Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/00885

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 131/ШШ2017/00880 дугаар шийдвэр,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар магадлалтай,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Т” ХХК-д холбогдох,

5.699.870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Гантөрийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлөөлөгч Т.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т ХХК-ийн захирал Б.Гантөр нь 2012 оны 01-р сарын 04 нээс эхлэн хүнсний бүтээгдэхүүн, бараа материал зэргийг цувруулан авч байсан ба  2016 оны 09 сарын 14-ний өдөр тооцоо нийлэхэд 5.699.870 төгрөг төлөгдөөгүй байсан. Би бараа материал өгөхдөө дэвтэртээ данс хөтөлж, тухайн үед авсан бүх зүйлийг огноотой нь бичдэг. Иймд Т ХХК-ийн захирал Б.Гантөрөөс хүнсний бүтээгдэхүүний үнэ нийт 5.699.870 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлд дурдсан мөнгийг аваагүй. Авсан барааны мөнгийг сарын сүүлээр төлдөг бид хоёрын дунд өр ширний асуудал байхгүй. Т.Тунгалаг нь 2016 оны сүүлээр би Солонгос улс руу явах гэсэн юм. Ийм баримт хэрэгтэй байна, гарын үсэг зураад өгөөч гэж өдөржин гуйгаад нэг дэвтэр дээр гарын үсэг зуруулсан би Солонгос явахад нь л хэрэг болдог юм байх гэж бодсон. Авлагын дэвтэр гэх дэвтэр нь нөхөж бичсэн дэвтэр байна. Бидний хооронд байх төлбөр тооцооны асуудлыг өөр том дэвтэр дээр олон хүний тооцоотой хольж бичдэг байсан. Сүүлд энэ дэвтэр дээр гарын үсэг зуруулж 3.699.870 төгрөг төлөх нь үнэн гэх зүйлийг бичүүлэхдээ дээр нь тооцоо бодсон бичвэрийг бичсэн байсан эсэхийг санахгүй байна. Бид бараа өгч авахдаа ямар нэгэн төлбөрийн баримт үйлдэх, өрийн дэвтэрт гарын үсэг зурах зэргээр баталгаа хийдэггүй, мөнгөө сарын сүүлээр тухай бүр өгч хэвшээд явсан. Иймд дээрх тооцооны дэвтрийг нотлох баримт гэж үзэхгүй байна гэжээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 131/ШШ2017/00880 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК, гүйцэтгэх захирал Б.Гантөрөөс худалдах худалдан авах гэрээний үүргийн 5.699.870 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч С ХХК, гүйцэтгэх захирал Т.Тунгалагийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.147 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 131/ШШ2017/00880 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт 1 дүгээр заалтын “..Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК, гүйцэтгэх захирал Б.Гантөрөөс худалдах худалдан авах гэрээний үүргийн 5.699.870 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч С ХХК, гүйцэтгэх захирал Т.Тунгалагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай..” гэснийг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК, гүйцэтгэх захирал Б.Гантөрөөс худалдах худалдан авах гэрээний үүргийн 3.699.870 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК, захирал Т.Тунгалагт олгосугай..”гэж өөрчилж, 2 дугаар заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.147 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй..” гэсний дараа “хариуцагч Т ХХК, гүйцэтгэх захирал Б.Гантөрөөс улсын тэмдэгтийн хураамжид 74.147 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК, захирал Т.Тунгалагт олгосугай..” гэсэн нэмэлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Тунгалагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 106.147 төгрөгнөөс 74.147 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж Т.Тунгалагт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Гантөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн 08 дугаар магадлалыг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Т ХХК, гүйцэтгэх захирал Б.Гантөр би Т.Тунгалагаас 2012 оноос 2014 оны 09 дүгээр сар хүртэл бараа аваад сарын сүүлээр тооцоогоо хийгээд явдаг байсан бөгөөд бараа авахад Т.Тунгалаг нь баримт өгөхгүй байж дараа нь тооцоогоо хийхэд бараа материалынхаа үнийг нэмж бичдэг байсан тул тооцоогоо хийж дуусгаад дахин бараа аваагүй. Үүнээс хойш бид хоёрын дунд өр ширний асуудал байхгүй байсан гэтэл 2016 оны сүүлээр Солонгос улс руу явах гэсэн юм ийм баримт хэрэгтэй байна гарын үсэг зураад өгөөч гэж өдөржин гуйгаад нэг дэвтэр дээр гарын үсэг зуруулсан би ч тухайн үед хүнд тус болж байна гэж бодсон. Т.Тунгалаг таны гарын үсгийг ямар нэгэн зүйлд ашиглахгүй гэж хэлж байсан гэтэл ашиглаад шүүхийн шийдвэр гаргуулсанд гомдолтой байна. Нотлох баримт гэх дэвтэрт Т ХХК-нь 2012 оноос 2015 оны 09 сарын 14 хүртэл хугацааны тооцоо бүхий хэсгийг дэвтэрт Т ХХК-нь 2012 оноос 2015 оны 09 сарын 14 хүртэл хугацааны тооцоо бүхий хэсгийг хар өнгийн балаар нэг удаад бичсэн, уг бичвэрийн доод хэсэгт “Тооцоо дансаа тулгаад 2016 оны 09 дүгээр сарын 14-ний байдлаар 3.699.870 төгрөгийг өгнө гэсэн бичвэр, Б.Гантөрийн өөрийн гараар бичсэн 3 699 870 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 31-ний дотор төлж дуусна, 2016 оны 09 сарын 15-нд гэсэн бичвэрийг хөх, цэнхэр өнгийн балаар хольж бичсэн зэрэг нь уг тооцоог нэг цаг хугацаанд хоёр талаас тооцоо нийлэн үйлдсэн байх үндэсгүй, гэрч гэх Т.Уранчимэг, П.Жавзандуламын мэдүүлэг тодорхойгүй байхад, мөн надад ямар бараа бүтээгдэхүүн зарсан, худалдан авагчаар гарын үсэг зуруулж, төлбөрийн баримт үйлдээгүй зэргээр нотлох баримтын шаардлага хангахгүй зүйлийг үнэлсэн зэрэг нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн нотлох баримт гэх цаасан дээр хуурамчаар тавьсан тоонууд нь үнийн дүн гэгдээд байгаа 3.699.870 төгрөгийг барихгүй байсан бөгөөд 5.699.870 төгрөг гаргуулна гэх мөн 3.699.870 төгрөг гаргуулна гэж янз бүрээр зөрүүтэй тайлбарлаж байгааг шүүх анхаараагүй.

Иймд давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талд ашигтай байдлаар тайлбарлан хэрэглэсэн тул Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 131/ШШ2017/00880 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “С” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...барааны үнэ 5.699.870 төгрөг” гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч “Т” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...хуурч мэхлэн гарын үсэг зуруулсан” гэсэн тайлбар гаргажээ.

Хариуцагч Т ХХК-ийн захирал Б.Гантөр нь нэхэмжлэгчээс хүнсний ногоо, бүтээгдэхүүн худалдан авдаг байснаа үгүйсгээгүй бөгөөд хэрэгт авагдсан авлагын дэвтэрт “...тооцоо дансаа тулгаад 2016 оны 9 дүгээр сарын 14-ний байдлаар 5.699.870 төгрөг үүнээс 2.000.000 төгрөгийг хасав, 3.699.870 төгрөг өгнө” гэсэн байх ба уг баримтад гарын үсэг зурснаа хариуцагч хүлээн зөвшөөрчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд Т.Тунгалаг нь хууран мэхэлж гарын үсэг зуруулсан гэх тайлбараа хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх зохигчийн тайлбарыг хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан нь зөв боловч зохигч тэдгээрийн хооронд үүссэн харилцааг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй байна.  

Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн хүүгийн хамт төлөх талаар тохиролцон, үүрэг хүлээнэ. Хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан барааны үнийг төлөхдөө хүү төлөхөөр тохиролцсон нь тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.  

Нэхэмжлэгч хүнсний бүтээгдэхүүн худалдах, хариуцагч үнийг төлөх үүрэг хүлээсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх ба худалдан авагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдагч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Түүнчлэн С ХХК нь нэхэмжлэлдээ хариуцагчийг Т ХХК гэж тодорхойлсон байхад давж заалдах шатны шүүх төлбөрийг компанийн гүйцэтгэх захирал Б.Гантөрөөс гаргуулж захирал Т.Тунгалагт олгохоор шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 115 дугаар зүйлийн 115.2.2.-т нийцээгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК, гүйцэтгэх захирал Б.Гантөрөөс худалдах худалдан авах гэрээний үүргийн 3.699.870 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК, захирал Т.Тунгалагт олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Т ХХК-с 3.699.870 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Гантөрийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 74.148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ