Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/02078

 

 

 

2022         12           05                                            210/МА2022/02078

 

 

 

“***” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/03173 дугаар шийдвэртэй,

“***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“***” ХХК, *.*нарт холбогдох 120,578,843 төгрөг гаргуулах тухай үндсэн,

“***” ХХК-ийн “***” ХХК-д холбогдуулан 100,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, хариуцагч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. “***” ХХК нь “***” ХХК, *.*нартай 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр рестораны талбай түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр *.*ийн өмчлөлийн * дүүргийн ** дугаар хороо, ***** /16100/ ** гудамж **/** байр, 1 давхрын ***** тоотод байрлах, **.** м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбай, мөн тус талбайн * дугаар давхарт байрлах *** м.кв талбай нийт *** м.кв талбайг рестораны зориулалтаар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр тохиролцсон.

Түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан.

Түрээсийн гэрээний дагуу түрээсийн зүйлийг Тоnу Wong Chinese Resraurant болгон засварлаж, санхүүжүүлэн зориулалтын дагуу ашиглаж байтал *.*2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр  хөөж гаргасан.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг нотариатаар баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байх ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан хэлбэрийг зөрчсөн тул  түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл тул түрээслэгч нь түрээсийг манай байгууллагаас шаардах эрхгүй юм байна.

1.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээний төлбөрт 2022 оны 01 дүгээр сарын сарын 20-ны өдрөөс мөн оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд төлсөн 39,030,000 төгрөг, рестораны доторх засал тохижилт, хэрэглээний бусад эд зүйлс худалдан авсан болон ажлын хөлсөнд төлсөн 54,676,285 төгрөг, маркетингийн төлбөрт төлсөн 2,518,000 төгрөг, ажилчдын цалин 10,945,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс мөн оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хүртэл олох ёстой байсан цэвэр ашиг 4,500,000 төгрөг, ресторанд байсан бараа, бүтээгдэхүүний үнэ 8,909,058 төгрөг, нийт 120,578,843 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг багасгаж, нийт 102,615,343 төгрөгийг хариуцагч “***” ХХК-аас гаргуулна.

1.3. Нэхэмжлэлийн шаардлагын 17,963,500 төгрөг болон хариуцагч *.*өөс татгалзаж байна гэжээ.   

 

2. Хариуцагч “***” ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. “***” ХХК нь * дүүргийн ** дугаар хороо, ***** /16100/ ** гудамж **/** байр, 1 давхрын ***** тоотод байршилтай, **.** м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайд рестораны үйлчилгээ үзүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд цар тахлын улмаас үйл ажиллагаа доголдсонтой холбогдуулан хамтран ажилладаг байсан “*****” ХХК-ийн захирал болон *.* нартай хамтран ажиллах нөхцөлөө тохиролцож, нэхэмжлэгч тал менежмент үйл ажиллагааг хариуцаж, хариуцагч байраар хангаж, үл хөдлөх хөрөнгөө ашиглуулсан.

2.2. Манай байгууллага үл хөдлөх хөрөнгө болон рестораны зориулалт бүхий дотор тавилга, тоног төхөөрөмжийн хамт *.* болон “***” ХХК-ийн ажилчдад хүлээлгэн өгч 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс үйл ажиллагаа эхлүүлсэн.

2.3. Рестораны үйл ажиллагаа эхлээд үйлчлүүлэгчид ороод 2 сар гаруй хугацаа өнгөрсөн байхад “***” ХХК болон *.* нар нь бидэнд тохиролцооныхоо дагуу мөнгө шилжүүлээгүй.

2.4. Манай байгууллага хамтын ажиллагааны хүрээнд рестораны зориулалт бүхий 2 давхар үл хөдлөх хөрөнгө болон түүнийг дагалдах тавилга, тоног төхөөрөмж болон үйл ажиллагааны зардалд 57,000,000 төгрөгийн зардал гаргаж, нэг ч төгрөгийг ашиг аваагүй.

2.5. Гэрээ хийх үед гэрчилгээ гараагүй ба үл хөдлөх хөрөнгө *.*ийнх байсан тул түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэдэгт маргахгүй.

“***” ХХК нь түрээсийн төлбөр аваагүй, рестораны доторх засал тохижилтод болон хэрэглээний бусад эд зүйлс худалдан авсан гэх баримтууд нь 2021 оны 10-12 дугаар сарын баримт байсан бөгөөд өөрийнхөө үйл ажиллагаанд зарцуулсан байсан, 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ресторанд байсан бараа, бүтээгдэхүүн гэдэг нь баримтаар нотлогдоогүй гэжээ.

 

3. Хариуцагч *.*ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Нэхэмжлэгч нь миний 100 хувь эзэмшдэг “***” ХХК болон надтай хамтран ажиллах гэрээг амаар тохиролцон манай рестораны үйл ажиллагааг хариуцан ажиллахдаа хамтын үйл ажиллагааны ашиг, үйл ажиллагаа явуулахад надаас болон “***” ХХК-аас гарсан зардлуудыг төлөөгүй.

Иймд 2022 оны 01 дүгээр сараас нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлсэн. Тухайн үед 2 давхрын улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй учраас гэрээг нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байсан.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч болон түрээслүүлэгчийн аль аль нь түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргах эрхтэй байхад түрээсийн объект үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй эсэх, гэрээг бүртгүүлэх шаардлагатай эсэх талаар хэн аль нь маргалгүйгээр түрээсийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хариуцагч “***” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

4.1. “***” ХХК нь “***” ХХК-тай хамтын үйл ажиллагаа эхлүүлэхээр 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр харилцан тохиролцож, 11 дүгээр сарын 01-ний өдөр ресторанаа хүлээлгэн өгсөн.

Хамтын үйл ажиллагааны зардлаа “***” ХХК, *.* нар гаргахгүй атлаа манай рестораныг төлбөргүйгээр ашиглаж байсан тул цаашид түрээслэхээр тохиролцон, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс түрээсээр эзэмшүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулсан.

Түрээсийн гэрээний 1 сарын төлбөр 50,000,000 төгрөг байхаар талууд тохиролцсон, нэхэмжлэгч тал 2 сарын түрээсийн төлбөрт 100,000,000 төгрөг төлөх ёстойгоос 39,000,000 төгрөг төлсөн.

4.2. Нэхэмжлэгч түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөхгүй байсан тул бид түрээслэгч талд цаашид түрээслүүлэх боломжгүйг мэдэгдэж, рестораны эд зүйлсээ хүлээлцсэн.

Түрээсэлж буй эд хөрөнгийн 2 дугаар давхрын өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, 1 дүгээр давхрын өмчлөх эрхийн гэрчилгээ банкны барьцаанд байсан тул гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байсан.

4.3. Хариуцагч нь өөрийнхөө үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлж, ашиглуулсны төлбөрийг нэхэмжлэгчээс шаардах. Түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн бол нэхэмжлэгч уг төлбөрийг хариуцагчид төлөх үүрэгтэй байсан тул төлөгдөөгүй түрээсийн гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна.

Иймд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт төлөх ёстой байсан  100,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргуулна гэжээ.

 

5. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Манай тал “***” ХХК-аас 100,000,000 төгрөг аваагүй, хариуцагч түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг зөвшөөрсөн, гэрээнд заасан мөнгийг нэхэх боломжгүй, хэдэн төгрөгийн орлого олох байсан гэдгээ нотлоогүй байх тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлтийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан “***” ХХК-аас 39,030,000 төгрөг гаргуулан “***” ХХК-д олгож, үлдсэн 63,585,343 төгрөг, “***” ХХК-аас 100,000,000 төгрөг гаргуулах “***” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “***” ХХК нь нэхэмжлэлийн дүнгийн 17,963,500 төгрөг, хариуцагч *.*өөс тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 760,845 төгрөг, хариуцагчаас төлсөн 815,900 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 353,100 төгрөг гаргуулан “***” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч “***” ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга:      

7.1. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хэргийн үйл баримтыг зөв тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Талуудын маргааны үйл баримтад Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй бөгөөд “***” ХХК нь “***” ХХК-ийн хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг шүүх тогтоож, түүний дагуу шилжүүлсэн төлбөрийг “***” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа тус компанийн рестораны үйлчилгээний зөвшөөрөл, эд хөрөнгө, *.*ийн үл хөдлөх хөрөнгийг 2 сарын хугацаанд үндэслэлгүйгээр эзэмшилдээ байлгаж, рестораны үйл ажиллагаа явуулсан “***” ХХК-ийг хөрөнгийг үндэслэлтэйгээр олж авч, шударгаар ажиллаж байсан мэт дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан.

7.2. Мөн “***” ХХК нь 2 сарын хугацаанд ресторанаа өөр этгээдэд түрээслүүлсэн бол 100,000,000 төгрөг олох байсан. Гэтэл “***” ХХК нь 2 сарын хугацаанд үндэслэлгүйгээр бусдын эд хөрөнгийг ашигласан нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасан олох ёстой байсан орлого, үр шимд хамааран сөрөг нэхэмжлэл гаргасан байтал мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй гэснийг зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.    

 

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

8.1. Талууд түрээсийн талбайг сарын 50,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон боловч зах зээлийн ханш  сарын 7,000,000-10,000,000 төгрөгийн хооронд байдаг. Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус талаар хариуцагч тал маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг.

Олох байсан орлогын талаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан боловч хэдэн төгрөгийн орлого олж байсан эсэх нь тусдаа асуудал юм. Үүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч “***” ХХК, *.*нарт холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 39,030,000 төгрөг, рестораны дотор засал тохижилтын 54,676,285 төгрөг, маркетингийн төлбөр 2,518,000 төгрөг, ажилчдын цалин 10,945,000 төгрөг, олох ёстой байсан ашиг 4,500,000 төгрөг болон бараа бүтээгдэхүүний үнэ 8,909,058 төгрөг, нийт 120,578,843 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 100,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 17,963,500 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч *.*өөс татгалзсаныг анхан шатны шүүх баталж шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

3. Талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч “***” ХХК нь * дүүргийн ** дугаар хороо Хархорин хороолол **/** дугаар байрны ***** тоотод байрлах 2 давхар *** м.кв талбайг рестораны зориулалтаар сарын 50,000,000 төгрөгөөр 1 жилийн хугацаагаар түрээслүүлэх, түрээслэгч “***” ХХК нь түрээсийн төлбөрийг сар бүрийн эхний 10 хоногт багтаан төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх10-12/

 

3.а. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулж, гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ба энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт зохицуулсан.

 

3.б. Талууд түрээсийн гэрээг дээрх хуульд заасны дагуу улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байна.

 

3.в. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг хууль зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.  

 

Дээрх түрээсийн гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр  шилжүүлсэн бүх зүйлээ хэн аль нь буцаан шилжүүлэх үүрэгтэй.

 

3.г. Хэргийн баримтаар нэхэмжлэгчид хариуцагч нь түрээсийн төлбөрт нийт 39,030,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй.

 

Анхан шатны шүүх хариуцагч “***” ХХК-аас түрээсийн төлбөрт төлсөн 39,030,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч “***” ХХК-д олгохоор шийдвэрлэхдээ хуулийн дээрх зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

 

4. Харин нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан засварын тохижилт болон бараа бүтээгдэхүүний үнэд 63,585,343 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

5. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

5.а. Хариуцагч “***” ХХК нь нэхэмжлэгч “***” ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 100,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй.

 

Учир нь нэхэмжлэгч түрээсийн гэрээгээр 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс мөн оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан,  мөн талууд түрээсийн гэрээгээр 1 сарын төлбөрийг 50,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон талаар маргахгүй байна.

 

5.б. Талуудын байгуулсан түрээсийн гэрээ хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл боловч гэрээний талуудын хэн аль нь бусдын хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй. Гэрээний хугацаанд түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч “***” ХХК эзэмшилдээ байлгаж рестораны үйл ажиллагаа явуулж ашигласан тул  түрээсийн төлбөрийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцнэ.

 

5.в. Иймээс нэхэмжлэгчийн түрээсийн зүйлийг ашигласан хугацаа болох 54 хоногоор тооцоход түрээсийн төлбөр 89,999,936 төгрөг болж байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээнд хангаж, үлдэх 10,000,035 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хэргийн үйл баримтыг зөв тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/03173 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “***” ХХК-аас 39,030,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “***” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 63,585,343 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтаар “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “***” ХХК-аас 89,999,936 төгрөг гаргуулж хариуцагч “***” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 10,000,035 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж,

3 дахь заалтын “...56.2” гэсний урд “...56.1” гэж нэмж, “...олгосугай.” гэснийг “...олгож, нэхэмжлэгч “***” ХХК-аас 607,950 төгрөг гаргуулж хариуцагч “***” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн,

2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж, 5 дахь заалтыг 6 гэж тус тус дугаарлан шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ч.ЦЭНД

 

                ШҮҮГЧИД                           Д.ЗОЛЗАЯА

 

                                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ