Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 140/ШШ2022/00470

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух овгийн Бын А,

Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух овгийн Вийн З******* нарын нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Завхан аймгийн *******т оршин суух Сартуул овгийн Эийн П*******д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдсан төлбөрийн үлдэгдэл 13.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, хариуцагч Э.П*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А, В.З******* нар нь хариуцагч Э.П*******аас худалдах худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдсан төлбөрийн үлдэгдэл 13.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А, В.З******* нар нь 2021 оны 3 сард газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу Улиастай сумын газрын хамт Э.П*******тай тохиролцсоны дагуу 190.000.000 төгрөгөөр зарсан. Э.П******* нь банкнаас зээл авна гэдэг үүднээс гэрээг 250.000.000 төгрөгөөр хийж зээл авсан мөнгө нь В.З*******ын дансанд 250.000.000 төгрөг орсноор Э.П*******ын данс руу илүү орсон 60.000.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Мөн 10.000.000 төгрөгийг тодорхой хэмжээний засвар хийхээр Э.П******* руу шилжүүлж засвар үйлчилгээ дууссаны дараа авъя гээд нийт 75.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 5.000.000 төгрөг юу юм бэ гэхээр өмнө авсан байсан. 10.000.000 төгрөгийг яагаад завсар үйлчилгээ хийсний дараа авъя гэсэн бэ гэхээр 2021 оны 5 сард халаалтын шугам задарсан, ус алдагдалтай гээд халаалтыг 2021 оны 5 сард салгасан юм байна лээ. Ингээд халаалтын шугамаа засаад дараа нь 10.000.000 төгрөгийг авъя гэдэг үндэслэлээр 10.000.000 төгрөгийг үлдээсэн байсан. Халаалтын шугам засаж явж байх явцад ус алдаж байсан хэсгийг нь олоод нөхсөн, дараа нь ахиад ус алдаад байна гэхээр нь засаж чадаагүй байж байтал Б.Аийн эхнэр В.З******* нь яаралтай Улаанбаатар хот явах болоод ус алдсан гэх ажлыг 70 хувьтай хийгээд явсан. Үлдсэн ажлыг Э.П*******ын нөхөр хийсэн учраас 3.000.000 төгрөгийн зардал гарсан байх. 3.000.000 төгрөг бол хангалттай зардал учраас 10.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 7.000.000 төгрөгийг нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Э.П******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Манайх 2021 оны 2 сард гадуур байр сонирхож явж байгаа 300 метр квадрат талбайтай байрыг Б.А, В.З******* нартай ярилцаад 190.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тухайн үед ковид-19 цар тахал, хорио цээртэй үе байсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр В.З******* залгаад 5.000.000 төгрөгийг түрүүлээд өгч байгаач, дараа нь байрныхаа үнээс хасаж тооцъё гэж хэлэхээр нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийг байрны урьдчилгаа гэж шилжүүлсэн. Тэр үед банкнаас 250.000.000 төгрөгийг зээл авах гэтэл 161.000.000 төгрөгийн зээл гарахаар байсан. Тэгээд Б.А, В.З******* нарын байрыг 250.000.000 төгрөгөөр авч байгаа гээд банкнаас 250.000.000 төгрөгийн зээлийг авахаар болж авсан. Ингээд банкнаас В.З*******ын данс руу 250.000.000 төгрөгийг шилжүүлсэн. В.З******* буцаагаад миний данс руу өмнө 5.000.000 төгрөгөө оролцуулаад 75.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. 10.000.000 төгрөг дээр Б.А, В.З******* болон манай нөхөр бид 4 ярилцаад тохиролцсон. Манайх уг байранд 2021 оны 4 сард орсон, ингээд ороход халаалт байхгүй хүйтэн байсан. Б.А, В.З******* нар ямар ч асуудалгүйгээр халаалт чинь ажиллана, тэр үед 10.000.000 төгрөгөө авъя гэдэг тохиролцоонд хүрээд гараар гэрээ хийсэн. Гэрээн дээрээ тамга тэмдэг даруулах гэсэн чинь Б.А, В.З******* нар яах юм бэ, бид хоёр халаалтыг чинь оруулж өгнө гэдэг зүйлийг ярьсан. Тэгээд 2021 оны 9 сард халаалт ирчихээд байдаг, гэтэл манайх халаалтгүй байгаад байсан. Тэгээд нөхөр бид 2 Б.А рүү залгасан чинь ажил амжихгүй байна, та хоёр өөрсдөө халаалтаа хий, би Улаанбаатар хот явлаа, эхнэрийн бие өвдөөд байна гэж хэлэхээр нь манай нөхөр өөрөө халаалтынхаа шугамыг хийж эхэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл халаалтыг хийж оруулсан. Халаалт ороход дунд нь гарсан зардлууд зөндөө олон байгаа. Б.А, В.З******* нарын өгсөн 10.000.000 төгрөгөөс 8.000.000 төгрөгт нь халаалтаа хийсэн. Одоо ахиад зөвшөөрөлгүй гээд ухаагүй үлдсэн явган хүний зам доорх газар байгаа. 2022 оны 9 дүгээр сарын 28-нд халаалтаа холбуулсан. Хавар 4 дүгээр сарын 10 гээд манай халаалтыг бас хаасан. Ус алдаад байна, ус алдсан шугамаа олохгүй бол халаалтыг чинь хаалаа гээд хаасан. Тэр үед дулаарсан байсан учраас халаалтаа хаалгасан байж байгаад сая бүтэн шугам ухаад нийт 80 метр газраас 34 метр газрыг ухаж халаалтын шугам шинээр хийсэн. Манайхаас халаалт оруулах гэж олон ажил хийсэн учраас Б.А, В.З******* нарын нэхэмжлээд байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Нэхэмжлэгч талаас: иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, кадастрийн зураг, газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч талаас: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай хариу тайлбар, зарлагын баримт, хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, хоорондын тохиролцооны гэрээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гараар бичсэн тооцоо болон зарлагын баримт зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүхээс нэхэмжлэгч Б.А, В.З******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.А, В.З******* нар нь хариуцагч Э.П*******аас худалдах худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдсан төлбөрийн үлдэгдэл 13.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасган 7.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч Э.П******* нь нэхэмжлэгч Б.А, В.З******* нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Б.А, В.З******* нар нь 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгө, талбайтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт худалдахаар хариуцагч Э.П*******тай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулжээ. /хх-ийн 12-13/

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд зааснаар талууд үйлдвэр үйлчилгээний зориулалттай өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгийг, эзэмших эрхтэй газрын хамт нийт үнэ нь 250.000.000 төгрөг байхаар харилцан тохирч гэрээ байгуулсан байна. /хх-ийн 12-13/

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг 190.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, хариуцагч талд илүү мөнгө хэрэгтэй байсан учраас 250.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээгээ хийсэн ... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Э.П******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... үл хөдлөх хөрөнгийг банкны зээлээр авах гэтэл банк зээлийн 60 хувьд зээл гаргана гээд үнэлгээгээ 190.000.000 төгрөг гэхээр хамаагүй бага зээл гарах гээд байсан учраас үл хөдлөх хөрөнгөө 250.000.000 төгрөг гэж үнэлүүлээд банкнаас 161.000.000 төгрөгийн зээл олгогдсон ... гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Б.А, В.З*******, хариуцагч Э.П******* нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, талууд гэрээг бичгээр байгуулсан, нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч Б.А, В.З******* нар нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг Э.П*******ын өмчлөлд шилжүүлэх, хариуцагч Э.П******* нь үл хөдлөх эд хөрөнгийн тохирсон үнийг нэхэмжлэгч Б.А, В.З******* нарт төлөх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Б.А, В.З******* нар нь хариуцагч Э.П*******тай тай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгө, талбайтай үйлдвэр, үйлчилгээний зориулалтай эзэмших эрхтэй газрын хамт 190.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон, үүнээс 180.000.000 төгрөгийг нь төлж барагдуулсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгч Б.А, В.З*******, хариуцагч Э.П******* нар нь Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр болох 10.000.000 төгрөгийн хүрээнд маргаж байна.

Нэхэмжлэгч Б.А, В.З*******, хариуцагч Э.П******* нар нь 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд талууд үл хөдлөх хөрөнгийг 250.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон боловч үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнийг 190.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байхаар хуульчилжээ.

Талуудын хооронд 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 250.000.000 төгрөгөөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байна гэж үзэхээр байна. Учир нь: талууд үл хөдлөх хөрөнгийн бодит үнийг 190.000.000 төгрөг байхаар харилцан тохирсон боловч нотариатаар гэрчлүүлсэн гэрээндээ 250.000.000 төгрөгөөр худалдах тухай хийсэн энэхүү хүсэл зоригийг зөвхөн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор буюу холбогдох байгууллага /банк/-ыг мэхлэхээр зориуд илэрхийлэн хийсэн хэлцэл байна гэж үзнэ.

Талууд нь үл хөдлөх хөрөнгийг 250.000.000 төгрөгөөр удалдах, худалдан авахаар тохирч нотариатаар гэрчлүүлсэн гэрээгээрээ 190.000.000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар тохирсон гэрээгээ халхавчлахыг хүссэн байна.

Талуудын хооронд халхавчлагдсан хэлцэл буюу үл хөдлөх эд хөрөнгийг 190.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон гэрээ байгуулагдсан байх ёстой бөгөөд энэхүү гэрээ нь нэхэмжлэгч Б.А, В.З*******, хариуцагч Э.П******* нарын бодит хүсэл зоригт нийцсэн гэрээ байна. 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 250.000.000 төгрөгөөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхээр байна. Талууд халхавчлагдсан 190.000.000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно гэж хуульчилжээ.

Гэтэл талууд нь 190.000.000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээ бичгээр байгуулаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул мөн л хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч Б.А, В.З******* нар нь худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж үл хөдлөх эд хөрөнгөө хариуцагч Э.П*******ын өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч Э.П******* нь үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, банкны зээлийн барьцаанд барьцаа хөрөнгө болгосон тухайгаа тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Э.П******* нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авсан, өмчлөгөөр нь улсын бүртгэлд бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ нь гарсан болох нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч Б.А, В.З*******, хариуцагч Э.П******* нарын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг талуудын өмчлөх эрхийг шилжүүлсэн байдал, хариуцагчийн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгөөр бүртгүүлсэн байдал, талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа байдал, тэдний тайлбар зэргийг харгалзан үзэж хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх нь талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцнэ гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүхийн хэлэлцүүлэгт: ... тэгээд ахиад газар ухаж үзсэн чинь ахиад нэг цоорхой байсан түүнийгээ янзлах гэсэн чинь хийж дуусгалгүй Улаанбаатар хот явсан. Тэр үлдсэн ажлыг Э.П*******ын нөхөр хийсэн учраас бүтэн 10.000.000 төгрөгийг нэхэмжлэх боломжгүй учраас 7.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж ... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Э.П******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... халаалтаа ямар ч асуудалгүйгээр, алдагдалгүйгээр оруулж өгнө гэж хэлсэн. Манайхыг хариуцсан уурын зуухны дарга хэлэхдээ танай энэ ашиглаж байгаа халаалтын шугамыг ашиглах ямар ч боломжгүй. Танайх энэ шугамаа ашиглах юм бол халаагүй гэж хэлсэн. Тэгээд манайх шинэ шугам тавих болсон ... гэж тайлбарлаж байна. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.А, В.З******* нар нь худалдан борлуулсан үл хөдлөх эд хөрөнгийнхөө халаалтын шугам хоолойг өөрсдийн зардлаар холбож, хэвийн үйл ажиллагаатай болгон засаж өгснийхөө дараа хариуцагч Э.П*******аас гэрээний үлдэгдэл төлбөр болох 10.000.000 төгрөгийг авахаар харилцан тохирсон байна.

Гэвч нэхэмжлэгч Б.А, В.З******* нар нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийнхөө халаалтын шугам хоолойг бүрэн гүйцэт засаж өгөөгүй, хэвийн үйл ажиллагаатай болгож өгөөгүй, засаж янзалсан гэх зүйл нь чанарын шаардлага хангаагүй, халаалт дулаан нь холбогдоогүй тул нэхэмжлэгч Э.П******* нь өөрийн зардлаар халаалтын шугам хоолойг засаж янзалсан талаараа тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* нь энэ талаар маргаагүй бөгөөд хүлээн зөвшөөрсөн болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа ... нэхэмжлэгч нар нь халаалтын шугамыг засаж өгөөд үлдэгдэл 10.000.000 төгрөгөө авахаар тохирсон, гэхдээ шалгаантай учир засах ажлыг бүрэн гүйцэтэх хийж чадаагүй ... заримыгЗ нь хийсэн учир хийсэн ажлынхаа 30/70 хөлсийг тооцож хасаад 7.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа ... гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Б.А, В.З******* нар нь хариуцагч Э.П*******тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах үедээ харилцан тохирсон халаалтын шугам хоолойг холбож, засах ажлаа бүрэн гүйцэт хийсэн эсэх, өөрсдийн зардлаар ямар ажил хэдэн төгрөгт багтаан хийсэн эсэх, хийсэн ажлаа хариуцагч Э.П*******д хүлээлгэн өгсөн эсэх, ямар үндэслэлээр хийхээр тохирсон ажлынхаа 70 хувийн хийсэн тул 7.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаархи баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иймд хариуцагч Э.П*******аас худалдах худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны төлбөрийн үлдэгдэл 7.000.000 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******д 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр, хариуцагч Э.П*******д 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр тус тус шүүхээс тайлбарлан, танилцуулсан болно. /хх-ийн 17/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч Б.А, В.З******* нар нь харицагч Э.П*******аас худалдах худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны төлбөрийн үлдэгдэл 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Талуудын хооронд 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээнд эрх шилжүүлэн авагч Э.П******* нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй боловч тэрээр энэхүү гэрээг байгуулснаа хүлээн зөвшөөрч, гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.А, В.З******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                 ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Сартуул овгийн Эийн П*******д холбогдох худалдах худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны төлбөрийн үлдэгдэл 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч овгийн Бын А, овгийн Вийн З******* нарын нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.А, В.З******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

   5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ