусдаа бага хэмжээний мөнгөн гуйвуулга Катараас хийхэд хураамж нь өндөр гардаг бөөнөөр нийлүүлээд хийвэл төлөх хураамж нь бага байдаг гэж надад хэлж байсан. Энэ нэхэмжлэгчийн хэрэгт өгсөн нотлох баримтаас тодорхой харагдана. Баримтын үнийн дүнгийн доор нь ******* өөрийн гараараа *******д тэд Ууганаад тэд гээд бичсэн байгаа. Тиймээс явуулсан мөнгө болгон нь надад үлдэж байгаагүй. Би 4 тоот 00-ийн өрөөний өргөтгөлийг өөрийн тэтгэврийн зээл Хас банкнаас 7.000.000 төгрөгийн зээл авч барилгын материал цуглуулж 2008 оны 09 сард барьж эхлээд 2008 оны 11-р сард ашиглалтад оруулж 2009 оны 09 сард \өргөтгөлийн\ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авсан байна. Тэгэхээр 2009 оны 11 дүгээр сар болон 2010 оны 1 дүгээр сард явуулсан мөнгө нь миний барилгын өргөтгөлд орсон байж таарахгүй юм. Мөн ******* нь өөрийн охин С.Лхагвасүрэндээ явуулсан 200 ам долларыг надаас нэхэмжилсэн байх юм. Энэ мөнгийг охиндоо явуулчхаад яагаад надаас нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. 2010 онд ******* нь залуу эхнэртэй болсон гээд надаас салаад явсан. Тэр явахдаа дансандаа 6.000.000 төгрөгтэй явсан. Одоогийн ам долларын ханшаар тооцож 23.136.400 төгрөгийг 11 жилийн дараа нэхэмжилсэн байна. Би түүнтэй амьдарч байхдаа тус болж харж хандаж, түүнийг согтоод уначихсан хаа байгаа газраас нь очиж авч, архи уух болгондоо нүдний шилээ хаячихдаг бөгөөд хаях бүрд нь нүдний шил авч өгч хувцас хунарыг нь угааж арчиж цэвэрлэж өгдөг байсан. Би зарим үед \архи уугаад алга болчих үед нь\ ажлыг нь өмнөөс нь хийж явсан удаатай. Миний бие *******аар тэжээн тэтгүүлээд, халамжлуулаад байсан зүйл байхгүй.

Өргөтгөл барих ажилд гар бие оролцоогүй, нэг ч төгрөг эд материалын хөрөнгө оруулалт хийгээгүй *******т төлөх төлбөр өр шир надад байхгүй, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие нь Дархан Уул аймаг Дархан сум 14-р баг 35-р байрны 04 тоот щитны өрөөг 2007 онд СӨХ-д 400.000 төгрөг төлж өөрийн эзэмшилдээ авч байсан. Уг 00-тоот өрөөг эзэмшиж байгаад 00 өрөөг хувьчлах шийдвэр гаргахад буюу 2005 онд хувьчилж авах болсон. Энэ үед хамтран амьдрагч ******* нь Би баг хороонд танил хүмүүстэй 00-ийн өрөөний хувьчлалын асуудлыг хөөцөлдье гэж хэлээд баримт бичгийг надаас аваад хөөцөлдөж өмчлөх эрхийн цэнхэр дэвтрийг авахдаа өөрийн нэрийг бичүүлж миний нэрийг хамтран өмчлөгчөөр оруулсан байсан.

00-тоот өрөөг хөөцөлдөн би олж авч байсан, эзэмшил болон хувьчилж авах бүх зардлыг би өөрөө бүгдийг гаргаж авч байсан ба харин *******аас нэг ч төгрөг ороогүй ээ. ******* нь надтай хамтын амьдралтай байхдаа 2 хүүхдийн тэтгэвэр төлж байсан учраас олсон цалин орлого нь хүүхдийн тэтгэлэгт, заримыг нь өөрөө захиран зарцуулж байсан. Ажил хийхээсээ хийхгүй нь их байсан шүү дээ. Иймд Дархан-Уул аймаг, Дархан сумын 14-р баг 35-р байрны 04 тоот байрны хууль ёсны өмчлөгчөөр ******* овогтой Дуламсүрэн миний бие болохыг тогтоож өнгө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

"Миний биеийг 8,9 настай байхад ******* манай ээжтэй хамтран амьдрах болж бид ам бүл гурвуулаа болсон. Ийнхүү нэг гэр бүлд багтан 1997 оноос 2012 он хүртэл хамт амьдарч байсан юм. Би хүүхэд байхаасаа гэр бүлийн бизнес болох сүү цагаан идээ боловсруулах жижиг цехэд хувь нэмэр болж, аар саар ажилд нь туслаж ирсэн. Манайх хээтэй хороололд 1 өрөө байранд амьдарч байхад ******* нь манай ээжтэй амьдрахаар ирж байсан.

2005 оноос манайх хуучин хорооллын 35 дугаар байранд 00 тоот байрыг эзэмшиж байгаад хувьчилж авч байсан. Энэ үед намайг хүүхэд байсан учраас 00 тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээнд миний нэрийг оруулж байгаагүй юм билээ. Одоо ******* нь дундын өмчлөлийн маргаан үүсгэж дундын өмч хөрөнгөөс ноогдох хувиа авахаар шүүхэд хандсан байгаа учраас би ч гэсэн энэ гэр бүлийн гишүүн байсныхаа хувьд одоогийн маргаж буй 00 тоот байрнаас өөрт ноогдох хувийг шаардаж авах эрхтэй гэж үзэж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Дархан сумын 14 дүгээр багийн 1 дүгээр хороолол 35 дугаар байрны 3 тоотод байрлах 12.000.000 төгрөгөөр үнэлэгдэн 00-ын өрөөнөөс өөрт ноогдох хувь 4.000.000 төгрөгийг дундын өмчөөс гаргуулах шаардлага бүхийн нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн авч, 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 498 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-т заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2003012776 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 35 дугаар байрны 4 тоот үл хөдлөх хөрөнгийг *******гийн өмчлөлд үлдээж, хариуцагч *******гээс нийт 24.261.657 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн үлдэх 5.874.743 төгрөгийн шаардлагыг, хариуцагч *******гийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын 4.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн тэмдэгтийн хураамж 682 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 279.258 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй бөгөөд нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэн зөв, бодитойгоор үнэлж чадаагүй миний эрх ашгийг хохироосонд гомдолтой байна.

*******ыг Катар улс руу явахад бүх зардлыг нь би хүнээс зээлж өгч явуулж байсан. Тухайн үед түүнийг салаад хожим нь мөнгө нэхнэ гэж санаагүй. Би өөрийн данснаас мөнгийг нь аваад өөрт нь өгөөд тэр мөнгөө өөрөө захиран зарцуулж, 2010 оны 04 дүгээр сард салаад явахдаа 6.000.000 төгрөгтэй яваад дараа нь машин худалдаж авсан байсан. Машинтай байсан талаар лавлагааг би гаргуулан хэрэгт хавсаргасан. Гэтэл шүүх энэ нотлох баримтыг хэрхэн үнэлснээ шийдвэртээ тусгаагүй байна. Би татгалзлаа нотлох зорилгоор 3 гэрч асуулгасан. Гэтэл гэрчүүдийн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн талаараа шүүхийн шийдвэртээ дурдаагүй.

******* нь Катараас ирээд 2 сар манайд амьдарсан. Тухайн үед хамт амьдарч байхдаа идэж уугаад, ээж, ах, дүү, найз нөхдөө дайлаад дуусгасан мөнгийг нь 10 жилийн дараа би төлөх үндэслэл байхгүй.

Би банкнаас зээл эвч О.Сайханбаяраар өргөтгөл бариулсан. Энэ талаар О.Сайханбаяраар гэрчийн мэдүүлэг авхуулж, өөрийн тайлбараа нотлуулсан байхад ... *******ын өргөтгөлд зориулж мөнгө шилжүүлсэн гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдээгүй байх тул ... гэж дүгнэн 10 жилийн дараа буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үед надаас 17.899.769 төгрөг гаргуулахаар шийдвэр гаргаж байгаа нь үнэн бодит байдалд нийцэхгүй байна. 6.311.6 ам долларыг 2008 он, 2009 оны төгрөгтэй харьцах ханшийг бодож үзэхэд 8.56.082 төгрөг гарч байхад 17.899.769 төгрөг гаргуулахаар буруу тооцоо хийж намааг хохироож байгаад гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Дархан сумын 14 дүгээр баг, 35 дугаар байрны 04 тоот орон сууцнаас өөрт ногдох хэсэг 7.000.000 төгрөг, өргөтгөл бариулахад оруулсан хөрөнгө 8263 ам доллар буюу 23.136.400 төгрөг нийт 30.136.400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч ******* нэхэмжлэгч *******ыг өргөтгөл барихад хөрөнгө оруулаагүй, над руу шилжүүлсэн мөнгөө буцаан авч машин бусад зүйлд зарцуулсан, 04 тоот ОО-ын өрөө нь миний өмч тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, маргаж буй 04 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч *******гийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна гэж үзнэ.

Тухайлбал: Маргаж буй байранд хэргийн оролцогчийн хүсэлтээр 3 удаа шинжээч томилж, үнэлгээ гаргуулсан, үүнээс Арлын ам ХХК-ны үнэлгээг нотлох баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд хэрхэн ямар үндэслэлээр энэ компанийн үнэлгээг үндэслэсэн, бусад Капитал зууч ХХК болон Ашид билгүүн ХХК-ын үнэлгээг яагаад үнэлээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ 8263 ам доллар буюу монгол төгрөгөөр 23.136.400 төгрөг хариуцагч *******гээс гаргуулахаар шаардсан байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын үнийн үндэслэлийг баримтаар тодруулаагүй.

Хариуцагч ******* 2008-2010 онуудын 7 удаагийн ам долларын гүйлгээний тухайн өдрийн ханшийг тодорхойлуулахаар шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг бүрэн хангаагүй зөвхөн 2008, 2009 оны жилийн эцсийн өдрийн ханшаар тооцож, дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасныг зөрчсөн байна.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч *******гээс 24.261.657 гаргуулж шийдвэрлэхдээ шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт хийсэн тооцооллын задаргаа огт ойлгомжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 498 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                                                            ШҮҮГЧИД                                    М.МӨНХДАВАА

                                                                                                                                                 Л.АМАРСАНАА