Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2022/02523

 

 

2022 оны 09 сарын 09 өдөр            Дугаар 183/ШШ2022/02523               Улаанбаатар хот

 

                  

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, 2 тоотод оршин суух, Д овогт Н.Б  /РД:********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 1 давхарт байрлах, Э ХХК /РД: *****/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн 40 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 23-ны  өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Э.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нар оролцов.

 

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 40 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Н.Б миний бие байр авахаар болж Э ХХК-ийн Хаан банкны 50112***43 тоот данс руу 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 20 000 000 төгрөг, мөн өдөр дахин 20 000 000 төгрөг нийт 40 000 000 төгрөгийг  урьдчилгаа болгож шилжүүлсэн болно. Тухайн мөнгийг шилжүүлсэн гол шалтгаан нь тус компани өр барагдуулах албаны ажилтан Ө.Б нь энэ дансруу мөнгөө хий, удахгүй байрны гэрээг хийнэ, та байртай болно гэсний дагуу итгэж шилжүүлсэн болно. Нэхэмжлэгч миний бие өнөөдрийн байдлаар Э ХХК-иас байр аваагүй бөгөөд уг шилжүүлсэн мөнгөө эргүүлэн авах хүсэлтэй байх тул мөнгийг минь эргүүлэн өгч иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Э ХХК-ийн ажилтан энэ дансанд мөнгө тушаа гэсний дагуу нэхэмжлэгч байр авахаар 40 000 000 төгрөгийг орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн. Гэтэл орон сууцаа ч аваагүй, мөнгөө ч аваагүй, Э ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Тухайн үед Ө.Б-тэй хамтын амьдралтай байсан нь үнэн, байр авах зорилгоор байрны урьдчилгаанд мөнгө шилжүүлсэн гэдэг. Гэтэл Н.Б одоог хүртэл тус байранд амьдраагүй. Мөн Н.Б-ын дансанд 150 000 000 төгрөгийг шилжүүлсэн гээд байдаг боловч 40 000 000 төгрөгийг буцаан өгөөгүй, нэхэмжлэгчид шилжүүлсэн 150 000 000 төгрөгт 120 000 000 төгрөг нь машины мөнгө, 30 000 000 төгрөг нь тавилгын мөнгө байсан юм. Иймд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, Д.У нар тайлбартаа: Н.Б бус Ө.Б нь манай компанитай гэрээний харилцаанд орсон. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, өмнө нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг гээд шаардаад байсан, одоо болохоор үндэслэлгүй хөрөнгөжсөн гээд байна, гэтэл уг мөнгийг нь компани аваагүй буцаагаад өгчихсөн байдаг.

Нэхэмжлэгчтэй хариуцагч нь ямар нэгэн иргэний харилцаанд ороогүй. Х дүүрэг, 209 тоот орон сууцны асуудал яригдаж байгаа. Энэ орон сууцыг манай компанитай хятад иргэн худалдан авахаар гэрээ байгуулсан. Тэгээд боломжгүй боллоо гээд н.Б гэдэг хүн рүү гэрээгээ шилжүүлж, н.Б нь бас Ө.Б рүү худалдах худалдан авах гэрээгээ шилжүүлсэн гээд гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Н.Б-аас 40 000 000 төгрөг нь орон сууцны үнэд орж ирсэн нь бол үнэн, гэхдээ уг орон сууцыг  Н.Б худалдан аваагүй, мөн л үлдэгдэл мөнгийг нь төлж чадахгүй болсон тул байрны үнэд төлсөн бүхий л мөнгийг нь буцаан өгсөн гэдэг. Хамтран гэрээ байгуулсан хүн нь хамтран амьдрагч нь байсан бөгөөд энэ хоёр сүүлдээ гэр бүлийн маргаан болсон гээд байраа аваагүй. Нэхэмжлэлдээ урьчилгаа төлбөрт шилжүүлсэн гэдэг боловч байрны үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн. Н.Б хариуцагч нарын хоорондын хүрээнд энэ харилцаа үргэлжилсэн, манай компаниас бүхий л баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Манайх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байхгүй, харин нэхэмжлэгч байрны төлбөрт шилжүүлсэн мөнгийг нь буцаан шилжүүлчихсэн гээд байхад дахин манай компаниас нэхэмжилж өөрөө л үндэслэлгүй хөрөнгөжих гээд байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 8 дугаар сарын 24-ий өдрийн Н.Б-ын 586****99 тоот дансны хуулга, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Н.Б-аас Г.Г, В.Ц нарт олгосон итгэмжлэл /хэргийн 2-3, 18-р хуудас/,

хариуцагчаас Э ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Э ХХК-иас Д.У, Э.О, Э.С нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 15-000558 тоот Э ХХК, БНХАУ-ын иргэн B Q нарын байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”, БНХАУ-ын иргэн B Q-ийн Э  ХХК-д гаргасан хүсэлт /хятад хэлээр, монгол хэл дээрх нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 15-0001218 тоот Э ХХК, Э.Б нарын байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Э.Б, Ө.Б нарын байгуулсан “Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ”, Э.Б-ын Э ХХК-д гаргасан хүсэлт, 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Ө.Баярцэцэгийн эзэмшлийн 5079****77 тоот дансны хуулга, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Төлбөр тооцоо дуусгавар болсон баримт, Б.Н-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Автомашин хүлээлцэх тухай акт, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2021/190 тоот Э ХХК, Э.Б, Ө.Б нарын байгуулсан Төлбөр тооцоо дуусгавар болгох тухай хэлцэл гэсэн /хэргийн 9-10, 19, 39-47, 83-86-р хуудас/ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Х дүүрэг, 209 тоот орон сууцны өмчлөгчийн дэлгэрэнгүй мэдээлэл, лавлагааг гаргуулж хэрэгт хавсаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ө.Б, Ө.Б-ийг гэрчээр асууж тэмдэглэлийг хэрэг хавсаргасан.  /хэргийн 54-55, 91-93-р хуудас/,

Шүүхийн санаачилгаар Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Х дүүрэг, 209 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, Ү-2206081*** тоот улсын бүртгэлийн эрхийн дугаарт бүртгэлтэй Э.Б-ын орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-2206****76, тоот улсын бүртгэлийн эрхийн дугаарт бүртгэлтэй Э.Б-ын орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-220****761 тоот улсын бүртгэлийн эрхийн дугаарт бүртгэлтэй Б.Д-ийн орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн /хэргийн 71-74, 83-86-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Б-ын хариуцагч Э ХХК-д  холбогдуулан гаргасан 40 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Э ХХК-нд 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдөр орон сууцны урьдчилгаанд 40 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч орон сууцыг худалдан аваагүй тул орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн мөнгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгч Н.Б-ыг орон сууцны үнэд 40 000 000 төгрөгийг шилжүүлсэн, уг орон сууцыг худалдан аваагүй тул түүний орон сууцны үнэд шилжүүлсэн мөнгийг буцаан шилжүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Э ХХК-нд 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдөр нийт 40 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь түүний ХААН банкны 58*****8899 депозит дансны  дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 30-нд 20 000 000 төгрөгийг “121 байр 209 тоот төлбөр үлд”, 20 000 000 төгрөгийг “121 байр 209 тоот үлд” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлжээ.

 

5.Зохигч талууд 40 000 000 төгрөгийг орон сууцны үнэд шилжүүлсэн талаар маргаагүй, уг мөнгийг буцаан шилжүүлсэн эсэх талаар маргаж байна.

 

6.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол буцаан шаардахаар заажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг орон сууцны үнэд шилжүүлсэн 40 000 000 төгрөгийг буцаан өгөхгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн тул хөрөнгө олж авсан этгээд болох хариуцагчаас уг мөнгийг гаргуулахаар шаардаж, Ө.Б-ийн Э ХХК-ийн орон сууцны үнэд төлөх байсан төлбөрт  40 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч орон сууцыг худалдан аваагүй гэж тайлбарласан.

 

Хуульд заасан “хөрөнгө олж авсан этгээд” гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг ойлгох бол “үүрэг гүйцэтгэгч этгээд” гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээд байх ба  “үүрэг үүсээгүй” гэдэг нь хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг хэлнэ”, “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн” гэж хөрөнгийн эзэмшигч нь өөрийн хөрөнгийг мэдэж, эсхүл андуурч сайн дураар, нөгөө этгээдэд шилжүүлэн өгөх үүрэгтэй гэж ойлгон тухайн эд хөрөнгийг биет байдлаар эзэмших эрхийн хамт шилжүүлсэн байхыг хэлнэ” гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбар, гэрч Ө.Б-ийн мэдүүлэгээр хариуцагч Э ХХК-ийг “хөрөнгө олж авсан этгээд” гэж үзэх боломжгүй буюу маргааны зүйл болох нэхэмжлэгчийн шилжүүлсэн 40 000 000 төгрөг нь хариуцагчийн эзэмшилд байгаа болох нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

7.Учир нь нэхэмжлэгч Н.Б гэрч Ө.Б-тэй хамтран амьдарч байсан талаараа маргаагүй бөгөөд тэдний дундаас 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр охин Б.Н төрсөн болох нь хэрэг авагдсан төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан болон түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Ө.Б-ийн мэдүүлгээр тэд Х дүүргийн 209 тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авахаар нийт орон сууцны үнэд машин 120 000 000 төгрөг, бэлнээр 40 000 000 төгрөг, нийт 160 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласан, хариуцагчийн төлөөлөгч нар нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

 

Дээрх Х дүүргийн 209 тоот орон сууцыг 315 000 000 төгрөгөөр худалдан авахаар 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр №15-000558 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээг Хятад улсын иргэн В овогтой Q нь хариуцагч Э ХХК-тай байгуулсан бөгөөд В овогтой Q нь төлбөрийн үлдэгдлийг барагдуулах боломжгүй гэх шалтгааны улмаас захиалгын гэрээг Э овогтой Б-ын нэр дээр шилжүүлж өгөхийг зөвшөөрсөн хүсэлтийг гаргаж, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №15-0001219 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээг хариуцагч Э ХХК нь Э.Б-той байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

Мөн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Э.Б нь Ө.Б-тэй Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулж Х дүүргийн 209 тоот орон сууцыг нийт 315 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, Э.Б нь хариуцагч Э ХХК-нд “...гэрээний дагуу миний бие орон сууцны тодорхой төлбөрийг Ө.Б төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг Ө.Б нь бүрэн төлж барагдуулах болно” гэсэн хүсэлтийг гаргажээ.

 

Гэвч 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2021/190 тоот Төлбөр тооцоо дуусгавар тухай хэлцлийг нэг талаас Э  ХХК /А тал гэх/, нөгөө талаас Э.Б /Б тал гэх/, нөгөө талаас Ө.Б /В тал гэх/ нар харилцан тохиролцож, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Э.Б болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу төлөгдсөн төлбөр тооцоог Э.Б Ө.Б-т буцаан олгохоор гэрээний 2.3-т харилцан тохиролцож, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Төлбөр тооцоо дуусгавар болгосон баримт”-аар Э.Б нь Х дүүргийн 209 тоотод байрлах орон сууц худалдан авах хэлцлийн дагуу Ө.Б Э ХХК-нд төлсөн 120 сая төгрөгний машин болон бэлэн мөнгө 40 сая төгрөг нийт 160 төгрөгний төлбөрийг буцаан Ө.Б-т бүрэн төлж бэлнээр Б-т өглөө гэжээ.

 

Хэрэгт гэрчээр дуудагдсан Ө.Б-ийн “... Б бид 2 хамтран амьдарч байсан, байраа томруулах зорилгоор байр авья гэж ярилцсан. Тэгээд Б гэдэг хүнээс байрыг гэрээ хийж авсан, байрны үлдэгдэл өр нь 160 000 000 төгрөг байгаа гэхээр нь машинаа 120 000 000 төгрөгт тооцоод үлдсэн 40 000 000 төгрөгийг нь Б Э руу шилжүүлсэн, байрандаа ороод байтал маргаад салахаар шийдсэн. Тэгээд Б-оос 160 000 000 төгрөгөө буцаагаад авсан, авсан мөнгөнөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б-ын дансанд 150 000 000 төгрөгийг хийсэн. 40 сая төгрөг нь түүний Э руу шилжүүлсэн мөнгө, 85 сая төгрөгт нь автомашин авсан, үлдэх нь тавилгын мөнгө гэж тооцоод шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Ө.Б-ийн дансны хуулгаар нэхэмжлэгчид Х дүүргийн 209 тоот орон сууцны үнэд шилжүүлсэн 40 000 000 төгрөгийг нь буцаан шилжүүлсэн болох нь нотлогдож байна гэж үзэв.

 

Гэрч Ө.Б-ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2021 оны 10 дугаар сарын 21-нд 58*****899 дансанд 15 000 000 төгрөгийг “тооцоо дууссан Ө.Б”, 2021 оны 10 дугаар сарын 21-нд 5866148899 дансанд 135 000 000 төгрөгийг “тооцоо дууссан Ө.Б” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн, уг 5866148899 данс нь нэхэмжлэгчийн эзэмшдэг данс бөгөөд уг 150 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй боловч 150 000 000 төгрөгт түүний байрны урьдчилгаанд шилжүүлсэн 40 000 000 төгрөг нь ороогүй, машин 120 000 000 төгрөг, үлдэгдэл 30 000 000 төгрөг нь тавилга, засварын мөнгө байсан гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоотоор “...Х дүүргийн 209 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх анх 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр иргэн Э.Б-ын өмчлөлд бүртгэгдэж, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Б.Д, А.У нарын өмчлөлд шилжин бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн 40 000 000 төгрөгийн урьдчилгааг нь шилжүүлсэн гэх Х дүүргийн 209 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх орон түүнд болон гэрч Ө.Б нарын өмчлөлд шилжээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг орон сууцны үнэд шилжүүлсэн мөнгийг Ө.Б нь нэхэмжлэгчийн дансанд буцаан шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь уг мөнгийг байрны урьдчилгаанд шилжүүлсэн мөнгө биш машин, тавилгын мөнгө гэсэн боловч тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Иймд нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 40 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Б-ын хариуцагч Э ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны үнэд шилжүүлсэн 40 000 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Б-ын нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 357 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХУЛАН