| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2021/0038/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2021-06-03 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 21
Б.Т, С.Х нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Д.Көбеш, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Т, С.Х нарт холбогдох, 2135000000020 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч С.Хгийн өмгөөлөгч Ц.Туяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч С.Х, түүний өмгөөлөгч Ц.Туяа нар оролцов.
Монгол Улсын иргэн, ..... оны ...... дугаар сарын .....-ны өдөр Увс аймгийн ....... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн ...... сумын .... багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, О ургийн овогт Б-ийн Т /РД: ОБ........./.
Монгол Улсын иргэн, ....... оны ..... дүгээр сарын .......-ны өдөр Увс аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .......-ийн хамт Увс аймгийн Улаангом сумын ... дугаар багт оршин суудаг, урьд нь Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 84 дүгээртэй шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, Х ургийн овогт С-ийн Х /РД:......./.
Шүүгдэгч Б.Т, С.Х нар бүлэглэн Увс аймгийн ..... сумын 2 дугаар багийн нутаг “Хэвийн эх” нэртэй газраас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 01 дүгээр сарын 16-нд шилжих шөнө тус сумын иргэн Б.С-ийн хоёр тооны үхэр буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О ургийн овогт Б-ны Т, Х ургийн овогт С-ийн Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Тг 1 жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч С.Хг 2 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Тд оногдуулсан 1 жил хорих ялыг, шүүгдэгч С.Хд оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Шүүгдэгч Б.Т, С.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Вонго жи 3 загварын 14-36 УВХ улсын дугаартай автомашины үнэ болох 1.375.100 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Б.Тгаас 687.550 төгрөгийг, шүүгдэгч С.Хгаас 687.550 төгрөгийг гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.050.000 төгрөгийг шүүгдэгч Б.Тгаас, 1.192.000 төгрөгийг шүүгдэгч С.Хгаас гаргуулж тус тус улсын төсөвт шилжүүлж,
Вонго жи 3 загварын 14-36 УВХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн баруун эвэр нь хугарсан хар үхрийн толгой, мухар халзан үхрийн толгой, хар, халзан зүсмийн үхрийн хоёр ширхэг ширийг тус тус даруй устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
шүүгдэгч Б.Т, С.Х нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч тус тус шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Т, өмгөөлөгч Б.Лхагважав нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Миний бие хэргийн зүйл анги, ялын талаар гомдол гаргахгүй, зөвхөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Вонго жи 3 загварын 14-36 УВХ улсын дугаартай автомашины үнийг надаас хувь тэнцүүлэн 687.550 төгрөг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.050.000 төгрөгийг гаргуулахаар тус тус шүүхийн шийдвэр гаргасан.
Миний бие тодорхой эрхэлсэн ажилгүй, шүүхээс оногдуулсан 1 жил хорих ялыг эдэлж байна. Бага хүү маань дауны өвчтэй байнгын асаргаа, эмчилгээнд байдаг тул миний амьдралын хүнд байдлыг харгалзан үзэж, миний төлөх төлбөрийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Шүүгдэгч Б.Тгийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Б.Т нь дауны өвчтэй нялх хүүхэдтэй, Солонгос улсад очиж зүрхний хагалгаанд орсон, өөрөө эрхэлсэн ажилгүй, эхнэр нь ганцаараа ажил хийдэг.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Вонго жи 3 загварын 14-36 УВХ улсын дугаартай автомашины үнэ болох 1.375.100 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Б.Тгаас 687.550 төгрөгийг, шүүгдэгч С.Хгаас 687.550 төгрөгийг гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.050.000 төгрөгийг шүүгдэгч Б.Тгаас, 1.192.000 төгрөгийг шүүгдэгч С.Хгаас гаргуулж тус тус улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.Тгаас гаргуулан улсын орлогод оруулах нийт 1.737.550 төгрөгийг хоёр жилийн хугацаанд хувь тэнцүүлэн гаргуулж төлүүлэхээр хуваарилалт хийж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан бөгөөд тус гомдлоо дэмжиж байна” гэв.
Шүүгдэгч Б.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн улсын төсөвт оруулах 1.737.550 төгрөгийг хоёр жилийн хугацаанд төлөх боломжтойгоор шийдвэрлэж өгнө үү хэмээн хүсэж байна” гэв.
Шүүгдэгч С.Хгийн өмгөөлөгч Ц.Туяа давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхээс шүүгдэгч С.Хд нь 2 жил 1 сар хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүгдэгч С.Х гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийнхээ эхэнд “би ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа ойлголоо, надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна” /хх-ийн 153-154-р хуудас/ гэж өгсөн ба мэдүүлгийнхээ төгсгөлд би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэж хэлсэн. Шүүгдэгч С.Х нь үйлдлээрээ хулгайн хэрэгт хамтран оролцсоноо хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ хэрэгт огт оролцоогүй гэсэн мэдүүлэг гаргаагүй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч хийсэн үйлдлийнхээ талаар мэдүүлэг өгч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлан маш их гэмшиж байгаагаа талаараа мэдүүлсэн.
Шүүгдэгч Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “би эвэртэй хар үхэр барьсан, Х улаан галзан үхэр барьсан, тэгээд эхлээд эвэртэй хар үхрийг унагаасан, дараа нь улаан галзан үхэр унагаасан” гэх мэдүүлэг, мөн Х-ийн өгсөн : “намайг дагуулаад нэг овоолсон шорооны хажууд очиход тэнд мухар үхэр байсан, тэрнийг төхөөрчихсөн байсан” гэх мэдүүлгийн аль нь үнэн, аль нь худал болохыг тогтоогоогүй, өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгсөн, мөн гэмт хэрэгт хэн нь яаж оролцсон оролцоо нь тодорхойгүй эргэлзээтэй байхад Т-ийн мэдүүлэг үндэслэлтэй гэж үзэж, шүүгдэгч С.Хгийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байна. Үхэр нядалсан эсэх нь хэрэгт ач холбогдолтой биш, хэргийн зүйлчлэлд ч хамаарахгүй асуудал юм. Харин шүүгдэгч нар үхэр хулгайлаад авч ачиж ирж борлуулснаар тухайн гэмт хэрэг төгссөн гэж үзэж байна.
Шүүгдэгч С.Х хоёр үхэр хулгайлж ачиж ирээд ашиг орлогоос хуваалцсанаа хүлээн мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэнээ ухамсарлаж хохирлоо төлж барагдуулсан, хохирогчийг гомдолгүй болгосон, хэрвээ үхэр хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байсан бол нэг үхрийн хохирлыг төлөхгүй л байсан шүү дээ. Ийм байхад шүүгдэгч С.Хд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-г журамлан хорих ялыг багасгаж оногдуулаагүйд гомдолтой байна.
Бодит байдал дээр гэмт хэрэг үйлдээгүй гэж огт хэлэхгүй байгаа, нэг үйлдэлтэй хоёр шүүгдэгчийн нэгэнд нь 1 жил хорих ял, нөгөөд нь 2 жил 1 сарын хорих ял өгч байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх, хууль ёсны байх, хүнлэг бус хандахгүй байх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Т, Х нар нь хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн, хэргээ хүлээн мэдүүлсэн, гэм буруугаа ойлгож гэмшсэн байгаа.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан үзэж шүүгдэгч С.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан багасгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч С.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд эрүүл мэндийн байдал муу байгаа, мөн өндөр настай ээжийн минь биеийн байдал нь тааруу байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон дүгнэлтдээ: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүгдэгч С.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлдэг боловч анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийн үйл баримтын талаар худал ташаа мэдүүлэг өгч хулгайлсан малыг нядлаагүй хараад зогсож байсан гэх мэтээр ярьдаг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.
Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Х нь улсын яллагчийн асуусан асуултад хэрэг үйлдсэн талаараа юу гэж мэдүүлж байсан нь шүүх хурлын тэмдэглэлд тус тус авагдсан байгаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хуульд хэсэгчлэн төлүүлэх зохицуулалт байхгүй, харин мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг л зөвхөн хэсэгчлэн төлүүлэх зохицуулалттай юм. Албадлагын арга хэмжээ нь ял биш тул Б.Тгийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолтой, 2135000000020 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Т болон шүүгдэгч С.Хгийн өмгөөлөгч Ц.Туяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Б.Тулга, М.Х нар бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө иргэн Б.С-ийн өмчлөлийн Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг “ Хэвийн эх” гэх газар бэлчээрт байсан хоёр тооны үхрийг автомашин ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, уг нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгаа талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тулга, С.Х нарыг бүлэглэн бусдын 2 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил хорих ял, шүүгдэгч С.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяа давж заалдах шатны шүүхэд: “Шүүхээс шүүгдэгч С.Хд оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан багасгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан байна.
Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т: “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч С.Хд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж дүгнэв.
Анхан шатны шүүх шүүгдэгч С.Хд ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ял оногдуулах боломжгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
Шүүгдэгч С.Х, Б.Т нар бусдын 2 тооны үхэр хулгайлан, зарж борлуулаад хэдий хэмжээний ашиг олсон, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ямар тээврийн хэрэгсэл ашигласан талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол /хохирогчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр/-ыг тэнцүү хэмжээгээр хуваан төлж, хохирол, хор уршгийг сайн дураараа арилгасан, түүнчлэн хохирогчоос цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар үхэр алж нядалсан газраа, мөн гэмт хэргийн ул мөр үлдээсэн буюу үхрийн толгой, шийр, арьсыг нууж хаясан газар орныг цагдаагийн алба хаагчдад зааж өгч хэргийн газрын үзлэг хийх ажиллагаанд оролцсон зэргээс дүгнэхэд тэд үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах, илрүүлэхгүй байх үүднээс мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах, удаашруулах санаа, зорилго агуулаагүй гэж үзэхээр байна.
Харин мал хулгайлах санаа сэдлийг хэн анх гаргасан, мал байгаа газрыг хэн мэдэж очсон, 2 тооны үхрийг нядлахад хэн хэрхэн оролцсон талаар шүүгдэгч нар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөр өөрөөр мэдүүлсэн байна, тухайлбал шүүгдэгч Б.Т мөрдөн байцаалтад “тухайн үед бид 2 архи ууж суухдаа ярилцаж, тохирсны улмаас үхэр хулгайлсан” гэж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт “анх хулгай хийх санааг Х гаргасан, тэр надад “аймаг явж байна, ганц юм хэрэгтэй байна” гэж хэлсэн гэж, шүүгдэгч С.Х мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “ үхэр хулгайлах санааг анх Т гаргасан, би тэр 2 үхрийг нядлахад оролцоогүй, бид 2-ыг очиход нэг үхрийг төхөөрчихсөн, нэг үхрийг уячихсан байсан” гэж тус тус мэдүүлсэн байх ба тэдгээрийн энэхүү мэдүүлгийн аль нэгийг дэмжсэн, эсхүл үгүйсгэсэн баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байх тул харилцан эсрэг сонирхолтой хоёр шүүгдэгчийн хэн нэгнийх нь мэдүүлгийг илүү нотолгооны ач холбогдолтойд тооцох, нөгөөг нь үгүйсгэх боломжгүй юм. Иймд шүүгдэгч Тг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн оногдуулах ялыг хөнгөрүүлж, харин С.Хг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэн ял хөнгөрүүлэх боломжийг эдлүүлэхгүй байх нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй гэж дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Х эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцаж, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэж, мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт: “би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, би урьд өмнө хулгайн хэрэг үйлдэж байгаагүй, дахиж ийм хэрэг үйлдэхгүй, надад оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэж тус тус мэдүүлсэн,
мөн түүний өмгөөлөгч Ц.Туяа анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт: “С.Х нь мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн цагаас мал хулгайлсан гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, мэдүүлэг өгсөн, мөн сая шүүхийн хэлэлцүүлэгт ч гэм буруутай гэдгээ хүлээж, гэмшиж байгаа талаараа мэдүүлсэн. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Хг гэм буруугаа хүлээгээгүй гэх мэтээр яллах дүгнэлтэд дурдсан нь үндэслэлгүй юм. Улсын яллагч Хг заавал үхэр нядалсан байх ёстой гэж үзээд байгаа, гэтэл энэ нь өөр бусад нотлох баримтаар нотлогдоогүй. Х нь 2 үхэр хулгайлахад оролцож, өөрийн машинаар ачин ирж, зарж борлуулан ашиг орлогыг хуваалцсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Иймд шүүгдэгч С.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, учруулсан хохирлоо төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт гаргасан зэргээс дүгнэхэд шүүгдэгч С.Х нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа нь нотлогдсон, түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлэх хуульд заасан нөхцөл байдал бүрдсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүхээс оногдуулсан хоёр жил нэг сар хорих ялыг нэг жил хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын “шийтгэх тогтоолоор улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн нийт 1.737.550 төгрөгийг хоёр жилийн хугацаанд төлөх боломжтойгоор шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т, С.Х нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Kia Bongo Ji 3” маркийн, 14-36 УВХ улсын дугаартай, цагаан өнгийн бага оврын ачааны автомашин нь шүүгдэгч С.Хгийн өмчлөлийнх гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул тухайн автомашиныг хураах боломжгүй талаар дүгнэж, харин тухайн автомашины үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, мөн шүүгдэгч нарын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого буюу 2 үхрийн мах худалдан борлуулж олсон 2.242.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувааж авсан хэмжээгээр буцаан гаргуулж тус тус улсын төсвийн орлогод шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсгүүдэд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлд нийцсэн байна.
Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь шүүхээс заавал хэрэглэх зохицуулалт бөгөөд шүүхээс оногдуулсан уг албадлагын арга хэмжээг биелүүлэхийг хойшлуулах, эсхүл биелүүлэх хугацааг хэсэгчлэн тогтоох талаар хуульд зохицуулаагүй тул энэ талаар гаргасан шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын гомдлыг хангах хуульзүйн үндэслэлгүй гэж болно.
Иймд шүүгдэгч С.Хгийн өмгөөлөгч Ц.Туяагийн “С.Хд оногдуулсан хорих ял хөнгөрүүлэх”-ийг хүссэн давж заалдсан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын “шийтгэх тогтоолоор гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн нийт 1.737.550 төгрөгийг хоёр жилийн хугацаанд төлөх боломжтойгоор шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл шүүгдэгч Б.Т, С.Х нарын тус тус цагдан хоригдсон 56 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч С.Хг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч С.Хг нэг жил хорих ялаар ” гэж, 3 дугаар заалтын “...шүүгдэгч С.Хд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг гэснийг нэг жил хорих ял ” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Т, С.Х нарын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Л.АЛТАН