Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 135/ШШ2022/01051

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2022/00784/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух ... овогт С-ын Г /рд: ... утас: .../-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хэсэг, ... гудамж, ... тоотод оршин суух ... овогт Б-гийн Т /рд: ТЕ71090174, утас: 9909-3103/,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хэсэг, ... гудамж, ... тоотод оршин суух ... овогт Н-н Г /рд: ТЗ83102800, утас: 9519-5005/-д холбогдох,

“13,050,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, хариуцагч, хариуцагч Н.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...С.Г би найзаасаа дэлгүүр түрээслэнэ гэж сонсоод ... сумын баталионы цагаан хаалганы тэнд байдаг 8 нэрийн барааны дэлгүүрийг түрээслэхээр Г, Т гэдэг хоёр хүнтэй ярилцаад сарын 600,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Тэд 2 жилийн түрээс бөөнд нь авна гээд 14,400,000 төгрөг гэсэн. 2018 оны 10 дугаар сарын 25-нд 10,800,000 төгрөг эхнэр Г-ийнх нь дансанд хийсэн. Үлдсэн мөнгийг нь 3 сарын дараа өгнө гэсэн боловч түүнээс өмнө надаас цувуулж аваад дуусгасан. Ингээд дэлгүүр ажиллуулаад байж байтал удаа ч үгүй манайх өөрөө ажиллуулна танайх гар гээд хэл ам татлах болсон. Дэлгүүр ажиллуулах хугацаанд тэднийх манай дэлгүүрээс байнга хүнсний бүтээгдэхүүн зээлж авдаг, мөнгө өгдөггүй, бэлнээр ч зөндөө мөнгө авсан. эхнэр Г нь өдөр бүр дэлгүүрээ тоолно гэж дарамтлах болсон. Аргаа бараад би банкнаас хүн ирж зураг авсны дараа больё, гаднаас хүн амьтнаас өр зээлээ цуглуулж авсны дараа больё гэхэд тоохгүй дарамтлаад, тэсэхээ болиод дэлгүүрээ нээхээ больсон. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өглөө банкны хүн дагуулаад очиход цоожны гол сольсон байсан. Түрээсийн мөнгийг буцааж өгөөгүй. Энэ хүмүүсээс болж өшөө их өрөнд орсон.

Тэдний хүнсний бараа авсан 2,450,000 төгрөг, түрээсийн мөнгөний үлдэгдэл 9,200,000 төгрөг, надаас бэлэн мөнгө 1,400,000 төгрөг авсан. Нийт 13,050,000 төгрөгөөр хохироод байна. Мөнгө өгчих болов уу гэж удаан харлаа. Хариуцагч нараас 13,050,000 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Н.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Н.Г би “Д.т” ХХК-ийн хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг бөгөөд 2018 оны 10 сард Г нь надтай уулзаж танай дэлгүүрийг 1 жил 6 сараар бэлэн мөнгийг өгч түрээсэлье гээд санал тавьж түрээслэсэн болно. Ингээд дэлгүүр ажиллаад 2019 оны 09 сарын үед иргэн О 2-3 залуутай ачааны машинтай ирээд бүх барааг нь нэг ч юм үлдээхгүй ачаад явсан болно. О нь өмнө нь мөн дэлгүүр дээр 2-3 удаа ирж кассны машин булааж авч /дотор нь мөнгөтэй/ байсан бөгөөд Г-т 30-40 сая төгрөг зээлүүлсэн мөнгөө авья гэж хэрүүл хийж байсан бөгөөд би орж кассны машиныг нь энэ манай юм гэж хэлж авч өгч байсан болно. Ингээд манай дэлгүүр нэг ч бараа байхгүй хоосроод 2-3 сар цоожтой байсан бөгөөд иргэн Г нь шүүх цагдаа гээд сураггүй алга болсон. Тэгээд манайх өөрсдөө ажиллуулах гэж үзтэл бараа тарааж нийлүүлдэг тамхи, архи болон бусад бүх барааны компаниудад 10-аад сая төгрөгийн өр тавиад манай компанийн нэр дээр өр тавьсан нь мэдэгдээд тухайн компаниуд өр зээлээ барагдуултал бараа өгөхгүй гээд ажиллуулах боломжгүй болооод ахиад 1 жил хагас цоожтой байсан. Мөн Г нь хээтэй хороололд давхар нэг дэлгүүр түрээслэж байсан нь манай нэр дээр зээлээр авсан бараануудаа тийш нь зөөж зардаг байсан нь мэдэгдсэн. Ингээд Г нь сураггүй алга болоод сая энэ зун гэнэт нэхэмжлэл гаргасан байна.

Уг нэхэмжлэлд хавсаргасан баримт болох түрээсийн гэрээ нь би хийгээгүй бөгөөд манай компанийн тамга биш болно. Би хохирсон хохирлоо Г-ээс гаргуулах гээд шүүхэд өгөх гэж байтал манай нөхөр Г-ийг жирэмсэн төрж байгаа мөн тэр О-ийнх нь нөхөр нь манай найзын дүү байна Г-ийг шүүхэд өгөөд мөнгөө нэхэмжилж байгаа 40-50 сая төгрөг гэж байна лээ тэрнээс юу авдаг юм бэ? гээд болиулсан болно. Манай компанийн “Д.т” ХХК нь ... регитерийн дугаартай бөгөөд тус гэрээг хийсэн “БЖ Д.т” ХХК нь ... регистерийн дугаартай компанитай ямар ч хамааралгүй болно. Түрээслэж байсан Г нь бүх бараагаа өртэй хүндээ алдаад мөн нийлүүлэлтийн компаниудад өр зээл тавьж дэлгүүр цоожлоод алга болсон, энэнээс нь болж манай дэлгүүрт бараа нийлүүлэх компаниуд байхгүй болсон бөгөөд 2 жил хагас цоожтой байсан бөгөөд манай компанийг хохироосон гэж үзэж байна. Гийн түрээслэсэн 1 жил 6 сар нь өнгөрсөн бөгөөд цоожтой байсан хугацаа нь бид нарт ямар ч хамааралгүй өөрөөс нь болсон болно. Харин манай дэлгүүр нь түүний тавьсан өрнөөс нь болж дахин нэг жил цоожтой байсан бөгөөд манай дэлгүүр одоо болтол бараа зээлээр өгөхгүй /найдлагагүй гээд/ дандаа бэлэн төлбөр тооцоо хийдэг болно...” гэжээ.

 

Хариуцагч, хариуцагч Н.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2018 оны 10 сард түрээслэхдээ 1 жил 6 сараар 10,800,000 төгрөгийг Н.Г-ийн данс руу шилжүүлж түрээсэлсэн. Тэр үед гэрээ хийсэн боловч 3,4 жилийн өмнөх юм байхгүй. Гэхдээ энэ хүний нэхэмжлээд байгаа 2 жилийн хугацаатай гэсэн гэрээг манайх хийгээгүй. Банкнаас зээл авах гэсэн юмаа гээд тамгатай цаас өгчих гээд гуйж авсан. Дэлгүүрээ түрээслээд болихдоо өртэй хүмүүс нь ирээд бүх барааг нь авч явахад өөрөө алга болсон. Гэрээн дээр байгаа тамга тэмдэг гарын үсэг нь биш ч гэсэн уг цаас нь мөн. Үлдэгдэл 6 сар манайд огт хамаагүй байна. Хуурамч мөнгө нэхэмжилж байгаа нь залилан гэж үзэж байна. Нэхэмжилж байгаа тоогоо ч мэдэхгүй мөнгөө ч мэдэхгүй байна. Дэлгүүрийн өр яриад байгаа нь ийм учиртай. Манай гэр дэлгүүрийн хажууд байдаг. Хүүхдүүд гүйж ороод ээж аваад ир гэсэн гээд авсан юмыг нь бичүүлдэг байсан. Танай өр хэдэн төгрөг болсон шүү өрөө өгөөрэй гэхэд нь өгдөг байсан. Манайх юу гэж хөөж гаргах вэ?, мөнгөө өгөөд орж байхад тийм эрх байхгүй, гүтгэж байна. Хуурамч гэрээ өгсөн. Банкнаас зээл авах гэж байсан гээд надаас зөндөө тамга даруулж авч байсан...” гэжээ.

 

Нэхэмжлэгч тал болон хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ, С-ын Г-ийн Х.бны ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Н-н Г-ийн Х.б-ны ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Г гэх бичиглэлтэй 8 хуудас хар дэвтэр, “БЖ Д.т” ХХК, “Д.т” ХХК-иудын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Б.Т, Н.Г нарт холбогдуулан 13,050,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч 12,670,000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч С.Г, хариуцагч С.Г нар тохиролцож, ... аймаг, ... сум, ... баг, ... хэсэг, ... гудамжны ... тоотод байрлалтай 8-н нэрийн хүнсний дэлгүүрийг 2 жилийн хугацаатай, сарын 600,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, хариуцагч Н.Г-ийн Х.б-ны ... тоот дансанд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10,800,000 төгрөгийг дэлгүүрийн түрээс 1.6 сар гэсэн утгатай шилжүүлсэн байна.

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд “...Г нь бүх бараагаа өртэй хүндээ алдаад мөн нийлүүлэлтийн компаниудад өр зээл тавьж дэлгүүр цоожлоод алга болсон бөгөөд энэнээс нь болж манай дэлгүүрт бараа нийлүүлэх компаниуд байхгүй болсон, 2 жил хагас цоожтой байсан бөгөөд манай компанийг хохироосон гэж үзэж байна. Г-ийн түрээслэсэн 1 жил 6 сар нь өнгөрсөн бөгөөд цоожтой байсан хугацаа нь бид нарт ямар ч хамааралгүй өөрөөс нь болсон болно. Харин манай дэлгүүр нь түүний тавьсан өрнөөс нь болж дахин нэг жил цоожтой байсан бөгөөд манай дэлгүүр одоо болтол бараа зээлээр өгөхгүй /найдлагагүй гээд/ дандаа бэлэн төлбөр тооцоо хийдэг болно...” гэж, “...Үлдэгдэл 6 сар манайд огт хамаагүй байна. Хуурамч мөнгө нэхэмжилж байгаа нь залилан гэж үзэж байна. Нэхэмжилж байгаа тоогоо ч мэдэхгүй мөнгөө ч мэдэхгүй байна. Дэлгүүрийн өр яриад байгаа нь ийм учиртай. Манай гэр дэлгүүрийн хажууд байдаг. Хүүхдүүд гүйж ороод ээж аваад ир гэсэн гээд авсан юмыг нь бичүүлдэг байсан. Танай өр хэдэн төгрөг болсон шүү өрөө өгөөрэй гэхэд нь өгдөг байсан. Манайх юу гэж хөөж гаргах вэ?, мөнгөө өгөөд орж байхад тийм эрх байхгүй гүтгэж байна. Хуурамч гэрээ өгсөн. Банкнаас зээл авах гэж байсан гээд надаас зөндөө тамга даруулж авч байсан...гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж байна.

4. Талуудын тайлбараар 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хариуцагч Н.Г-ийн 8-н нэрийн хүнсний дэлгүүрийг түрээслэхээр тохиролцож, 2019 оны 08 дугаар сард түрээслэхээ больсон, энэ талаар талууд маргаагүй бөгөөд дэлгүүрийг 10 сар түрээслэсэн болох нь тогтоогдож байна.

 

5. Зохигч 8-н нэрийн хүнсний дэлгүүр түрээслүүлж байсан хугацаа, түрээсийн гэрээний төлбөр тохиролцсон эсэх талаар маргаангүй.

 

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч, хариуцагч Н.Г нар 8-н нэрийн хүнсний дэлгүүрийн төлбөрийг сар бүр 600,000 төгрөг байхаар тохиролцсон нь хэрэгт авагдсан зохигчдын Х.бны дипозит дансны хуулгууд, түрээсийн гэрээ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Харин хариуцагч Н.Г гэрээний зүйл болох 8-н нэрийн хүнсний дэлгүүрийг удаан хугацаагаар цоожтой байсан гэж маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч С.Г төлбөр төлсөн талаарх Х.б-ны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүхэд гаргасан өгсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан.

Иймд түрээсийн төлбөр 10,800,000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлсэн болохоо нотолсон нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байна гэх үндэслэлээр түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 4,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангав.

 

7. Нэхэмжлэгч С.Г нийт 14 сарын хугацаанд түрээс үлдэгдэл мөнгө 8,400,000 төгрөг, хар дэвтэр дээр байгаа 3,850,000 /бэлэн болон бараа/ төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гарсан хоногын түрээслээгүй 421,000 төгрөг, нийт 12,670,000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүргээ биелүүлээгүй байх тул баримтаар тогтоогдсон түрээсийн төлбөр 10,800,000 төгрөгөөс 10 сарын түрээсийн төлбөр болох 6,000,000 төгрөгт түрээслэсэн, илүү төлсөн 4,800,000 төгөргийг хариуцагч Н.Г-ээс гаргуулж, нэхэмжлэгч С.Г-т олгох нь зүйтэй.

8. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 223,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Г-ээс 91,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Г-т олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар С.Г-ийн нэхэмжлэлтэй, Б.Т, Н.Г нарт холбогдох 12,670,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Г-ээс 4,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Г-т олгож, үлдэх хэсэг 7,870,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч С.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Г-ээс 91,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЖАВХЛАНТӨГС