Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2022/00141/И |
Дугаар | 139/ШШ2022/00357 |
Огноо | 2022-08-10 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 139/ШШ2022/00357
Дугаар 139/ШШ2022/00357 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 26-р хороо, ******* ******* 6-12 тоотод оршин суух, ******* ******* овогт ын //
Хариуцагч: ******* аймгийн сумын 3-р баг, ийн 5-500 тоотод оршин суух, овогт ийн //,
Нэхэмжлэлийн шаардлага: худалдах худалдан авах гэрээний дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлтэй, 139/2022/00141/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.,
Нэхэмжлэгч өмгөөлөгч Б.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А. нь Б.д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна.
2.Нэхэмжлэгч А. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: ын миний бие Б.тэй 2012 оны 9 дүгээр сард үүрэн телефоны "Мобиком" ХХК-ий 99028813 дугаарыг 300000 /Гурван зуун мянган / төгрөгөөр худалдаж худалдан авахаар тохиролцож, худалдах худалдан авах хэлцлийг амаар хийсэн. Гэрээний дагуу тохиролцсон төлбөрийг төлж, дугаар эзэмшигчийн гэрээг өөрийн нэр дээр шилжүүлье гэхэд нь би энэ сард Мобикомоос гэрээ шилжүүлэх үйлчилгээ авчихсан. Гэрээ шилжүүлэх үйлчилгээг нэг удаа л авах эрхтэй байдаг юм байна. Эгч нь нэг хот орж ирэхдээ шилжүүлээд өгчихнө санаа зоволтгүй гээд төлбөрөө аваад явсан. Түүнээс хойш нэг сар, хоёр сар, нэг жил өнгөрсөн боловч Б. нь өөрийн санаачлагаар нэг ч удаа утасдаагүй. Энэ хугацаанд би түүн рүү удаа дараа залгаж гэрээгээ шилжүүлж авмаар байна гэж хэлэхээр завгүй байна удахгүй очно, хүлээж бай гэдэг байснаа сүүлдээ утсаа авахаа больсон. Улмаар утас нь холбогдохгүй болсон. Би 99028813 дугаарыг 2012 оны 9 дүгээр сараас 2022 оны 2 дугаар сар хүртэл 10 жил эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд уг дугаарт миний ХААН, Төрийн банк, Худалдаа Хөгжлийн банкны Мобайл банк, РВ, Е-баримт, Е-mongolia цахим үйлчилгээнд буртгүүлсэн хувийн мэдээлэл, банкны зээлийн мэдээлэл байдаг ба нэхэмжлэхийг уг дугаараар хүлээж авдаг байсан. Гэтэл Б. 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр дугаарын ярих эрхийг хаалгаж, намайг бусадтай утсаар ярих, мессежээр болон мессенжерээр мессеж бичих, банкны гүйлгээ хийх, цахимаар төрийн үйлчилгээ авах зэрэг боломжгүй болгосон. Б. нь одоогоос 10 жилийн өмнө тухайн үеийн ханшаар өөрийн эзэмшиж байсан дугаараа худалдчихаад гэрээний дагуу дугаарыг шилжүүлэх үүргээ гүйцэтгэхгүй, надад бөөн чирэгдэл учруулсны эцэст ямарч үндэслэлгүйгээр дугаарыг хаалгаж намайг маш их хохироож байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар 99028813 дугаарын 20195474 тоот Хэрэглэгчийн гэрээ-г худалдан авагч А. миний нэр дээр шилжүүлж өгөхийг худалдагч Б.д даалгаж өгнө үү.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.ийн нэхэмжлэлтэй Б.д хариуцагдах худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлтэй холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна. А. болон Б. нарын хооронд үүрэн телефоны Мобиком корпораци ХХК-ий 99028813 дугаарыг худалдах, худалдан авах тухай аливаа хэлцэл гэрээ хийгдээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д. гэдэг хүнээс 2012 оны 09 сард 99028813 дугаарыг 300.000 төгрөгөөр аман байдлаар хэлцэл хийж худалдаж авсан. 300.000 төгрөгийг д өгсөн. Дугаарыг нь шилжүүлж авъя гэхэд 1 сард 1 удаа шилжүүлэх эрх нь ийн хувьд дууссан байсан. Хотод очоод шилжүүлж өгье гэсэн. Тэр цагаас хойш байнга утсаар яриад шилжүүлж өгнө гээд 2-3 жил болсон. гэдэг хүн холбоо барьж байгаагүй. Би л дандаа холбогддог байсан. Өгөхгүй гэж хэлж байгаагүй. Сүүлдээ утас нь холбогдохоо больсон. Нэг хэсэг холбоо тасраад ковидын өмнө холбогдоход шилжүүлж өгнө гэсэн. Дараа нь цагдаа сэргийлэхэд хандана гэхэд нэг хот орохоороо шилжүүлнэ гэсэн. Би энэ дугаарыг олон жил барьж байгаа болохоор хааяа хаях зүйл гардаг байсан. Мобиком дээр очоод залгасан дугаараа хэлээд сэргээлгээд авчихдаг байсан. 2022 оны 01 сард дугаараа сольсон. Гэтэл 1 сарын дараа миний утас сүлжээгүй болохоор нь сим нь эвдэрсэн байна гэж бодоод Мобиком дээр очтол гэдэг хүн өөр дээрээ шилжүүлж аваад явчихсан байна гэсэн. тэй холбогдоод та яаж байгаа юм бэ шүүх, цагдаад өгнө гэсэн. Тэгээд өмгөөлөгчтэй холбогдож зөвлөгөө аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо үед утас дээр бүх банкны нууц үг, нэр, мэдээллүүд, И-Монголиа, койнд бүртгүүлсэн байгаа мэдээлэл, Ю пойнт гээд бүх зүйлтэй тэр дугаар холбоотой байгаа учир шүүхэд хандсан. Залуу хүний хувьд энэ дугаар үнэ цэнэгүй харагдаж байж магадгүй. Шударга бус энэ үйлдлийг таслан зогсоож 99028813 гэдэг дугаарыг А. миний нэр дээр шилжүүлж өгөхийг д даалгаж өгөхийг хүсэж байна гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдах худалдан авах гэрээ байгуулсан бол гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж болно. Гэтэл энэ нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдах худалдан авах гэрээтэй холбоотой зүйлийг зааж өсгөн. Мобикомын 99028813 дугаар эзэмшигч болж гэрээ байгуулсан. Өнөөдрийг хүртэл тус дугаар нь эзэмшигч нь юм гэдгийг Мобикомоос албан бичгээр өгсөн байгаа. 99028813 дугаарын жинхэнэ эзэмшигч мөн. нээлттэй сонгох дугаараас тухайн дугаарын авч байсан. Дугаар эзэмшсэнээс хойш А.ийн дүү гэх хүн байнга утсаар ярьж наад дугаар чинь манай ахын дугаар буцааж авна гэж шаарддаг болсон. Шаардаад байхаар тодорхой хугацаанд ашиглуулж байсан. Худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж ярьж байна. Хэлцэл гэдэг нь хуульд заасны дагуу 2 талын хүсэл сонирхол байх ёстой. Дугаарыг худалдаж авсан гэж ярьж байна. Энэ дугаар худалдах худалдан авах гэрээний зүйл мөн үү. Гар утасны компани үйлчилгээ үзүүлэхдээ ашиглаж байгаа тоон илэрхийлэл нь Монгол Улсын харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-д зааснаар Монгол Улсын харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу гаргасан дуудлагын чиглэлийг тодорхойлох, хэрэглэгчийг таньж илрүүлэх зориулалттай тоон илэрхийлэл гэсэн. Харин оператор компани нь тухайн дугаарлалтыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглаж гуравдагч этгээдэд хэрэглүүлдэг. Мобиком компанийн гэрээгээр зөвхөн гэрээнд заасан нөхцөлөөр ашиглуулна гэж заасан. Энэ нөхцөл байдлаас харахад тухайн дугаарын хууль ёсны эзэмшигч мөн тул эрх ашиг нь хөндөгдөж байна. энэ дугаарыг сэргээж авснаас хойш нэг ч удаа ашиглаагүй. А. шүүхэд нэхэмжлэл гаргасан учир тухайн дугаарыг ашиглах эрхийг түр хязгаарласан. Олон жил ашигласан төлбөр төлсөн талаар баримт гаргаж өгсөн. Гэтэл тэй шүүх хуралдаан хойшлоход эвлэрье гэж ярьсан нь саяны шинээр өгөөд шүүхээс буцаасан баримтаар харагдаж байна. Иргэний хуулийн 41.1-д хүсэл зоригийн агуулга гэдгийг хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн эрмэлзлийн мөн чанар, харин мөн зүйлийн 41.2-д заасан хүсэл зоригийн илэрхийллийн утга гэдгийг энэхүү эрмэлзлийн гадаад илэрхийллийн гол санаа гэнэ гэж заасан. Иргэний хуулийн 43.4-д зааснаар хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно гэсэн. сонгох дугаарыг автал наад дугаар чинь миний дугаар гээд байнга ярьдаг. Хэрэв худалдах, худалдан авах гэрээний дагуу бол хуулийн дагуу явагдах ёстой. Талууд гэрээний тодорхой агуулгын талаар тохирч чадаагүй бол хэлцэл хийгдээгүйд тооцно. Үндсэн гэрээ байгуулагдахыг шаардана. Үүргийн гүйцэтгэлийг шаардана. Гэтэл худалдах худалдан авах гэрээ байхгүй, хэлцэл байхгүй. Үндсэн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй байх нь тогтоогдсон байхыг шаарддаг. Гэтэл гэрээ байхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хэргийн 1-2 хуудас/, А.ийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 3-р хуудас/, төлбөрийн баримт /хэргийн 4-р хуудас/, ын ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 5-75 хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 77-р хуудас/,авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, баталгаа /хэргийн 105-р хуудас/, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт /хэргийн 106-109 хуудас/, кредит картын гэрээ /хэргийн 110-112 хуудас/ баримтууд, хариуцагч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.ийн хариу тайлбар /хэргийн 87-р хуудас/, итгэмжлэл /хэргийн 88-р хуудас/, Мобиком ******* салбарын 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 02 дугаартай албан бичиг /хэргийн 90-р хуудас/, 20195474 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээний хуулбар /хэргийн 91-р хуудас/, 20195474 дугаартай гэрээний өргөдлийн маягтын хуулбар /хэргийн 92-р хуудас/, нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар Мобиком корпораци ХХК-ий 2022 оны 06 сарын 29-ний өдрийн 4/6473 дугаартай албан бичиг, 2012.10.01-2022.02.28 төлбөр төлөлтийн мэдээлэл /хэргийн 141-142 хуудас/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Нэхэмжлэгч А., хариуцагч Б. нарын хооронд Мобикомын үүрэн холбооны дараа төлбөрт 99028813 дугаарыг худалдах худалдан авах гэрээ байгуулж гэрээний үнэ 300000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн. Түүнээс хойш уг дугаарыг 10 жилийн турш эзэмшиж ашиглаж байгаа. Б. нь 99028813 дугаар ашиглах гэрээг А.т шилжүүлж өгөхгүй байгаа тул гэрээ шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. 99028813 дугаарыг ийн дүү нь гэх хүн удаа дараа яриад манай ахын дугаар байгаа юм авмаар байна гээд байсан болохоор нь түр хугацаанд ашиглуулж байсан. Б. нь Мобиком корпораци ХХК-тай уг дугаарыг эзэмших гэрээ байгуулсан, хууль ёсны эзэмшигч нь юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Мобиком ******* салбарын 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 02 дугаартай албан бичиг /хэргийн 90-р хуудас/, 20195474 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээний хуулбар /хэргийн 91-р хуудас/, 20195474 дугаартай гэрээний өргөдлийн маягтын хуулбар /хэргийн 92-р хуудас/ баримтуудаар Мобикомын үүрэн холбооны 99028813 дугаарын эзэмшигч нь хариуцагч Б. мөн болох нь; нэхэмжлэгч А.ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 5-75 хуудас/, авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, баталгаа /хэргийн 105-р хуудас/, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт /хэргийн 106-109 хуудас/, кредит картын гэрээ /хэргийн 110-112 хуудас/, Мобиком корпораци ХХК-ий 2022 оны 06 сарын 29-ний өдрийн 4/6473 дугаартай албан бичиг, 2012.10.01-2022.02.28 төлбөр төлөлтийн мэдээлэл /хэргийн 141-142 хуудас/ баримтуудаар 2012 оны 10 сараас 2022 оны 2 сарыг хүртэл нэхэмжлэгч А. нь Мобикомын үүрэн холбооны 99028813 дугаарыг эзэмшиж, ашиглаж байсан үйл баримт тогтоогдлоо.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэгч, хариуцагч нар нь үүрэн холбооны 99028813 дугаарыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж, хариуцагч тал гэрээ байгуулаагүй гэж маргаж байна. Нэхэмжлэгч нь 2012 оноос 2022 оны 2 сарыг хүртэл уг дугаарыг ашиглаж дугаарыг ашигласантай холбоотой гарсан зардлыг бүрэн хэмжээгээр хариуцаж төлж байсан үйл баримтад талууд маргахгүй байна.
Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ /хэргийн 91-рт/ -ний тав дахь хэсэгт хэрэглэгч нь /Б./ үйлчилгээний төлбөрийг ... бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээжээ. 99028813 дугаарыг ашиглаж үйлчилгээ авсны төлбөрийг нэхэмжлэгч А. 2012 оноос 2022 оныг хүртэл 10 жилийн хугацаанд бүрэн төлж явсан үйл баримтаас харахад хариуцагч Б. нь уг дугаарыг эзэмших ашиглах эрхийг нэхэмжлэгч А.т шилжүүлэхийг зөвшөөрсөн нь нотлогдож байна. Хэрэв нэхэмжлэгч А.ийг шударга бусаар дугаарыг эзэмшиж байсан гэж үзвэл хариуцагч Б. нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т зааснаар Шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй байна. Хариуцагч Б. нь хуульд заасан дээрх эрхээ хэрэгжүүлэлгүй 10 жилийн турш нэхэмжлэгч А.т 99028813 дугаарыг ашиглуулсан байгаа нь талуудын хооронд уг дугаарыг эзэмших эрхийг худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн болохыг нотолж байна. Иймд Б., А. нарын хооронд Мобикомын үүрэн холбооны 99028813 дугаарыг эзэмших эрхийг худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заажээ. Хариуцагч Б. нь хуульд заасан эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Мөн Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ /хэргийн 91-рт/ -ний гурав дахь хэсгийн 3.5-д Хэрэглэгч аливаа үйлчилгээ хийлгэх /түр хаах, хадгалах, нээх, цуцлах, сим карт сэргээх, гэрээ болон багц шилжүүлэх, бусад нэмэлт үйлчилгээ г.м/ болон гэрээний талаарх мэдээлэл авах бол зөвхөн өөрийн биеэр иргэний үнэмлэхийн хамт ирнэ. Биеэр ирэх боломжгүй бол нотариатаар баталгаажуулсан итгэмжлэлийг үндэслэн зөвхөн итгэмжлэлд заасан үйлчилгээг үзүүлнэ гэжээ. Гэрээнд зааснаар хэрэглэгч гэрээг шилжүүлэх тохиолдолд өөрийн биеэр иргэний үнэмлэхийн хамт нийлүүлэгч буюу Мобиком корпораци ХХК дээр ирж үйлчилгээ авах үүрэгтэй байна. Хариуцагч Б. нь өөрийн эзэмшлийн 99028813 дугаарыг эзэмших эрхийг нэхэмжлэгч А.т худалдсан тул Мобиком корпораци ХХК дээр өөрийн биеэр ирж гэрээ шилжүүлэх үйлчилгээг авч 20195474 гэрээг нэхэмжлэгч А.т шилжүүлэх үүрэгтэй байна. Хариуцагч Б. нь дээрх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Мобикомын үүрэн холбооны 99028813 дугаарын 20195474 тоот хэрэглэгчийн гэрээг нэхэмжлэгч ******* ******* овогт ын //-т шилжүүлэхийг хариуцагч овогт ийн //-д даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.*******