Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2022/03959

 

 

 

 

 

 

 

 

2022 09 30 101/ШШ2022/03959

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0  тоотод байрлах, Б ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин суух, Г.Д /рд:0/-д холбогдох,

 

Гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол 25,585,500 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Г.Д-тэй орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж 3 өрөө 78,94 м.кв орон сууцыг 207,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож урьдчилгаа төлбөрт 20,700,000 төгрөгийг бэлнээр төлж үлдэгдэл 186,300,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 84 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр cap бүр графикын дагуу төлөхөөр тохиролцож, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нь гэрээний үүргээ удаа дараа зөрчиж графикийн дагуу төлбөрөө төлөхгүй манай компанид их хэмжээний хохирол учруулж байна. Г.Д нь гэрээ байгуулсан эхний 24 сард cap бүр 2,000,000 төгрөг төлж, үлдсэн саруудад зээлийн гэрээний хугацааг дуустал cap бүр 3,400,000 төгрөг төлөх ёстой байсан. Хариуцагч нь зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан цагаас эхлэн гэрээний дагуу үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэт нэг ч удаа биелүүлээгүй бөгөөд гэрээний хугацаанд нийт 8 удаагийн төлөлт хийсэн. Тус 8 удаагийн төлбөр нь дараах байдлаар хийгдсэн. Үүнд: 2019.11.08 өдөр 600,000 төгрөг, 2019.11.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020.01.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021.9.15 өдөр 4,000,000 төгрөг, 2021.9.17 өдөр 6,000,000 төгрөг, 2022.01.15 өдөр 1,000,000 төгрөг төлсөн байна. Уг төлөлтөөс харахад хариуцагч нь cap бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн дээр cap бүр өөр дүнгээр төлбөр төлж байсан.

Нэхэмжлэгч тал цаг үеийн нөхцөл байдал болон худалдан авагчийн хүсэлтийг үндэслэн 2021 оны 3 сарын 3-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж төлбөрийн графикт өөрчлөлт оруулсан боловч худалдан авагч мөн үүргээ гүйцэтгээгүй. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэн Г.Д-ийн бидэнтэй байгуулсан шинэчилсэн нэмэлт гэрээний дагуу тооцон харахад 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар гэрээний үүргээ нийт 33,755,000 төгрөгийн төлбөр төлөөгүй зөрчсөн байна. Үүнд: 9,753,487 төгрөгний үндсэн төлбөр, 14,246,513 төгрөгний хүү, Гэрээний дагуу тухайн төлөгдөөгүй төлбөрийн хугацаа хэтэрсэн алдангид 9,755,000 төгрөг тооцогдож нийт 33,755,000 төгрөгийн зөрчил үүсээд байна.

Хариуцагч нь гэрээний үүргээ удаа дараа зөрчиж үүргээ биелүүлэхгүй атлаа нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд амьдарсаар байна. Энэ үйлдэл нь Монгол Улсын Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, мөн орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээний 5 дугаар бүлгийн 5.3, 7 дугаар бүлийн 7.1-т заасан үндэслэлүүдийг үүсгэж байна.

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээний 5 дугаар бүлгийн 5.3-т худалдан авагч нь төлбөр төлөх үүргээ нийт 3 удаа зөрчсөн тохиолдолд худалдан авагч гэрээнээс татгалзах эрхтэй энэ тохиолдолд өөрт учирсан хохирол, зардлаа шаардах эрхтэй гэж заасан. Мөн 2021 оны 3 дугаар сарын 3 өдрийн нэмэлт гэрээний 4.1.2 дахь заалтад өөрчлөлт оруулахдаа хэрэв худалдан авагч нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд худалдагч тал гэрээнээс татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд худалдагч тал гэрээг цуцалснаас үүсэх хохирлыг орон сууц хөлсөлсөн гэж үзэн тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож гэрээ байгуулсан өдрөөс эхлэн орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн өдрийг хүртлэх хоногоор тооцож урдчилгаа төлбөрөөс суутган авна. Урдчилгаа төлбөр хүрэлцэхгүй тохиолдолд худалдан авагчаас нэмж гаргуулахаар заажээ.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөн бурууг үндэслэн талуудын хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул орон сууцнаас албадан гаргуулж, учирсан хохирлоо дараах байдлаар шаардаж байна. Хохирлоо шууд болон шууд бус хохирол учирсан гэж тодорхойлж байгаа бөгөөд шууд хохирол нь орон сууцыг өмнөх байдалд засан сайжруулах дотор засварын зардалд 2,500,000 төгрөг, шууд бус хохиролд нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого, тодруулбал хэрэв нэхэмжлэгч нь 78,94 м.кв 3 өрөө орон сууцыг хөлсөлсөн тохиолдолд 1 сарын 1,973,500 төгрөгөөр хөлслөх боломжтой байсан гэж үзэн 57,231,500 төгрөг, мөн орон сууцыг худалдан борлуулахад төлсөн зуучлалын төлбөрт 4,554,000 төгрөгийг компанийн зүгээс төлсөн. Нэхэмжлэгчид нийт 64,285,500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд худалдан авагчийн төлсөн 38,700,000 төгрөгийг хасаж тооцвол 25,585,500 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэж байна. Иймд талуудын хооронд байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол болох 25,585,500 төгөгийг хариуцагчаас гаргуулж, Байнзүрх дүүргийн 0 тоот орон сууцнаас хариуцагч Г.Д-г албадан гаргаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрхи нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1. 264.2 дах заалтуудыг үндэслэсэн байна. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Г.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б ХХК-тай зээлээр худалдах-худалдан авах гэрээ хийж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур хотхон 0 тоотод байрлах, 3 өрөө 78,94 м.кв орон сууцыг худалдаж авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 20,700,000 төгрөгийг тус компанийн ХААН банкны 5920290276 дугаар данс руу шилжүүлсэн байна. Мөн өдрөө зээлийн эргэн төлөлтийн хуваарь хийсэн байгаа юм. Гэрээ хийх үед Г.Д нь хөл хүнд байсан ба эхний хоёр сарын зээлийг хуваарийн дагуу төлсөн. 2019 оны 12 сарын 22-ны өдөр Г.Д нь Э.М-г төрүүлж, хүүхдээ асарч гэртээ байсны улмаас зээлийн эргэн төлөлтийг 2020 оны 02 сараас хуваарийн дагуу төлөх боломжгүй болсон боловч өрхийн орлогоос бололцоогоороо төлж ирсэн. Мөн 2019 оны 11 сард БНХАУ-д Ковид-19 цар тахалын өвчин гарч дэлхий нийтийг хамарч Монгол Улс 2020 оны 01 сараас онц байдал тогтоосны улмаас аж ахуйн нэгж, үйлдвэр үйлчилгээний газарт бүх нийтийн хөл хориотой байсан нь иргэд болон аж ахуйн нэгжийн эдийн засагт нөлөөлж, орлого эрс багассан тул засгийн газраас зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах тухай шийдвэр гарч байсан.

Энэхүү шийдвэр нь Г.Д-ийн зээлээр орон сууц худалдах-худалдан авах гэрээнд нэгэн адил үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл Г.Д-ийн зээлээ эргэн төлөхөд нөлөөлсөн. Мөн Г.Д нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр охин Э.М төрүүлж, нярай болон бага насны хүүхэдтэй учир ажил хийх боломжгүй болсон байгаа юм. Иргэний хуулийн 263 дугаар зүлийн 263.3-д Худалдагч гэрээ болон дагалдах баримт бичгийн хувийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй гэсэн байхад Б ХХК нь Баянзүрх дүүргийн 0 тоот орон сууц нь тухайн компанийн өмч болохыг нотолсон бичиг баримтыг худалан авагч Г.Д-д өгөөгүй байгаа юм. Хэдийгээр зээлээр худалдах худалан авах гэрээ байгаа боловч Б ХХК нь өөрийн өмч болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь өөрийн өмчийг дагалдах гэрээ хийсэн гэхэд эргэлзээ төрж байна. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бyc эзэмшлээс шаардах эрхтэй гэж хуульчилсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар эүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэггэй гэсэн байхад Б ХХК нь өөрийн өмч болохоо нотлох баримт ирүүүлээгүй нь өмчлөх эрх нь зөрчигдөж байна гэж үзэх үндэслэлгүй бөгөөд орон сууц чөлөөлөх нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэх үндэслэл болж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 Нэхэмжлэгчээс гаргасан төлбөр төлөлтийн мэдээлэл, зээлийн хүүгийн тооцоолол, хохирлын тооцоолол, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай баримт, зээлийн эргэн төлөлтийн график, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, албан шаардлага, Д.Э-аас гаргаса хүсэлт, Г.Д-ээс гаргасан хүсэлтүүд, орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ, ханшийн лавлагаа,

3.2 Хариуцагчаас гаргасан хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа,

3.3 Зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Баянзүрх дүүргийн 0 дүгээр байрыг улсын бүртгэлд бүртгүүлсэнтэй холбоотой баримтууд, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Г.Д-д холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол 25,585,500 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Г.Д нь орон сууц зээлээр худалдах-худалдан авахаас гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх хуваарийг үүргээ удаа дараа зөрчсөн. Төлбөр төлөх боломжийг олгож ирсэн боловч зөрчлөө арилгаагүй тул гэрээнээс татгалзаж, гэрээнээс учирсан хохирол гаргуулж, орон сууцнаас гаргуулна гэж,

 

2.2 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...2 удаа хүүхэд төрүүлсэний улмаас төлбөрөө хуваарийн дагуу төлж чадаагүй. Мөн цар тахал гарсантай холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдал доройтсон. Нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгч биш тул албадаг гаргуулах эрхгүй гэж тус тус тайлбарлаж, маргасан.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

 

3.1 Зохигчид 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Б ХХК нь Баянзүрх дүүргийн 0 тоотод байрлах, 3 өрөө, 78,94 м.кв талбай бүхий орон сууцыг 207,000,000 төгрөгөөр худалдах, Г.Д нь гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа төлбөрт 20,700,000 төгрөг төлж, үлдэгдэл 186,300,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 84 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр cap бүр графикийн дагуу төлөх, төлбөрөө бүрэн төлж барагдуулсаны дараа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж авахаар тохиролцсон байна.

 

3.2 Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтад зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2 дахь хэсэгт тус тус зааснаар талууд орон сууцны үнийг мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, үнийг хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнийг тодорхойлох журам зэргийг харилцан тохиролцож тогтоосон байна.

 

Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасантай нийцсэн, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

4. Зохигчдын хэн аль нь хариуцагчаас гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа төлбөрт 20,700,000 төгрөг, график төлөлтөд нийт 18,000,000 төгрөг, нийт 38,700,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтын талаар тайлбарласан.

 

5. Хариуцагч Г.Д нь орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсаны дараа 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрээний зүйл болох орон сууцанд гэр бүлийн хамт орж амьдарсан, одоог хүртэл уг орон сууцыг эзэмшиж байгаа талаараа тэрээр тайлбарласан.

 

6. Худалдан авагч Г.Д нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох хуваарийн дагуу буюу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сар бүр төлбөр төлөх үүргээ зөрчиж, удаа дараа хугацаа хэтрүүлж буюу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 600,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 6,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

 

7. Худалдан авагчийн төлбөр төлөх боломжгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан гэрээний талууд 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, төлбөр төлөх хуваарийг шинэчлэн тогтоосон байна. /хх-8-10/

 

8. Гэвч худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гаргаагүй байна. Худалдагч Б ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд гэрээ цуцлах тухай мэдэгдлийг худалдан авагч Г.Д-д мэдэгдсэн байна. /хх-13/

 

9. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Хариуцагчаас гаргасан хуваарийн дагуу төлбөр төлөх боломж олгох хүсэлтийг харгалзан нэхэмжлэгчээс нэмэлт хугацаа тогтоож өгсөн байх боловч тодорхой үр дүнд хүрээгүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

10. Үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй.

 

10.1 Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцнаас хариуцагчийг албадан гаргуулахаар шаардсан нь гэрээгээр хүлээлгэн өгсөн зүйлээ буцаан гаргуулах агуулгатай байна. Хариуцагчаас гаргасан өмчлөх эрхийн гэрчилгээ нь Б ХХК-д гараагүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардаагүй, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор гэрээгээр шилжүүлсэн өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах буюу Г.Д-гийн эзэмшлээс орон сууцыг гаргуулахаар шаардсан байна.

 

10.2 Нэгэнт үүрэг гүйцэтгэгч Г.Д нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гаргаагүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгч Б ХХК нь гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 0 тоотод байрлах, 3 өрөө, 78,94 м.кв талбай бүхий орон сууцны эзэмшлийг Г.Д-ээс гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

 

10.3 Иймд хариуцагч Г.Д-д Баянзүрх дүүргийн 0 тоотод байрлах, 3 өрөө, 78,94 м.кв талбай бүхий орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгч Б ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

10.4 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагаа зохигч талууд өөрсдөө гаргах журамтай. Хариуцагч Г.Д нь гэрээний төлбөрт нийт 38,700,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон боловч тэрээр энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх уг мөнгөн хөрөнгийг хуваарилж шийдвэрлэх боломжгүй болно.

11. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохиролд орон сууцны засварын зардалд 2,500,000 төгрөг, олох байсан орлогод орон сууцыг бусдад түрээслүүлсэн тохиолдолд 1 сарын 1,973,500 төгрөгийг 29 сараар тооцож, нийт 57,231,500 төгрөг, орон сууцыг худалдан борлуулахад төлсөн зуучлалын төлбөрт 4,554,000 төгрөг, нийт 64,285,500 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлсон. Уг нийт учирсан гэх 64,285,500 төгрөгийн хохирлоос хариуцагчийн гэрээний үүрэгт төлсөн 38,700,000 төгрөгийг хасч, үлдэх 25,585,500 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

11.1 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй.

 

11.2 Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээнээс учирсан хохирол шаардаж байгаа тохиолдолд өөрт учирсан гэх хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.

 

11.2.1 Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны засварын зардалд 2,500,000 төгрөг зарцуулсан гэж шаардсан боловч хэзээ ямар засвар хийсэн болох, тухайн засвар хийсэнтэй холбоотой баримтгүй байна.

 

11.2.2 Маргаан бүхий орон сууцыг худалдан Г.Д-д худалдан борлуулахын тулд үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын газарт зуучлалын хөлс 4,554,000 төгрөг төлсөн гэж уг мөнгөн хөрөнгийн хохиролд тооцон нэхэмжилсэн боловч хэрэгт зуучлалын хөлс төлсөнтэй холбоотой баримт авагдаагүй, нэхэмжлэгч уг шаардлагаа баримтаар нотлоогүй.

 

11.2.3 Орон сууцыг бусдад түрээслүүлсэн тохиолдолд 1 сарын 1,973,500 төгрөгөөр түрээслүүлж, хариуцагчийн амьдарсан хугацааны 29 сараар тооцож, нийт 57,231,500 төгрөгийн орлого олох байсан гэх нэхэмжлэлийн шаардлагаа мөн баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгчээс нэг сард тухайн орон сууцыг 1,973,500 төгрөгөөр түрээслүүлэх боломжтой байсан гэж тайлбарлаж, өөрийн санхүүгийн ажилтнаар тооцоолол гаргуулж хэрэгт нотлох баримтаар цуглуулж өгсөн боловч тухайн баримтыг үндэслэн орон сууцны нэг сарын түрээсийн төлбөр нь 1,973,500 төгрөг гэж үзэж боломжгүй. Зах зээлийн түрээсийн төлбөрийн үнийн дүнг тогтоосон бодит харьцуулсан судалгаатай баримт байх шаардлагатай ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ талаар хүсэлт гаргах эрхээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй.

 

11.2.4 Нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохирлоо хэргийн 5-7 дугаар талд авагдсан өөрийн нягтлан бодогч Ц.Н-аас гаргасан тооцоолол гэх баримтуудаар тогтоогдоно гэх боловч тухайн баримтууд нь нэг талын үйлдсэн баримт байхаас гадна бусдад зуучлал болон засварын зардал шилжүүлсэн бол тухайн мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгсөн баримт байх шаардлагатай.

12. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан гэх хохирлоо баримтаар нотлоогүй тул хохиролд нэхэмжилсэн 25,585,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.Д-д Баянзүрх дүүргийн 0 тоотод байрлах, 3 өрөө, 78,94 м.кв талбай бүхий орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгч Б ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгаж шийдвэрлэв.

 

13. Хариуцагчаас гаргасан ...нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлээгүй байх тул гэрээний үүргийг шаардах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй. Маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч Б ХХК нь захиалан бариулж, улсын комисст оруулсан болох нь Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Баянзүрх дүүргийн 0 дүгээр байрыг улсын бүртгэлд бүртгүүлсэнтэй холбоотой баримтууд, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт зэргээр тогтоогдсон. Тухайн орон сууцыг захиалан бариулсан этгээд нь бусадтай худалдах-худалдан авах гэрээ байгуулах замаар худалдан борлуулах эрхтэй байна.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул орон сууцны эзэмшлийг хариуцагчаас гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,077 /285,877+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Д-д Баянзүрх дүүргийн 0 тоотод байрлах, 3 өрөө, 78,94 м.кв талбай бүхий орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгч Б ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 25,585,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 356,077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ