Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01972

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01972

 

Б ХХД-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/03188 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б ХХД-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: БХЗХТБАА- холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дахь хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3/1469 тоот мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Б.Я, Ш.Д, Ш.Д, Н.Ш нарын өмчлөлтэй, Баянгол дүүрэг 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын ** дугаар байрны ** тоот хаягт байрлалтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц /80-90мкв өргөтгөлтэй/-ыг 382,200,000 төгрөгөөр, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3/1468 тоот мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Б.Я-гийн өмчлөлтэй, Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, Голден вилл хотхон/13380/, Денверийн гудамж ** дугаар байр, *** тоот хаягт байрлалтай, 185,35 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 582,000,000 төгрөгөөр нийт 964,200,000 төгрөг үнэлсэн. Шинжээчийн үнэлсэн тухайн хөрөнгүүдийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна. Иймд дээрх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Төлбөр төлөгч Б ХХД-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын Ү-********** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын ** дугаар байрны ** тоотод байрлах 40 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын Ү-********** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден вилл хотхон, Денверийн гудамж, ** дугаар байрны ** тоотод байрлах 185,35 м.кв талбайтай орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шинжээчээр Ф Э ХХК-ийг томилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлэхэд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын ** дугаар байрны ** тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 382,200,000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден вилл хотхон Денверийн гудамж, ** дугаар байрны ** тоотод байрлах 185,35 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 582,000,000 төгрөгөөр тус тус үнэлгээг тогтоосныг талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн. Б ХХД-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Н.Ш, Ш.Д, Ш.Д, Б.Я нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын ** дугаар байр, ** тоот хаягт байрлалтай, орон сууцны зориулалттай, 40 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Б.Я-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон /13380/, Денверийн гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байрлалтай, орон сууцны зориулалттай, 185,35 м.кв талбай бүхий 5 өрөө /98 хувийн гүйцэтгэлтэй/ үл хөдлөх эд хөрөнгөд хийгдсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б ХХД-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б ХХД-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ф Э ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргуулжээ. Шинжээчийн дүгнэлт нь ойлгомжгүйн сацуу үл хөдлөх хөрөнгийн бодит үнэлгээг тогтоогоогүй, бусад иргэн, аж ахуй нэгжийн худалдан борлуулахаар зарын unegui.mn сайтад байршуулсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй харьцуулах байдлаар хийгдэж буй үнэлгээ нь бодитой бус бөгөөд үл хөдлөх хөрөнгүүдийг хэзээ барьж гүйцэтгэсэн, элэгдэл хорогдлыг хэрхэн тооцсон, материалын үнийг хэрхэн тооцоолсон зэрэг нь шинжээчийн дүгнэлт гэх баримтад огт тусгаагүйн сацуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран ажилладаг үнэлгээний нэртэй компаниуд хөрөнгийн үнэлгээг бодитоор гаргаж чаддаггүй, интернэтэд байршуулсан бусад үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулах байдлаар хийж буй нь олон иргэн, аж ахуй нэгжийн өмчийг үнэгүйдүүлэх үндэслэлийг бүрдүүлсээр ирлээ. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас төлбөр төлөгчийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлөх агуулга бүхий мэдэгдлийг өгсөн атал уг хугацаанаас өмнө шинжээч томилох тогтоол үйлдэн үнэлгээний гэх Ф Э ХХК-д хүргүүлсэн байгаа нь үндэслэлгүйн сацуу үнэлгээ гаргах ажиллагаа нь хууль зөрчиж явагдсан төдийгүй хийгдсэн үнэлгээ нь хууль бус ажиллагаанд тулгуурлан хийгдсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б ХХД нь хариуцагч БХЗХТБАА холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. /хх 1-2, 25-26/

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1163 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Б ХХД-аас 228,063,806 төгрөгийг гаргуулан төлбөр авагч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, уг үүргийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох Н.Ш, Ш.Д, Ш.Д, Б.Я нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын ** дугаар байр, ** тоот хаягт байрлалтай, орон сууцны зориулалттай, 40 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Б.Янжингийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон /13380/, Денверийн гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байрлалтай, орон сууцны зориулалттай, 185,35 м.кв талбай бүхий 5 өрөө /98 хувийн гүйцэтгэлтэй/ үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдаж, үнээс нь үүргийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1123 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хх28-34/

4. Хариуцагч байгууллага нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 00989 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, Б ХХД-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 2 үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр битүүмжилж, мөн сарын 19-ний өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх 37-38, 41-44/

5.а. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар талууд харилцан тохиолцоогүй тул хариуцагч байгууллагаас 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 4/09 дугаар тогтоолоор Ф Э ХХК-ийн шинжээч Н.Ц-ийг томилж, хөрөнгийн үнэлгээний тайланд Б.Я, Ш.Д, Ш.Д, Н.Ш нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг 3 хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын ** дугаар байр, ** тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 382,200,000 төгрөгөөр, Б.Я-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 1 хороо, Голден вилл хотхон /13380/, Денверийн гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байрлалтай 185,35 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 582,000,000 төгрөг, нийт 964,200,000 төгрөгөөр үнэлжээ. /хх51, 74/

5.б. Анхан шатны шүүх төлбөр төлөгч Б ХХД нь хөрөнгийн үнэлгээний Ф Э ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэх тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

5.в. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

6.а. Шинжээч маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнийг тогтоохдоо үнэлэгдэж байгаа хөрөнгийн байршил, өрөөний тоо, талбайн хэмжээ, орон сууцны насжилт зэргийг харьцуулан, тэдгээрийн зах зээлийн үнэлгээг тооцоолон гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. /хх68-69/ Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

6.б. Мөн төлбөр төлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлөх агуулга бүхий мэдэгдлийг өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй ба уг мэдэгдлийг өгсөн нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг хойшлуулах үндэслэл болохгүй.

6.в. Шинжээч Ф Э ХХК нь хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо үнэлгээний объектыг очиж биечлэн үзэж фото зургаар баримтжуулж, тайланд хавсаргасан байх бөгөөд интернэтэд байршсан цахим зарын сайтаас харьцуулах объектын үнэлгээг авч зах зээлийн үнэлгээг тогтоосныг хуулиар хориглоогүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/03188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

С.ЭНХБАЯР