Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/02098

 

2022.12.09

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2022/02837 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Эд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 12,118,342 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн бараа материалын төлбөр төлөх хэлцэл, бэлэн мөнгөний төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус байсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Б.Эд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээг амаар байгуулж, 1,000,000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний дагуу Б.Э нь надад нийт 1,800,000 төгрөгийн хүү төлөхөөр тохиролцсон. Мөн Б.Э нь миний бэлэн хувцасны лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 5,278,895 төгрөгийн үнийн дүн бүхий өмд, цамц зэрэг бараа бүтээгдэхүүнийг зээлийн хар дэвтэрт тэмдэглүүлж авсан.

2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бараа материалын төлбөр төлөх болон бэлэн мөнгөний төлбөр төлөх хэлцэл хийсэн боловч дээрх зээл, түүний хүү, бараа бүтээгдэхүүний үнийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Иймд Б.Эаас зээлийн гэрээний дагуу зээл 1,000,000 төгрөг, түүний хүү 1,800,000 төгрөг, алданги 1,400,000 төгрөг, зээлээр авсан бараа бүтээгдэхүүний төлбөр 5,278,895 төгрөг, түүний алданги 2,349,447 төгрөг, нийт 12,118,342 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Д.Бтэй 2017 оноос эхлэн Хятад улс руу бараанд хамт явж эхэлсэн. 2018 оны 04 дүгээр сард миний мөнгө бага байсан учраас Д.Бгээс 1,000,000 төгрөг зээлж авсан. Тухайн зээлийг 2019 оны 12 дугаар сар гэхэд 3,000,000 гаруй төгрөг болгон төлсөн. Д.Бгийн надаас нэхэж байгаа бараа, барааны үнийн дүнд тооцсон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Б нь зээлүүлсэн бараанд алданги тооцно гэж огт ярьж байгаагүй. Барааны мөнгийг цувуулаад Д.Бгийн Хаан банкны 5068039171 тоот дансанд төлөөд дууссан. Гэтэл Д.Б надтай 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр уулзаад Н.Оюунаа надаас мөнгөө нэхээд хэцүү байна, би чамд зээлүүлсэн 1,000,000 төгрөгийн авлагатай, мөн чамаас зээлүүлсэн барааны авлагатай гэсэн Н.Оюунаад үзүүлэх юмтай болох гэсэн юм гээд надтай нотариат ороод 2 баримтанд гарын үсэг зуруулсан. Тухайн үед би нэгэнт Д.Бгийн мөнгийг төлөөд дууссан байсан учраас хэн хэндээ тус болоод явдаг болохоор итгээд гарын үсэг зурж өгсөн. Түүнийг эргээд надаас авсан мөнгөө дахин нэхнэ гэж бодоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Б.Э нь Д.Бгээс зээлсэн мөнгө болон бараа материалын төлбөрийг 2018 оны 06 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд хүү, алдангийн хамт бүрэн төлж барагдуулсан. Харин Д.Б нь Б.Эд хандаж Н.Оюунаа надаас мөнгө нэхээд хэцүү байна, би чамд өмнө зээлүүлсэн 1,000,000 төгрөг болон бараандаа чамаас авлагатай гэх гэрээг байгуулж, Н.Оюунаад үзүүлэх юмтай болох гэсэн юм" гэж хэлэхэд Б.Э мөнгөө төлөөд дуусгасан гэж бодон хамт нотариат ороод 2 баримтад гарын үсэг зурсан. Иймд анх хийсэн хэлцлүүд буюу 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1,000,000 төгрөгийг нэг сарын 20 хувийн хүүтэй авах хэлцэл, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл бараа материал авсан хэлцлүүд нь хүчин төгөлдөр байж болох ч уг хэлцлийн үүргээ бүрэн биелүүлсэн, гэрээний үүрэг дуусгавар болсны дараа 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нөхөж байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Хэлцлийн хүрээнд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзээгүй ба хэлцлийг дүр үзүүлэхийг урьдал болгосон буюу Н.Оюунаа гэх хүнд л баталгаа гаргаж өгөх үүднээс хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэх заалттай бүрэн нийцэж байна. Иймд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн бараа материалын төлбөр төлөх хэлцэл, бэлэн мөнгөний төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх шилжүүлсэн мөнгийг Хятад улс руу бараа захихдаа өгсөн гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Эаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,118,342 төгрөг тухай нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн бараа материалын төлбөр төлөх болон бэлэн мөнгөний төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус байсан болохыг тогтоолгох тухай хариуцагч Б.Эын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 208,850 төгрөг, хариуцагчийн төлсөн 208,844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Бгээс 208,844 төгрөг гаргуулж хариуцагч Б.Эд олгож шийдвэрлэсэн.

 

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Гар утас болон хар дэвтэрт хийсэн үзлэгийн тэмдэглэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй тул үнэлээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелээгүй гэж дүгнэсэн. Гэтэл тус зээлийн хар дэвтэрт 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүгч үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэлд Энхцацарал өөрийгөө тус дэвтэрт гарын үсэг зурсныг хүлээн зөвшөөрч миний гарын үсэг мөн гэж тайлбарласан байдаг. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, зээлийн дэвтэрт гарын үсэг зурсан, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн үзлэгийн тэмдэглэл байсаар байтал гарын үсэг зураагүй гэж дүгнэсэн.

6.б. Нэхэмжлэгч тал дээрх шилжүүлэг хийгдсэн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд шилжүүлсэн 12,125,000 төгрөгийг Хятад улс руу бараа захиж шилжүүлсэн мөнгө, барааны үнэ гэж мэтгэлцэж байгаа боловч хариуцагч тал дээрх хугацаанд Коронавируст халдвараас хамаарч хил хаагдсан байсан тул Хятад улсаас бараа захиалаагүй гэж маргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн нь хэрэгт цугларсан баримт болон нийтэд илэрхий үйл баримтад нийцэхгүй дүгнэлт болсон. Тодруулбал, Б.Э нь 2022 оны 05 сар хүртэл мөнгө шилжүүлсэн баримт хэрэгт байхгүй, харин 2020 оны 02 дугаар сар хүртэл мөнгө шилжүүлсэн баримт байгаа. Короновирус цар тахал нь анх 2019 оны 12 дугаар сард Хятад улсад гарсан. Харин Б.Эын мөнгө шилжүүлсэн үе нь Хятад болон Монгол Улсын хил хаагдаагүй байсан үе буюу 2018 оноос 2020 оны 02 дугаар сар юм. Энэ талаар нотлох баримтыг шүүх тогтоогоогүй, хариуцагчийн тайлбарыг үндэслэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

6.в. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, энэ талаар гэрч асуулгаагүй, мөн нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг эсэргүүцээгүй. Б.Э үзлэгт оролцохдоо өөрийн гарын үсэг болон мессежийг үгүйсгээгүй түүнийг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.

6.г. Нэхэмжлэгч талын зүгээс нотариат орж гэрээ хийсэн өдөр болох 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш нэг ч төлөлт хийсэн баримт хэрэгт авагдаагүй буюу төлбөрийг төлөөгүй. Мөн хариуцагч Б.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хурлаар тооцоо нийлж эвлэрэх хүсэлт гаргаж шүүх хурлыг хойшлуулж байсан талаар шүүх хурал дээр тайлбарлаж байсан атал нэхэмжлэгчийн тайлбар, түүнийг нотолсон баримтуудыг шүүх яагаад үнэлээгүй талаараа үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 12,000,000 төгрөгийг хэлцэл хийхээс өмнө төлж дууссан байсан бөгөөд банкны баталгаа гаргах зорилгоор хэлцлийг нөхөн байгуулсан тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тайлбарлан маргаж байгаа. Хэлцлээр аливаа үүрэг хүлээхээр тохиролцоогүй. Б.Эын данснаас Д.Бд шилжүүлсэн төлбөрийг бараа, материал захиалсан уг харилцаатай холбоогүй гэж тайлбарлаж байгаа боловч анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас Д.Б Бүгд Найрамдах Хятад ард улс руу бараанд өөрөө явсан гэж мэдүүлж байсан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд барааг захиалсан төлбөр гэж маргаж байна. Барааг захиалсан гэх тайлбартай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад н.Уужрахын зээлтэй холбоотой асуудлаар маргаагүй тул хариуцагчаас тайлбар гаргаж байгаагүй. Мөн Б.Эын бичсэн зурвастай холбоотойгоор маргаагүй. Анх хэлцлийг амаар байгуулсан бөгөөд хүү, алданги төлөх ёсгүй байсан хэдий ч эрх зүйн мэдлэггүйн улмаас хүлээн зөвшөөрч төлж байсан. Д.Бгийн хувьд алдангиа зогсоохгүйгээр нэхэж байсан тул тухайн төлбөрийг төлнө гэж зурвас бичиж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

:

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.а. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Эд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,628,342 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 4,200,000 төгрөг, нийт 12,118,342 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

2.б. Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч Д.Бд холбогдуулан 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн бараа материалын төлбөр төлөх хэлцэл, бэлэн мөнгөний төлбөр төлөх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч хүчин төгөлдөр гэж үзэж, хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

 

3.Д.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хооронд нийт 5,278,895 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг Б.Эд шилжүүлсэн, мөн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Б.Эын Хаан банкин дахь 5024383716 тоот данс руу 1,000,000 төгрөг Бадамсүрэнгээс зээлүүлэв гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна. (хэргийн 8, 105 дахь тал)

 

4.Мөн талууд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бараа материалын төлбөр төлөх хэлцэл, бэлэн мөнгөний төлбөр төлөх хэлцэл-ийг тус тус бичгээр хийж, хариуцагч нь барааны үнэ 5,278,895 төгрөг болон зээл 1,000,000 төгрөг, хүү 1,800,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлөх, хугацаандаа төлөхгүй бол 0.5 хувийн алданги тооцохоор тус тус тохирчээ. (хэргийн 6, 7 дахь тал)

 

5.Зохигчид анх зээлийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулахдаа зээлийн хүү болон гэрээний хариуцлага болох алдангийн талаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу бичгээр гэрээ хийгээгүй тул нэхэмжлэгч нь зээлийн хүү болон алданги шаардах эрхээ алдсан байна.

Иймээс хожим хийгдсэн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хэлцлээр нэхэмжлэгчид хүү, алданги шаардах эрх үүсэхгүй.

 

6.Дээрх үндэслэлээр хариуцагчийг зээлийн гэрээний үүрэгт зээл 1,000,000 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт барааны үнэ 5,278,895 төгрөг, нийт 6,278,895 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзнэ.

7.Хэрэгт авагдсан Хаан банкин дахь хариуцагчийн эзэмшлийн 5024383716 тоот дансны хуулгаар 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд 23 удаагийн гүйлгээгээр нийт 12,125,000 төгрөг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтыг шүүх зөв тогтоосон. (хэргийн 95-113 дахь тал)

 

8.Нэхэмжлэгч нь дээрх шилжүүлгийг П.Соёлмаа, Б.Уужрах, Б.Уянга нарын зээлийн болон бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоотой холбоотой гэж тайлбарлаж, Б.Уужрахтай байгуулсан зээлийн гэрээ, өөрийн дансны Уянга-с зээлдүүлэв гэх гүйлгээний утгатай зарлагын хуулгыг шүүхэд гаргасан байх боловч дээрх дүнгийн аль хэсгийг хэний төлбөрт хэрхэн тооцохыг тодорхой зааглаагүй тул тайлбар үндэслэлгүй. (хэргийн 47, 49 дэх тал)

 

9.Шүүхээс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийж бэхжүүлсэн нэхэмжлэгчийн гар утсан дахь зурвасууд болон зээлийн хар дэвтэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтад хамаарч байхад анхан шатны шүүх үнэлээгүй нь буруу байна.

Дэвтрийн 13 дахь талд бичигдсэн тооцооны арын хуудсанд мөнгөө өгч чадахгүй бол нотариат орно гэх утга илэрхийлэгдсэн хэсэгт Б.Эын гарын үсэг байх боловч энд тодорхой үнийн дүн бичигдээгүй, уг бичвэрийг өмнөх хуудсанд бичигдсэн тооцоотой холбоотой гэж үнэлэх боломжгүй, түүнчлэн гар утсаар харилцсан зурваст тодорхой төлбөр болон үнийн дүнгийн талаар дурдагдаагүй тул эдгээр баримтыг нэхэмжлэлд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэх үндэслэлгүй. (хэргийн 75-83 дахь тал)

 

10.Дээр дурдсаныг дүгнэхэд, анхан шатны шүүх Б.Эаас 12,118,342 төгрөг гаргуулах тухай Д.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна. Нэхэмжлэлд 2 тооцооны нийлбэр 11,828,342 төгрөгийг 12,118,342 төгрөг гэж тодорхойлсон байх боловч энэ үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамж төлсөн учир шүүхийн шийдвэрт уг дүнгээр тусгасныг буруутгахгүй.

 

11.Хариуцагч нь маргаан бүхий 2 хэлцлийг нэхэмжлэгч бусдад үзүүлэх зорилгоор дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж, сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хариуцагчийг хэлцлийн тохиролцооны сэдэлтийн талаар төөрөгдсөн гэж дүгнэж, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.4-т заасныг баримтлан шаардлагыг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу байна. Зээлийн болон худалдах худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон байхад хожим үүрэг ногдуулж байгаа хэлцэл нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарна.

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт худалдах, худалдан авах гэрээний үүргийг зохицуулсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг тусгаагүй байна.

Дээрх хууль хэрэглээний зөрчлийг давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

12.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2022/02837 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Эд холбогдуулан гаргасан 12,118,342 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Б.Э нарын хооронд хийгдсэн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн бараа материалын төлбөр төлөх хэлцэл, бэлэн мөнгөний төлбөр төлөх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208,844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД   Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА