Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/02025

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/02025

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/03896 дугаар шийдвэртэй,

 

А-ийн нэхэмжлэлтэй,

“Б-” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулах тухай нэхэмжлэлтэй,

2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батхүү, хариуцагчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, Ц.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А- нь 2012 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Б-” ХХК-д хамгаалагчаар ажилд орж, Гүнтийн зуслангийн газрын манаач, харуулаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй.

1.2. 2021 оны 9 дүгээр сард “МУ” ХХК-ийн захирал н.Н өөрийн эзэмшлийн ойгоор явж байхад нь үл таних залуу 4 ширхэг бут сугалан аваад явж байхад нь тааралдахад “манаач ах ав” гэсэн гэж хэлсэн байсан. Миний хувьд тэр бут хулгайлсан залууг танихгүйгээр барахгүй бут ав гэж хэлээгүй.

1.3. 2021 оны 10 сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаас халсан. Харуул хамгаалалтын компанид харуул, манаачаар 9 жил 5 cap ажилласан. Хэрэв А- хулгай хийсэн бол Эрүүгийн хуулийн дагуу цагдаагийн байгууллагаар шалгуулж шүүхээр түүний гэм бурууг тогтоосон тохиолдолд ажлаас халах ёстой гэж үзэж байна. А- нэхэмжлэл гаргах үед 59 настай байсан ба 1 жил ажиллаад л өндөр насны тэтгэвэр тогтоолгох байсан. Хариуцагч нь А-ийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг албан ёсоор гардуулж өгөөгүй.

1.4. Иймд нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болохыг тогтоолгох, ажилгүй байсан 2021 оны 11 сараас 2022 оны 03 сар хүртэл нийт 5 сарын хугацааны олговор 3,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “Б-” ХХК нь “Ш” ХХК-тай байгуулсан харуул хамгаалалтын гэрээний дагуу тус компанийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг объектын хамт хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл “Ш” ХХК-аас манай компанид ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгээр манай компанийн харуул хамгаалалтын ажилтан А- нь бусдад зөвшөөрөл өгч өөрийн хамгаалж буй газраас дөрвөн ширхэг зулзаган модыг хууль бусаар ухуулсныг мэдэгдсэн.

2.2. Тус мэдэгдлийн дагуу “Ш” ХХК-ийн удирдлагатай уулзаж, мөн газар дээр очиж мод ухагдсан нөхцөл байдалтай танилцаж, мод ухагдсан байдлыг нягтлан, үйл явдал болох үед байсан гэрчээс тодруулга авч эдгээр ажиллагаануудыг хийж гүйцэтгэсний үндсэн дээр харуул А-ийг компанийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3.3-т заасан ноцтой зөрчил гаргасныг тогтоосон.

2.3. Цагдаагийн байгууллага нь гэм буруутай этгээдэд Зөрчлийн хууль эсхүл эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхтэй холбоотой ажиллагаа хийж гүйцэтгэхээс биш хөдөлмөрийн хуульд заасан арга хэмжээг ажил олгогч авах эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. А-д цалин хөлснөөс гадуур буцалтгүй тусламж болгон 2,000,000 төгрөгийг байгууллагын данснаас бэлнээр гаргаж, кассын нярваар дамжуулан А-ийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Уг мөнгийг А-д буцалтгүй тусламж байдлаар өгсөн. Буцалтгүй тусламж нь бэлэглэлийн гэрээний нэг төрөл бөгөөд өгсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Иймд А-ээс 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

4.1. А- хавар коронавирус туссан. Энэ үед компаниас түүнд буцалтгүй тусламж болгож 2,000,000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг буцааж төлөөрэй гэж огт хэлээгүй тул буцаан төлөх үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б-” ХХК-аас 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож,

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч А-д олгох 3,000,000 төгрөгийн олговроос зохих шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Б-” ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж,

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч А-ээс 2,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Б-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 133,150 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.1. Шүүх хурал болдог нэхэмжлэгчийн төрсөн аав нас барсан ба энэ талаар шүүх хуралдааны нарийн бичиг болон шүүгчийн туслахад утсаар мэдэгдэж шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох талаар хэлсэн. Мөн өмгөөлөгч Х.Отгончимэг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсанд гомдолтой байна.

Хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч бүтэн жил шүүх хурлаа хийгээгүй байж, аав минь нас барсан гэдгээ хэлсээр байтал шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой байна.

5.2. Нэхэмжлэгч ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлээс татгалзаагүй. Өмгөөлөгч буруу тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч итгэмжлэлээсээ татгалзсан байхад шүүх анзаарч үзээгүйд гомдолтой байна

5.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү.

 

6. Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим нь хэргийн оролцогчдын хооронд үүсдэг. Өөрөөр хэлбэл, мэтгэлцэх зарчим нь нотлох баримтын үндсэн дээр хэрэгжихээс гадна зохигч хоорондын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлоход оршино. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл 6.6 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана... гэж заасан. Иймд мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг дэмжиж байна.

 

7. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

7.1. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, мөн шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг огт хэлэлцээгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт "Нэхэмжлэгч болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно" гэж заасан. Гэвч шүүгч нэхэмжлэгч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлт ирүүлээгүй бөгөөд харин ч аав нас барсны улмаас Дундговь аймагт байх тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй. Мөн хариуцагч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар хариуцагчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтэй байгааг илэрхийлсээр байхад шүүх хуралдааныг хийж талуудын мэтгэлцэх боломжийг үндэслэлгүйгээр хязгаарласан.

7.2. Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалын үндэслэлд заасан мод хулгайлсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад тухайн хэрэгт авагдсан баримтыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг  шүүх үндэслэлгүйгээр хангахаас татгалзан. Эрүүгийн хэрэг прокурорт шилжихээс нааш хэргийн оролцогчид эрүүгийн хэргийн материалтай танилцах, хуулбарлах боломжгүй байхад өөрсдөө гаргаж өгөх боломжтой гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

7.3. “Ш” ХХК-ийн Экологийн цагдаагийн албанд гаргасан гомдлын дагуу явагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгсөн н.Мөнхбат нь нэхэмжлэгч А-д 1,000,000 төгрөгийг өгсөн талаар мэдүүлсэн байхад үүнийг үнэлээгүй.

7.4. Нэхэмжлэгч А- нь тухайн мод хулгайлагдсан газар нь өөрийн хамгаалах ёстой объект мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн, уг талбайгаас мод авсан этгээдүүд баримттай баригдсан үйл баримт тогтоогдсон байхад түүнийг нягтлаагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

7.5. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнхбатад шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох боломжийг үндэслэлгүй хязгаарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.

7.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

8.1. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаалгах гомдол гаргасан. Өмнөх саналаа дэмжиж байна.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангах үндэслэл тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хангаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

 

3.1. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч А- нь өөрийн төрсөн эцэг нас барсан гэх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй бөгөөд тэрээр шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан илэрхийлжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх эрхийг хангаагүй байна.

 

3.2. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ шүүх хуралдаан давхацсан талаарх нотлох баримтыг хүсэлтэд хавсаргаж шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батхүү нь өмгөөлөгчийн хамт оролцох тухай хүсэлтийг шүүхэд гаргасныг шүүгч мөн захирамжаар тус тус хангахгүй орхисон нь үндэслэлгүй болжээ.

 

3.3. Шүүх зохигч, хэргийн оролцогчийн эрх зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх эрхийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 25 дугаар зүйлийн 25.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцээгүй байна.

 

4. Нэхэмжлэгч 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Х.Отгончимэгт өгсөн итгэмжлэлээс татгалзаж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулснаар Х.Отгончимэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Гэтэл анхан шатны шүүх түүний эрх зүйн байдлыг анхаараагүй буюу эрх олгогдоогүй этгээдийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээс татгалзсан гэж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбоотойгоор шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул материаллаг эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй.

 

6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/03896 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Б-” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦОГТСАЙХАН

                                           

         ШҮҮГЧИД                                             Э.ЭНЭБИШ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА