Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2022/3173

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг, ... хаягт байрлах, регистр ..., Т... ХХК

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, ....тоотод бүртгэлтэй боловч Баянгол дүүрэг, ... тоотод байрлах, регистр ..., А...ХХК,

Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод байрлах, регистр ..., Б... овогт Д...ын У...,

Нэхэмжлэлийн шаардлага:120 578 843 төгрөг гаргуулах тухай,

Хариуцагч А...ХХК-ийн 100 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э..., хариуцагч Д.У...ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Т...ХХК нь хариуцагч А...ХХК, Д.У... нарт холбогдуулан 120 578 843 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Манай компани нь А...ХХК болон Д.У...тэй 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр рестораны талбай түрээсийн гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу Д.У...ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоотод байршилтай, 219,49 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбай, мөн тус талбайн 2 дугаар давхарт байрлах 430 м.кв талбай нийт 650 м.кв талбайг рестораны зориулалтаар 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай ашиглуулан түрээслүүлэхээр тохиролцсон.

Бидний хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний зүйл болох Баянгол дүүргийн ... тоотод байршилтай 650 м.кв талбай бүхий хөрөнгө нь тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь түрээсэлсэн.

Түрээсийн гэрээний дагуу Т...W... буюу ресторан болгон засварлаж, санхүүжүүлэн зориулалтын дагуу ашиглаж байсан боловч 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Д.У... нь нэг цагийн дотор наад хаяг бусад бүх зүйлээ аваад зайлцгаа гээд хөөж гаргасан.Мөн нөхөр болох 2022 оны 3 дугаар сарын 08-ны Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн орой зодож миний биед хөнгөн гэмтэл учруулсныг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон.

Тус 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан ... дугаартай Рестораны талбай түрээсийн гэрээг бид Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлагын дагуу нотариатаар батлуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүйгээс хуулиар заавал баримтлах хэлцлийн хэлбэр тогтоох журам зөрчигдсөн байх тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т  зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, мөн хуулийн 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.” гэж хууль тогтоогч хуульчилжээ.

Нөгөөтээгүүр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн,.... хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан хэлбэрийг зөрчсөн учраас 2022.01,17-ны өдрийн ... дугаартай Рестораны талбай түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл тул түрээслэгч нь түрээсийг манай байгууллагаас шаардах эрхгүй юм байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “ Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан байх тул манай компани түрээсийн гэрээний төлбөрт 2022 оны 1 дүгээр сарын сарын 20-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэл буюу хөөгдөн гарах хүртэл хугацаанд төлсөн нийт 39.030.000 төгрөг, рестораны доторх засал тохижилтод болон хэрэглээний бусад эд зүйлс худалдан авсан болон ажлын хөлсөнд төлсөн 54.676.285 төгрөг, маркетингийн төлбөрт төлсөн 2 518 000  төгрөг, ажилласан үеийн ажилчдын цалин 10 945 000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хүртэл олох ёстой байсан цэвэр ашиг 4 500 000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ресторанд байсан бараа, бүтээгдэхүүний үнэ 8 909 058 төгрөг, нийт 120 578 843 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэл гаргасан.

Одоо түрээсийн гэрээний төлбөрт 2022 оны 1 дүгээр сарын сарын 20-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд төлсөн 39.030.000 төгрөг, рестораны доторх засал тохижилтод болон хэрэглээний бусад эд зүйлс худалдан авсан, ажлын хөлсөнд төлсөн 54.676.285 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ресторанд байсан бараа, бүтээгдэхүүний үнэ 8 909 058 төгрөг нийт 102 615 343 төгрөгийг хариуцагч А...ХХК-аас гаргуулна.Нэхэмжлэлээс үлдсэн 17 963 500 төгрөгөөс, хариуцагч Д.У...өөс татгалзаж байна гэв.

Хариуцагч А...ХХК хариу тайлбартаа:А...ХХК нь Баянгол дүүргийн ... тоотод байршилтай, 219,49 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайд рестораны үйлчилгээ үзүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж үйл ажиллагаа доголдсонтой холбогдуулан 2021 оны 10 сараас ресторан, үйлчилгээний салбарт олон жилийн туршлагатай манай компани бүтээгдэхүүн нийлүүлж хамтран ажилладаг байсан Э... ХХК-ийн захирал болон Б... нартай хамтран ажиллахаар уулзалт хийж хатын үйл ажиллагааныхаа нөхцөлийг тохирч 2021 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс рестораныг бүхэлд нь тэдний мэдэлд шилжүүлсэн.

Тус хамтын ажиллагааны хүрээнд дараах зүйлийг харилцан тохиролцсон. Үүнд:Хамтын үйл ажиллагааны хөрөнгө оруулалтын 40 хувийг А...ХХК, 60 хувийг Т...ХХК болон Б... нар гаргах, рестораны үйл ажиллагааны зардлыг 40/60-аар хариуцах, рестораны үйл ажиллагааны ашгийг талууд 60/40-өөр хүртэх, өдөр тутмын үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагыг Т...ХХК болон Б... нар гүйцэтгэх, А...ХХК нь 2 давхар үл хөдлөх хөрөнгөө рестораны үйл ажиллагаанд зориулан ашиглуулахаар тохиролцсон.

Энэ хамтын ажиллагааг эхлүүлмэгц манай байгууллага үл хөдлөх хөрөнгө болон рестораны зориулалт бүхий дотор тавилга, тоног төхөөрөмжийн хамт Л.Б... болон Т...ХХК-ийн ажилчдад хүлээлгэн өгч 2021 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс үйл ажиллагаа эхлүүлсэн байдаг.

Гэтэл рестораны үйл ажиллагаа эхлээд үйлчилгээ жигдрээд тодорхой хэмжээгээр үйлчлүүлэгчид орж ирээд 2 сар гаруй хугацаа өнгөрчихсөн тогтмол орлого орж ирээд байхад хамтрагч тал болох Т...ХХК болон Б... нар нь бидэнд тохиролцооныхоо дагуу нэг ч төгрөг шилжүүлэхгүй байсан.

Манай байгууллага нь энэ хамтын ажиллагааныхаа хүрээнд рестораны зориулалт бүхий 2 давхар үл хөдлөх хөрөнгө болон түүнийг дагалдах тавилга, тоног төхөөрөмж болон үйл ажиллагааны зардал хэмээн 57 орчим сая төгрөгийн зардал гаргасан бөгөөд ашиг орлогоос нэг ч төгрөг аваагүй.

А...ХХК нь рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 2021 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс хамтын ажиллагаа эхэлсэн бөгөөд нэхэмжлэгч байгууллага менежмент үйл ажиллагааг хариуцаж, хариуцагч байгууллага нь байраар хангаж, үл хөдлөх хөрөнгөө ашиглуулсан, 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр гэрээ байгуулсан, үл хөдлөх хөрөнгө нь С.У...ийнх байсан, гэрээ хийх үед гэрчилгээ гараагүй байсан, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэдэгт маргахгүй.А...ХХК нь түрээсийн төлбөр аваагүй, рестораны доторх засал тохижилтод болон хэрэглээний бусад эд зүйлс худалдан авсан гэх баримтууд нь 2021 оны 10-12 дугаар сарын баримт байсан бөгөөд өөрийнхөө үйл ажиллагаанд зарцуулсан байсан, 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ресторанд байсан бараа, бүтээгдэхүүн гэдэг нь баримтаар нотлогдоогүй байна гэв.

Хариуцагч Д.У... хариу тайлбартаа:Миний 100 хувь эзэмшдэг А...ХХК болон надтай хамтран ажиллах гэрээг амаар тохиролцон манай рестораны үйл ажиллагааг хариуцан ажиллахдаа надад болон манай компанид тохиролцооны дагуу төлөх ёстой хамтын үйл ажиллагааны ашиг, анх үйл ажиллагаа явуулахад надаас болон А...ХХК-аас гарсан зардлуудыг огт төлөөгүй учраас би Т...ХХК-д төлбөр төлөх байтугай төлбөр авах ёстой.

Надад ямар ч төлбөр мөнгө өгөхгүй байсан учраас 2022 оны 1 сараас түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлсэн.Тухайн үед 2 давхрын улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй учраас нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байсан.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар түрээслэгч болон түрээслүүлэгчийн аль аль нь түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргах эрхтэй.

Гэтэл түрээсийн объект нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй, гэрчилгээтэй эсэх талаар, бүртгүүлэх шаардлагатай эсэх талаар хэн аль нь маргалгүйгээр түрээсийн үйл ажиллагааг эхлүүлсэн.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй учраас түрээс гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх боломж байгаагүй.Манай компани болон намайг мөнгө нэхнэ гэж хэлсэн учраас үндэслэлгүй төлбөр нэхэж мөнгө нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч А...ХХК сөрөг нэхэмжлэлдээ:А...ХХК нь Т...ХХК-тай хамтын үйл ажиллагаа эхлүүлэхээр 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр харилцан тохиолцож, 11 дүгээр сарын 1-ний өдөр ресторанаа хүлээлгэн өгсөн.Хамтын үйл ажиллагааны хүрээнд гаргах ёстой зардлаа Т...ХХК болон Л.Б... нар гаргахгүй атлаа манай рестораныг ямар ч үнэ төлбөргүйгээр ашиглаж байсан тул цаашид түрээслэхээр тохиролцсон.Ингээд 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс түрээсээр эзэмшүүлж, 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулсан. Түрээсийн гэрээний 1 сарын төлбөр 50 000 000 төгрөг байхаар талууд тохиролцсон, нэхэмжлэгч тал 2 сарын түрээсийн төлбөрт 100 000 000 төгрөг төлөх ёстойгоос 39 000 000 төгрөг төлсөн.Төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байсан учраас бид түрээслэгч талд цаашид түрээслүүлэх боломжгүй болсныг мэдэгдэж, рестораны эд зүйлсээ хүлээлцсэн.

Түрээсэлж буй эд хөрөнгийн 2 давхар буюу 430 м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, 1 давхрын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ банкны барьцаанд байсан тул гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байсан.

Түрээслэгч тал түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж түрээсийн төлбөрт шилжүүлсэн төлбөр, бусад зардал нэхэмжилсэн.

Хариуцагч нь өөрийнхөө үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлж, ашиглуулсны төлбөрийг нэхэмжлэгчээс шаардах, үр шимийг нь хүртэх эрхтэй бөгөөд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн бол нэхэмжлэгч уг төлбөрийг хариуцагчид төлөх үүрэгтэй байсан тул төлөгдөөгүй түрээсийн гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна.Өөрөөр хэлбэл тухайн үед үл хөдлөх хөрөнгө ашигласны үр шим, олох ёстой байсан орлого юм.

Иймд түрээсийн төлбөрт төлөх ёстой байсан 2 сарын буюу 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны төлбөр болох 100 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.6-д зааснаар гаргуулна гэв.

Нэхэмжлэгч хариу тайлбартаа:Манайх А...ХХК-иас 100 000 000 төгрөгийг аваагүй, хариуцагч түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг зөвшөөрсөн, гэрээнд заасан мөнгийг нэхэх боломжгүй, хэдэн төгрөгийн орлого олох байсан гэдгээ нотлоогүй байх тул зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн рестораны талбай түрээсийн гэрээ, зарлагын баримтууд, төлбөрийн баримтууд, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, дансны хуулга, төлбөрийн баримтыг шүүхэд өгсөн./хх 8, 10-12, 13-25, 78-199/

Хариуцагчаас:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн рестораны талбай түрээсийн гэрээ, Д.У...ийн дансны хуулга, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, тусгай зөвшөөрөл, дансны хуулгыг шүүхэд өгсөн./хх 28, 35-36, 58-60, 202-220, 238-241, 242, 243-245/                                            

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т...ХХК-ийн нэхэмжлэлээс 39 030 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдсэн 63 585 343 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч А...ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

А...ХХК-тай байгуулсан рестораны талбай түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул 318.4-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байх тул түрээсийн төлбөрт төлсөн 39 030 000 төгрөг,

Мөн рестораны доторх засал тохижилтод болон хэрэглээний бусад эд зүйлс худалдан авсан, ажлын хөлсөнд төлсөн 54 676 285 төгрөг,

2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ресторанд байсан бараа, бүтээгдэхүүний үнэ 8 909 058 төгрөг, нийт 102 615 343 төгрөгийг хариуцагч А...ХХК-иас гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:

Тухайн үед улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй учраас гэрээг нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байсан, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэдэгт маргахгүй.

А...ХХК нь түрээсийн төлбөр аваагүй, рестораны доторх засал тохижилтод болон хэрэглээний бусад эд зүйлс худалдан авсан гэх баримтууд гэрээний хугацаанд хамаарахгүй байх бөгөөд өөрийнхөө үйл ажиллагаанд зарцуулсан байсан, 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ресторанд бараа, бүтээгдэхүүн байсан болох нь баримтаар нотлогдоогүй гэж тайлбарласан.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Т...ХХК-д 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс талбайг эзэмшүүлж, 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулсан, сарын төлбөр 50 000 000 төгрөг гэж тохиролцсон, нэхэмжлэгч нь 2 сарын түрээсийн төлбөрт 100 000 000 төгрөг төлөхөөс 39 030 000 төгрөг төлсөн, төлөгдөөгүй түрээсийн гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,  үл хөдлөх хөрөнгө ашигласны үр шим, олох ёстой байсан орлого 100 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.6-д зааснаар гаргуулна гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг А...ХХК-иас 100 000 000 төгрөгийг аваагүй, хариуцагч түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг зөвшөөрсөн, гэрээнд заасан мөнгийг нэхэх боломжгүй, хэдэн төгрөгийн орлого олох байсан гэдгээ нотлоогүй,  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх боломжгүй гэх үндэслэлээр няцаасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн рестораны талбай түрээсийн гэрээ, зарлагын баримтууд, төлбөрийн баримтууд, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, дансны хуулга, төлбөрийн баримт, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр рестораны талбай түрээсийн гэрээ байгуулагдсан байна.

Талуудын маргааны зүйл нь түрээсийн төлбөрт төлсөн мөнгө, рестораны доторх засал тохижилтод болон хэрэглээний бусад эд зүйлс худалдан авсан, ажлын хөлс, ресторанд байсан бараа, бүтээгдэхүүний үнийг гаргуулах үйл баримт байна, түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэдэгт маргахгүй байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

Түрээслүүлэгч А...ХХК нь тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байхад Т...ХХК-д  түрээслүүлэхээр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасныг зөрчсөн байна.

Улмаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасан байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх ба 56.5-д зааснаар  уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар 39 030 000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Харин рестораны доторх засал тохижилтод болон хэрэглээний бусад эд зүйлс худалдан авсан, ажлын хөлсөнд төлсөн 54.676.285 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ресторанд байсан бараа, бүтээгдэхүүний үнэ 8 909 058 төгрөг гаргуулах шаардлагууд нь баримтаар нотлогдоогүй байна.

Нэхэмжлэгчээс хэрэгт өгсөн зарлагын баримтууд, төлбөрийн баримтууд, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, дансны хуулга, төлбөрийн баримтууд нь санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй, гэрээний хугацаанд хамаарахгүй байна./хх 13-25, 78-199/

Сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхад нэхэмжлэгч байгууллагыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-т “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна” мөн 493 дугаар зүйлийн 493.6-д “Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ” гэж заажээ.

Зохигч талуудын маргааны үйл баримтад Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-т заасан үндэслэл хамаарахгүй бөгөөд Т...ХХК нь А...ХХК-ийн хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 760 845 төгрөг, хариуцагч байгууллагын төлсөн 815 900 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас  353 100 төгрөг гаргуулан Т...ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлтийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6-т заасныг баримтлан А...ХХК-аас 39 030 000 /гучин есөн сая гучин мянган/ төгрөг гаргуулан Т...ХХК-д олгож, үлдсэн 63 585 343 /жаран гурван сая таван зуун наян таван мянга гурван зуун дөчин гурван/ төгрөг, Т...ХХК-аас 100 000 0000 /нэг зуун сая/ төгрөг гаргуулах А...ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т...ХХК нь нэхэмжлэлийн дүнгийн 17 963 500 төгрөг, хариуцагч Д.У...өөс тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 760 845 төгрөг, хариуцагчаас төлсөн 815 900 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 353 100 төгрөг гаргуулан Т...ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.ДОРЖНАМЖИН