Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/02077

 

 

 

 

 

 

 

 

 

"Б"-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/03959 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч "Б"-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Д-д холбогдох,

Гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулж, учирсан хохиролд 25,585,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний агуулга: Нэхэмжлэгч "Б"-ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Г.Д-тэй орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 3 өрөө 78,94 м.кв орон сууцыг 207,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож урьдчилгаа төлбөрт 20,700,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 186,300,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 84 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр cap бүр графикийн дагуу төлөхөөр тохиролцож, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нь гэрээний үүргээ удаа дараа зөрчиж графикийн дагуу төлбөрөө төлөхгүй манай компанид их хэмжээний хохирол учруулж байна.Г.Д- нь гэрээ байгуулсан эхний 24 сарын хугацаанд cap бүр 2,000,000 төгрөг төлж, үлдсэн саруудад зээлийн гэрээний хугацааг дуустал cap бүр 3,400,000 төгрөг төлөх ёстой байсан. Хариуцагч нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэт нэг ч удаа биелүүлээгүй бөгөөд гэрээний хугацаанд нийт 8 удаагийн төлөлт хийсэн. Үүнд: 2019 оны 11 дугаар сарын 08-ны өдөр 600,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 6,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг төлсөн байна.

Нэхэмжлэгч тал цаг үеийн нөхцөл байдал болон худалдан авагчийн хүсэлтийг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж төлбөрийн графикт өөрчлөлт оруулсан боловч худалдан авагч мөн үүргээ гүйцэтгээгүй. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэн Г.Д-гийн бидэнтэй байгуулсан шинэчилсэн нэмэлт гэрээний дагуу 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нийт 33,755,000 төгрөгийн төлбөр төлөөгүй зөрчсөн байна. Үүнд: 9,753,487 төгрөгийн үндсэн төлбөр, 14,246,513 төгрөгийн хүү, гэрээний дагуу тухайн төлөгдөөгүй төлбөрийн хугацаа хэтэрсэн алдангид 9,755,000 төгрөг болж байна. Хариуцагч нь гэрээний үүргээ удаа дараа зөрчиж үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд амьдарсаар байна. Энэ үйлдэл нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, мөн орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар бүлгийн 5.3, 7 дугаар бүлийн 7.1-т заасан үндэслэлүүдийг үүсгэж байна.

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээний 5.3-т худалдан авагч нь төлбөр төлөх үүргээ нийт 3 удаа зөрчсөн тохиолдолд худалдан авагч гэрээнээс татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд өөрт учирсан хохирол, зардлаа шаардах эрхтэй гэж заасан. Мөн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт гэрээний 4.1.2 хэрэв худалдан авагч нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд худалдагч тал гэрээнээс татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд худалдагч тал гэрээг цуцалснаас үүсэх хохирлыг орон сууц хөлсөлсөн гэж үзэн тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож гэрээ байгуулсан өдрөөс эхлэн орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн өдрийг хүртэлх хоногоор тооцож урьдчилгаа төлбөрөөс суутган авна. Урьдчилгаа төлбөр хүрэлцэхгүй тохиолдолд худалдан авагчаас нэмж гаргуулахаар заажээ.

Иймд нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул орон сууцнаас албадан гаргуулж, учирсан хохирлоо дараах байдлаар шаардаж байна. Хохирлоо шууд болон шууд бус хохирол учирсан гэж тодорхойлж байгаа бөгөөд шууд хохирол нь орон сууцыг өмнөх байдалд засан сайжруулах дотор засварын зардалд 2,500,000 төгрөг, шууд бус хохиролд нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого, тодруулбал хэрэв нэхэмжлэгч нь 78,94 м.кв 3 өрөө орон сууцыг бусдад түрээслүүлсэн тохиолдолд 1 сарын 1,973,500 төгрөгийг 29 сараар тооцож 57,231,500 төгрөг, мөн орон сууцыг худалдан борлуулахад төлсөн зуучлалын төлбөрт 4,554,000 төгрөгийг компанийн зүгээс төлсөн. Нэхэмжлэгчид нийт 64,285,500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд худалдан авагчийн төлсөн 38,700,000 төгрөгийг хасаж тооцвол 25,585,500 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэж байна. Иймд талуудын хооронд байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол болох 25,585,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур хотхон 00 дүгээр байр, 00 давхар, 000 тоот орон сууцнаас хариуцагч Г.Д-г албадан гаргаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, түүний агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1. 264.2 дахь заалтуудыг үндэслэсэн байна. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх заалтыг үндэслэн Г.Д- нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "Б"-ХХК-тай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур хотхон 00 дүгээр байр, 00 давхар, 000 тоотод байрлах, 3 өрөө 78,94 м.кв орон сууцыг худалдаж авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 20,700,000 төгрөгийг тус компанийн ХААН банкны 00000000 дугаар данс руу шилжүүлсэн.Г.Д- нь хөл хүнд байсан ба эхний хоёр сарын зээлийг хуваарийн дагуу төлсөн. 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Г.Д- нь Э.М-г төрүүлж, хүүхдээ асарч гэртээ байсны улмаас зээлийн эргэн төлөлтийг 2020 оны 02 сараас хуваарийн дагуу төлөх боломжгүй болсон боловч өрхийн орлогоос бололцоогоороо төлж ирсэн. Мөн Ковид-19 цар тахалтай холбоотой Монгол Улс 2020 оны 01 дүгээр сараас онц байдал тогтоосны улмаас аж ахуйн нэгж, үйлдвэр үйлчилгээний газарт бүх нийтийн хөл хориотой байсан нь иргэд болон аж ахуйн нэгжийн эдийн засагт нөлөөлж, орлого эрс багассан тул засгийн газраас зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах тухай шийдвэр гарч байсан.

Энэхүү шийдвэр нь Г.Д-гийн зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээнд нэгэн адил үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл Г.Д-гийн зээлээ эргэн төлөхөд нөлөөлсөн. Мөн Г.Д- нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр охин Э.М-г төрүүлж, нярай болон бага насны хүүхэдтэй учир ажил хийх боломжгүй болсон. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.3 дахь хэсэгт зааснаар худалдагч гэрээ болон дагалдах баримт бичгийн хувийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй гэсэн байхад "Б"-ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур хотхон 00 дүгээр байр, 000 тоот орон сууц нь тухайн компанийн өмч болохыг нотолсон бичиг баримтыг худалдан авагч Г.Д-д өгөөгүй. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бyc эзэмшлээс шаардах эрхтэй гэж хуульчилсан байна. "Б"-ХХК нь орон сууц чөлөөлөх нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчГ.Д-д Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур хотхон 00 дүгээр байр, 000 тоотод байрлах, 3 өрөө, 78,94 м.кв талбай бүхий орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгч "Б"-ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 25,585,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 356,077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр авсан зүйлийг буцаан төлөх үр дагаврыг шийдвэрлээгүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч тал гаргах журамтай гэж дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж заасан. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаагүй байрны төлбөрт төлсөн 37,800,000 төгрөгийг шийдвэрлэхгүй үлдээсэн нь гэрээнээс татгалзах үр дагаврыг шийдвэрлэхгүй гэж үзэх үндэслэл болсон. Шүүх 25,585,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ урьдчилгаанд төлсөн 37,800,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 11.2.1, 11.2.2 11.2.3, 11.2.4, 11.2.5-д хохирлоо баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн атлаа зээлээр худалдах, худалдан авах гэрээнд төлсөн мөнгөний асуудлыг шийдвэрлээгүй нь гэрээнээс үүссэн үр дүнг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Тухайн худалдах, худалдан авах гэрээний дагуу хийгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур хотхон 00 дүгээр байрны 000 тоотод байрлах 3 өрөө, 78,94 м.кв талбай орон сууцны эзэмшлийг "Б"- ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага эрх зөрчигдсөн учраас албадан чөлөөлүүлэх тухай гэж гарсан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаас өөр дүгнэлтийг шүүх хийсэн. Эзэмшилд шилжүүлэх нь хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу байсан эсэхийг нотлоогүй. Тухайн орон сууцыг тус компани өөрийн хөрөнгөөр барьсан гэж тайлбарлаж байгаа боловч Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн газраас авсан бүртгэлээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ 15 хоногийн дотор өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдох ёстой атал олгогдоогүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.2 дахь хэсэг болон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасны дагуу хүсэлт өгсөн боловч улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Хэрэв хүсэлт өгсөн тохиолдолд 15 хоногийн дотор тухайн эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоосон гэрчилгээ олгосноор өмчлөх эрх нээгддэг. Уг эрх үүсээгүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлийн гэрчилгээ олгосноор өмчлөх эрх нээгддэг. Нэхэмжлэлийн шаардлагын албадан чөлөөлүүлэх гэдэг нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлтэй холбогдож хууль бус эзэмшил гэсэн асуудал хөндөгддөг. Үүнд шүүх хууль зүйн зөв дүгнэлт өгөөгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, орон сууны эзэмшлийг "Б"-ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгаж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч "Б"-ХХК нь хариуцагч Г.Д-д холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулж, учирсан хохиролд 25,585,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч эс зөвшөөрч, ... хүүхэд төрүүлсний улмаас орон сууцны үнийг хуваарийн дагуу төлөх боломжгүй болсон, ... Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотой гарсан Засгийн газрын шийдвэр үйлчлэх ёстой, ... орон сууц компанийн өмч болохыг нотолсон баримтгүй тул чөлөөлөхийг шаардах эрхгүй гэх үндэслэл заан маргажээ.

3.Талууд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээгээр худалдагч "Б"-ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур хотхоны 00 дүгээр байрны 000 тоотод байрлан 78,94 м.кв талбай бүхий 3 өрөө орон 207,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Г.Д- орон сууцны урьдчилгаа төлбөрт 20,700,000 төгрөг төлж, үлдэх 186,300,000 төгрөгийг 84 сарын хугацаанд жилийн 8 хувийн хүүтэй, баталсан хуваарийн дагуу төлөх, төлбөрөө бүрэн барагдуулсны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх нөхцлийг харилцан тохиролцсон. Гэрээний дагуу худалдагч нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр орон сууцыг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Тэдгээрийн хооронд хүчин төгөлдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

4.Хариуцагч Г.Д- нь гэрээний үүргээс 38,700,000 төгрөг төлж, үлдэх үүргийг гэрээгээр тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй байна. Нэхэмжлэгч тал үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа хариуцагчид олгосон боловч үр дүн гараагүйн улмаас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгсөн, хариуцагч нь үүргээ 2022 оны 03 дугаар сарын 01-ний дотор гүйцэтгэх, гүйцэтгээгүй тохиолдолд орон сууцыг чөлөөлж өгөх тухай хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогдсон. /хх-13, 15-17/

5.Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж дүгнэн, түүний үр дагавар болох орон сууцыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч тухайн маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүй байна. Түүнчлэн хариуцагчийг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэх үндэслэлээр гэрээний үүрэгт төлсөн 38,700,000 төгрөгийг шийдвэрлээгүй нь буруу болжээ. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан. Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулах замаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ гэж үзлээ. Иймд талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх зарчмыг баримтлаагүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлтэй.

6.Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 25 585 500 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй учир талуудын зарчмыг үндэслэн хэвээр үлдээв.

7.Хариуцагч тал орон сууцны өмчлөгч болохыг нотолсон гэрчилгээ нэхэмжлэгч компанид олгогдоогүй байхад шүүх орон сууцны эзэмшлийг хариуцагчид хүлээлгэх өгөхийг даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах гомдол гаргажээ.

8.Талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан дээрх гэрээнээс татгалзсантай холбоотойгоор гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

9.Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, тухайн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийг зөв хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Иймд хариуцагч талын нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгч биш тул албадан гаргуулах эрхгүй гэх давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.

Дээр дурдсанаар үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/03959 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур хотхон 00 дүгээр байр, 000 тоотод байрлах 3 өрөө 78,94 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч "Б"-ХХК-д буцаан шилжүүлэхийг хариуцагч Г.Д-д даалгаж, нэхэмжлэгч "Б"-ХХК-аас 38,700,000 төгрөг гаргуулан хариуцагч Г.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,585,500 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Д-гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД