Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2022/03259

 

                                                    

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, ... давхарт байрлах, регистр ..., М... ХХК,

Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод байрлах, регистр ..., Л... ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага:139 048 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Ж.У..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М... ХХК нь хариуцагч Л... ХХК-д холбогдуулан орон сууц захиалах, гүйцэтгэх 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Д-98/2016 дугаар гэрээгээр шилжүүлсэн орон сууцны үнэ 139 048 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Манайх Л... ХХК-тай орон сууц худалдах, гүйцэтгэх гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулж, Сонгинохайрхан дүүргийн ... 48,2 м.кв, 2 өрөө, 58,76 м.кв байрнуудыг худалдахаар нийт 139 048 00 төгрөгийн гэрээ хийсэн.

Хариуцагч тал гэрээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний арматур нийлүүлнэ гэж бартерын нөхцөлтэй 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ зөрчиж бараа, материал нийлүүлэхгүй байна.Дээрх орон сууц худалдах,  гүйцэтгэх гэрээг Л... ХХК-ийн захирлын хүсэлтээр борлуулалтын менежер Б.З...гийн нэр лүү шилжүүлсэн.

Л... ХХК-ийн захирал Т.С... манайд 3 удаа хүсэлт ирүүлсэн байдаг, Б... манайд 2 байр өгсөн тухай баримт байхгүй.

 Иймд орон сууц худалдах, гүйцэтгэх 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр шилжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар давхрын 48,2 м.кв, 2 өрөө, 58,76 м.кв байрнуудын үнэ 139 048 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулна гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Л... ХХК нь М... ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, энэ гэрээг Б.З...той байгуулсан байна, гэрээний 2.1-т “ үнийг 2017.04.19-ний өдрийн 1/01 худалдах, худалдан авах гэрээгээр  тооцогдсон болно” гэжээ.Энэ 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1/01 дугаар худалдах, худалдан авах гэрээ хэрэгт алга.Тухайн үед Баянзүрх дүүрэг дээр компанийн хувьцааны талаар маргаантай байсан.Энэ 2 байрыг Т.С..., Л.Б... нар тохироод Б.З...д шилжүүлсэн, компани бол аваагүй, Т.С... нь Б.З...гоор дамжуулж 2 байр авсан.Л... ХХК гэрээ байгуулаагүй, Т.С... авснаа хүлээн зөвшөөрч байгаа.Л.Б... 2 өөр байраар төлсөн гэж гэрээг өгсөн, Л... ХХК-д Б.З... ажилладаггүй, тухайн үед Л... ХХК-ийг Т.С... төлөөлөх эрхгүй байсан, Б... захирал нь байсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс:Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Д-98/2016, Д-97/2016 дугаар Орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээ, Л... ХХК-аас нэхэмжлэгч байгууллагад гаргасан хүсэлтүүд, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” ... дугаар тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбатаар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт хүргүүлсэн хариу, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “талуудын эвлэрлийн баталгаажуулах тухай” ... дугаар захирамжийг шүүхэд өгсөн./хх 4, 37-52/

Хариуцагчаас:Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсыг шүүхэд өгсөн./хх 64/ 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримт (хх-65), хариуцагчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн прокурорын газраас ирүүлсэн баримтуудыг (хх-77-96) шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Л... ХХК-тай орон сууц худалдах, гүйцэтгэх гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан, Сонгинохайрхан дүүргийн ... давхрын 48,2 м.кв, 2 өрөө, 58,76 м.кв байрнуудыг Л... ХХК-ийн хүсэлтээр Б.З...д шилжүүлсэн.

Л... ХХК-тай орон сууц худалдах, гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь Л... ХХК-ийн захирлын манайд гаргаж байсан хүсэлтүүд, гэрчийн мэдүүлгээр нотлогдоно гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:Л... ХХК нь нэхэмжлэгч М... ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц худалдах, гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, орон сууц хүлээж аваагүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Д-98/2016, Д-97/2016 дугаар Орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээ, Л... ХХК-аас нэхэмжлэгч байгууллагад гаргасан хүсэлтүүд, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” ... дугаар тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт хүргүүлсэн хариу, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “талуудын эвлэрлийн баталгаажуулах тухай” ... дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас ирүүлсэн баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М... ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Б.З...той орон сууц захиалах, гүйцэтгэх Д-98/2016, Д-97/2016 дугаартай гэрээнүүдийг байгуулсан байна./хх 10-17/

Дээрх Д-98/2016 дугаартай гэрээгээр гүйцэтгэгч М... ХХК нь Сонгинохайрхан дүүргийн ... давхар орон сууцны барилгын 12 дугаар давхарт байрлалтай 58,76 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 76 388 000 төгрөгөөр захиалагч Б.З...д худалдах, төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний дөрийн 1/01 худалдах, худалдан авах гэрээгээр тооцогдсон гэж тохиролцсон байна.

Мөн Д-97/2016 дугаартай гэрээгээр гүйцэтгэгч М... ХХК нь Сонгинохайрхан дүүргийн ... давхар орон сууцны барилгын 12 дугаар давхарт байрлалтай 48,2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 62 660 000 төгрөгөөр захиалагч Б.З...д худалдах, төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний дөрийн 1/01 худалдах, худалдан авах гэрээгээр тооцогдсон гэж тохиролцсон байна.

Л... ХХК-ийн захирал Г.С...оос М... ХХК-д гаргасан хүсэлтэд “Манай компани нь М... ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр 1/01 худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.Уг гэрээний дагуу арматурын үнэнд Сонгинохайрхан дүүргийн ... давхрын 58.76 м.кв, 2 өрөө, 12 давхрын 48,2 м.кв, 2 өрөө орон сууцуудыг авахаар болсон тул тус компанийн борлуулалтын менежер ажилтай Б...ын З...гийн нэр дээр орон сууц захиалах гүйцэтгэх гэрээг хийж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө үү, манайх гэрээний дагуу төлбөр тооцоог барагдуулах болно” гэжээ./хх 41/

Л... ХХК-ийн захирал Г.С...оос М... ХХК-д гаргасан хүсэлтэд “Манай компани нь М... ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр 1/01 худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.Уг гэрээний дагуу арматурын үнэнд Сонгинохайрхан дүүргийн ... давхрын 58.76 м.кв, 2 өрөө, 12 давхрын 48,2 м.кв, 2 өрөө орон сууцуудыг авахаар болсон тул тус компанийн борлуулалтын менежер ажилтай Батболдын З...гийн нэр дээр орон сууц захиалах гүйцэтгэх гэрээг хийж өгнө үү” гэжээ./хх 42/

Г.С... дээрх хүсэлтүүдийг хэзээ бичсэн нь тодорхойгүй, Л... ХХК-ийн тамга дарагдаагүй баримтууд байна.

Мөн Л... ХХК-ийн захирал Г.С...оос М... ХХК-д 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр гаргасан хүсэлтэд “Манай компани нь М... ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр 1/01 худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.Уг гэрээний дагуу 2017 оны 4 дүгээр сарын 25-ны дотор нийлүүлэх арматурыг заасан хугацаандаа нийлүүлээгүй тохиолдолд тус компанийн борлуулалтын менежер ажилтай Батболдын З...гийн нэр дээр байгаа Сонгинохайрхан дүүргийн ... давхрын 58.76 м.кв, 2 өрөө, 12 давхрын 48,2 м.кв, 2 өрөө орон сууцуудыг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр М... ХХК-ийн эзэмшилд дээрх 2 орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг буцаан М... ХХК-ийн нэр дээр шилжүүлэх болно” гэх хүсэлтэд байгууллагын тамга дарагдаагүй байна./хх 43/

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 21 дүгээр байрны 97 тоот хаягт байрлах, 58,76 м.кв талбайтай, орон сууцны өмчлөх эрх 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Б.Х...ын өмчлөлд бүртгэгдсэн байгаа болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын баримтаар нотлогдож байна./хх 65/

Гэтэл М... ХХК-ийн захирал гэх Т.С... нь 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр гаргасан хүсэлтдээ Б.З...гийн өмчлөлд байхгүй хөрөнгийг М... ХХК-д буцаан шилжүүлэх тухайгаа дурдсан байгаа тодорхойгүй байна.

Нөгөө талаар тухайн үед Л... ХХК-ийн захирал нь Батмөнх байсан гэж хариуцагч тал маргаж байх бөгөөд Г.С... нь 2017 оны 4 дүгээр сард Л... ХХК-ийг төлөөлөх эрхтэй байсан болох нь баримтаар нотлогдоогүй байхад М... ХХК-ийн Б.З...той 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан орон сууц захиалах, гүйцэтгэх Д-98/2016, Д-97/2016 дугаартай гэрээнүүдийг Л... ХХК-ийн хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1765 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор М... ХХК-ийн захирал Н.Энхмаагаас 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Чулуут Конкрете ХХК-ийн захирал Л.Б... бетон зуурмаг нийлүүлнэ гэж 304 660 000 төгрөгийн үнэ бүхий 2-3 өрөө 5 ширхэг байрыг залилан авсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хаасан байна./хх 44-48/

Зохигч талуудын маргаантай үйл баримтын талаар ач холбогдолтой нөхцөл байдал нь дээрх эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны дагуу авагдсан хохирогч Н.Э..., гэрч М.Б..., Л.Б..., Б.З..., Т.С... нарын  мэдүүлгүүдээр тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 853 190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Л... ХХК-аас 139 048 000 /нэг зуун гучин есөн сая дөчин найман мянган/ төгрөг гаргуулах тухай М... ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч М... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 853 190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           З.ДОРЖНАМЖИН