Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2022/03188

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: .............. тоот хаягт байрлах, Б ХХК /РД: 0000000/,

 

Хариуцагч: ............... байранд байрлах, БХЗХТБАА /РД:0000000/,

Нэхэмжлэлийн шаардлага: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дахь хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.

            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б ХХК нь БХЗХТБАА-нд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дахь хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар 11-ний өдрийн 3/1469 тоот мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Б.Я, Ш.Д, Ш.Дэ, Н.Ш нарын өмчлөлтэй, Баянгол дүүрэг ................. тоот хаягт байрлалтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц /80-90мкв өргөтгөлтэй/-ыг 382,200,000 төгрөгөөр, 2022 оны 05 сарын 11-ний өдрийн 3/1468 тоот мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Б.Я-гийн өмчлөлтэй, Баянзүрх дүүрэг ................. тоот хаягт байрлалтай, 185,35 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 582,000,000 төгрөгөөр нийт 964,200,000 төгрөг үнэлсэн байна. Шинжээчийн үнэлсэн тухайн хөрөнгүүдийн үнэлгээг бид хүлээн зөвшөөрөхгүй зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна. Иймд Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Б.Я, Ш.Д, Ш.Дэ, Н.Ш нарын өмчлөлтэй, Баянгол дүүрэг ................. тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 382,200,000 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Б.Я-гийн өмчлөлтэй, Баянзүрх дүүрэг ............ тоот хаягт байрлалтай 185,35 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 582,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч БХЗХТБАА хариу тайлбартаа: Төлбөр төлөгч Б ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ................. тоотод байрлах 40 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ................. тоотод байрлах 185,35 м.кв талбайтай орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулахад төлбөр төлөгч Б ХХК нь 2022 оны 04 сарын 26-ны өдөр тус албанд бичгээр ирүүлсэн үнийн саналд Баянгол дүүргийн ................. тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 850,000,000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн ................. тоотод байрлах 185,35 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 908,215,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Төлбөр авагч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 2022 оны 04 сарын 25-ны өдөр ирүүлсэн үнийн саналд Баянгол дүүргийн ................. тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн ................. тоотод байрлах 185,35 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 450,000,000 төгрөгөөр тус тус үнэлэн талаар хариу ирүүлсэн бөгөөд талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр 2022 оны 04 сарын 27-ны өдрийн 4/09 тоот шинжээч томилуулах тухай тогтоолоор Ф ХХК-ийг томилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлэхэд Баянгол дүүргийн ............ тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 382,200,000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн ................. тоотод байрлах 185,35 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 582,000,000 төгрөгөөр тус тус үнэлгээг тогтоосныг талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн. Дээрх ажиллагааг Иргэний хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, БХЗХТБАА-ны 2022.05.11-ны 3/1468 тоот мэдэгдэл, БХЗХТБАА-ны 2022.05.11-ны 3/1469 тоот мэдэгдэл зургийг нотлох баримтаар өгсөн.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.10.20-ны 989 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1163 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1123 дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13052 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тухай 22360069 тоот тогтоол, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 22360069/05 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2022.04.01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.04.01-ний шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 22360069/07 тоот эд хөрөнгө хураах тогтоол, 2022.04.19-ний шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.04.19-ний шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн үнийн санал, Б ХХК-ийн үнийн санал, 2022.04.27-ны 4/09 тоот шинжээч томилох тухай тогтоол, шинжээчийн эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2022.05.11-ний хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Б.Я, Ш.Д, Ш.Дэ, Н.Ш нарын өмчлөлтэй, Баянгол дүүрэг, .............. тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц /80-90 м.кв өргөтгөлтэй/ 382,200,000 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Б.Я-гийн өмчлөлтэй, Баянзүрх дүүрэг ..................... тоот хаягт байрлалтай, 185.35 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 582,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн үнээс доогуур байх тул уг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Төлбөр төлөгч Б ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ............ тоотод байрлах 40 мкв талбайтай орон сууц, эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ................. тоотод байрлах 185,35 мкв талбайтай орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулахад төлбөр төлөгч, төлбөр авагч үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн хөндлөнгийн шинжээчээр 2022 оны 04 сарын 27-ны өдрийн 4/09 тоот шинжээч томилуулах тухай тогтоолоор Ф ХХК-ийг томилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлэхэд Баянгол дүүргийн ............ тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 382,200,000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн .............. тоотод байрлах 185,35 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 582,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Дээрх ажиллагааг Иргэний хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн БХЗХТБАА-ны 2022.05.11-ны 3/1468 тоот мэдэгдэл, БХЗХТБАА-ны 2022.05.11-ны 3/1469 тоот мэдэгдэл, 2021.10.20-ны 989 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1163 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1123 дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13052 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тухай 22360069 тоот тогтоол, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 22360069/05 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2022.04.01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.04.01-ний шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 22360069/07 тоот эд хөрөнгө хураах тогтоол, 2022.04.19-ний шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.04.19-ний шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, ******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн үнийн санал, Б ХХК-ийн үнийн санал, 2022.04.27-ны 4/09 тоот шинжээч томилох тухай тогтоол, шинжээчийн эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2022.05.11-ний хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1163 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1123 дугаар магадлалаар төлбөр төлөгч Б ХХК-иас 228,063,806 төгрөгийг гаргуулан төлбөр авагч ******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгох, уг үүргийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох Н.Ш, Ш.Д, Ш.Дэ, Б.Я нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, .............. тоот хаягт байрлалтай, орон сууцны зориулалттай, 40 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Б.Я-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ..................... тоот хаягт байрлалтай, орон сууцны зориулалттай, 185,35 м.кв талбай бүхий 5 өрөө /98 хувийн гүйцэтгэлтэй/ үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдаж, үнээс нь үүргийг хангуулахаар шийдвэрлэжээ.

6. Хариуцагч байгууллага нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13052 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 989 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тухай 0000000 тоот тогтоол гаргаж, шийдвэрийг биелүүлэх ажиллагааг эхэлж, төлбөр төлөгчид төлбөрөө төлөх мэдэгдлийг хүргүүлсэн байх боловч төлбөр төлөгч төлбөрөөс төлөөгүй байна.

7. 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 22360069/05 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, .............. тоот хаягт байрлалтай, 40 м.кв талбай бүхий орон сууцыг, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 22360069/05 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ..................... тоот хаягт байрлалтай, 185,35 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус битүүмжилж тэмдэглэл үйлджээ. Улмаар 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төлбөрийг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дотор Төрийн банкны дансанд тушаах талаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Б ХХК-д гардуулсан байна.

8. Төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 22360069/07 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор Баянгол дүүрэг, .............. тоот хаягт байрлалтай, 40 м.кв талбай бүхий орон сууцыг, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 22360069/07 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор Баянзүрх дүүрэг, ..................... тоот хаягт байрлалтай, 185,35 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус хураан авч, тэмдэглэл үйлджээ.

9. Төлбөр төлөгч Б ХХК нь 2022 оны 04 сарын 26-ны өдөр ирүүлсэн үнийн саналд Баянгол дүүргийн ............. тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 850,000,000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн .............. тоотод байрлах 185,35 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 908,215,000 төгрөгөөр, төлбөр авагч ******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 2022 оны 04 сарын 25-ны өдөр ирүүлсэн үнийн саналд Баянгол дүүргийн .............. тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн ................... тоотод байрлах 185,35 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 450,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, үнэлгээн дээр талууд тохиролцоогүй байна.

10. Үүний дагуу хариуцагч байгууллага шинжээч томилж, орон сууцны үнэлгээг тогтоолгосон, шинжээчийн тогтоосон үнийн талаар төлбөр төлөгчид хариуцагч байгууллага мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд байна.

11. Дээрх ажиллагаануудыг хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч нарын үнийн санал тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, хөндлөнгийн шинжээчээр орон сууцны үнэлгээг тогтоолгожээ.

12. Шинжээч нь орон сууцыг зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн байх бөгөөд шинжээч Ф ХХК нь улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Б.Я, Ш.Д, Ш.Дэ, Н.Ш нарын өмчлөлтэй, Баянгол дүүрэг ................. тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 382,200,000 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Б.Я-гийн өмчлөлтэй Баянзүрх дүүрэг ................ тоот хаягт байрлалтай 185,35 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 582,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн нь тухайн хороололд худалдахаар нийтэд нээлттэй зарласан орон сууцны зах зээлийн үнэтэй жишиж, жишиг үнийн аргаар тодорхойлж үнэлсэн байна.

13. Хураан авсан орон сууцны зах зээлийн үнийг тодорхойлсон шинжээчийн ажиллагаа хууль зөрчсөн нь тогтоогдоогүй, зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх байдал нь шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байх тул хэт бага үнэлсэн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулах тухай төлбөр төлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

14. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжаас 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн мөнгийг буцаан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Н.Ш, Ш.Д, Ш.Дэ, Б.Я нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, .............. тоот хаягт байрлалтай, орон сууцны зориулалттай, 40 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Б.Я-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ..................... тоот хаягт байрлалтай, орон сууцны зориулалттай, 185,35 м.кв талбай бүхий 5 өрөө /98 хувийн гүйцэтгэлтэй/ үл хөдлөх эд хөрөнгөд хийгдсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ