Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/02035

 

2022 11 23 210/МА2022/02035

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/03289 дугаар шийдвэртэй,

 

А-ын нэхэмжлэлтэй

Б-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 12,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, хариуцагч Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б- 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2,700,000 төгрөг тус тус зээлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 4,250,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Гэрээгээр зээл 4,250,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл 0,5 хувийн алданги төлөх нөхцөлийг тохиролцсон.

Зээлдэгч 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зээлдүүлсэн 1,000,000 төгрөгийн зээлийн хүүд 200,000 төгрөг төлсөн, харин 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зээлдүүлсэн 500,000 төгрөгийн зээлийн хүүд 50,000 төгрөг төлөөгүй тул уг хүүг нэмж нийт 4,250,000 төгрөгөөр гэрээ байгуулсан.

1.2. Гэрээ байгуулснаас хойш зээл, хүү төлөгдөөгүй. 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээлсэн 1,000,000 төгрөгийг нэмж, нийт зээл 5,250,000 төгрөг, хугацааг 4 сараар сунгаж, гэрээний бусад заалтууд хүчин төгөлдөр байхаар тохиролцсон.

1,000,000 төгрөгийн зээлийн хүү 200,000 төгрөг, 500,000 төгрөгийн хүү 50,000 төгрөгийг тус тус үндсэн зээлд оруулж тооцсон байгаа тул үндсэн зээлээс хасаж тооцлоо. Иймд хариуцагч Б-гаас үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 3,500,000 төгрөг, алданги 4,250,000 төгрөг нийт 12,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Мөнгө зээлж авсан нь үнэн боловч бэлнээр 4,250,000 төгрөгийг аваагүй. Өмнө нь 1,000,000 төгрөг зээлж хүүд 200,000 төгрөг төлсөн. Дараа нь 500,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2,700,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус зээлсэн.

2.2. Зээлийн хүүг өгч чадаагүй тул А- “гэрээгээ сунгах боломжтой үедээ мөнгөө төлчих, танаас би нэхэхгүй” гээд гэрээг сунгасан.

2.3. Зээлсэн мөнгөө 7 сарын хүүтэй нь төлөхийг зөвшөөрч байна, харин алданги төлөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б-гаас 12,300,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож, үлдэх 450,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,450 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 211,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч хэд хэдэн удаа зээлийн хүү гэж өөрийн данснаас мөнгө төлсөн байхад огт төлж байгаагүй мэтээр шүүх шийдвэрлэсэн.

4.2. 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2,700,000 төгрөг, нийт 4,200,000 төгрөг авсан.

4.3. Гэтэл төлөөгүй хүү болох 50,000 төгрөгийн хүүг 4,200,000 төгрөг дээр нэмж 4,250,000 төгрөг болгож зээлийн гэрээ байгуулан хүүг тооцсон нь үндэслэлгүй. Мөн хариуцагчид мөнгө нэмж өгөөгүй атлаа төлөөгүй хүүг нэмж 5,250,000 төгрөгөөс дахин хүү тооцсон нь үндэслэлгүй байна.

4.4. Хариуцагч өвчтэй нөхрөө сахиж яваад өөрийн зээлийн хүүд төлсөн мөнгөө нотлох дансны хуулгаа гаргаж өгч чадаагүй байтал шүүх хурал зарлагдаж, хурал эхлэхийн өмнө дансны хуулга гаргаж өгөх хүсэлт амаар гаргасан ч хүлээж аваагүй, энэ нь талуудад мэтгэлцэх боломжийг олгоогүй, хэргийг үнэн зөв шийдвэрлэх боломжгүй болгосон гэж үзэж байна.

4.5. Засгийн газраас Ковид-19 цар тахлын үед алданги тооцохгүй гэснийг сая мэдсэн. Өндөр хүүтэй мөнгийг хувь хүнээс зээлээд буцааж 3 нугалж төлөх боломж надад байхгүй.

Иймд хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хуулийн дагуу шийдвэр гаргасан. Энэ хугацаанд хүүг огт төлөөгүй. Хариуцагч 2021 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд зээл авахдаа “Банкны зээлийг хааж, хар дансанд орсныг арилгуулаад чиний мөнгийг төлнө” гэж хэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мөнгө дутсан гэж хэлээд дахин 1,000,000 төгрөг авсан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,750,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч үндсэн зээл, 7 сарын хүү төлөхийг зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. А-, Б- нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр зээлдүүлэгч А- нь 4,250,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Б- зээлийг сарын 10 хувийн хүүтэй эргүүлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ. Энэ зээлийн гэрээний хугацаа 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дууссан.

 

4. Талууд 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” нэртэй гэрээ байгуулсан, уг гэрээний 3.3-т “үндсэн гэрээний хугацааг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгав” гэж тохиролцсон нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3 сарын хугацаатай байгуулагдсан зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш 1 сарын 16 хоногийн дараа уг гэрээний хугацаа сунгаж байгаа нь хуульд нийцээгүй байна.

Иймд талуудын хооронд 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 5,250,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр зээлдүүлэгч А- нь өмнөх зээлийн гэрээний зээл 4,250,000 төгрөг дээр нэмж 1,000,000 төгрөгийг зээлдүүлэх , сарын 10 хувийн хүүтэй, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай гэх нөхцөлийг тохиролцсон, зээлдэгч зээлийг гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

 

5. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч үндсэн зээл 4,250,000 төгрөг, зээлийн хүүд 1,275,000 /4,250,000*10 хувь*3 сар/ төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Энэ зээлийн гэрээний үндсэн зээл 4,250,000 төгрөг дээр 1,000,000 төгрөг нэмж 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэхээ байгуулагдсан тул өмнөх зээлийн гэрээний үндсэн төлбөрийг дараагийн гэрээний үүрэгт оруулж тооцно.

Гэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлээ 5,000,000 төгрөгөөр тодорхойлсон тул энэ мөнгөн хөрөнгийн хэмжээнд зээлийн хүүг гэрээ байгуулагдсан өдрөөс гэрээгээр тохирсон хугацаа дуусах өдрийг хүртэл /2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн мөн 06 дугаар сарын 01-ны өдөр/ тооцвол зээлийн хүүд 1,233,330 /5,000,000*10 хувь*2 сар14 хоног/ төгрөгийг үндсэн зээлийн хамт төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч Б-гаас 7,508,330 /1,275,000+5,000,000+1,233,330/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

6. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний 3.7, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний 4.2-т зааснаар зээлдэгч алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Алдангийн хэмжээ 2,064,755 /7,508,330*0,5 хувь*55 хоног/ төгрөг болж байна.

 

6.1. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цах тахал Монгол Улсад тархаж иргэдийн эдийн засгийн дарамт үүсгэсэн нөхцөл байдал Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт заасан гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд хамаарах бөгөөд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн анзын хэмжээ илт их байх тул шүүх алдангийн хэмжээг 1,000,000 төгрөгөөр багасгасан нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 8,508,330 /7,508,330+1,000,000/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/03289 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232 дугаар зүйлийн 232.6-д” гэснийг “232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт тус тус” гэж, “12,300,000” гэснийг “8,508,330” гэж, “450,000” гэснийг “4,241,670” гэж,

2 дахь заалтын “211,750” гэснийг “151,083” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН

                                           

         ШҮҮГЧИД                                             Э.ЭНЭБИШ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА