Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/02015

 

 

 

 

 

 

 

 

 

М-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/03259 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л- ХХК-д холбогдох,

Гэрээнээс татгалзсантай холбоотойгоор орон сууцны үнэд 139,048,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э, түүний өмгөөлөгч Ж.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний агуулга: Л- ХХК-тай орон сууц худалдах, гүйцэтгэх гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр №Д-98/2016 дугаартай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн хойно байрлах 00 байрны 12 давхрын 48.2 м.кв, 58,76 м.кв талбай бүхий тус тус 2 өрөө байрнуудыг худалдахаар нийт 139,048,000 төгрөгийн гэрээ болно.

 

Хариуцагч тал гэрээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний арматур нийлүүлнэ гэж бартерын нөхцөлтэй 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ №Д-1/01 дугаартай гэрээг байгуулсан боловч гэрээний үүргээ зөрчиж бараа, материал нийлүүлээгүй. Дээрх орон сууц худалдах, гүйцэтгэх гэрээг Л- ХХК-ийн захирал Т.С-ийн хүсэлтээр борлуулалтын менежер Б.З-гийн нэр рүү шилжүүлсэн. Л- ХХК-ийн захирал Т.С- манайд 3 удаа хүсэлт ирүүлсэн. н.Б- манайд 2 байр өгсөн тухай баримт байхгүй. Иймд орон сууц худалдах, гүйцэтгэх гэрээгээр шилжүүлсэн дээрх байрнуудын үнэ 139,048,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: М-ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, энэ гэрээг Б.З-той байгуулсан. Гэрээний 2.1-т 2017.04.19-ний өдрийн 1/01 худалдах, худалдан авах гэрээгээр тооцогдсон болно гэжээ. Энэ 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/01 дугаар худалдах, худалдан авах гэрээ хэрэгт авагдаагүй. Тухайн үед Баянзүрх дүүрэг дээр компанийн хувьцааны талаар маргаантай байсан. Энэ 2 байрыг Т.С-, Л.Б- нар тохироод Б.З-д шилжүүлсэн, компани бол аваагүй, Т.С- нь Б.З-гоор дамжуулж 2 байр авсан. Т.С- орон сууц авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Л.Б- 2 өөр байраар төлсөн гэж гэрээг өгсөн, Л- ХХК-д Б.З- ажилладаггүй. Тухайн үед Л- ХХК-ийг Т.С- төлөөлөх эрхгүй, н.Б захирал нь байсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л- ХХК-аас 139,048,000 төгрөг гаргуулах тухай М-ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М-ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 853,190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч компанийн зүгээс орон сууц худалдан авах гэрээг иргэн Б.З-той байгуулсан. Иргэн Б.З-той байгуулах болсон шалтгаан нь Л- ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.С-ийн хүсэлтийн дагуу байгуулсан. Т.С-ийн өөрийн гарын үсэг, тамга, тэмдэгтэй 3 удаагийн албан хүсэлт манай компанид өгсөн. Энэ хүсэлтийн дагуу маргааш нь Б.З- гэх хүн рүү шилжүүлсэн. Шүүх хавтаст хэрэгт Л- ХХК-ийн төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй, компанийн тамга, тэмдэг байхгүй байна гэсэн боловч хавтаст хэргийн 41, 42, 43 дугаар талд Л- ХХК-ийн М-ХХК-д өгсөн албан бичгийг нотариатаар гэрчлүүлж хэрэгт өгсөн. Энэ албан бичгийн нэг хувь манай компанид байгааг эх хувиар нь гаргаж өгөх хүсэлтэй байна. Хариуцагч компанийн гүйцэтгэх захирал нь н.Б байсан гэх хариуцагчийн тайлбараар дүгнэлт хийсэн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлээс н.Б тухайн үед гүйцэтгэх захирал байсан талаарх нотлох баримтыг гаргуулж авах боломжтой байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хэрэг бүртгэлтээс гэрчийн мэдүүлгийг татаж авсан. Эдгээр гэрчийн мэдүүлэгт М-ХХК-аас хариуцагч Л- ХХК нь арматур нийлүүлэхээр 2 байрыг авсан. Энэ байрыг Б.З- гэх хүн рүү шилжүүлсэн гэдэг.Б.З- нь би тухайн үед Л- ХХК-д ажилладаг байсан. Миний нэр дээр 2 байрыг шилжүүлж аваад дараа нь н.Хангайбазар гэх хүн рүү шилжүүлсэн гэх хангалттай мэдүүлэг байгаа. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас өгсөн баримтыг үндэслэхгүй, хариуцагчийн амаар хэлсэн тайлбарт дүгнэлт гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч М-ХХК нь хариуцагч Л- ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбоотойгоор орон сууцны үнэд 139,048,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Л- ХХК нь гэрээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний арматур нийлүүлнэ гэж бартерын нөхцөлтэй 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр №Д-1/01 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ зөрчиж бараа, материал нийлүүлээгүй. Дээрх орон сууц худалдах, гүйцэтгэх гэрээг Л- ХХК-ийн захирал Т.С-ийн хүсэлтээр борлуулалтын менежерБ.З-гийн нэр рүү шилжүүлсэн. гэж,

хариуцагч нь ..М-ХХК-тай 2017 ны 04 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц худалдах, гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, орон сууцыг хүлээж аваагүй, Л- ХХК-ийг Т.С- төлөөлөх эрхгүй байсан, н.Б захирал нь байсан гэж татгалзлаа тайлбарлан, талууд маргасан байна.

3.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга, талуудын тайлбарт М-ХХК, Л- ХХК нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр №Д-1/01 дугаартай арматур нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний үнэд 48.2 м.кв, 58,76 м.кв талбай бүхий тус тус 2 өрөө орон сууц шилжүүлэх нөхцөлтэй гэрээ байгуулагдсан талаар дурдсан байна.

4.Гэтэл талуудын маргааны зүйл болох дээрх үндсэн гэрээ хэрэгт авагдаагүй тохиолдолд уг гэрээний нэг тал гэрээнээс татгалзсан үндэслэл, түүний үр дагаврыг шийдвэрлэх боломжгүй байна.

5.Мөн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр буюу гэрээ байгуулах үед Л- ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Т.С- байсан талаар баримтгүй байх тул гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэх боломжгүй.

6.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар бүрдүүлсэн хохирогч Н.Э, гэрч А.Б-,М.Б-,Б.З-, Т.С- нарын мэдүүлгийг үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/03259 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М-ХХК-аас төлсөн 853,190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ч.ЦЭНД