Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/03896

 

 

 

 

 

 

 

 

2022 09 28

101/ШШ2022/03896

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 тоотод оршин суух, Б.Н /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 давхарт байрлах, Д с ХХК /рд:0/-д холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Буцалтгүй тусламжаар олгосон 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2012 оны 05 сарын 12-ны өдрөөс эхлэн М У ХХК-ийн хамаарал бүхий Д с ХХК-д хамгаалагчаар ажилд орж, Гүнтийн зуслангийн газрын манаач, харуулаар ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж хөдөлмөрийн хуулийн дагуу сануулах, цалингын хувь хасуулах зэрэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2021 оны 9 дүгээр сард М У ХХК-ийн захирал Н өөрийн эзэмшлийн ойгоор явж байхад нь үл таних залуу 4 ширхэг бут сугалчихсан авч явж байгаад баригдсан байсан. Баригдахдаа манаач ах ав гэсэн гэж хэлсэн байсан. Миний хувьд тэр бут хулгайлсан залууг танихгүйгээр барахгүй бут ав гэж хэлээгүй. Тэгээд намайг 2021 оны 10 сарын 28-ны өдөр ажлаас халсан. Миний хувьд М У ХХК-д ажилладаггүй. Харуул хамгаалалтийн компанид нь харуул манаачаар 9 жил 5 cap ажилласан. Хэрвээ миний бие хулгай хийсэн бол намайг Эрүүгийн хуулийн дагуу цагдаагийн байгууллагаар шалгуулж шүүхээр миний гэм бурууг тогтоосон тохиолдолд ажлаас халах ёстой гэж үзэж байна. О.Н нэхэмжлэл гаргах үед 59 настай байсан ба 1 жил ажиллаад л өндөр насны тэтгэвэртээ гарах байсан юм. Хариуцагч нь О.Н-ийг үндэслэлгүйгээр ажаас чөлөөлж, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг албан ёсоор гардуулж өгөөгүй.

Шүүхэд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2021 оны 11 сараас 2022 оны 03 сар хүртэл нийт 5 сарын хугацааны цалин 3,000,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд 60 нас хүрч цаашид ажиллах боломжгүй болсон тул ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2021 оны 11 сараас 2022 оны 03 сар хүртэл нийт 5 сарын хугацааны цалин 3,000,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай Д с ХХК нь Ш ХХК-тай байгуулсан харуул хамгаалалтын гэрээний дагуу тус компанийн эзэмшил буй Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг обьектийн хамт хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл Ш ХХК-иас манай компанид ирүүлсэн 2021 оны 10 сарын 08-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр манай компанийн харуул хамгаалалтын ажилтан Б.Н нь бусдад зөвшөөрөл өгч өөрийн хамгаалж буй газраас дөрвөн ширхэг зулзган модыг хууль бусаар ухуулсаныг мэдэгдсэн. Ингээд бид энэхүү мэдэгдлийн дагуу Ш компанийн удирдлагатай уулзаж, мөн газар дээр очиж мод ухагдсан нөхцөл байдалтай танилцаж, мод ухагдсан байдлыг нягтлан, үйл явдал болох үед байсан гэрчээс тодруулга авч эдгээр ажиллагаануудыг хийж гүйцэтгэсний үндсэн дээр харуул Б.Н-ийг компанийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3.3-т заасан ноцтой зөрчил гаргасныг тогтоосон. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ миний бие хулгай хийсэн бол намайг Эрүүгийн хуулийн дагуу цагдаагийн байгууллагаар шалгуулж шүүхээр миний гэм бурууг тогтоосон тохиолдолд ажлаас халах ёстой гэж үзэж байна гэжээ. Цагдаагийн байгууллага нь гэм буруутай этгээдэд Зөрчлийн хууль эсхүл эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхтэй холбоотой ажиллагаа хийж гүйцэтгэхээс биш хөдөлмөрийн хуульд заасан арга хэмжээг ажил олгогч авах эрхтэй. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.Н-д цалин хөлснөөс гадуур буцалтгүй тусламж болгон 2,000,000 төгрөгийг байгууллагын данснаас бэлнээр гаргаж, кассын нярав албан тушаалтай Б.Б-ээр дамжуулан Б.Н-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 3004577 дугаартай данс руу шилжүүлсэн. Тиймээс уг мөнгийг буцаан шаардаж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд О.Н-ээс 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уг мөнгийг О.Н-д буцалтгүй тусламж байдлаар өгсөн. Буцалтгүй тусламж нь бэлэглэлийн гэрээний нэг төрөл бөгөөд өгсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Миний бие нь хавар Дэлхий нийтийн цар тахал Монгол улсад гарсанаас болж тэрхүү ковид өвчнийг туссан. Энэ үед компаниас надад буцалтгүй тусламж болгож 2,000,000 төгрөг өгч байсан. Би баярлаад энэ мөнгөөр орон нутгаараа хүртэл явсан энэ байдалд нь байрлаж байгаа. Энэ мөнгийг буцааж төлөөрэй гэж огт хэлээгүй тул буцаан төлөх үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

5. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

5.1 Нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, фото зураг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

5.2 Хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, цалингийн хуудас, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Ш ХХК-ийн 2021 оны 10 сарын 16, 2022 оны 04 сарын 05-ны өдрүүдийн албан бичиг, гэрээт харуул хамгаалалтын гэрээ, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн албан бичиг,

5.3 Зохигчдын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Нийслэлийн Байгаль орчны газрын албан бичиг, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын албан бичиг, гэрч Д.С-ын мэдүүлэг, Экологийн цагдаагийн албаны 2022 оны 05 сарын 10-ны өдрийн албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн Шарихэрд ХХК-иас гаргасан гомдол, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, Чингэлтэй дүүргийн прокурорын 2022 оны 05 сарын 04-ний өдрийн 19 дүгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1617 дугаар хэрэг бүртгэлтийн нээхээс татгалзах тухай тогтоол, Худалдаа хөгжлийн банкны албан бичиг, уг албан хавсарган ирүүлсэн зээлийн хувийн хэрэг хүлээлцэх акт, зээлийн хүсэлтийн анкет, хур системийн лавлагаа, цалингийн зээлийн гэрээ, баталгааны гэрээ, барьцааны гэрээ, банкны мэдээллийн сан зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Д с ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалин 3,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 60 нас хүрсэн үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Б.Н нь харуул хамгаалалтын ажлаа урвуулан бусдад 4 ширхэг модыг ойгоос хулгайлах зөвшөөрөл, боломжийг олгосон нь хөдөлмөрийн ноцтой зөрчилд хамаарах тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж, маргасан.

 

3. Хариуцагч Д с ХХК-ийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 064 тоот тушаалаар ...Гүнт лагер дахь харуул Б.Н нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр компанийн эзэмшлийн газраас буюу өөрийн харж хамгаалж буй обьектоос дөрвөн ширхэг зулзаган модыг ухан авч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор компанийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэгт тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.4, Хөдөлмөрийн гэрээний 10.2.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон Б.Н-д хөдөлмөрийн сахилгын ажлаас халах шийтгэл ногдуулсугай гэжээ. /хх-53/

 

4. Нэхэмжлэгч нь шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба тэрээр нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 05 дугаар сарын 14/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргасан байна.

 

5. Зохигчдын хэн аль нь Б.Н-ийг 2012 оны 05 сарын 12-ны өдөр Д с ХХК-д харуулын албан тушаалд томилогдон, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилласан үйл баримтыг тайлбарласан.

 

6. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзэхэд ажилтан Б.Н-ийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан.

 

6.1 Тодруулбал, "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг хэлдэг

 

6.2 Хэдийгээр хөдөлмөрийн дотоод журмын 11.3.3-т байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашигласан, хулгайлсан, хулгайлахыг завдсан, бусад этгээдийг эд зүйл авах, хулгайлах нөхцөл бололцоог олгосон бол ноцтой зөрчилд тооцохоор заасан байх боловч дээрх зөрчил нь зохих журмын дагуу шалгагдаж, баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байх шаардлагатай. /хх-55-60/

 

6.3 Хариуцагч нь хэргийн 99 дүгээр талд авагдсан Ш ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шаардлага хүргүүлэх тухай гэх ...Гүнт дэх зуслангийн талбайд байгууллагын удирдлагууд эд хөрөнгийн бүртгэл, хяналт хийхээр очиход үл таних этгээдүүд 4 ширхэг ногоон зулзаган модыг ухаж аван бууж байхтай таарсан. Тэдгээр этгээдүүдээс яагаад манай эзэмшлийн талбайгаас хууль бусаар мод ухаж авч, хуульч зөрчиж байгаа талаар лавлахад танай харуул Н-ээс зөвшөөрөл авсан гэх тайлбарыг хэлж, танай компанийн харуул хамгаалалтын ажилтаны нэрийг шууд нэрлэн зааж хэлсэн. Иймд дээрх явдлыг шалган тогтоож, өөрийн компанийн харуулдаа холбогдох хууль тогтоомж, гэрээ, дотоод журамдаа заасны дагуу арга хэмжээ авч, энэ талаараа бидэнд албан бичгээр мэдэгдэнэ үү гэх бичгийг үндэслэн ажилтан Б.Н-ийн гаргасан ноцтой зөрчил тогтоогдсон гэж үзэж, түүнийг ажлаас чөлөөлсөн нь учир дутагдалтай байна.

 

Учир нь дээрх албан бичиг нь ажилтаны гаргасан гэх ноцтой зөрчлийг шууд тогтоосон баримт биш, нэг талын буюу тухайн байгууллага хоорондын мэдээлэл солилцсон баримт байна. Уг Ш ХХК-ийн албан шаардлагын дагуу ажил олгогч нь тухайн гаргасан гэх ноцтой зөрчил бий болсон эсэх үйл баримтыг нягтлан шалгаж, тогтоосон үйл ажиллагаа явуулаагүй байна. Хариуцагч нь уг албан шаардлагын дагуу шалгаж үзсэний үндсэн дээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлах боловч хэрэгт энэ талаархи баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар цуглуулж өгөөгүй.

 

6.4 Ажилтаныг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан буюу нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Экологийн цагдаагийн албанд Ш ХХК-иас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.Н-д холбогдуулан өргөдөл гаргаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь урд гаргасан ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг нөхөн зөвтгөх замаар ажилтаны гаргасан гэх ноцтой зөрчлийг тогтоох үндэслэл болохгүй.

 

6.4а Экологийн цагдаагийн алба нь Ш ХХК-ийн өргөдлийн дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад М.М гэх иргэн маргаан бүхий 4 ширхэг модыг хулгайлсан болохоо, мөн Б.Н гэх хүнийг танихгүй, түүний зөвшөөрөл заавраар хулгай хийгээгүй болохоо мэдүүлсэн байна. Тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Н нь гэрчээр оролцож мэдүүлэг гаргасан байна. Тус эрүүгийн хэрэгт холбогдох ажиллагаа явуулж Чингэлтэй дүүргийн Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1617 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. /хх-147-175/

 

Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргагч Ш ХХК нь Чингэлтэй дүүргийн Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1617 дугаар тогтоолд дээд шатны прокурорт гомдол гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1/483 тоот албан бичгээр прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хх-201/

 

6.4б Хариуцагч тал дээрх Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1/483 тоот албан бичгийг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа, тус ажиллагааны явцад Б.Н нь бусдад хулгай хийх боломж олгосон үйлдэл нь тогтоогдоно гэж маргаж, тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь, шүүх ирээдүйд Б.Н-ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдож болзошгүй гэж үзэх замаар түүнийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүйн дээр өмнө дурдсанаар ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг хожим эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу тогтоож, тушаалыг нөхөн зөвтгөх үндэслэл болохгүй.

 

6.5 Мөн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд ...Гүнт лагер дахь харуул Б.Н нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр компанийн эзэмшлийн газраас буюу өөрийн харж хамгаалж буй обьектоос дөрвөн ширхэг зулзаган модыг ухан авч... гэж ажилтаныг өөрийг нь дөрвөн ширхэг модыг ухан авсан зөрчил гаргасан гэж үзэж тушаал гаргасан байх атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад модыг хулгайлах боломж олгосон гэж ажилтныг гаргасан гэх зөрчлийг өөр өөр байдлаар зөрүүтэй тайлбарласан. Ажилтаныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь өөрөө хариуцагчаас гаргаж буй тайлбараас зөрүүтэй байгаа нь тухайн тушаалыг үндэслэлтэй гарсан гэж үзэхээргүй байна.

 

7. Түүнчлэн ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 05 дугаар сарын 14/-ийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримталсан атлаа ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажилтныг чөлөөлсөн нь учир дутагдалтай.

 

8. Иймд ажил олгогч нь ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 05 дугаар сарын 14/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж заасан. Гэвч нэхэмжлэгч нь шүүхэд хэрэг хянагдаж байх үед өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хүрсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харуулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

8.1 Нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох тухай хүсэлт нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь байна.

9. Ажил олгогч нь ажилтаныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөний үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажилтанд төлөх үүрэг үүснэ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д зохицуулахдаа ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохоор дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор зохицуулсан.

 

9.1 Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүх түүнийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоосон өдөр хүртэлх хугацааны олговрыг шаардах эрхтэй боловч тэрээр 2021 оны 11 сараас 2022 оны 03 сар хүртэл нийт 5 сарын хугацааны цалин 3,000,000 /600,000 төгрөг х 5 сар/ төгрөг гаргуулахаар шаардсан тул уг шаардлагын хүрээнд дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 05 дугаар сарын 14/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

9.2 Нэхэмжлэгч нь сарын 600,000 төгрөгийн үндсэн цалинтай байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалингийн хуудас, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар тус тус тогтоогдсон болно. /хх-5-7, 51-52, 95/

 

10. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 05 дугаар сарын 14/-ийн 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт зааснаар ажилтан Б.Н-д олговол зохих цалин олговор болох 3,000,000 төгрөгөөс зохих шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Д с ХХК-д даалгах нь зүйтэй.

 

11. Хариуцагч Д с ХХК-иас 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Н-д Ковид-19 өвчний эмчилгээний төлбөрт зориулж, буцалтгүй тусламжаар олгосон үйл баримтад талууд маргаагүй, уг үйл баримт бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. /хх-97/

 

12. Хариуцагч нь дээрх буцалтгүй тусламжаар олгосон 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Ажилтаныг ажил үүргээ гүйцэтгэж байх үед түүний эмчилгээнд зориулж тодорхой нөхцөл, болзолгүйгээр ажил олгогчоос 2,000,000 төгрөгийг хариу төлбөргүй шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

 

12.1 Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцдог ба ажил олгогчоос 2,000,000 төгрөгийг ажилтанд бэлэглэлийн гэрээний дагуу ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байх үед нь олгосон байна.

 

12.2 Бэлэглэгч нь хандивын мөнгийг буцаан гаргуулахаар бэлэг хүлээн авагчаас шаардсан ба хэргийн үйл баримтаар Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.6, 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчээс 2,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх журамтай тул 133,150 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

14. Бусад:

Хариуцагч Д с ХХК нь нэхэмжлэгч Б.Н-ийг анх харуулаар ажилд орох үед хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан, хөдөлмөрийн гэрээний хувийг ажилтан өөрөө авч яваад буцааж өгөөгүй гэж, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй, надад гэрээний хувь өгөөгүй тус тус тайлбарлаж хэрэгт хөдөлмөрийн гэрээг зохигчдоос нотлох баримтаар цуглуулж өгөөгүй болно.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сард Нийслэлийн Байгаль орчны газраас 210,000 төгрөгийн цалин авсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтаар тогтоогдсон. Хариуцагч нь уг баримтыг үндэслэн нэхэмжлэгчийг өөр ажил эрхэлж цалин хөлс авсан тул ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх эрхгүй гэж маргасан боловч Нийслэлийн Байгаль орчны газраас ирүүлсэн албан бичгээр Б.Н нь нийгмийн даатгалын шимтгэл төлж ажил эрхэлдэггүй болохыг тодорхойлсон байна. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Байгаль орчны газарт сайн дурын ажил хийсэний дагуу нэг удаа олгогдсон мөнгөн урамшуулал гэж тайлбарласан. /хх-118/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 05 дугаар сарын 14/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Д с ХХК-иас 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-д олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 05 дугаар сарын 14/-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Н-д олгох 3,000,000 төгрөгийн олговроос зохих шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Д с ХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б.Н-ээс 2,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д с ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 133,150 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ