Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2022/02837

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Э-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,118,342 төгрөг гаргуулах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:  2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Бараа материалын төлбөр төлөх болон Бэлэн мөнгөний төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус байсан болохыг тогтоолгох тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд

Хариуцагчийн төлөөлөгч Д.Батбилэг

Гэрч Э.Г-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Б.Э-д холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,118,342 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд болон түүний төлөөлөгч Ц.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э-д 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгийг, сарын 20 хувийн хүүтэй зээлж, тус зээлийн гэрээг амаар байгуулсан. Зээлийн гэрээний дагуу Б.Э- нь надад нийт 1,800,000 төгрөгийн хүү төлөхөөр тохиролцсон ба үндсэн зээл болон зээлийн хүүг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн. Б.Э-аас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,000,000 төгрөг, түүний хүү 1,800,000 төгрөг, алданги 1,400,000 төгрөг гаргуулна. Мөн Б.Э- нь миний бэлэн хувцасны лангуунд худалдагчаар ажилладаг байхдаа ар гэрт нь асуудал гарсан шалтгаанаар 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 5,278,895 төгрөгийн үнийн дүн бүхий өмд, цамц зэрэг бараа бүтээгдэхүүнийг зээлийн хар дэвтэр дээр тэмдэглүүлэн надаас авсан бөгөөд тус бараа бүтээгдэхүүний тоо ширхэг, үнийн дүнгийн талаар бид тооцоо нийлэхэд 5,278,895 төгрөг болсон. Зээлээр авсан бараа бүтээгдэхүүний төлбөр 5,278,895 төгрөг, түүний алданги 2,349,447 төгрөг болж байна. Хариуцагч нь дээрх зээл, түүний хүү, бараа бүтээгдэхүүний үнийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй ба мөнгөө төл гэхээр төлнө гэдэг. Иймд хариуцагчаас нийт 12,118,342 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Б.Э- шүүхэд болон төлөөлөгч Д.Батбилэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б-тэй 2017 оноос эхлэн Хятад улс руу бараанд хамт явж эхэлсэн. 2018 оны 04 дүгээр сард цуг бараанд явах болж, миний мөнгө бага байсан учраас Д.Б-гээс 1,000,000 төгрөг зээлж авсан. Тухайн зээлж авсан мөнгөө 2019 оны 12 дугаар сар гэхэд 3,000,000 гаруй төгрөг болгон төлсөн. Д.Б-гийн надаас нэхэж байгаа бараа, барааны үнийн дүнд тооцсон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Б- нь зээлүүлсэн бараанд алданги тооцно гэж огт ярьж байгаагүй. Д.Б-гээс авсан барааны мөнгийг цувуулаад Д.Б-гийн Хаан банкны *** тоот дансанд төлөөд дууссан. Гэтэл Д.Б- надтай 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр уулзаад би бид хоёрын бараа авсан Оюунаа надаас мөнгөө нэхээд хэцүү байна, би чамд зээлүүлсэн 1,000,000 төгрөгийн авлагатай, мөн зээлүүлсэн бараандаа чамаас авлагатай гээд Оюунаад үзүүлэх юмтай болох гэсэн юм гээд надтай нотариат ороод 2 баримтанд гарын үсэг зуруулсан. Тухайн үед би нэгэнт Д.Б-гийн мөнгийг төлөөд дууссан байсан учраас хэн хэндээ тус болоод явдаг болохоор итгээд л түүнд гарын үсэг зурж өгсөн. Түүнийг эргээд надаас авсан мөнгөө дахин нэхнэ гэж бодоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Б.Э- шүүхэд болон төлөөлөгч Д.Батбилэг шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Б- 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр аман хэлцэл байгуулж 1,000,000 төгрөгийг нэг сарын 20 хувийн хүүтэйгээр Б.Э-д зээлүүлсэн. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 5,278,895 төгрөгийн бараа материалыг Б.Э- нь Д.Б-гээс авсан ба дээрх аман хэлцлүүдийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нотариатаар нөхөж баталгаажуулсан байдаг. Б.Э- нь Д.Б-гээс зээлсэн бэлэн мөнгө болон бараа материалын төлбөрийг 2018 оны 06 дугаар сараас эхлэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хүү, алдангийн хамт бүрэн төлж барагдуулсан. Харин тухайн үед Д.Б- нь Б.Э-д хандаж "Н.Оюунаа надаас мөнгө нэхээд хэцүү байна, би чамд өмнө зээлүүлсэн 1,000,000 төгрөг болон өмнө зээлүүлж байсан бараандаа чамаас авлагатай гэх гэрээг байгуулж, Н.Оюунаад үзүүлэх юмтай болох гэсэн юм" гэж хэлэхэд Б.Э- "мөнгөө төлөөд дуусгасан юм чинь " гэж бодон хамт нотариат ороод 2 баримтад гарын үсэг зурсан. Иймд анх хийсэн хэлцлүүд буюу 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1,000,000 төгрөгийг нэг сарын 20 хувийн хүүтэй авах хэлцэл, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл бараа материал авсан хэлцлүүд нь хүчин төгөлдөр байж болох ч уг хэлцлийн үүргээ бүрэн биелүүлсэн, гэрээний үүрэг дуусгавар болсны дараагаар буюу 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нөхөж байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Д.Б-гээс мөнгө нэхээд байсан тул Н.Оюунаад баталгаа гаргаж өгөх үүднээс дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Уг хэлцлийн хүрээнд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзээгүй ба хэлцлийг дүр үзүүлэхийг урьдал болгосон буюу Н.Оюунаа гэх хүнд л баталгаа гаргаж өгөх үүднээс хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэх заалттай бүрэн нийцэж байна. Гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэсэн буюу төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тухайд бол Б.Э- нь Д.Б-гээс авсан бэлэн мөнгө болон бараа материалын төлбөрийг 2018 оны 06 дугаар сараас эхлэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулсан байдаг. Үүнээс үзвэл Б.Э- нь анх хийсэн аман хэлцлийн дагуу хүү, алданги төлөх үүрэггүй ч хүү, алдангийн хамт нэхэмжилж буй төлбөрийг бүрэн төлсөн тул гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. Иймд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Бараа материалын төлбөр төлөх хэлцэл, бэлэн мөнгөний төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд болон түүний төлөөлөгч Ц.Мягмарсүрэн  нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх шилжүүлсэн мөнгийг Хятад улс руу бараа захихдаа өгсөн гэв.

 

5.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар итгэмжлэл, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Бараа материалын төлбөр төлөх хэлцэл, Бэлэн мөнгөний төлбөр төлөх хэлцэл, дансны хуулга, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хүсэлт, Мобиком ХХК-ийн тодорхойлолт, тооцооны дэвтэр, хариуцагчаас хариу тайлбар, дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлж, шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр үзлэг хийж, Э.Г-оос гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Б.Э-д холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,118,342 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлав.  

 

7.Хариуцагч Б.Э- нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: Д.Б- нь надаас авлагатай гэх гэрээг байгуулж, Н.Оюунаад үзүүлэх зүйлтэй болох гэсэн юм гэж хэлэхэд нь би мөнгөө төлөөд дуусгасан гэж бодож хамт нотариат ороод 2 баримтад гарын үсэг зурсан. Зээлсэн 1,000,000 төгрөг, барааны үнэ 5,278,895 төгрөг нийт 12,125,000 төгрөгийг төлөөд дууссан гэж маргажээ.

 

8.Хариуцагч Б.Э- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Бараа материалын төлбөр төлөх болон Бэлэн мөнгөний төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус байсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тайлбарлав.

9.Нэхэмжлэгч Д.Б- нь сөрөг нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлд дурдсан шилжүүлгийн мөнгийг Хятад улс руу бараа захихдаа өгсөн гэж маргажээ.

 

10.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Бараа материалын төлбөр төлөх хэлцэл, Бэлэн мөнгөний төлбөр төлөх хэлцэл, Дансны хуулга, тодорхойлолт, Тооцооны дэвтэр, үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

11.Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Б.Э-д 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлж, зээлийн хүүгийн төлбөрт 1,800,000 төгрөг төлөхөөр /амаар/ харилцан тохиролцсон тухайд, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээлээр 5,278,895 төгрөгийн бараа авсан тухайд хариуцагч маргаагүй.

 

12.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

13.Нэхэмжлэгч Д.Б- нь зээлсэн 1,000,000 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрт 1,800,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа боловч талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зохицуулсантай нийцэхгүй байна.

 

14.Гэвч хариуцагч Б.Э- нь зээлийн хүүгийн төлбөрт 1,800,000 төгрөг, алданги 1,400,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, төлбөрөө төлсөн гэх тайлбар гаргаж байна.

 

15.Нэхэмжлэгч Д.Б- нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 5,278,895 төгрөгийн үнийн дүн бүхий өмд, цамц зэрэг бараа бүтээгдэхүүнийг зээлийн хар дэвтэр дээр тэмдэглүүлэн надаас авсан бөгөөд түүний үнэ 5,278,895 төгрөг, алданги 2,349,447 төгрөг гаргуулна гэж шаарджээ.

 

17.Хариуцагч Б.Э- нь 5,278,895 төгрөгийн үнэ бүхий өмд, цамц зэрэг бараа бүтээгдэхүүнийг авсан тухайд маргаагүй. Харин хүү, алданги төлнө гэж тохиролцоогүй гэж мэтгэлцэж байна.

 

18.Хэдийгээр нэхэмжлэгч нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан үндэслэлээр алданги нэхэмжилж байгаа боловч талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй, энэхүү гэрээний нэг шинж болох хүүний тохиролцоо байхгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар бараа бүтээгдэхүүний үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон худалдах, худалдан авах гэрээний харилцаа байна гэж үзнэ.

 

19.Хариуцагч Б.Э-ын Хаан банкны *** тоот дансны хуулгыг шүүж үзэхэд дээрх хугацаанд тус данснаас Д.Б-гийн Хаан банкны *** тоот дансанд 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 50,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 260,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 250,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 20,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 455,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 230,000 төгрөг, 270,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 60,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 210,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 2,800,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 20,000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 12,125,000 төгрөг төлсөн болох нь депозит дансны хуулгаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 95-113, 29 тал дахь тал/

 

20.Нэхэмжлэгч тал дээрх шилжүүлэг хийгдсэн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд шилжүүлсэн 12,125,000 төгрөгийг Хятад улс руу бараа захиж шилжүүлсэн мөнгө, барааны үнэ гэж мэтгэлцэж байгаа боловч хариуцагч тал дээрх хугацаанд Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас хамаарч хил хаагдсан байсан тул Хятад улсаас бараа захиалаагүй гэж маргаж байгааг үндэслэл бүхий тайлбар гэж үзэхээр байна.

 

21.Гэрч Э.Г- шүүх хуралдаанд: Б.Э- нь Д.Б-гээс 2017 оны үед мөнгө зээлж байсан санагдаж байна. Хятадаас бараа авахдаа Б.Э- хамт захиж авахуулах явдал байсан. Б.Э- авсан зээлээ буцааж төлсөн талаар мэдэхгүй гэж мэдүүлсэн.

 

22.Үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан +976 80244240 дугаараас ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “таныг тэгж зовоогоод яах вэ, би өөрөө цагдаа дээр очоод үнэнээ хэлээд зогсоно, 4.1-ийг хүртэл хүлээгээч гэж гуйсан үгүй гэж байгаа бол ямар ял шийтгэл байдаг тэрийг нь эдэлнэ би, та үнэхээр аймар орилдог чаралдаг, ганцаараа очиж уулзахаас би айж байна, сүүлд та яриахад өөрөө орилж чарлаж байгаад тасалсан, би таньд нэг ч үг хэлээгүй надад бичлэг нь байгаа” гэх, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Сайн байна уу Бадмаа эгчээ, би өнөөдөр ажилтай байгаа, би 4.1-нд мөнгө бэлдээд уулзана, наана нь нотариат орох шаардлагагүй байх, би амарч байгаа өдрөө мөнгө хайж явдаг, надад нэг өдөр ч хайран байгаа” гэх, +976 80244240 дугаарт илгээсэн “цаг хугацаа их өнгөрөөх юмаа, хүмүүс хэцүү байна, 4 сарын 1 гээд мөнгө олдохгүй байна гээд бас хүлээх болвол яах вэ, би чамд өртэй биш, бүх хүмүүст нэр нүүргүй байж дууслаа маргааш ирээд нотариат ороод баталгаажуул, чи тэр бичлэгээ хий бас хамаагүй, хятадууд мөнгөө нэхээд байна, яаж гуйж авснаа санах хэрэгтэй” гэх зурвас /хавтаст хэргийн 78 дахь тал/ болон Хавсралт-2 дэвтрийн хуулбар /хавтаст хэргийн 81-82 дахь тал/, хэрэгт хавсаргасан Хар дэвтэр гэх тооцооны дэвтэрт дээрх тооцоо огт бичигдээгүй, гарын үсэг зурагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй тул уг баримтыг үнэлэхгүй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

23.Хариуцагч Б.Э-ыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,118,342 төгрөгийг төлөөгүй гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

24.Хариуцагч Б.Э- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Бараа материалын төлбөр төлөх болон Бэлэн мөнгөний төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус байсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

25.Нэхэмжлэгч Д.Б- нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбар гарган мэтгэлцэж байна. /хавтаст хэргийн 126 дахь тал/

 

26.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж заажээ.

 

27.Хариуцагч Б.Э- нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Бараа материалын төлбөр төлөх болон Бэлэн мөнгөний төлбөр төлөх хэлцлээр төлөхөөр тохиролцсон өмд, цамц зэрэг бараа бүтээгдэхүүний үнэ 5,278,895 төгрөг, зээлийн төлбөр 1,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 1,800,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хариуцагч Б.Э-ын Хаан банкны *** тоот данснаас нэхэмжлэгч Д.Б-гийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлэг хийгдсэн депозит дансны хуулгаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 21-37 дахь тал/

 

28.Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж зохицуулсан.

 

29.Хариуцагч Б.Э- нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Бараа материалын төлбөр төлөх болон Бэлэн мөнгөний төлбөр төлөх хэлцэл хийхдээ “өмнөх өр төлбөртэй байсныг Оюунаад үзүүлнэ гэж хэлэхээр нь итгэж улмаар уг хэлцлийг хийсэн” гэж тайлбарлан, мэтгэлцэв.   

 

30.Үүнээс үзэхэд хариуцагч Б.Э- нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.4 дэх заалтад зааснаар тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар ноцтой төөрөгдсөн буюу хүсэл зоригоо илэрхийлэгч хэлцлийн үр дагаврыг буруу ташаа төсөөлж “өмнөх өр төлбөртэй байсныг Оюунаад үзүүлнэ” гэж хэлсэнд итгэж дээрх хэлцлийг үр дагавар үүсгэхгүй гэсэн сэдэлтийн талаар төөрөгдсөн гэж үзэхээр байна.

 

31.Иймд хариуцагч Б.Э-ын гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Бараа материалын төлбөр төлөх болон Бэлэн мөнгөний төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус байсан болохыг тогтоолгох тухай  сөрөг нэхэмжлэлийг хангах үндэстэй.

 

32.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,850 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,844 төгрөгийг  Улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид 208,844 төгрөг гаргуулж хариуцагч Б.Э-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,118,342 төгрөг тухай нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Бараа материалын төлбөр төлөх болон Бэлэн мөнгөний төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус байсан болохыг тогтоолгох тухай хариуцагч Б.Э-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,850 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,844 төгрөгийг  Улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б-гээс  улсын тэмдэгтийн хураамжид 208,844 төгрөг гаргуулж хариуцагч Б.Э-д олгосугай.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ