Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2022/03289

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2022/03289

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана  даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Б.М.

            Хариуцагч: С.Мт.

            Гэрээний үүргийн биелэлтэд 12,757,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М, өмгөөлөгч Б.З,  хариуцагч М.Мт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч М.Мтд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 12,757,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд үнийн дүнг багасгаж 12,750,000 төгрөг шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд

1.1 Нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.З нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.Мт 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 500,000 төгрөг зээлж авсан. Дараа нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2,700,000 төгрөг зээлж, нийт 4,250,000 төгрөгний үнийн дүнтэй зээлийн гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан. Гэрээгээр зээл 4,250,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй байгуулсан. 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн зээл 1,000,000 төгрөгний хүүнд тухайн үед 200,000 төгрөг төлсөн. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр авсан 500,000 төгрөгний зээлийн хүү 50,000 төгрөг төлөөгүй тул хүүг нэмж гэрээгээр нийт 4,250,000 төгрөг зээлсэн гэж гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш зээл, хүү төлөөгүй. Энэ зээлийн гэрээний хугацааг сунгахдаа 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээлсэн 1,000,000 төгрөгийг нэмж Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулж нийт зээл 5,250,000 төгрөгний гэрээгээр үндсэн гэрээний хугацааг 4 сараар сунгаж гэрээний бусад заалтууд хүчин төгөлдөр байхаар тохиролцож гэрээг байгуулсан юм. 2021 оны 08 дугаар сард зээлсэн 1,000,000 төгрөгний хүү 200,000 төгрөг, 500,000 төгрөгний хүү 50,000 төгрөгийг тус тус үндсэн зээлд оруулж тооцсон байгаа тул үндсэн зээлээс хасаж тооцлоо. Иймд хариуцагч М.Мтгаас үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 3,500,000 төгрөг, алданги 4,250,000 төгрөг нийт 12,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч С.Мт шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Мөнгө зээлж авсан нь үнэн боловч бэлнээр 4,250,000 төгрөгийг аваагүй. Өмнө нь 1,000,000 төгрөг зээлдэж хүүнд 200,000 төгрөг төлсөн. Дараа нь 500,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2,700,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус зээлсэн. Зээлсэн мөнгөний хүүгээ өгч чадаагүй тул Б.М гэрээгээ сунгая боломжтой үедээ мөнгөө төлчих, таниас би нэхэхгүй гээд гэрээг сунгасан. Одоо би зээлсэн мөнгөө 7 сарын хүүтэй нь төлөхийг зөвшөөрч байна. Алданги төлөхгүй гэв. 

3. Нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Б.Мын Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэлээс 12,300,000 төгрөгний нэхэмжлэлийг хангаж, үлдэх 450,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

            2. Нэхэмжлэгч нь “гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул үндсэн зээл, хүү, алдангийн хамт нэхэмжилнэ” гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

            3. Хариуцагч “зээлийг 7 сарын хүүгийн хамт төлнө, алданги төлөх мөнгөгүй тул төлөхгүй” гэх үндэслэлийг тайлбарласан.

            4. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, дансны хуулгаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            4.1. Зохигчийн  хооронд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 500,000 төгрөгний зээлийн гэрээ байгуулагдаж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчээс зээлд 2,700,000 төгрөг шилжүүлж талууд өмнө шилжүүлсэн зээлийг нэгтгэж 4,250,000 төгрөгний үнийн дүнтэй зээлийн гэрээг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй байгуулсан.

            Хариуцагч С.Мт 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зээлсэн 1,000,000 төгрөгний хүүнд 200,000 төгрөг төлсөн.

            4.2. 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 3.1 Нэмэлт өөрчлөлт гэсэн хэсэгт Талууд харилцан тохиролцож зээлийн хэмжээ 4,250,000 төгрөг дээр 2021 оны  11 дүгээр сарын 08-ны өдөр зээлсэн 1,000,000 төгрөгийг нэмж үндсэн зээлийн хэмжээг 5,250,000 төгрөг болгон өөрчилж, үндсэн гэрээний хугацааг 2022 оны 02 дугаар сарын 01-нээс 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, гэрээний 4.2, 4.3-т энэхүү гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний  өдрийн зээлийн гэрээний салшгүй нэг хэсэг болох ба зээлийн гэрээний бусад заалтууд хүчин төгөлдөр хэвээр үлдэхээр тохиролцсон байна.

            4.3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

            Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр, зээлдэгчээс зээлдүүлэгчид зээлийн мөнгийг шилжүүлсэн, хариуцагч мөнгийг хүлээн авсан талаар тайлбарласан.

            4.4. 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн зээл 1,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээл 500,000 төгрөгийг тус тус хүүтэй зээлдүүлсэн талаар нэхэмжлэгч тайлбарласан боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан тул 1,000,000 төгрөгний хүүнд шилжүүлсэн 200,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох, 500,000 төгрөгний зээлийн хүүнд 50,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын тайлбарласан тайлбараар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулах үед зохигчийн хооронд үндсэн зээл 4,000,000 төгрөг /800,000+500,000+2,700,000/-ийн төлбөр байсан тул зээлийн хэмжээ 4,000,000 төгрөгийг гэрээгээр тогтоосон хугацаа 3 сарын хүү 1,200,000 төгрөг нийт 5,200,000 төгрөгийг хариуцагч гэрээгээр төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байна.

            Мөн гэрээний талууд харилцан тохиролцож үндсэн зээлийн гэрээг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр сунгахдаа 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээлдүүлсэн 1,000,000 төгрөгийг нэмж нийт зээл 5,250,000 төгрөг гэж байгуулсан боловч бодитоор /4,000,000+1,000,000/ 5,000,000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр үлдсэн тул хариуцагчийн төлөх үүргийн хэмжээг үндсэн зээл 5,000,000 төгрөгөөс тооцож гэрээгээр тохирсон хүү, алдангийг гаргуулах үндэслэлтэй.

            4.5. Иймд хариуцагч С.Мтгийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд төлөх үндсэн зээл 5,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний хүү 1,200,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний 4 сарын хүү  2,000,000 төгрөг нийт 8,200,000 төгрөг төлөх үүрэгтэйг тогтоож, үндсэн гэрээний 3.7, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 4,3-т зааснаар  алданги 4,100,000 төгрөгний хамт нийт 12,300,000 төгрөгийг С.Мтгаас гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгож, үлдэх 450,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            5. Хариуцагч үндсэн зээлийг хүүгийн хамт төлж, алдангийг төлөхгүй гэсэн тайлбар гаргасан боловч Зээлийн гэрээний 1.2 талууд гэрээний үүргээ шударгаар, бодитоор, зохих ёсоор биелүүлнэ, 3.6 зээлийн хүүг сар бүрийн 01-ний өдөр төлнө, 4.7 зээлдэгч нь зээлийг эргэн төлөх нөхцөлийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэсэн гэрээ, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай тул гэрээний 3.7, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алдангийг төлөх үүрэгтэй.

6. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                         

                                                                                                     

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч С.Мтгаас 12,300,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгож, үлдэх 450,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,450 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Мтгаас улсын тэмдэгтийн хураамжид 211.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.КУЛЬДАНА