Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 131/ШШ2017/00880

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 9 дүгээр баг, Есөнбулаг 2.23-д байрлах ******* ХХК, гүйцэтгэх захирал, ******* овогт *******ы *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Баянхонгор аймгийн Баянхонгор сум 5 дугаар багт байрлах, ******* ХХК, гүйцэтгэх захирал Б.*******д холбогдох зээлээр худалдсан бараа бүтээгдэхүүний үнэ 5.699.870 төгрөгийг гаргуулахын хүссэн нэхэмжлэлтэй хэргийг  2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.*******, өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.*******, өмгөөлөгч Х.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч:******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ХХК, захирал Б.******* нь 2012 оны 01-р сарын 04 нээс эхлэн хүнсний бүтээгдэхүүн, бараа материал зэргийг цувруулан авч, 2016 оны 09 сарын 14-ний өдөр тооцоо нийлэхэд 5.699.870 төгрөг болсон байна. Би бараа материал өгөхдөө дэвтэрт хар данс хөтөлдөг ба тухайн үед авсан бүх зүйл огноотойгоо бичээстэй байгаа. Иймд ******* ХХК-ийн захирал Б.*******өөс хүнсний бүтээгдэхүүний үнэ нийт 5.699.870 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч: Б.******* ах нэг өдөр мөнгө ирээд нэхсэн гэж тайлбарлаж байна. Би ******* ахаас мөнгөө авах гэж 1 жил гаруй хөөцөлдсөн. Бараа авсаныг гэрчлэх гэрчүүд байгаа. Утас руу нь залгахаар нь миний утсыг авдаггүй, мөнгийг чинь өгнө боломжгүй байна гэсээр байгаад удаашруулсан. Дүүгийнхээ утсаар хүртэл ярьсан. Удаа дараа гэрт нь очсон, гэрчлэх хүмүүс байгаа. Хамгийн анх оны 1 сараас эхлэн ******* ах бараа авч эхэлсэн. 2012 оны 5 дугаар сарын 16-ны байдлаар 3.625.170 төгрөгний тооцоотой байсан. 2012 оны 6 сард ******* ахын эхнэрийн ах нь барилга дээрээс унасан. Энэ мөнгөө намар аваач, бид хоёр боломжгүй байна гэсэн. 7 сард залгахад манай дүү нас барчихлаа намар мөнгийг чинь өгье гэсэн. 2012 оны 9 сараас үргэлжлүүлээд бараагаа авсан. 3.625.170 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг хасуулахдаа та гарын үсэг зураад өг гэсэн чинь ******* ах би гарын үсэг зурахгүй. Чи хэзээ нэгэн цагт юун дээр ашиглаж мэднэ гэж хэлсэн. Тэгэхэд нь би та хугацаандаа мөнгөө төлчихвөл асуудал байхгүй гэж хэлсэн гэв.

Хариуцагч: 2012 оноос эхэлж барааг зээлээр аваад сарын эцсээр мөнгийг нь төлдөг байсан. ******* баримт өгөхгүй байж байгаад дараа нь тооцоо хийхэд бараа материалынхаа үнийг нэмж бичдэг байсан. 2015 оны 9 сард бараа авааж дахиж бараа аваагүй. Өмнө нь удаа дараа ирээд мөнгөө нэхсэн асуудал байхгүй. Тендерын юм хийгээд өгөөч туслаач гээд манайд 2-3 удаа дүүтэйгээ ирсэн. Өр нэхсэн гэж ирсэн байдлаар тайлбарлаж болохгүй. Солонгос руу явах гээд байна гарын үсэг зураад өгөөч гэсэн. Дэвтэрээ алдчихсан тэгээд баримтгүй болчихсон гэв.

Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;

Т.*******ийн нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би нэхэмжлэлд дурдсан мөнгийг аваагүй. Авсан барааны мөнгийг сарын сүүлээр төлдөг бид хоёрын дунд өр ширний асуудал байхгүй. Т.******* нь 2016 оны сүүлээр би Солонгос улсруу явах гэсэн юм. Ийм баримт хэрэгтэй байна, гарын үсэг зураад өгөөч гэж өдөржин гуйгаад нэг дэвтэр дээр гарын үсэг зуруулсан би Солонгос явахад нь л хэрэг болдог юм байх гэж бодсон. Хэрэв хуурч мэхлэн гарын үсэг зуруулан гарын үсгийг далимдуулан ямар нэгэн зүйлд ашиглах гэж байгаа бол би холбогдох газар нь гомдлоо гаргах болно. Авлагын дэвтэр гэх дэвтэр нь нөхөж бичсэн дэвтэр байна. Бидний хооронд байх төлбөр тооцооны асуудлыг өөр том дэвтэр дээр олон хүний тооцоотой хольж бичдэг байсан. Сүүлд энэ дэвтэр дээр гарын үсэг зуруулж 3.699.870 төгрөг төлөх нь үнэн гэх зүйлийг бичүүлэхдээ дээр нь тооцоо бодсон бичвэрийг бичсэн байсан эсэхийг санахгүй байна. Энэ бичгийг бичүүлэхдээ ямар нэгэн байдлаар тооцоо бодсон зүйл байхгүй. Би ийм их хэмжээний өртэй байсан бол энэ олон сарын хугацаанд чимээгүй яваад байна гэж байхгүй шүү дээ. Бид бараа өгч авахдаа ямар нэгэн төлбөрийн баримт үйлдэх, өрийн дэвтэрт гарын үсэг зурах зэргээр баталгаа хийдэггүй, мөнгөө сарын сүүлээр тухай бүр өгч хэвшээд явсан. Иймд дээрх тооцооны дэвтрийг нотлох баримт гэж үзэхгүй байна..гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талаас санал болгосон хэргийн 1-4,16-18, 24-25, 79-80, 99-116, 123, 129-130, авлага дэвтэр эх хувиар

Хариуцагч талаас санал болгосон 16-18, 72-78, 87-88, 96, 98, 116,125 дугаар талуудад тус тус авагдсан нотлох баримтуудыг дэлгэцээр нэг бүрчлэн харуулж тал бүрээс нь шинжлэн хэлэлцүүлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК, гүйцэтгэх захирал Т.*******ийн зээлээр худалдсан хүнсний бүтээгдэхүүний үнийн 5.699.870 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хариуцагч ******* ХХК, гүйцэтгэх захирал Б.******* нь эс зөвшөөрч маргаан үүсгэсэн нь үндэстэй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* нь сургуулийн хүүхдийн үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.*******аас хүнсний ногоо, бүтээгдэхүүн зээлээр худалдан авч, төлбөрийг дараа нь төлдөг байсан болох талаар талууд тайлбарладаг, маргаангүй байна.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.******* нь хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******өөс 2012 оны 01 сарын 04-ний өдрөөс эхлэн авсан барааны үнийн 5699870 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хэдэн онуудын хоорондын ямар бараа материалын авлага болохоо тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлага түүнийг нотлох баримт гэх авлага дэвтэргэх баримтад 2012-2015 онуудын тооцоог бичсэн байх боловч Б.*******тэй хэн тооцоо нийлсэн болох нь тодорхойгүй, нэхэмжлэлд 5699870 төгрөг гаргуулна гэж бичсэн мөртлөө шүүх хуралдаанд 3699870 төгрөгийг гаргуулна гэх мөн 2014 оны 09 сараас хойш бараа бүтээгдэхүүн өгөөгүй, аваагүй гэж талууд тайлбарладаг, 2012,2013 онуудад тооцсон тооцоолол зөрүүтэй зэргээр барааны үнийн 5699870 төгрөгийг гаргуулах хүссэн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага бүхэлдээ тодорхойгүй, зөрүүтэй байна.

Б.*******тэй тооцоо, дансаа тулгаад 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 3699870 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж дуусна.Б.*******.2016.09.15 88056814 гэж Б.******* бичиж өгсөн учраас 3699870 төгрөгийг Б.*******өөс гаргуулна гэж нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.*******, би гарын үсэг зурсан нь үнэн, гэхдээ ямар ч тооцоо бичээгүй дэвтэр бариад Солонгос явахад хэрэгтэй болоод байна,та зураад өгөөч гээд гуйгаад байхаар нь зурсан, би Т.*******т ямар ч өр байхгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* нар тус тус шүүх хуралдаанд тайлбарлаж, маргаж байх ба энэ маргааныг нь нотлох, нотлох баримт хэрэгт авагдаагүй байна./хэргийн 16-18 дугаар тал, дэвтэр эх хувиар/

Харин нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж байгаа баримт гэж шүүхэд гаргаж өгсөн дээрхи авлага дэвтэр гэх баримтад бичигдсэн бичвэр нь нүдэнд харагдах байдлаараа илтэд хар,хөх , цэнхэр өнгийн балаар тоо, тооцоолол бичсэн дэвтэр байх хэдий ч 3699870 төгрөгийн ямар үнэтэй, ямар бараа материал авсан болох нь тодорхойгүй бөгөөд энэ тооцоо нийлсэн гэх авлага дэвтэр гэх баримтыг нотлох, нотлох баримт хэрэгт авагдаагүй буюу нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэж үзэх үндэслэл болж байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн гэрч Т.Уранчимэг, П.Жавзандулам нарын мэдүүлэг нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.*******ийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******өөс авлагатай байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан ******* ХХК гэх баримт зэрэг нь харин нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой нотлох, нотлох баримт болохгүй байна. /хэргийн 99-115, 127-130 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэл/

Харин нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.*******ийн нэхэмжлэлээ хувь хүнээр гарган, засаж өгч байна гэж тайлбарлан шүүх хуралдаанд гаргаж өгсөн ...нэхэмжлэл гаргах нь гэх нэхэмжлэл, хүсэлт нь шүүх иргэний хэрэг үүсгэхэд саад болж буй зөрчлийг засуулахаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд дахин нэхэмжлэлээ гаргах эрхтэй байдаг хуулийн зохицуулалт бөгөөд шүүх нэгэнт иргэний хэрэг үүсгэсэн байхад дахин нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар зохицуулаагүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.*******ийн төлсөн 106147 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, гүйцэтгэх захирал Б.*******өөс худалдах худалдан авах гэрээний үүргийн 5.699.870 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ******* ХХК, гүйцэтгэх захирал Т.*******ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106147 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120-2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.БОЛОР-ЭРДЭНЭ