Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 209/МА2022/00090

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00784/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  07 дугаар сарын 21-ний өдрийн 1051 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                  ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “13,050,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Нэхэмжлэгч ******* миний бие дэлгүүр түрээслэхээр *******, ******* натай ярилцаад Дархан сумын баталионы цагаан хаалганд байрлалтай 8 нэрийн барааны дэлгүүрийг сарын 600,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон.

Хариуцагч нар нь 2 жилийн түрээс бөөнд нь авна 14,400,000 төгрөг гэсэн. 2018 оны 10 дугаар сарын 25-нд 10,800,000 төгрөгийг *******ийн дансанд хийсэн. Үлдсэн мөнгийг нь 3 сарын дараа өгнө гэсэн боловч түүнээс өмнө надаас цувуулж аваад дуусгасан.

Дэлгүүр ажиллуулаад удаа ч үгүй манайх өөрөө ажиллуулна, танайх гар гэсэн. Дэлгүүр ажиллуулах хугацаанд тэднийх манай дэлгүүрээс байнга хүнсний бүтээгдэхүүн зээлж авдаг, мөнгө өгдөггүй, бэлнээр ч зөндөө мөнгө авсан.

Ингээд эхнэр ******* нь өдөр бүр дэлгүүрээ тоолно гэж дарамтлах болсон. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өглөө банкны хүн дагуулаад очиход цоожны гол сольсон байсан. Түрээсийн мөнгийг буцааж өгөөгүй.

Тэдний хүнсний бараа авсан 2,450,000 төгрөг, түрээсийн мөнгөний үлдэгдэл 9,200,000 төгрөг, надаас бэлэн мөнгө 1,400,000 төгрөг, нийт 13,050,000 төгрөгөөр хохироод байна. Иймд хариуцагч нараас 13,050,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

2018 оны 10 сард *******т түрээслэхдээ 1 жил 6 сараар 10,800,000 төгрөгийг түрээсэлсэн бөгөөд мөнгөө *******ийн данс руу шилжүүлсэн.

Тэр үед гэрээ хийсэн боловч 3,4 жилийн өмнөх юм байхгүй. Гэхдээ энэ хүний нэхэмжлээд байгаа 2 жилийн хугацаатай гэсэн гэрээг манайх хийгээгүй. Банкнаас зээл авах гэсэн юмаа гээд тамгатай цаас өгчих гээд гуйж авсан. Дэлгүүрээ түрээслээд болихдоо өртэй хүмүүс нь ирээд бүх барааг нь авч явахад өөрөө алга болсон. Гэрээн дээр байгаа тамга тэмдэг гарын үсэг нь биш ч гэсэн уг цаас нь мөн. Үлдэгдэл 6 сар манайд огт хамаагүй.

Хуурамч мөнгө нэхэмжилж байгаа нь залилан гэж үзэж байна. Нэхэмжилж байгаа тоогоо ч мэдэхгүй, мөнгөө ч мэдэхгүй байна.

Манай гэр дэлгүүрийн хажууд байдаг. Хүүхдүүд ээж аваад ир гэсэн гээд авсан юмыг нь бичүүлдэг байсан. Танай өр тэдэн төгрөг болсон гэхэд нь өгдөг байсан.

Манайх хөөж байгаагүй, гүтгэж байна. Хуурамч гэрээ өгсөн. Банкнаас зээл авах гэж байсан гээд надаас зөндөө тамга даруулж авч байсан гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар *******ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох 12,670,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *******ээс 4,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, үлдэх хэсэг 7,870,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 91,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* нь давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх хариуцагчаас 4,800,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Түрээсийн гэрээ гэх хуурамч баримтыг үндэслэн түрээсийн үлдэгдэл 4,800,000 төгрөг гаргуулахаар болсон нь уг хугацаанд дэлгүүр цоожтой байсан бөгөөд бага зэргийн үлдэгдэл бараа үлдээгээд явсан зэргээс болж дэлгүүрт орж чадахгүй байсан нь манай талын буруугаас болоогүй бөгөөд ******* нь баахан хүмүүс болон түгээгч компаниудад өр тавин зугтан алга болсноос шалтгаалсан.

2-3 жил сураггүй байж байгаад нэхэмжлэл гаргаж байгаа учраас 1 жил дэлгүүр цоожтой байсныг нотлох аргагүй болсон. Мөн тэр хуурамч гэрээн дээр гэрээгээ зөрчиж хохирол учруулсан тал нь төлнө гэж тодорхой заасан.

Иймд түрээсийн төлбөр болох 4,800,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй, харин  анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй  байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.   

Хэргээс судлан үзвэл :

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг  дэвсгэрт байрлах 8 нэрийн хүнсний дэлгүүрийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай, сарын 600,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож, нэхэмжлэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч *******ийн ХААН банкны ******* тоот дансанд 10,800,000 төгрөг шилжүүлсэн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хариуцагч *******ийн дансны хуулга зэргээр нотлогдож байгаа бөгөөд дэлгүүр түрээсэлж ажиллуулсан хугацаа болон сард төлөх түрээсийн төлбөрийн талаар талууд маргаагүй.

4. Харин нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, түрээсийн гэрээ /хавтаст хэргийн 4-5 дахь талд/ ирүүлсэн бөгөөд хариуцагч нар нь тухайн гэрээг нөхөж хийсэн, хуурамч гэрээ гэж маргаж байна.

5. Зохигчийн түрээслэхээр тохирсон гэх 8 нэрийн хүнсний дэлгүүр нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой бөгөөд зохигч нь хуульд заасан энэхүү шаардлагыг хангасан гэрээ байгуулж, эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй бол энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус болохыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн  318.4-т хуульчлан зохицуулжээ.

6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т “...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” гэж хуульчилсан тул зохигчийн 8 нэрийн хүнсний дэлгүүр түрээсэлсэн гэх хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

а. хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан бол хэлцлийн улмаас ямар үр дагавар үүсэхийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т “...хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” гэж хуульчилсан боловч нэхэмжлэгч ******* нь хариуцагч нарын өмчлөлийн 8 нэрийн хүнсний дэлгүүрийг 10 сарын хугацаанд ажиллуулж, ашиг олж байсан байх тул энэ хугацаанд оногдох түрээсийн төлбөр болох 6,000,000 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй.

б. нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа түрээсийн мөнгөний үлдэгдэл 9,200,000 төгрөг, бэлэн мөнгө болон хүнсний бүтээгдэхүүний үнэ 3,850,000 төгрөг, нийт 13,050,000 төгрөг гэж тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул нотлох баримтаар тогтоогдсон түрээсийн төлбөр болох 10,800,000 төгрөгөөс 10 сарын түрээсийн төлбөр 6,000,000 төгрөгийг хасаж, түүний дэлгүүр ажиллуулж чадаагүй гэх хугацаанд хамаарах 4,800,000 төгрөгийг хариуцагч С.Ганчимэгээс гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

7. Хариуцагч ******* нь “...нэхэмжлэгч ******* нь бараа нийлүүлдэг компаниудад өр тавьж, удаан хугацаагаар  дэлгүүр цоожилж алга болсон учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэж маргаж байгаа боловч хэргийн оролцогчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  07 дугаар сарын 21-ний өдрийн 1051 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

“...Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар *******ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох 12,670,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *******ээс 4,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, үлдэх хэсэг 7,870,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг

“...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хариуцагч *******ээс 4,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар…” гэснийг

“...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар...” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

       

 

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.БАЙГАЛМАА

                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Л.АМАРСАНАА

                                               ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ